Коронавирусийн тархалт боловсролын салбарm маш сөргөөр нөлөөлж байна. Гэвч саарын хажуугаар сайн зүйл бас ч гэж бий.

“Браузерийн түүхээ битгий устгаарай” гэж багшынхаа хичээлийг шууд стримингээр үзэх ёстой 11 настай хүүдээ хандаж Лин Кай анхааруулав. Ноён Линд ийн санаа зовних шалтгаан бий. Covid-19-ийн тархалтыг хязгаарлахын тулд эрх баригчид ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудыг тодорхойгүй хугацаагаар хаасан. Гэвч “сургалт зогсох ёсгүй” гэж Хятадын Боловсролын яам үзэж буй. Тус яамны заавраар Хятад улсын түүхэн дэх алсын зайн сургалтын хамгийн том дадлага эдүгээ эцэг, эхчүүдийн хараа хяналт дор явагдаж байна. Зүүн бүсийн Ханжоу хотод аж төрдөг ноён Лин хүүгээ онлайнаар тоглоом тоглож, анхаарлаа сарниулж байхад нь хэд хэдэн удаа барьсан аж. Тиймээс хүүгээ ийн дүрсгүйтэхийг болиулахын тулд тэрбээр браузерийн (вэб хөтөч) түүхийг нь үзэх шаардлагатай болов.

Сахилга бат сахиулах өөр арга ч бий. Үханийн технологийн их сургуулийн багш Лю Вэйхуа шууд стримингийн үеэр оюутнууд руугаа гэнэт утасддаг аж. Ангид шалгалт авах боломжгүй болсон учир тэрбээр стримингийн үеэр оюутнууд хэлэлцүүлэг, хичээлд хэр идэвхтэй оролцож буйд онцгой анхаарал хандуулж, үүнд үндэслэн дүн тавих шаардлагатай болжээ. Эдүгээ ийм хичээлийг Хятад даяар технологийн аварга том компани Alibaba-ийн Dingtalk болон өрсөлдөгч Tencent-ийн Ketang видео-конференцийн платформ дээр явуулж байна.

Интернэтийн хурд удаан байх нь хичээлээс бултах, зайлсхийх шалтаг болох ёсгүй гэж Бээжингийн нэгэн дунд сургуулийн багш Юүэ Кю өгүүлэв. Хэрэв видео дуудлага хийхэд интернэтийн хурд хүрэлцэхгүй бол сурагчид аудио файл болон даалгавраа татаж аваад хийх ёстой. Эцэг, эхийн үүрэг оролцоо ч чухал. Хэрэв эцэг, эх нь хоёул ажилладаг бол нэг нь цалинтай чөлөө авч хүүхдэдээ туслахыг Бээжийн хотын захиргаа тушаагаад байна.

Интернэт холболтгүй хөдөө орон нутгийн ядуу дүүргүүдэд интернэтийн орон зайг телевизийн хичээл орлов. Хятадын боловсролын сүлжээ хэмээх суваг хоёрдугаар сарын 17-оос хойш ажлын өдөр бүр өглөөний найман цагаас оройн 10 цаг хүртэл хичээл цацаж буй. Тухайн өдрийн эхний хичээл нэгдүгээр ангийнханд зориулагддаг. Бусад ангийнхны хичээл харин үдээс хойш болон орой цацагддаг байна.

Ахлах сургуулийн төгсөх ангийнханд эл халдварын тархалт хамгийн хүнд тусч байна. Чухам энэ жил сурагчид их сургуульд орохоор тун хүнд гаокао гэдэг шалгалт өгөх ёстой. Онлайн хичээл танхимын сургалтыг орлож чадахгүй хэмээн маш олон эцэг эх дургүйцэж, сэтгэл дундуур байна. Жанчхүү хотод амьдардаг Хоу Кайшуан энэ зун гаокао шалгалт өгөх учир сургууль нээгдэх өдрийг тэсч ядан хүлээж буй. “Би лав ангидаа илүү үр дүнтэй суралцдаг” гэж тэрбээр хэлсэн юм. Гэвч ангийнхан нь бүгд түүн шиг биш. Кайшуаны өгүүлснээр ангийнх нь зарим хүүхэд гэртээ сургуульд сурдаг шигээ идэвхтэйгээр хичээлээ хийж байгаа аж.

Дунд сургууль, их сургууль ахин нээгдэх үед сургалт огт өөр болсон байж магадгүй гэж Бээжин хотын нэгэн сургуулийн багш Юү өгүүлэв. Багш, сурагчийн харилцаа арай чөлөөтэй, дарамт багатай болох байх гэж тэрбээр таамаглаж байна. Өмнө нь WeChat-д холбоо барих мэдээллээ оруулах дургүй байсан багш нар тус аппликэйшний тусламжтайгаар сурагч, оюутнуудын асуултад хариулдаг болжээ. Ноён Юүгийн өгүүлснээр сурагчид заримдаа багш руугаа утасдаж мэдэхгүй хичээлээ асуух, зөвлөгөө авах болсон аж. Хэрэв түүний зөв бол саад бэрхшээлийг үгүй хийж буй ийм өөрчлөлтүүд нь коронавирусийн тархалтаас үүдэлтэй цөөхөн сайн мэдээний нэг байх юм.

 

The Economist сэтгүүлээс олгосон лицензийн дагуу Mongolian Economy орчуулав.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл

Э.Орчлон: Хэлэлцээрийн 97 хувь нь бэлтгэл байдаг

Previous article

Компанидаа тохирсон нэр хэрхэн сонгох вэ?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like