ОЙЛГОЛТЫН ТУХАЙ 

“Digital nomad” буюу “Цахим нүүдэлчин” хэмээх нэр томьёог 1997 оны үест нэг номонд анх хэрэглэсэн байдаг. Энэ үе бол мэдээж хүн төрөлхтний ирээдүйд интернет хүчтэй нөлөөлж эхэлсэн цаг үеийн эхлэл байлаа. Цахим нүүдэлчин гэдэг бол интернетээр дамждаг харилцаа холбооны технологиудыг ашиглан ажлаа хийдэг бөгөөд нүүдэлчин амьдралын хэв маягийг сонгон аялж амрангаа ажилладаг хүнийг хэлнэ.  Тэд гол төлөв ажлаасаа хол гадаад улсад олон нийтийн номын сангаас, дундын оффисуудаас (co-working space), кофе шопуудаас, Airbnb хөлсний байруудаас, түүнчлэн тусгай тохижуулсан машин дотроосоо ч ажлаа амжуулдаг. Өндөр хурдтай утасгүй интернет, зөөврийн компьютер, ухаалаг утас, клауд суурьтай программууд бол тэдний ажлын амин судас бол бясалгал болон йогоор хичээллэх, минималист хэв маяг, смүүти уух зэрэг нь энэхүү дэд соёлын салшгүй хэсгүүд билээ.  

Нислэгийн тийз хямдрах, интернет суурьтай холбоо харилцааны хэрэгслүүд нь хот хөдөө ялгаагүй хөгжихийн хэрээр тогтсон оффист биш зайнаас ажиллахыг (remote working) хүмүүс эрмэлзэх болсон нь цахим нүүдэлчин трендийн эрчмийг нэмж байгаа.

Зайнаас ажиллах нь эдийн засгийн, байгаль орчны, хүний нөөцийн, хувь хүний сэтгэл ханамжтай байдал талаасаа маш олон тооны үр ашгуудыг авчирдаг.

2014 оноос хойш цахим нүүдэлчдийн хэв маяг ихээхэн моодонд орсон. Цахиурын хөндийд байрлах технологийн компаниудад гэрээсээ эсвэл зайнаас ажлаа хийх нь түгээмэл болсон нь үүнд мөн хүчтэй нөлөөлжээ. Орчин үеийн хүмүүс ялангуяа шинэ үеийн залуу мэргэжилтнүүд том компанид удаан хугацааны тогтвортой карьер, баталгаатай амьдрал руу тэмүүлэхээсээ илүү түргэн хугацаанд суралцдаг, хөрвөх чадвар сайтай ажил эрхлэхийг илүүд үздэг болсон нь нууц биш. Сүүлийн үеийн дэлхий нийтийн бизнесийн чиг хандлага ч гэсэн нише зах зээлд чиглэсэн ур чадвар, технологид түшиглэсэн онцгой үйлчилгээ бүхий стартапууд юм. Мөн цахим нүүдэлчин хэмээх ойлголтыг өндөр хурдны интернет, хамтран ашиглах гал тогоо, принтер гэх мэт оффисын хэрэгсэл бүхий минимал шийдэлтэй тохижилт бүхий дундын оффис (co-working space)-оос салгаж ойлгож болохгүй юм. 

Амжилттай цахим нүүдэлчид нь голдуу санхүүгийн хувьд биеэ даасан, хэрэв бизнес эзэмшигч бол үйл ажиллагааны модель нь тогтворжсон, хагас цагаар ажилладаг энтрепренерүүд байх нь олонтаа бөгөөд ажил мэргэжлийн хувьд зөвхөн IT салбараар хязгаарлагдахгүй ба тэдний дунд хуульч, маркетер, уран бүтээлч, зохиолчид гэх мэт маш олон төрлийн хүмүүс бий. Мөн тодорхой компанид ажил үйлчилгээгээ алсын зайнаас гүйцэтгэдэг өндөр ур чадвартай залуу мэргэжилтнүүд байх нь элбэг. Олны танил цахим нүүдэлчдээс блоггер, фото зурагчид, аяллын гуру нар, багш нар, өөрийн подкаст хийдэг энтрепренерүүд олон бий. Тэд аялах зуураа подкастаа хийн, замын турш ажигласан нутаг орны онцлогууд болон танилцсан хүмүүсээсээ байнга шинэ санаа гарган дэлгэж байдаг. Анжел хөрөнгө оруулагчид байх нь ч бий, олон улсад бестселлер болсон хувь хүний хөгжил, стартап бизнесийн зарчмуудын талаар ном бичдэг хүмүүс ч бий. Тэд бүгд өөрсдийгөө цахим нүүдэлчин хэмээн нэрлүүлэх дуртай бөгөөд энэхүү амьдралын хэвшлээрээ бахархдаг.  

Тэд бол аялангаа ажиллаж байдаг санхүүгийн болон орон зайн эрх чөлөөг давхар эрэлхийлсэн хүмүүс юм. Энэхүү амьдралын хэв маягийг сонгосон шалтгаануудаас нь дурдвал:  

Өдөр тутмын хэвшмэл амьдралаас залхаж шинэ газраас шинэ мэдрэмж, шинэ санаа олж авах, өөрийгөө нээх, сорих, амьдралын хэт өндөр өртөгтэй Лондон, Сингапур, Нью-Иорк мэтийн стресстэй газраас зугтах, дэлхийгээр аялах хүсэл мөрөөдлөө давхар биелүүлэх, олон байгууллагын ажлыг зэрэг хийх боломж үүсгэх, гэр бүлийн харилцаагаа саяхан дуусгаад бодол оюунаа тогтворжуулах гэх мэт. Цахим нүүдэлчин амьдралын хэв маяг бол өөрөө өөртөө хийж буй хөрөнгө оруулалт юм. Аялах нь өөрийгөө таньж мэдэхэд, өөрийгөө хөгжүүлэхэд, дэлхий ертөнцийг том зургаар нь таньж мэдэхэд үнэхээр тустай.

Энэ хэв маягаар тодорхой хугацаанд амьдарсан хүн дотоод ертөнцөө илүү таньж мэдсэн, ганцаараа байх цагийн үнэ цэнийг мэдэрсэн, ямар ч асуудлыг бие даан шийдвэрлэх итгэлийг олсон байдаг.  

Машинтайгаа аялах, амьдрах, ажиллах (vandwelling) гэдэг ойлголт мөн бий. Унтах ор, нарны цахилгаан эх үүсвэр, интернет, гал тогооны газ болон ойр зуурын амьдрах хэрэгслүүдийг багтаасан тусгай тоноглосон машиндаа аялаад амьдраад, ажлаа ч мөн хийнэ гэсэн үг. Зарим цахим нүүдэлчин жилийн тодорхой хэсэгт ажиллаад үлдсэн хэсэгт нь машинаараа аялдаг. Тэдний нэг өдөр ямархуу байдаг вэ гэж үү? Өглөө босоод 2-3 цаг идэвхтэй ажиллачихаад гадуур зугаалах, өөрийгөө хөгжүүлэх, тархиа амраах ямар нэг зүйл хийсний дараа оройдоо дахин сууж ажиллах нь элбэг.  

Ихэнх цахим нүүдэлчид нь өөрийн паспортоороо дуртай орондоо виз мэдүүлэх шаардлагагүй нэвтэрдэг хөгжингүй орны иргэд байдаг. Тэд голдуу жуулчны ангиллын визээр аялдаг. Жуулчны визээр ирэгсэд ажил хийхийг дэлхийн хаана ч хуулиар хориглодог боловч үүнийг хянах, зохицуулах ямар ч боломжгүй юм. Тэд тухайн орон нутгийн иргэдийн ажлын байрыг булаахгүй болохоор хүлээн авагч орон тайван байж болно. Тэд орлого олсоор байдаг боловч өөрийн орны татварын системээс зайлсхийдэг. Олон шалтгааны улмаас дэлхий дээрх цахим нүүдэлчин хэв маягаар амьдарч буй хүмүүсийн тоо, статистикийг гаргахад хэцүү. Товчхондоо бол цахим нүүдэлчин нь жуулчин шиг мөнгөө зарцуулаад тухайн орон нутгийн хэн нэгний ажлын байрыг булаахгүйгээр ажиллаж орлого олдог гадаадын иргэн гэсэн үг.  

Цахим нүүдэлчин амьдралын хэв маягийн сул талууд гэвэл хүний дотоод мотивац болон багийн ажиллагаа дутах зэргийг дурдаж болох юм. Мэдээж нүүр нүүрээ харж ажил хэрэг хэлэлцэх амьд харилцааг онлайнаар бүрэн орлуулж чадахгүй билээ.  

 ЦАХИМ НҮҮДЭЛЧДИЙН ТӨВЛӨРӨЛ: 

Орон нутгийн эдийн засгийг төрөл бүрээр дэмждэг тул зарим улс орон цахим нүүдэлчдийн тав тухтай орчныг бий болгохоор бодлогоор өрсөлдөж байна. Тайландын Чианг Май эрэг, Индонезийн Бали арал бол цахим нүүдэлчдийн хамгийн дуртай газруудын нэг болжээ. Амьдралын өртөг хямд мөртлөө орон байр хоол ундны хувьд боломжийн сайн стандартаар хангадаг, англи хэлтэй бол харилцааны бэрхшээлгүй, виз авахад амархан, байгалийн үзэсгэлэнт нутагт элдэв эрсдэл багатай байдаг нь эдгээр газруудын харьцангуй давуу тал юм.   

 Жишээлбэл, Бали арлын Убуд хот нь өндөр хурдны шилэн кабель татсаны дараагаас олон зуун цахим нүүдэлчдийг төвлөрүүлсэн байна. Убуд хотод цахим нүүдэлчдэд зориулсан хоёр том, арав гаруй жижиг дундын офисууд байршжээ. Арваадхан жилийн өмнө гэхэд эдгээрийн аль нь ч байсангүй. Хэдийгээр Убуд хот нь Индонезийн хамгийн үнэтэй хот болсон ч гэсэн барууны стандартаас хамаагүй хямд бөгөөд бүгдэд сонголттой хоол хүнс, орон сууц, зугаа цэнгээн гээд бүх дагалдах дэд бүтэц бий болжээ. Орон нутгийн эдийн засагт ч бодитой хувь нэмэр оруулж байна. Убуд хотод цахим нүүдэлчин маягаар амьдрах нь сардаа дунджаар 1000 орчим ам.долларын өртөгтэй болно. Орон нутгийнхан бол жуулчинд үйлчлээд сурчихсан, маш найрсаг хүмүүс бөгөөд энэ хавьдаа цахим нүүдэлчдийн онцгой соёл, хэм хэмжээг үүсгэж чаджээ.  

 Энэ хэв маяг түгээмэл болохын хэрээр тухайн бүс нутагтаа давуу талтай хотууд тусгай тохирсон дэд бүтцүүдийг бий болгож эхлээд байна. Таллинн, Будапешт, Тарифа, Банско, Тбилиси хотуудыг энд дурьдаж болно. Хэдийгээр өртөг өндөртэй ч гэсэн Сингапур, Осло хотууд нь цахим нүүдэлчдийн дунд алдартай. Английн Лондон хоттой харьцуулбал амьдралын өртөг хамаагүй бага учраас Бристол, Бирмингам, Брайтон хотууд нь дижитал нүүдэлчдийн дуртай газар болжээ. Эдгээр жуулчдыг баримжаалсан Эстони улс гэхэд л e-Residency  хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ба яваандаа ийм төрлийн хүмүүст тусгайлан виз гаргана хэмээн төлөвлөж байна. Тайландад бол хэдийнэ цахим нүүдэлчдэд зориулсан SMART хэмээх тусгай визний хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.  

ЦАХИМ НҮҮДЭЛЧИНД ТОХИОЛДДОГ БЭРХШЭЭЛҮҮД БОЛОН ЗӨВЛӨГӨӨ  

Юун түрүүнд хэлэхэд, зөвхөн биеэр уулзах шаардлага гардаггүй төрлийн ажил бизнесүүдэд л ийм боломж бий. Сүүлийн үеийн бизнесүүд улам бүр интернетэд суурилсан технологитой болсон болохоор мэдээж боломжууд нь ихэссэн байгаа. Ихэнх цахим нүүдэлчин ганцаараа аялдаг боловч гэр бүлээрээ, бүр бага насны хүүхдээ аваад аялдаг хүмүүс ч бас мэр сэр бий.   

Цахим нүүдэлчний хэв маяг хүн болгонд тохирохгүй байж бас болох юм. Хэрэв та цахим нүүдэлчин болох талаар бодож байгаа бол өөрийнхөө аяллын стрессийг даах чадвар, шинэ орчинд дасан зохицох чадвар, эрх чөлөө болон ганцаардлыг хэрхэн ойлгодог, ажил амралтын цагаа зохицуулах хувийн зохион байгуулалтын чадвар зэрэг олон хүчин зүйлсийг бодолцох хэрэгтэй. Мэдээж гадаад оронд удаан хугацаагаар аялаж явахад гэр бүл, найз нөхдийн тэмдэглэлт ой болон үйл явдлуудыг алгасах, хайр дурлалын харилцаа орхигддог зэрэг асуудал гарах нь ойлгомжтой.  

Цахим нүүдэлчин амьдралын хэв маяг бол өөрөө өөртөө хийж буй хөрөнгө оруулалт бөгөөд ингэж аялах нь өөрийгөө нээн таньж мэдэхэд өөрийгөө хөгжүүлэхэд үнэхээр тустай.

Мөн аялах дуртай болгон цахим нүүдэлчин болохгүй. Та хэрвээ саятан биш л бол энэ хэв маяг таниас мөнгө үрэнгээ илүү мөнгө олохыг байнга шаардана. Эзэмшсэн мэргэжилдээ дундаас дээш хэмжээний ур чадвартай, тодорхой ажлын туршлага, тогтвортой орлогын эх үүсвэрт хүрсэн хүмүүст илүүтэй тохирно. Мөн хувь хүний хувьд аялж, амьдарч, ажиллахын хажуугаар зарим төвөгтэй орчинд дасан зохицох ур чадварын тухай асуудал юм.  

Ихэнх цахим нүүдэлчид эхэн үедээ ажилдаа төвлөрөх тал дээр том бэрхшээлтэй тулгардаг ба яваандаа өөрийн хэмнэлийг олж эхэлдэг. Тиймээс хувийн сахилга бат маш чухал. Олон улсад хүчин төгөлдөр байх эрүүл мэндийн даатгалтай байх, зохих вакцинуудыг хийлгэсэн байх, цагийн зөрүүнд зохицож ажиллах, ажил болон хувийн цагийн зааг ялгааг олох, найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ холоос холбоо харилцаагаа хадгалах нь цахим нүүдэлчдэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүд билээ. Заримдаа ажил олгогчид эсвэл харилцагчид нь тэднийг буруугаар ойлгох үеүд ч бий.  

Олон улсын цахим нүүдэлчдийн өгсөн зөвлөгөөнүүдээс тоймловол:   

  • Алсын зайнаас ашиглаж, зарж болохуйц ямар нэг үнэ цэнэтэй ур чадварыг юун түрүүнд эзэмш. Хамгийн энгийн жишээ бол программчлал юм. Ямар нэг ур чадварыг дэлхийн түвшинд үнэлэгдэхээр эзэмшихийн тулд та багадаа 10000 цагийг үүндээ зориулсан байх ёстой гэсэн онол бий. Таны мэргэжлийн ур чадвар дэлхийн жишгийн дунджаас дээгүүр байж л та цахим нүүдэлчин болж чадна. Хэрэв та бизнес эрхлэгч бол стартап бизнес дөнгөж эхлэнгүүтээ цахим нүүдэлчин болно гэдэг бол бараг боломжгүй л дээ. Та тодорхой хэмжээнд амжилтын буухианаас зуурсан хойноо буюу хэвийн үргэлжлэх бизнес системээ бий болгож чадсан хойно л зайнаас ажиллах буюу дижитал удирдлагаар бизнесээ саадгүй хөтлөн явуулж чадна.  
  • Сар тутамд улсын хилээр нь гарч орохыг хүсэхгүй бол та энэ тал дээр зөөлөн бодлого баримталдаг орныг сонгосон нь дээр.  
  • Хэсэгтээ тэсэхүйц тодорхой хэмжээний хадгаламжтай болсны дараа цахим нүүдэлчин болох нь зүйтэй. Зарим тохиолдолд ажиллаж буй төсөл зогсох, төлбөр саатах гэх мэтээр танд эрсдлүүд үүсч болох юм.  
  • Цахим нүүдэлчдийн дунд өөрийн эзэмшлийн эд зүйлс, автомашинаа зараад аялалдаа гардаг минималистууд олон. Мөн орон сууцаа урт хугацаагаар түрээслүүлээд аяллын зардлаа төвөггүй олдог хүмүүс ч элбэг. Танд хэрэгтэй зүйлс бол ердөө паспорт, лаптоп болоод бусад зайлшгүй хэрэгтэй эд зүйл юм.  
  • Хэрэв та бусдад ажилладаг бол ажил олгогчтойгоо сайн тохироо хийх нь маш чухал. Та өгөгдсөн ажлыг дэлхийн хаана байхаасаа үл хамааран чанартай хийнэ гэдгээ бүрэн итгүүлэх ёстой.  
  • Ажлаа хоног хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх. Та зайнаас ажиллаж байгаа мөртлөө таны ажил хоцорвол төлөвлөгөө бүхэлдээ бүтэлгүйтнэ. Таньтай огт уулзахгүй мөртлөө ажлын бүтээмж байхгүй байвал ямар ч ажил олгогч таньтай үргэлжлүүлэн ажиллахгүй.    
  • Төлбөр тооцоогоо хүлээн авах PayPal систем, тухайн орон нутгийн санхүү банкны систем, ATM-ийн хураамж зэргийг урьдчилан судлах нь тустай.  
  • Хэрэв та нэгэнт шийдсэн бол эхлээд цахим нүүдэлчдийн төвлөрсөн цэгээс эхэлсэн нь дээр. Тэндээ хэсэг арга барилаа олоод өөрийн таалагдсан замаа хөөх нь дээр болов уу. Энд та өөртэйгээ адил сонирхол бүхий олон хүмүүстэй биечлэн танилцаж өөрийн зорилгодоо тус нэмэр болох санаануудыг олж авч чадна. Мөн таны түрийвчинд хэмнэлттэй орон сууц, хурдан интернет, олон улсын стандарт хоол унд бүгд энд бий.  
  • Ялангуяа ганцаараа эмэгтэй аялагчдад түгээмэл тохиолддог эрсдэл бол аюулгүй байдал юм. Үүнээс зайлсхийхийн тулд тухайн аялж яваа, хоноглож байгаа газар орныхоо талаар, учирч болох эрсдлүүдийн талаар урьдчилсан мэдээлэл авах, ар гэрийнхэн болон найз нөхдөдөө хаана байгаагаа байнга мэдэгдэж байх зэрэг арга хэмжээг аваарай.  

Хэдийгээр энэ мэтчилэн зохих бэрхшээлүүд байдаг боловч нэгэнт цахим нүүдэлчин болсон хүн эргээд хайрцаглагдсан орчиндоо орж ажиллахаас аль болох татгалздаг.  

 #REMOTE YEAR ХӨТӨЛБӨР 

Бүтэн жилийн турш дэлхийн бүх тивийн 12 улсаар аялж, амьдрах зуураа ажиллах нөхцлөөр хангадаг хөтөлбөрүүд байдаг. Энэ бол аяллын компани биш, ажил олгогч ч биш харин дэлхий даяарх цахим нүүдэлчин мэргэжилтнүүдийг цуглуулж хамтад нь аялуулан, дэд бүтэц ложистикийг шийдэн тодорхой ашиг олдог бизнесийн байгууллага юм. Бүгд ижил хүсэл сонирхолтой тул бүлгээрээ аялах нь бие биенийгээ хүндлэх, нөхөрлөх, зардлаа хэмнэх, аюулгүй байдалдаа санаа зовохгүй байх, ложистикт цаг заваа хэмнэх зэрэг олон давуу талтай. Ажлын орчин, орон байр, хурдан интернэт, дэлхийн олон хотоор аялах онгоцны тасалбар, очсон газар бүрт танилцах аялал, нийтийг хамарсан хөгжөөнт хөтөлбөрүүд, орон нутгийн СИМ карт зэрэг зүйлс энэ багцад багтдаг гэнэ. Мэдээж олон ийм хүн нийлэхээр тээврийн зардал, зочид буудал зэргийг маш хямд шийдэж болдог онцлогтой. Хөтөлбөрт хамрагдсан цахим нүүдэлчид нь бие биенийхээ ажлаа хийх цагт хүндэтгэлтэй хандаж, жаргал зовлонгоо хуваалцдаг дундын үнэт зүйлстэй болохоор аяллын турш маш сайн найзууд болдог.   

Олуулаа аялсан цахим нүүдэлчид Прага хотод Жон Ленноны хананы өмнө  

 ЦАХИМ НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУД 

Монголчууд бид угаас нүүдэлчин өв соёл, уламжлалтай хүмүүс. Цахим нүүдэлчин болсон монгол залуучууд ч чамгүй олон болжээ. Тэдний төлөөлөл болгон Б.Батжаргал, Г.Эрдэнэбаатар нартай ярилцлаа. Батжаа АНУ-ын “Цахиурын хөндий”-д байршилтай Web Application Inventory хөгжүүлэлтийн компанид программ хангамжийн инженер ажилтай бол Эрка мөн л АНУ-аас мэргэшсэн агентын тусламжтайгаар UX/UI designer and prototyper чиглэлээрээ захиалгат ажлуудыг тогтмол авч хийдэг. Батжаа дэлхийг тойрон аялангаа өдөрт 5-6 цаг зайнаас ажилладаг, харин Эрка Монголдоо суурин амьдраад дундын оффисоос ажлаа явуулдаг.  

Саяхан зүүн өмнөд Азиар аялах зуур ажлаа хийж яваад ирсэн Батжааг түр Монголдоо буудаллаад байхад нь бид уулзсан юм. Батжаагийн хувьд энэ компанидаа ажилд ороод одоогоор дөрвөн жил болж байгаа бөгөөд Америкт байхдаа дотроо тусгай тохижилт бүхий жижиг минивэн автомашин худалдан аваад замд гаран Америкийн мужуудын талаас илүүг үзэн аялах, ажиллахыг хослуулсан туршлагатай.

Ажил ихтэй үед зөвхөн унтах орны төлөө түрээсийн их мөнгө төлөх нь түүнд утгагүй санагдаж анх цахим нүүдэлчин болох шийдвэрээ гаргасан байна.

Түрүү сард өөртэйгээ адил “цахим нүүдэлчин” дөрвөн монгол найзтайгаа Непал улсад хамт аялангаа ажиллаад ирсэн нь түүнд асар таалагдсан. Ялангуяа найзуудтайгаа аялах нь аяллын “кайф”-аа хуваалцахад таатай байх нь ойлгомжтой. 

Автомашиндаа амьдран аялах явцдаа ажлаа хийнэ гэдэг нь зарим хүнд романтик санагдаж болох ч энэ нь өөрийн гэсэн бэрхшээлүүдтэй. Хамаг үнэ цэнэтэй зүйлсээ авч явж буй учир лаптопоо хулгайд алдах гэх мэт асуудлууд түүнд тулгарч байсан. Хааяа машиндаа хоол хийнэ, ихэнхдээ гадуур хооллоно, фитнесс дээр усанд орчихно. Гэвч тэрбээр энэхүү амьдралын хэв маягтаа дуртай, дахиад хэдэн жилдээ л үргэлжлүүлэх бодолтой. Түүний ажиллах арга барилын тухайд гэвэл, тухайн аялж буй орондоо өглөө эртлэн босоод сайн интернэттэй тухтай кафе олж аваад 2-3 цаг идэвхтэй ажилласны дараа өдрийн цагаар газар оронтойгоо танилцах хувийн цагаа гарган орой нь хонох газартаа очоод дахин цөөн цагаар ажиллана. Хоноглох газраа ихэвчлэн Airbnb-ээр дамжуулан олдог байна. Цагийн бүсийн зөрүүнөөс шалтгаалаад АНУ дахь оффисын хамтран ажиллагсадтайгаа дор хаяж 2-3 цагийн ажлын цагийн давхцал гаргах нь практик ач холбогдолтой байдаг. Энэ хооронд зарим асуултдаа хариулт авч шаардлагатай тохиолдолд видео хурал хийнэ. Түүний ажилладаг компанийн ижил төстэй функцийн залуус сүүлийн үед бүгдээрээ зайнаас ажиллах эсвэл цахим нүүдэлчин хэв маягаар амьдардаг болжээ. Компанийн зүгээс жилдээ цөөн удаа биеэр уулзаж ажлаа ярилцдаг цугларалтыг зохион байгуулдаг бөгөөд энэхүү уулзалтанд очих онгоцны зардлыг даадаг байна. Аялах явцад юм үзэж нүд тайлснаараа хүний алсын хараа тэлдэг, өөрийгөө болон бусдыг илүү сайн ойлгодог, цоо шинэ сайхан санаа төрдөг гэх мэт давуу талуудыг тэрбээр онцлон дурдахаа мартсангүй. Тэрбээр тун удахгүй Европын хэд хэдэн орноор явах төлөвлөгөөтэй байгаа. 

Батжаа АНУ-д машиндаа аялж, амьдарч, ажиллаж байх үедээ  

Харин Эрка бол Монголдоо амьдарч ажиллах хэрнээ эндхийн улс төр, эдийн засгийн байдлаас үл хамааран өндөр өрсөлдөөнт Америкийн хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдсэн нэгэн хэмээн тодорхойлж болно. Түүнд ийнхүү зайнаас ажиллахад хамгийн хүндрэлтэй нөхцөл нь дэлхийн нөгөө бөөрөнд байрлах АНУ-ын цагийн бүс гэнэ. Цалингаа PayPal ашиглан хүлээж авна, ажлын ачаалал болон цагаа өөрөө зохицуулна, мөн залуу мэргэжилтний хувьд ур чадвар, мэдлэг нь хүрч л байвал дэлхий даяар асар их бололцоо бий гэдгийг бүрэн ухамсарласан гэдэг нь ярилцах явцад анзаарагдаж байлаа.    

Эрка ажлын байран дээрээ. Club Co-working space, ICC tower                

 Дижитал ажил эрхэлдэг хүмүүст хийсэн ажлаа алдах эрсдэлээс хамгаалсан үүлэн технологи ашиглах нь маш чухал. Манай залуус энгийн DropBox, iCloud-аас гадна Backplace service-ээс багц худалдан авч шийдвэл зөв хэмээлээ. Мөн зарим файлаа өөрийн хувийн хард дискэндээ авч үлдэнэ. Тэдний яриагаар бол сүүлийн үед IT салбарт Украйны залуучууд хүчтэй түрж гарч ирсэн аж. IT мэргэжилтнүүд ур чадвар сайтай л бол дэлхийн хаана ч байсан эрэлттэй, амьдрах чадвартай байгааг үүнээс харж болно. 

Энэ амьдралын хэвшлийг сонгосон хүмүүст нийтлэг тохиолддог ганцаардлыг даван туулах, ажил амьдралын балансыг хангах, даатгалын асуудал мэтийн бэрхшээлүүдийн талаар асуулаа. Ганцаараа төвлөрдөг онцлог бүхий ажилтай тул заавал эргэн тойрон хүн байх эсэх огт хамаагүй, өөрөө өөрийгөө ажилдаа идэвхжүүлдэг, ажлын чанар болоод дуусгах эцсийн хугацаанд хариуцлагатай ханддаг сахилга баттай тул энэ тал дээр огт асуудалгүй хэмээн дуу нэгтэй хариулав. Хааяа амралт зугаалганд зориулаад хэдэн өдрөөр интернэтгүй явсны дараа эргэн ирээд дутуу ажлаа гүйцээхийн тулд илүү шаргуу ажиллах шаардлагатай болдог гэнэ. Ийм амьдралын хэв маяг сонгосон учир шалтгаан нь юун түрүүнд ийм ур чадвартай мэргэжилтнүүдэд Монголд тохирох ажлын байр, төсөл байдаггүй, мөн ажлын үнэлгээ цалингаа дэлхийн жишгээр тооцуулах нь мэдээж сайхан, салбарынхаа хөгжлөөс хоцрохгүй өөрийгөө хөгжүүлэх ур чадвараа нэмэхэд нь тусалдаг гэх мэт хүчин зүйлсийг нэрлэлээ. Залуус маань хоёулаа одоохондоо гэр бүл зохиож суурин амьдрах талаар хатуу төлөвлөлт байхгүй байгаа бололтой.  

 Тэдний ирээдүйн зорилгынх нь талаар мөн асуулаа. Мэдээжийн хэрэг тодорхой мэдлэг туршлага хуримтлуулсны дараагаар үүндээ тулгуурлан Монголдоо эсвэл дэлхийд хандсан өөрийн гэсэн стартап бизнес эхлүүлнэ хэмээн итгэл төгс хариулж байв.  

 ТӨГСГӨЛИЙН ҮГ: 

Монголын байгалийн үзэсгэлэнт газруудад ийм дэд бүтэц үүсгэвэл ямар вэ хэмээн санагдав. Зуны дэлгэр цагт Хөвсгөл нуурын эрэгт амрангаа ажиллаж болох боломжийн үнэтэй жуулчны бааз байвал энэхүү зорилтот бүлгийн үйлчлүүлэгчид ирэхгүй гэж үү? Минимализмыг эрхэмлэсэн тэдэнд өндөр хурдны интернэт, найдвартай хоол унд, энгийн тавилга бүхий жижиг өрөө байхад л болно.  

 Хэрэв та өөрийгөө цахим нүүдэлчин болох боломжтой гэж бодож байгаа бол одооноос бэлтгэлээ хангаж эхлэхийг зөвлөж байна. Цахим нүүдэлчин амьдралын хэв маяг бол жинхэнэ эрх чөлөө юм.     

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Анхбаяр Батбаатар

Манлайллын тухай ойлголт

Өмнөх нийтлэл

Бизнес эрхлэгч та яагаад стилистэд хандах ёстой вэ? 

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style