Харвардын их сургуульд эрүүл амьдралын тухай ямар хичээл заадаг вэ?  

Нэгдүгээрт, эрүүл хүнс, эрүүл уураг хоёрыг хамгийн ихээр хэрэглэ гэж заадаг. Идэх зүйлийг нь зөвлөж байгаа учраас уух зүйлийн аль нь хүний биед тустай гэдгийг заах нь дамжиггүй. Тэд ус, цай болон кофе уухыг зөвлөдөг. Ингэж эрүүл хооллохоос гадна өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ердөө дээрх гурван хүчин зүйлийг хангасан бол та эрүүл саруул, урт удаан насалж ажил амьдралдаа амжилт гаргах боломж тань улам өсөх болно. Энэ дундаас эрүүл хооллолт, эрүүл уургийн тухай Харвардын эрдэм шинжилгээ судалгааны нэгж статустай “Монголын эрүүл мэндийн үүсгэл” /MHI/ байгууллагаас хийсэн судалгаа болон зөвлөгөөг ачаалалтай ажиллаж, өөрсдийн эрүүл мэндээ орхигдуулдаг бизнес эрхлэгчдэд зориулан хүргэж байна.  

2011 оны байдлаар нэг хүнд ногдох хүнсний хэрэглээг дэлхийн бүх орнуудаар харьцуулан судлахад, Монгол Улс нь:  

  1. Махны хэрэглээ өндөр орнуудын хоёрдугаарт /8.7 хувь/  
  1. Малын сүүний хэрэглээ өндөр орнуудын 11 дүгээрт /9.5 хувь/  
  1. Жимсний хэрэглээ багатай орнуудын есдүгээрт /0.5 хувь/  
  1. Далайн гаралтай хүнс ба загасны хэрэглээ бага орнуудын гуравдугаарт /0.1 хувь/ бичигдэж байна.  

Монголчуудын хоол хүнсээр авч буй бичил шим тэжээлийн дутагдлын хэмжээ

Энэ байдал нь Монголчууд бидэнд ямар үр дагавар авчирдаг вэ?  

Зүрх судасны өвчлөлийн 72.1 хувийг хоол, шим тэжээлийн буруу хэрэглээ эсвэл дутагдалтай байдал эзэлдэг. Гэтэл манай улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх байранд зүрх судасны өвчлөл ордог. Монголчууд үнэхээр эрүүл бус хооллолттой байна уу, идэж буй хоолноосоо хэрэгтэй шим тэжээлээ авч чадахгүй байна уу гэдгийг MHI судалжээ. Тэд дөрвөн жилийн хугацаанд дөрвөн бүсийн найман аймгийн эрэгтэй, эмэгтэй насанд хүрсэн хүмүүсийн идэж, ууж байгаа бүх зүйлийн шим тэжээлийг судалсан. Уг судалгааны ажлын үр дүнд монголчуудын макро шим тэжээл буюу уураг, өөх тос, нүүрс усны хэрэглээ хангалттай гэж гарчээ. Учир нь малын гаралтай сайн чанарын уургийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг. Гэтэл хэт их хэрэглэсэн учраас калорын илүүдэлтэй гэж гарчээ. Эдгээр бичил шим тэжээлүүд минерал /эрдэс/, витамин, ислэг зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бодисууд өгч байдаг.  

Гэтэл монголчууд хоол хүнснээсээ фолийн хүчил болон Д аминдэмийг авч чаддаггүй байна. / хүснэгтээс харна уу/ Фолийн хүчлийн хувьд дэлхий нийтээр өдөрт 400 миллграммыг/мг/ хэрэглэх заалттай байдаг ч монгол хүн өдөрт ердөө 100 мг-ыг хэрэглэж байна. Жирэмсэн эхчүүдэд фолийн хүчил хангалттай байснаар хүүхэд эрүүл саруул төрдөг учраас энэ нь чухал шим тэжээлүүдийн нэг. Үүнээс ч чухал нэг шим тэжээл бол Д аминдэм юм. Үүнийг зарим хүмүүс зөвхөн сульдаа өвчин үүсгэх шалтгаан гэж боддог ч эрдэмтэн судлаачид Д аминдэм дутагдсанаар хэд хэдэн өвчлөл үүсгэдгийг тогтоожээ. Хүний биед Д аминдэм дутагдсанаар сэтгэл гутрал /шизофрени/, монголчуудын нас баралтын зонхилох шалтгаан болох артерийн даралт ихсэх, зүрхний титэм судасны өвчин, чихрийн шижингийн эхэн үе, бодисын солилцооны хам шинж, нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин /аутоиммун/, олон тооны склероз, хорт хавдар, шуугиантай амьсгалах эмгэгүүд, сүрьеэ, булчин сульдах, ясны сийрэгжилт, ясны эрсдлийн дутагдал болон рахитаар өвчилнө.  

Эдгээр олон өвчлөлийн шалтгаан болсон Д аминдэмийн дутагдал монголчуудад хэр байгааг MHI судлахад өвлийн улиралд 99 хувь, зуны улиралд 38 хувийн дутагдалтай хэмээн гаржээ. Тэгвэл Д аминдэмийн дутагдлаа хэрхэн нөхөх вэ?  

  • Байгалиас  
  • Хоол хүнснээс  
  • Нэмэлтээр  

Хүн төрөлхтөн анх Африк тивд үүсэхдээ нарны тусгалаас Д аминдэмийг арьсандаа шингээдэг байсан. Тиймээс тэд Д аминдэмээр дутагддаггүй байсан гэж Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Д.Ганмаа хэлж байлаа. Харин одоо хүн төрөлхтөн бүгд нарны тусгал сайтай газар амьдардаггүй, өдөр бүр наранд биеэ шардаггүй учраас Харвардын их сургуулийн эрдэмтэд өдөрт 30 минут биеийнхээ ихэнх хэсгийг наранд шарвал Д аминдэмийн дутагдалд хэзээ ч өртөхгүй гэв. Гэхдээ бидэнд Д аминдэмийг ингэж авах боломж тун тааруу. Ялангуяа манай улсын хувьд нарны тусгалаас, байгалиасаа Д аминдэм авах боломж ховор. /хүснэгтээс харна уу 

Дөрөвдүгээр сард нарны тусгал Д аминдэм авахуйц байгаа ч хүйтэн салхитай байдаг учраас биеэ ил гаргах боломжгүй байдаг. Харин тав, зургаадугаар сарын нарны тусгал хангалттай бус байдаг байна. Өвлийн улиралд нарны тусгалаас Д аминдэм авах талаар бодоод ч хэрэггүй гэдгийг уншигч та ойлгож байгаа байх.  

Монгол улсыг нарлаг орон гэж гадна, дотны ихэнх хүмүүс хэлдэг ч хойд хэсгийн 48 өргөрөг дээр байрладаг. Өөрөөр хэлбэл, дээрх графикт харуулсан улаан зураасны дээр эсвэл доор байрласан улс орнууд нарны шууд тусгалыг авч чаддагүй. Тиймээс Д аминдэмийг нарны тусгалаас биендээ шингээж чадахгүй гэсэн үг.  

Тэгвэл хоол хүнснээс Д аминдэмээ хэрхэн нөхөх вэ? Харвардын их сургууль байрладаг АНУ-ын Бостон хот Улаанбаатар хоттой ойролцоо өргөрөгт буюу 42 өргөрөг дээр байрладаг. Тэд ч мөн ялгаагүй нарны тусгалаас, байгалиас Д аминдэмээ нөхөж чаддагүй. Тиймээс Бостон хотын иргэд хоол хүнсээрээ буюу Д аминдэмээр баяжуулсан сүү, загас, өглөөний хоол буюу Д аминдэмээр баяжуулсан сериал болон нэмэлт Д аминдэмийг өдөр бүр тогтмол хэрэглэдэг. Учир нь Д аминдэм нь байгалиасаа баялаг хүнс тун ховор. Далайн загасанд л тодорхой хэмжээгээр байдаг учраас Бостон хотын иргэд Д аминдэмээр баяжуулсан хоол хүнс хэрэглэдэг.  

Харин монголчууд бид далайн загас өдөр тутамдаа хэрэглэдэг үү, Д аминдэмээр баяжуулсан сүү, хүнс хэрэглэдэг үү, нэмэлтээр Д аминдэм өдөр бүр уудаг уу? Үгүй л болов уу. Монгол хүмүүсийн иддэг хоол хүнснээс Д аминдэмийг өөртөө агуулсан хоол хүнсийг MHI судлахад ердөө үхрийн элэг, өндөг байв. Үүнээс зайлшгүй байх ёстой Д аминдэмийг авахын тулд бид өдөрт 1.2 кг үхрийн элэг, эсвэл 12 ширхэг өндөг идэх хэрэгтэй болно.  

Ингэхээр Монгол хүмүүс нарнаасаа ч, хоол хүнснээсээ ч Д аминдэм авах боломжгүй байна. Бид Африк шиг нарны тусгал шууд хүрдэг, халуун оронд амьдардаггүй. Өдөр бүр 30 минут наранд биеэ шарж чадахгүй. Д аминдэмээр баяжуулсан хоол хүнс хэрэглэе гэхээр Монголд ийм бүтээгдэхүүн худалдаалдаггүй. Тиймээс Д аминдэмийн дутагдал Монгол хүн бүрт байдаг гэсэн үг юм.  

Ам цангаж хуурайшсан бол бид ус ууж өөрийгөө шингэн зүйлээр нөхдөгтэй адил Д аминдэм дутагдвал түүнийгээ нөхөх хэрэгтэй. Хэрвээ нөхөхгүй бол дархлааны систем доголдож гаднаас орж ирж буй бактертай тэмцэж чадахгүй болно. Ингэснээр өвчлөлд өртөх магадлал улам ихэснэ. Өвдсөний дараа хүндрэх нь хурдан болно. Тиймээс аливаа өвчлөлд өртөхгүй, эрүүл саруул байж ажил амьдралдаа амжилт гаргахыг хүсвэл Д аминдэмийг нэмэлтээр ч болтугай хэрэглэж байх нь зүйтэй. Гэхдээ эхлээд заавал эмчийн заавар зөвлөгөөг авах хэрэгтэй. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Саранзаяа

Zeel.mn банк, санхүүгийн тоглоомын дүрмийг өөрчилнө

Previous article

Амжилттай менежерийн таван зарчим

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in HR