БНХАУ-аас Монгол Улсад Элчин сайдаар сууж байсан Шин Хаймины хоёр улсын хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөний 70 жилийн ой болон БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Mongolian economy сэтгүүлийн тусгай дугаарт өгч байсан ярилцлагыг хүргэж байна.

– Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж хөгжлөө. БНХАУ байгуулагдсанаас хойших түүхэн ололт, амжилтаас та товчхон дурдана уу?

-БНХАУ байгуулагдсан 70 жилийн хугацаанд ХКН-ын тууштай удирдлага дор Хятадын бүх ард түмэн нэгэн сэтгэл зүрх, шаргуу хөдөлмөр, мэргэн ухаанаар шантралгүй урагшилсны үр дүнд улс орныхоо нөхцөл байдалд тохирсон Хятадын онцлогтой социализмын замыг нээсэн. БНХАУ хоол хүнс, хувцас эдлэл хомс, ядуу буурай байдлаас хөгжил цэцэглэлтэд хүрч, чинээлэг болтлоо хөгжлийн маш урт зам туулж, дэлхийг гайхшруулам амжилт бүтээж чадлаа. Хятад үндэстэн хүчирхэгжих хөгжлийн их үсрэлт хийж, аугаа их сэргэн мандалтын Хятадын мөрөөдөлд хүрэх замаар магнай тэнэгэр алхаж байна.     

            Хятад улс 70 жилийн турш эдийн засгийн бүтээн байгуулалт, тэр дундаа өөрчлөлт шинэчлэл, нээлттэй болох их хувьсгалыг хэлбэрэлтгүй явуулсан. Үүгээр нийгмийн бүтээмжээ хөгжүүлэн үндэсний хүчээ нэмэх түүхэн үсрэлтийг биелүүлж чадсан. Хятадын эдийн засаг Хятад улс байгуулагдахаас өмнөх үеийн 30 тэрбум ам.доллароос өссөөр 2018 онд 13.6 их наяд ам.долларт хүрч, 450 гаруй дахин өссөн. Өдгөө Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн байр суурийг тогтвортой хадгалсаар байгаа бөгөөд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс, хамгийн том худалдааны улс, хамгийн их гадаад валютын нөөцтэй улс болсон байна. 

            Өнгөрсөн хугацаанд Хятадын ард түмний амьдралын түвшин ихээр сайжирч, ард иргэдийн амьдралд газар тэнгэр шиг өөрчлөлт гарсан. Нэг хүнд ногдох нийт орлого 70 орчим ам.доллароос 9470 ам.долларт хүрч 135 дахин нэмэгдсэн нь дундаж орлоготой орнуудын дунджаас дээгүүр байна. Хятадын хөдөлмөр эрхлэлтийн хүрээ тасралтгүй тэлж, иргэдийн орлого тасралтгүй өсөж, нийгмийн баталгаа өдөр өдрөөр сайжирч, ядуу хүн амын тоо ихээр буурч, иргэдийн амжилт, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж тасралтгүй нэмэгдсээр байна.

Хятадын эдийн засаг Хятад улс байгуулагдахаас өмнөх үеийн 30 тэрбум ам.доллароос өссөөр 2018 онд 13.6 их наяд ам.долларт хүрч, 450 гаруй дахин өссөн.

            Мөн Хятадын орчин үеийн шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин хамгаалал зэрэг олон ажил цогцоор урагшилж, үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлт, хотжилт, хөдөө аж ахуй хурдацтай хөгжиж байна. Хятадын шинжлэх ухаан, технологийн чадвар илт нэмэгдэж, боловсролын хүртээмж ихээр нэмэгдэж, соёлжилт, эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээнд ахиц гарч, спортын салбар хөгжиж, экологийн бүтээн байгуулалт улам сайжирч байна. Хятадын үйлдвэрлэлийн бүтэц шинэчлэгдэж, зам тээврийн хөгжилд сайн үр дүн гарч, шуудан харилцаа холбооны хөгжил бүх талаар ахиж, эрчим хүч нийлүүлэлт нэмэгдсээр байна.

            Манай улс бүх талаар нээлттэй байдалд шилжиж, олон улсын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааны хөгжил өндөр амжилтад хүрлээ. Хятад улс бусад улстай нөхөрсөг хамтын ажиллагаа хөгжүүлэхэд идэвхийлэн ажиллаж, тэр дундаа өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлыг хэрэгжүүлснээс хойш “Хаалгаа нээх”, “Гадагш гарах” бодлогыг өргөн хүрээтэйгээр хэрэгжүүлэхээс эхлээд “Нэг бүс, Нэг зам”-ыг хамтдаа бүтээхэд идэвхтэй оролцож, нээлттэй байдлаа илүү гүн тэлсэн. Худалдааны том улс гэх манай улсын байр суурь улам бүр бэхжиж, их хэмжээний гадаад хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ гадагш чиглэсэн хөрөнгө оруулалтын түвшинг тасралтгүй нэмэгдүүлж, олон улсын хөдөлмөр хуваарилалтад оролцох чадвараа ихээхэн нэмсэн. Сүүлийн таван жилд дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятадын оруулсан хувь нэмэр 30 хувиас давсан бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн түүчээлэгч болсон байна.

– Та сая Хятадын олон улсын хамтын ажиллагаа болон худалдаанд ихээхэн амжилт гарсан гэлээ. Энэ нь Хятадын гадаад харилцаанд гарсан хөгжилтэй салшгүй холбоотой. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд та БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн хугацаанд гадаад харилцааны салбарт гарсан ололт амжилтаас дэлгэрүүлнэ үү?

            – БНХАУ байгуулагдсанаас хойш 70 жилийн хугацаа бол Хятадын ард түмний амжилтанд хүрсэн 70 жил, мөн Хятад улс дэлхий дахинд чухал хувь нэмэр оруулсан 70 жил юм. Энэ хугацаанд Хятадын гадаад харилцаа улс орны хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг байсан бөгөөд хятад үндэстний ирээдүйн хувь заяаны түүхэн шилжилтийг ахиулах, Хятад болон дэлхийн харилцааны хөгжлийн өөрчлөлтийг биелүүлэхэд түлхэц болсон. Хятадын гадаад харилцаа улсын хөгжлийг хөдөлгөгч, дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, дэлхийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч төдийгүй олон улсын хэв журмыг хамгаалагч байсаар ирсэн.  

            БНХАУ-тай дипломат харилцаатай 18 орон байсан бол өдгөө 180 болж нэмэгдэж бүхий л хэлбэрийн 110 түншлэлийн харилцаа шинээр тогтоожээ. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар найзтай болсон. Энэ хугацаанд Хятад улс болон гол том гүрнүүдийн харилцаа ерөнхийдөө тогтвортой, тэнцвэртэй хөгжсөөр ирэв. Мөн хөрш орнуудтай түншлэл, хамтын ажиллагааны харилцаа тогтоосноор түүхэнд үлдсэн дийлэнх асуудлаа шийдвэрлэж, хөгжиж буй бусад оронтой эв найрамдал, хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн. Ингэж хамтын хөгжлийн шинэ нөхцөл байдлыг бүрдүүллээ.

            Хятадын гадаад харилцаа улсын хөгжлийн төлөө үйлчилж, Хятад улс бусад улс орнуудтай нөхөрсөг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хятадын гадаад харилцаа нь улс орны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалж, дэлхийн бусад орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй тэлж, хамтдаа бүтээх “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны чухал санаачилгыг гаргасан. Үүгээр дэлхийн бүх хүмүүст үр өгөөж хүргэхэд хүчтэй дэмжлэг өгсөн.   

              Хятад улс дэлхийн тавцангийн төв рүү улам бүр ойртож, Хятадын дуу хоолой улам бүр тодорч, олон улсад үзүүлэх нөлөөлөл илт нэмэгдсээр байна. Одоо Хятад улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, НҮБ-ын байнгын төсвийн хөрөнгө нийлүүлэгч хоёр дахь том орон, Засгийн газар хоорондын, олон улсын болон 500 гаруй олон улсын конвенцод нэгдэн орсон. Олон улсад үг хэлэх эрх, дүрэм тогтоох эрх, хэлэлцүүлгийн асуудлын хөтөлбөр гаргах эрх зэрэг бүх талын оролцоо, түвшин ахисан. Хятад улс бусад улстай хамтран Солонгосын хойг, Ираны цөмийн асуудал, Сири, Афганистан улстай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд тууштай оролцсоор ирлээ.

– Хятад, Америкийн худалдааны дайн үргэлжилж, Хонконгийн нөхцөл байдал тогтворжихгүй байна. Энэ асуудлыг та хэрхэн үзэж байна вэ?

– Хятад, Америкийн худалдааны маргааны тухайд би Монголын хэвлэл мэдээллийн байгууллагад “Хятад улс худалдааны дайныг хүсэхгүй, худалдааны дайн хийхээс ч айхгүй” нэртэй нийтлэл гаргасан. Уг нийтлэлдээ Хятад, Америкийн худалдааны маргааны бодит үнэн, Хятадын талын байр суурийг танилцуулсан. Энэ худалдааны дайны хариуцлага бүхэлдээ Америкийн талд байгааг би дахин онцолмоор байна. Америкийн тал худалдааны протекционизм болон нэг талт үзлээр хандаж, Хятад улс хангалттай чин сэтгэл гаргасаар байхад дээрэнгүй хандаж, худалдааны дайн үүсэх нөхцөл байдлыг бий болгосон. Америкийн талын энэ зүй бус байдал Хятадын хууль ёсны эрх ашгийг хохироосон төдийгүй дэлхий дахинд сөрөг нөлөө учруулж байна. Энэ дунд хамгийн их хохирол амсаж буй нь Хятадын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажилладаг Монгол, Америкийн үндэстэн дамнасан олон корпорац, компаниуд, тэдний дэлхий даяарх худалдан авагчид юм. 

Хятад улс дайтахыг хүсэхгүй байгаа ч дайтахаас айхгүй. Яриа хэлэлцээг үргэлжлүүлэх бидний нааштай хандлага өөрчлөгдөж байгаагүй. Хууль ёсны эрх ашгаа хамгаалахын төлөөх хандлага бүр ч өөрчлөгдөхгүй. Одоо Хятадын эдийн засаг тогтвортой өсөлттэй байгаагаас гадна цаашдаа ч таатай нөхцөл байдалтай байна. Америкийн худалдааны протекционизмын арга барил Хятадын эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөөлөх ч манай улс үүнийг даван туулах бүрэн боломжтой. Хятад улс Америкийн дээрэнгүй үйлдэлд хариу арга хэмжээ авч байгаа нь зөвхөн өөрсдийн төлөө бус, олон талт худалдаа, чөлөөт худалдааны тогтолцоо, Монгол улс болон бусад улсын нийтлэг эрх ашгийг хамгаалахад илүүтэй чиглэж байна.

Хятад, Монгол бол нөхөрсөг хөршүүд, чөлөөт худалдааны үр шимийг хүртэж буй орнууд. Хятад улс Монголын хөгжлийг урьдын адил дэмжиж, эрх тэгш байдлыг улам бэхжүүлэн, олон талт худалдаа, чөлөөт худалдааг баримталж, нийтлэг эрх ашгаа хамгаалахаар хамтдаа хичээнэ.

Хонконгийн нөхцөл байдлын тухайд би саяхан “Хятадын тал “Нэг улс, хоёр систем” бодлогоо хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Хонконгийн хөгжил, тогтвортой байдлыг тууштай хамгаална” нийтлэл гаргасан. Үүгээр хэрэг явдлын учир шалтгаан, Хятадын талын байр суурийг танилцуулсан. Монголын найз нөхдийг энэ нийтлэлээр дамжуулж Хонконгт үүссэн нөхцөл байдлын талаар үнэн, зөв ойлголттой болсон гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн Америк, барууны зарим төр засгийн хүн, хэвлэл мэдээллийн байгууллага бодит үнэнийг гуйвуулж, Хятадын Засгийн газрыг харлуулж, Америк шинжтэй хүчирхийллийн, “Нэг улс, хоёр систем” зарчмын нэр хүндийг доромжилсон үйлдэл гаргасныг та бүхэн анзаарсан гэдэгт итгэлтэй байна. Монголын найз нөхдийг дээрх буруу ташаа үг яриа, худал хуурмагт автахгүй байж Хонконгт үүсэн нөхцөл байдалд шударга, үнэн зөвөөр хандаасай хэмээн хүсэж байна.

Хонконг Хятадын харьяанд шилжсэн 20 жилд эдийн засаг нь хоёр дахин өсөж, хууль дээдлэх эрэмбээр дэлхийд 60 дугаар байраас ахиж 16-д жагсах болсон. Мөн олон улсын санхүү, агаарын тээвэр, худалдааны төв хот гэсэн статус нь тасралтгүй батжиж, дэлхийн хамгийн чөлөөт эдийн засагтай, өрсөлдөх чадвар хамгийн өндөр бүс нутгийн нэг хэмээн олон улсын байгууллагууд үнэлсэн. Эдгээр үр дүн “Нэг улс, хоёр систем” бодлого Хонконгийн бодит байдалд нийцэж, хөгжил, тогтвортой байдлыг бүрэн дэмжиж буйг хангалттай харуулж байна.

– Та Монгол улсад ирээд нэлээн олон жил боллоо. Анх ирж байсан сэтгэгдэлээсээ хуваалцана уу?

-Ши Жиньпин даргын томилсны дагуу 2015 оны наймдугаар сард Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайдаар ажиллаж эхэлсэн. Өдгөө дөрвөн жил болж байна. Монгол Улсын иргэд найрсаг зочломтгой хүмүүс. Мөн Монголын байгалийн үзэмж их сайхан. Эрдэс баялаг ихтэй нь Монголын маш том давуу тал гэж ойлгодог. Монгол Улс болон манай Хятад улсын эдийн засгийн харилцаа их таатай, харилцан нөхөрсөг, соёл хүмүүнлэгийн салбарт хүмүүсийн сэтгэлгээ, харилцаанд ижил төстэй зүйлс их байдаг. Улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж байна. Миний хувьд Монголд ажиллах их таатай байдаг.

2019 онд Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой давхар тохиосон. Хоёр улсын улс төр, эдийн засаг, соёл гэх мэт салбарын харилцаанд өнгөрсөн 70 жилд ямар ахиц гарсан бэ? Хамтын ажиллагаа, харилцан түншлэл цаашид ямар түвшинд хүрнэ гэж та бодож байна вэ?

– Хятад, Монгол бол сайн хөрш, сайн найз, сайн түншүүд. Хоёр улс 1949 оны аравдугаар сард БНХАУ байгуулагдсаны дараахан дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс бол БНХАУ шинээр байгуулагдсаныг хамгийн анх хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг юм. БНХАУ-д Монгол Улсын үзүүлсэн дэмжлэгийг ямагт санаж явдаг. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш зарим саад бэрхшээлийг давж гарсан бөгөөд сайн хөршийн нөхөрлөл ямагт гол чухал байр суурь эзэлсээр ирсэн. Иймээс хоёр улсын ард түмэн маш бат бөх найрамдлыг тогтоосон.  

Ши Жиньпин дарга 2014 онд Монгол Улсад айлчилж, энэ үеэр талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь Хятад, Монголын харилцаа түүхийн шинэ үедээ орсныг илтгэж байна. Өдгөө улс төрийн харилцан итгэлцэл, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо гэсэн “гурвалсан тэрэг” хоёр улсын харилцааг хурдацтайгаар урагшлуулж байна.

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар Хятад улсад гурван сая, харин Монгол улсад 1.4 тэрбум хүн амтай зах зээл нээгдэнэ.

Өндөр дээд түвшний харилцаа тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж байна. 2018 онд хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр ч удаа уулзаж, олон чухал тохиролцоонд хүрсэн нь хоёр улсын харилцаа болоод хоёр талт хамтын ажиллагаанд том түлхэц болсон. 2019 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийж, “Нэг бүс, Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцсон. Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар талууд харилцан хүндэтгэх, харилцан итгэлцдэг стратегийн түншүүд, харилцан ашигтай хамтран ажилладаг, ойр дотно харилцаатай нөхөрсөг түншүүд, харилцан туслалцдаг олон талт хамтын ажиллагаатай түншүүд байхаар санал нэгдэж шинэ эрин үе дэх Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх гол чиглэлийг тодорхойлсон юм. Өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын Үндэсний их баяр наадмын үеэр БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монгол Улсад айлчилсан. Уг айлчлал улс төрийн харилцан итгэлцэл, бүх салбарын хамтын ажиллагаанд чухал түлхэц болсон. Эдгээр өндөр, дээд түвшний харилцан айлчлалаар дамжуулж талуудын харилцаа холбоог бэхжүүлсэн. Ялангуяа, Монголын талаас Төвдтэй холбоотой асуудалд Хятадын талын язгуур эрх ашиг, чухалчилдаг асуудлуудыг хүндэтгэхээ онцолсон нь улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, Хятад, Монголын урт хугацааны, эрүүл, тогтвортой хөгжлийн бат бөх суурийг тавилаа.

– Таныг Монголд ирэхэд манай улсын эдийн засаг ямар байв? Одоо ямар хэмжээнд байна гэж та хэлэх вэ? Монгол Улс цаашид гадаад бодлогын хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн тулд хоёр хөрштэйгөө ямар чиглэл, салбарт нягтран ажиллах боломжтой вэ?

            – Намайг ирэхэд Монголын эдийн засаг тийм ч сайн байгаагүй. Гадаад өр их, зээлжих зэрэглэлийн үнэлгээ буурч байсан. Гэхдээ Монголын Засгийн газар эдийн засгаа сайжруулахын тулд цөөнгүй ажил хийсний зэрэгцээ хөгжлөө хурдасгах чиглэлд ихээхэн чармайлт гаргасан. Одоогийн байдлаар эдийн засаг сайжирсан төдийгүй гадаадын хөрөнгө оруулалт татах тал дээр ажиллаж байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд ч сайжирчээ. Би үүнд их баяртай байгаа.

Гадаад бодлогын тухайд хоёр хөршөө тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж байгаа, зөвхөн хөрш гэлтгүй бусад улстай ч гадаад харилцаагаа сайжруулж, хөгжүүлээд явж байгаа нь сайн хэрэг. Хятадын тал Монголын гадаад бодлогыг хүндэтгэдэг. Мөн “Нэг Бүс, Нэг зам” санаачилгыг Монголын “Хөгжлийн зам”-тай харилцан уялдуулах хүрээнд цаашид хоёр улсын бүх салбарын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахын төлөө байна. Улс төрийн хувьд нэг нэгнийхээ язгуур эрх ашгийг чухалчлан, харилцан хүндэтгэх нь чухал. Эдийн засгийн хувьд нэг нэгнийхээ хэрэгцээг дэмжиж, харилцан нөхөж, мөн хамтдаа хожих зарчмаар хамтран ажиллах хэрэгтэй гэж үздэг. Хятадын тал зарим тодорхой бодит төсөлд Монголын талын ашиг сонирхлыг илүү харгалзаж, дэмжихэд бэлэн байна. Хүмүүнлэг, соёлын салбарт хоёр улсын харилцааг илүү хөгжүүлснээр ард түмний хоорондын найрсаг харилцааг нэмэгдүүлэх ёстой гэж боддог. Ялангуяа боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын чиглэлээр түлхүү хамтран ажиллах хэрэгтэй. Ер нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны ирээдүй гэрэлтэй байна.

Эдийн засгийн салбар дахь хоёр улсын харилцааг та хэрхэн дүгнэх вэ?

– Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж, “Нэг бүс, Нэг зам” санаачилга хоёр улсын ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байна. Монголын тал “Нэг бүс, Нэг зам”-ын бүтээн байгуулалтад нааштай оролцож, дэмждэг. Талууд одоо уг санаачилга болон Монголын талын “Хөгжлийн зам” стратегийн уялдааг бэхжүүлэхээр ажиллаж байна. Хятад улс олон жилийн турш Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн чухал хөрөнгө оруулагч, буцалтгүй тусламж үзүүлдэг улс байсаар ирэв. Хоёр улсын худалдааны эргэлт 2018 онд 8.53 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын гадаад худалдааны нийт дүнгийн 66.2 хувийг эзэлж, 2017 онтой харьцуулахад 26.9 хувиар өссөн байна. Одоо талууд 2020 онд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо биелүүлэхээр зорьж байна. БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл, Хятад-Монголын экспо зэрэг механизм амжилттай хэрэгжиж, талуудын хамтын ажиллагааны цар хүрээ, чанарыг ихээхэн нэмэгдүүлэв. Хятадын тал “Элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа хэрэгжүүлж, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг сайжруулах олон чухал төслийг хэрэгжүүлсэн. Эдгээр ажил Монголын ард түмэнд хоёр улсын нөхөрлөлийн бодит үр өгөөжийг харуулсанд итгэлтэй байна. Хоёр улс одоо чөлөөт худалдааны хэлэлцээрийн ТЭЗҮ-г эрчимжүүлэхээр ажиллаж байна. Талууд Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурсан. Энэхүү хамтын ажиллагааны бүс баригдсанаар эдийн засгийн гол урсгалд том дэмжлэг болж, хоёр улс харилцан нөхөрлөх байдал улам бүр биеллээ олох болно.

Хоёр улсын харилцаа энэ шинэ эхлэлээс хөдөлж, таатай боломжууд ирж байна. Бид энэ 70 жилийн бат бөх найрамдлаа үе хойчдоо уламжлуулж, 70 жилийн нөхөрсөг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, сайн хөршийн чин сэтгэл, сайн найзын хамтрагч, сайн түншийн эв эеэр хүчээ нэгтгэж хоёр улсын харилцааг шинэ өндөрлөгт гаргах хэрэгтэй. Хоёр улсын харилцаа илүү өргөн, гэрэлт сайхан ирээдүйтэй байна гэдэгт би огтоос эргэлзэхгүй байна.  

– Монгол Улс нийт экспортын барааны 90 хувийг Хятад улс руу гаргадаг, үүний дийлэнхийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Монголын экспортыг төрөлжүүлэх талаар Элчин сайд та ямар санал, бодолтой байдаг вэ?

– Таны хэлсэнчлэн Монгол Улсын экспортын барааны дийлэнхийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуйн гүн боловсруулсан болон нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг цаашид Хятад улс руу экспортлохыг дэмжих болно. Талууд одоо хэрэгжиж буй механизмуудаар дамжуулан хамтын ажиллагааны тавцанг бүрдүүлж, худалдааны бүтэц, чанараа сайжруулж, хүрээг тэлэх хэрэгтэй. Монгол Улс аж үйлдвэрийн салбарын гинжин хэлхээгээ нэмж, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтаа сайжруулахад нь туслахад Хятадын тал бэлэн байна.

Талууд Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн бүсийг байгуулах хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан ТЭЗҮ-г эрчимжүүлж, аль болох хурднаар нааштай үр дүнд хүрэхээр хичээн ажиллаж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар Хятад улсад гурван сая, харин Монгол улсад 1.4 тэрбум хүн амтай зах зээл нээгдэнэ. Энэ бол хоёр улсын худалдаа, эдийн засгийг дэмжиж Монголын бүхий л салбарын бүтээгдэхүүнийг Хятад улс руу экспортлоход тус үзүүлэх юм. 

– Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Хятадын тал Монголд ямар тусламж үзүүлсэн бэ? Талуудын хамтарсан ямар төслүүд хэрэгжсэн бэ?

– Дипломат харилцаа тогтоосноос хойш чин сэтгэлээр харилцаж, харилцан туслалцаж, нөхөрлөл, хамтын ажиллагаагаар үлгэр жишээ хөрш орнууд болсон. 1950-1960 онд Хятад улс хөгжлийн хүнд хэцүү үетэй тулгарч байхдаа ч Монгол Улсын бүтээн байгуулалтын төлөө олон тооны хүн хүч илгээж барилга, байгууламжуудыг барьж өгсөн. Улсын их дэлгүүр, төв цэнгэлдэх хүрээлэнгээс эхлээд хүмүүсийн өдөр бүр явж өнгөрдөг Энхтайвны гүүр зэрэг байгууламж нь Хятадын ард түмэн Монголын ард түмэнд зориулж барьсан бүтээн байгуулалт юм. Эдгээр барилга, байгууламж нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж, Монгол Улсын нийгмийн хөгжлийн түүхэнд үлдэж, хоёр улсын мөнхийн найрамдлыг гэрчилж байна. Нэгэн монгол найз надад гаднах цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд гүүрэн гарц, хурдны зам гээд олон зүйлийг хятад найзууд Монголд барьж өгсөн хэмээн нэгэн хүлээн авалт дээр баяртайгаар хэлж байсан юм.

  Одоо Хятадын тал “Элэгсэг, дотно үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа хэрэгжүүлж, Монгол улсын хөгжил дэвшилд тусламж дэмжлэг үзүүлсээр байна. “Нэг бүс, Нэг зам”-ын дагуу Хятадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр багц төслүүд хэрэгжиж байна. Тухайлбал, Монгол Улсын анхны олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарц, анхны хурдны зам, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхны хөгжлийн төв баригдсан. Үүнээс гадна сүүлийн үеийн ус цэвэршүүлэх байгууламж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хамгийн том төслийн барилгын ажил тун удахгүй эхлэх гэж байна. Эдгээр төсөл бол бүгд иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн, ирээдүйд олон нийтэд бодит ашиг авчрах төслүүдболно.

– Хоёр улс зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд хамтран ажилладаггүй. Бусад, тухайлбал, соёлын салбарт ямар ажлууд хийгдсэн бэ?

– Соёлын харилцаа эрчимжиж, хоёр улсын ард түмний харилцан ойлголцол гүнзгийрсэн. Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсад соёлын харилцааны багц төлөвлөгөө хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Эдгээр төлөвлөгөөг талууд хамтдаа амжилттай хэрэгжүүллээ. Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл амжилттай ажиллаж, хоёр улсын найрамдлын чухал талбар болсон. Хятадын дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг монгол хэл рүү орчуулж, Монголын үзэгчдэд хүргэсэн нь ихээхэн сайшаагдав. Хятадын Соёлын төв болон Күнзийн институтийн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж, Монголд хятад хэлний сургалтын танхимтай сургуулиуд нэмэгдсээр байна. Монголд хятад хэл сурах сонирхолтой хүүхэд, залуусын тоо улам нэмэгдсэн. Хятадын алдарт дөрвөн зохиол гэх мэт утга зохиолын шилдэг бүтээлүүдийг монгол хэлээр хэвлэсэн нь Хятадын соёлын чухал төлөөлөл боллоо. Мөн “Хаврын баяр”, “Хятадын соёл, аялал жуулчлалын өдрүүд” зэрэг арга хэмжээг Монголын ард түмэн сайшааж, өндрөөр үнэлсэн.

– Та болон таны гэргий, охины хувьд Монголд Улсад байхын хамгийн сайхан нь юу байдаг вэ?

– Зөвхөн миний төдийгүй элчин сайдын яаманд ажиллаж буй бусад дипломатчдын гэр бүлийнхэн, найз нөхөд Монголд зуны улиралд ихэвчлэн ирдэг. Энэ үеэр манай элчин сайдын яам хөл ихтэй болдог. Тэд ч мөн ирээд явахдаа маш сайхан сэтгэгдэлтэй байдаг. Ялангуяа зуны улиралд байгалийн үзэсгэлэн, цэвэр агаарт байх нь сайхан. Мэдээж өвөл маш хүйтэн. Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн тоонд ордог. Үүнийг дагаад агаарын бохирдол, замын түгжрэл тулгамдсан асуудал болсон. Монголын Засгийн газар энэ байдлыг сайжруулахаар хичээж ажиллаж байгаа. Хятадын АНН, төр засгаас энэ тал дээр туслалцаа үзүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа.

– Агаарын бохирдлын эсрэг Элчин сайдын яамны зүгээс ямар санал санаачилга гаргаж, тусламж дэмжлэг үзүүлдэг вэ? Үүнтэй холбоотой ямар нэг төсөл, хөтөлбөрт оролцож байгаа юу?

– Улаанбаатар хотын агаарын бохирдол олон хүчин зүйлээс хамаарсан олон шалтгаантай. Хүнээс хамааралтай, газар зүйн байршилтай холбоотой асуудлууд ч байна. Улаанбаатар хот бол Монгол Улсын хүн амын дийлэнх төвлөрсөн бүс. Мөн өвөл хүйтэн тул дулаан хангамжийн хүртээмж, ачааллын асуудал бий. Түүнчлэн замын түгжрэл ч үүнд хамаатай. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Бээжин, Хөх хотууд Улаанбаатартай ах дүүгийн харилцаа тогтоосон. Энэ шугамаар харилцан туршлага солилцож байгаа. Мөн зам харилцааны хувьд хоёр тал хамтран ажиллаж буй. Тухайлбал, Хятадын талын дэмжлэгтэйгээр давхар гүүр барих ажил хийгдэж байна. Нисэх буудлын хурдны зам болон замын цагдаагийн давхар гүүр үүний жишээ. Гүүр баригдсанаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, тэр хэмжээгээр автомашинаас гарч буй хорт утааг бууруулахад хувь нэмрээ оруулж байна. Мөн автомашинуудын тодорхой хувийг цахилгаан хөдөлгүүртэй болгох, нүүрс хийжүүлэх гээд олон төсөл дээр ажиллаж байна. Ингэснээр агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурна гэж найдаж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Хүнийг танихын тулд албан тушаал, санхүүгийн эрх мэдэл өгч үзэх арга бий

Өмнөх нийтлэл

СтартАп, ЖДҮ хоёрын ялгаа юу вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох