Яаж бусдад илүү сайн нөлөөлдөг болох вэ? Манай ажиллагсад намайг (захирлыг) өмнө нь хийж байсан ажлаар үнэлээд байх шиг. Би менежментийн чиглэлээр тусгайлан суралцаагүй учир компани томрох тусам олон хүн удирдахад хүндрэлтэй болж байна. Менежерүүд маань хоорондоо болон заримдаа надтай үл тоосон, үл хүндэлсэн байдалтай харьцах юм. Энэ байдлыг яаж өөрчлөх вэ?  

Менежментийн зөвлөх, Удирдлагын коүчийн ажлыг 17 дахь жилдээ хийж байгаа надаас дээрх асуултуудыг асуух нь олонтаа. Асуудлын шийдлүүд өөрөөс тань эхлэх ба та өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, бусдад эерэгээр нөлөөлөн, нөлөөллийн хүрээгээ тэлснээр эргэн тойрондоо эерэг өөрчлөлтүүдийг бий болгож чадна.  

Захирлын хувьд та хувь хүний өсөлтийг тасралтгүй хийгээд зогсохгүй бусдыг хөгжүүлэх тал дээр ч манлайлалтай ажиллах нь өнөө цагийн шилдэг удирдагчдын онцлог чанар гэдгийг байнга санаж явууштай. 

Тэгвэл та шилдэг удирдагч гэж хэнийг хэлэх вэ, шилдэг удирдагч ямар шинж чанар, мэдлэг, чадвартай байдаг вэ гэж асуух нь лавтай. Энэ удаагийн нийтлэлээр удирдагчдыг хэдэн шатлалд ангилдаг тухай болон шатлал тус бүрд удирдагчаас ямар шинж чанар, мэдлэг чадварыг шаарддаг талаар бичихийг зорилоо.  

Манлайллын чиглэлээр 40 гаруй жил тасралтгүй ажиллан дэлхийн тэргүүлэх компаниудын гүйцэтгэх удирдлагыг дасгалжуулан илүү хүчирхэг удирдагч болоход нь чиглүүлж өгдөг Удирдлагын эксперт Жон Максвелл Манлайллын таван түвшин байдаг тухай бичсэн байдаг.    

1 

Эхний түвшин бол албан тушаалд тулгуурласан Манлайлал бөгөөд бүх удирдагчид энэ түвшингээс эхэлдэг. Албан тушаалд тулгуурласан удирдагч нь бусдад нөлөөлөх хүч гэхээр зүйл байхгүй тул ажлаа явуулахын тулд албан тушаалын эрх мэдлээ ашигладаг. Дээд түвшинд үргэлж ганцаардмал байдаг гэдэг үг энэ түвшний захиралд илүү тохирно. Дээрх шинжийг агуулсан захирлыг удирдагч хэмээн нэрлэхэд ч хүндрэлтэй. Ийм захирлын хажууд хүмүүс хүчин чармайлтаа бүрэн гаргаж ажилладаггүй бөгөөд тэр бүр удаан хугацаанд тогтож ч ажилладаггүй. Энэ байдлаас гарах арга бол дараачийн шатанд дэвших явдал юм. Байгууллагын зүгээс таньд итгэж албан тушаалд дэвшүүлсэн бол та дараачийн шатлалд шилжих тал даар илүү хичээж ажиллах нь зүйтэй.    

2 

Хоёрдугаар түвшинд Харилцаанд тулгуурласан удирдагчид харъяалагддаг. Хүнтэй ажиллахад харилцаа хамгийн чухал болохыг энэ шатлалын удирдагчид сайн мэддэг. Багийн гишүүд буюу ажилчид нь удирдагчаа хувь хүнийнх нь хувьд хүндэлж түүний алсын харааг хүндэлж хамтран ажиллахад бэлэн байдаг. Энэ шатлалын бас нэг онцлог нь харилцаанд тулгуурласан удирдагч болоход та заавал албан тушаалтай байх албагүй.  Ажилчид, удирдлагын хоорондын сайн харилцаа нь эерэг тааламжтай харилцааг үүсгэх ба удирдагчийн зүгээс ажиллагсдаа хувь хүн талаас нь  анхаарч байгаагаа мэдрүүлэх нь  чухал юм. Түүнчлэн боломжтой үед нь ажилтныг санаачлага гарган хүчтэй талаа харуулан ажиллах үед  сайшаан урмын үгийг харамгүй хэлж сурах хэрэгтэй. Харилцаанд тулгуурласан удирдагч нь эхний шатлалтай харьцуулахад олон давуу талтай ч ажлын таатай орчин бүрдүүлснээр л амжилтанд хүрч гайхалтай үр дүн үзүүлнэ гэж байхгүй. Амжилтад хүрэхийн тулд Захирал нь сайн гүйцэтгэлтэй манлайлагч буюу гурав дахь түвшний удирдагч болон дэвших нь зүйтэй:  

3 

Энэ түвшинд удирдагч нь багаа удирдан амжилттай ажиллаж илүү үр дүн, гүйцэтгэл гаргадаг.  

Өмнөх түвшнээс ялгагдах гол ялгаа бол удирдагч нь ажилчдынхаа хувь хүний хэрэгцээ шаардлагад санаа тавьсны дараа тэднээс илүү үр дүн гаргахыг шаарддагт оршино. Зарим тохиолдолд ажилтан ажил дээрээ сайн үр дүн гаргаж байгаа хэдий ч хувь хүний хэрэгцээ шаардлага нь хангагдаагүй нөхцөлд ажилдаа сэтгэл ханамжгүй болох, ажлаасаа гарах гэх мэт асуудлууд гардаг. Энэ түвшний удирдагчид нь алсын хараагаа тодорхойлж түүнд хүрэхийн тулд бусдад ойлгуулж бас нөлөөлж чаддаг.  Сайн гүйцэтгэлтэй ажиллаж, өндөр үр дүн үзүүлэхийн тулд Удирдагч нь цаг төлөвлөлт, цагийн менежмент сайтай байгаад зогсохгүй хийх ажлаа чухлаар нь эрэмбэлж чаддаг байх нь зүйтэй. Та өдрийн турш идэвхтэй ажиллах цагаа хуваарилахдаа дараахь зарчмыг баримталвал илүү үр дүн үзүүлж чадна гэдгийг судлаачид тогтоожээ.  

  • Та өөрийн давуу талыг ашигласан ажилд нийт цагийн 70%- ийг зориулах  
  • Нийт цагийн 20% нь мэдлэг, чадвараа сайжруулахад  
  • Нийт цагийн 5%-ийг өөрийн хүчтэй талаас гадуурх ажлуудыг хийх.  
  • Сул талаа засахад 5% тус тус зарцуулах 

Гүйцэтгэл, үр дүнг эрхэмлэдэг удирдагчдын хувьд хамт ажиллагсад нь түүнийг хүндлэн хайрлаж байгууллагынхаа алсын хараанд хүрэхийн тулд өөрсдийн мэдлэг ур чадварыг бүрэн дайчилж сэтгэл гарган ажилладаг. Нөгөөтэйгүүр удирдагч ч бүтээмжтэй, сэтгэлтэй багийн гишүүдийн тусламжтайгаар байгууллагаа амжилтанд хүргэдэг. Энэ төрлийн удирдагч олон сайн талуудтай ч  байгууллагын амжилт үр дүн түүнээс шууд хамааралтай болдог тул удирдагч ажлаас гарах, удаан хугацааны чөлөө авахад бизнесийн үйл ажиллагаа доголдох аюултай. Энэ асуудлыг шийдэхийн тулд Гүйцэтгэл сайтай удирдагч маань  дараагийн дөрөв дэх түвшин буюу Бусдыг хөгжүүлэх шатлал руу дэвшин орох боломжтой.  

4 

Бусдыг хөгжүүлэхийн тулд сургалт болон хувь хүний хөгжилд нь анхаарахаас гадна удирдагч хүн өөрийн ажил үүргийн хүрээнд  хариуцлагатай үүрэг даалгаврыг хуваарилан гүйцэтгэлд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх байдлаар багийн гишүүдийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх нь чухал.  Менежментийн зөвлөхийн хувьд дөрөвдүгээр түвшний удирдагчдад ажлын цагийнхаа 50%-ийг бусдыг хөгжүүлэхэд, харин үлдсэн цагийг үндсэн ажилдаа зарцуулах нь зүйтэй хэмээн зөвлөдөг.     

Дөрөв дэх түвшний удирдагчид удирдлага дор байгаа бүх хүмүүсийг лидер болгох боломжгүй тул хамгийн өндөр потенциальтай гэж үзсэн 20% дээр төвлөрч тэднийг хөгжүүлэхэд цаг энергиэ зарцуулах нь зүйтэй. Энэ түвшний удирдагчдын өмнө тавигддаг хамгийн том сорил бол бусдыг хөгжүүлэхэд цаг, мэдлэг, чадвараа харамгүй хуваалцах сэтгэлтэй байж, өөрийгээ үргэлж хоёрт тавьж сурах явдал байдаг.    

5 

Манлайллын оргилд хүрэх нь бараг л бүтэшгүй зүйл хэмээн санагдаж болох ч олны хайр хүндлэлийг хүлээж, өөрөөсөө өөр олон удирдагчдыг төрүүлэн тэрхүү удирдагчид нь мөн л дор бүрнээ дараагийн шатны удирдагчдыг төрүүлэн геометрийн прогрессоор үржүүлж чаддаг асар их нөлөөтэй удирдагчид цөөн тоотой ч бас байдгийг дурьдах нь зүйтэй. Бусдад хүлээн зөвшөөрөгдсөн 4, 5 дугаар түвшний удирдагчид олон тоотой төрж гарвал байгууллагын өсөлт хөгжилд төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой.   

Манлайллын таван түвшний талаар ойлгож мэдсэнээр одоо удирдах ажил хийж буй захирлууд эдгээр түвшний алинд нь харъяалагдаж байгаагаа тодорхойлоод зогсохгүй дараагийн түвшинд дэвшихэд чухам ямар ур чадвараа дээшлүүлж юу хийх талаар зорилгоо тодорхойлох боломжтой болно. Ийнхүү чадварлаг удирдагчдыг тасралтгүй төрүүлэх нь байгууллагын өсөлтийг хангах хамгийн үр дүнтэй арга зам болохыг дэлхийд болон үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд төдийгүй улс орны туршлага харуулж байна.                                                                                 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Ц. Оюунжаргал

Подкаст: Көүч, консалтинг хоёрын ялгаа

Previous article

 С.Батмөнх: Монгол хоолоо “Сүши” шиг танил болгох нь миний зорилго

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like