Ангараг гарагийнхан Англид бууж ирээд хүмүүсийг үнс нурам болтол нь шатааж, бүхэл бүтэн хотыг дулааны туяагаар газартай нь арчаад бүгдийг нь “утаа суунагласан үнсний бүжиг болгон хувиргадаг” тухай нэрт зохиолч Х.Уэльсийн 1898 онд хэвлэгдсэн “Гараг хоорондын дайн” номонд өгүүлдэг. Туяаны ийм буу нь тэр цагаас хойш шинжлэх ухааны уран зөгнөлийн байнгын сэдэв болсоор ирэв.

Цэргийнхэн, эрдэмтэд энэ талаар маш их хүчин чармайлт гаргаж буй ч бодит байдал уран зөгнөлөөс хол хоцорч буй. 1934 онд Их Британийн агаарын хүчний яам 180 метрийн зайд байгаа хонийг устгах боломжтой туяа зэвсэг бүтээсэн хүнд 1000 фунт стерлинг амлаж байлаа. Арав гаруй жилийн дараа япончууд 30 метрийн зайд байгаа туулайг “үгүй хийх чадалтай” бичил долгионыг зохион бүтээсэн ч ингэхэд бараг 10 минут зарцуулж байв. 1960 онд лазерыг нээсэн ч энергийг чиглүүлэх даацтай зэвсэг бүтээгдсэнгүй өдий хүрэв. 1980-аад онд Р.Реган “Оддын дайн” хөтөлбөрийн хүрээнд лазерыг зэвсэглэлд ашиглахыг хичээсэн ч аанай л үр дүн гарсангүй.

Харин энэ удаад байдал өөр болсныг судлаач Келли Хамметт тэмдэглэжээ. Одоогоос 27 жилийн өмнөөс Америкийн агаарын цэргийн хүчний судалгааны лабораторид ажиллаж эхэлсэн энэ эрхэм чиглүүлэх боломжтой энерги бүтээхээр олон жил ажилласан бөгөөд “тулааны талбарт мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах боломжтой систем бүтээх боломжтой болоод байна” гэж мэдэгдэв.

Хэрэв түүний хэлсэн удахгүй биелэх аваас дайны зардал эрс өөрчлөгдөнө. Тэнгэрт буй биетийг, тухайлбал дайсны нисэх онгоц эсвэл баллистик пуужинг устгахын тулд эдүгээ тун үнэтэй “зүйл”-ийг буудах шаардлагатай болж буй. Израиль улс л гэхэд 1000 ам. долларын үнэтэй пуужингуудад 50 мянган ам.долларын үнэтэй замаас нь барьж сөнөөгч суурилуулдаг. Чухам ийм өндөр зардалтай учраас дайсны хамгаалалтын системийг илүүрхэж, ааглахын тулд зэрэг галлах эсвэл олон тооны дрон илгээх зэрэг тактикийг хэрэгжүүлэх боломжтой. Харин лазер бол зардал багатай, нөөц нь хэзээ ч дуусахгүй зэвсэг билээ.

Лазер олон янз боловч ерөнхийдөө хоёр төрлийг зэвсэглэлд ашиглах боломжтой гэж үздэг. Тэдгээр нь хатуу биет лазер болон химийн лазер юм. Хатуу биетийн лазер нь болор эсвэл шил рүү эрчим хүч хөөрөгдөж, түүнээс лазер гаргаж ирэх зарчмаар ажилладаг (анхны лазер нь болорын оронд бадмаараг, хөөргийн оронд гэрэл цацагч ашигласан). Тэрхүү эрчим хүчийг цахилгаан гүйдлээс хангана. Харин химийн лазер бол энергийг хоёр болон түүнээс олон бодисын харилцан урвалаас бий болгож, тэрхүү энергийг өөр бодис рүү хөөрөгдөн туяа гаргаж авдаг.

Энэ зууны эхний арванд америкчууд химийн лазер буу гаргаж авах тун дөхсөн. “Оддын дайн” төслийн сүүлчийн “бүтээл” буюу тив хоорондын баллистик пуужинг хөөрсөн даруйд нь устгах чадалтай төхөөрөмж. 2009 онд уг төхөөрөмжийн туршилт амжилттай болсон. Гэвч эл төхөөрөмж 17 тонн жинтэй, “Боинг-747” онгоцоор тээвэрлэхээс өөр аргагүй нүсэр эд байв. Мөн лазер хөөрөгдөх урвалд хлор, устөрөгчийн хэт исэл, калийн гидроксид зэрэг идэмхий бодис ашигладаг байлаа. Химийн эдгээр нэгдлийг нисэх онгоцооор тээвэрлэх нь яавч зөв шийдэл биш юм. Чухам эл шалтгааны улмаас 16 жилийн хугацаанд таван тэрбум доллар “үрсэн” хөтөлбөрийг 2011 онд зогсоожээ.

Харин өнөөгийн лазер зэвсэг хатуу биетийн аргад илүүтэй түшиглэх бололтой. Чиглүүлэгч энергийн талбарт ажиллаж буй Пентагоны ажилтан Томас Каррын өгүүлснээр тэд лазер гаргаж авахын тулд лазераар хөөрөгддөг болжээ. Бадмаарагтай дүйцүүлж болох үндсэн лазерын цөм нь ниоби зэрэг элементийг агуулдаг учраас өмнөх төхөөрөмжтэй харьцуулбал хэрэглээнд илүү тохиромжтой аж. Харин гэрэл цацагчийн оронд лазер үүсгэгч диодоор лазерийг өдөөнө.

Үндсэн лазерын орцыг зөв тохируулснаар агаар мандал дахь усны ууранд шингэлгүйгээр алс зайд тусах боломжтой, нарийн буюу нэг микрон хэмжээтэй туяа үүснэ. Өнөөгийн хатуу биетийн лазер нь өмнөх үеийнхээсээ илүү үр өгөөжтэй болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь цахилгаан эрчим хүчний хэдхэн хувийг лазер болгон хувиргаж байсан бол эдүгээ энэ тоо гуравны нэг хувь болтлоо нэмэгджээ.

Хатуу биет лазерын хувьд эргэлтийн үе нь 2014 он байлаа. Тухайн жил Америкийн далайн цэргийнхэн ахуйн хэрэглээний дундаж халаагуурын гарцтай тэнцэх буюу 30 киловаттын хүчтэй лазерыг бүтээсэн юм. Тэрхүү төхөөрөмжийг USS Ponce усан онгоцонд байрлуулж туршихад ойролцоох дрон, завьны мотор, эд ангийг шарж байв.

Үүнд үндэслэж, 60 киловаттын хүчин чадалтай лазерыг энэ оны сүүлчээр USS Preble сөнөөгч усан онгоцонд суурилуулна. Түүнчлэн илүү хөнөөлтэй 150 кв-ын лазер бууг том усан онгоцонд байрлуулж, туршиж буй. Лазерыг зөвхөн тэнгисийн цэрэгт ашиглахаар хязгаарлахгүй. Stryker хуягт машинд байрлуулах боломжтой, агаарын довтолгооноос хамгаалах 50 кв-ын хүчин чадалтай лазер бууг 2022 оноос ашиглаж эхэлнэ гэдгээ өнгөрсөн сард АНУ-ын арми зарласан.

Дараагийн сорилт бол лазерыг улам хол зайд тусгах, ингэснээр том байг устгахад оршиж байна. 2022 он гэхэд 300 кв, 2024 онд 500 кв-ын хүчтэй лазер бууг бүтээх зорилготой гэж Т.Карр өгүүлэв. Тэдгээр нь тулаанд шууд ашиглахаас илүүтэйгээр туршилт болон үзүүлэнгийн зориулалттай байх аж. Гэвч Х.Уэльсийн зөгнөлөөс хойш 120 гаруй жилийн дараа лазер буу бодит байдал болоход хамгийн ойрхон үедээ ирээд байна.

The Economist сэтгүүлээс олгосон лицензийн дагуу Mongolian Economy орчуулав.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл

Амжилттай менежерийн таван зарчим

Previous article

Энтрпренерүүдэд зориулсан 10 ном

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like