Цар тахлын үеэр Хятад, Америкийн харилцаа дордсоор

Ковид-19 вирусийн цар тахал дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрнийг асуудлаа хойш тавиад хамтран ажиллах боломжийг авчрах ёстойсон. Гэтэл 1989 онд Тяньанмины талбай дээрх эсэргүүцлийг нухчин дарснаас хойш Америк болон Хятадын харилцаа хамгийн хар үе рүүгээ ойртсоор байна. Хямралын ид үеэр уг хоёр гүрэн нэг нэгнээрээ ширүүхэн тохуурхаж, хариутай бол бариутай гэхчилэн үзэлцэж буй.

Америкийн арми ковид-19-ыг Хятадад авчирсан гэх хуйвалдааны онолыг тус улсын зарим эрх баригч дэлгэрүүлж байна. Энэ хооронд ерөнхийлөгч Дональд Трамп “SARS-COV-2”-ыг “Хятадын вирус” гэж нэрлээд амжив. Тэрбээр аль улсаас вирус гаралтай вэ гэдгийг тодотгож буй нь Хятад улс руу зорчихыг хязгаарлах шийдвэр нь эл вирустэй тэмцэхээр түүний авч хэрэгжүүлсэн эхний алхам байсантай холбоотой.

Ноён Трамп хэвлэл мэдээллээр үгний сонголтоосоо болж анхаарал сарниулсан хэлэлцүүлэг ахин дахин дэгдээж байна. Тухайлбал, шүүмжлэгчдийн хэлснээр тэрбээр арьс өнгөөр ялгаварлаж байна уу, эсвэл үнэхээр л Америкийн төлөө үнэнийг хэлсэн үү гэдэг нь хүмүүсийн ярианы сэдэв болсоор. Энэ нь Трампаас өвчний вирусийг хэдэн долоо хоногийн турш яагаад үл ойшоосон шалтгааныг нь асуухаас илүү хялбар юм.

Хятад Америкийн өш хонзон гуравдугаар сарын 18-нд улам даамжрав. Хятад улс “New York Times”, “Washington Post”, “Wall Street Journal”-д ажиллаж буй Америкийн 10 гаруй иргэнийг хөөн гаргахаа мэдэгдсэн юм. Энэ нь 1949 онд Мао Зэдун төрийн эрхэнд гарснаас хойш барууны сэтгүүлчдийг Хятадаас олноор нь хөөн зайлуулсан хамгийн том тохиолдол юм.

Маргаан хурдан эрчээ авав. Нэгдүгээр сарын эхээр буюу өвчний тархалтын эхэн үеэр Үхань хот руу нэвтрэх хүсэлт гаргасан Америкийн өвчин судлалын мэргэжилтнүүдийг үл тоосон байна. Төд удалгүй нэгдүгээр сарын сүүлчээр ноён Трамп Америк иргэншилгүй иргэдийг Хятадаас ирэхийг хориглов. Өнөөдөр цар тахал Хятадад түр ч гэсэн намжсан тул эрх баригчид нь асуудлыг эрэлхэгээр гартаа авсан гэдгээ зарлан Америкийн болхи, хөшүүн байдалтай харьцуулахад нэг намын засаглал ялалт байгууллаа хэмээжээ.

Хоёр их гүрний өнөөгийн харилцаа 10 хүрэхгүй жилийн өмнөх Барак Обама, Ху Жинтаогийн үийнхээс ч дор байна. Хэдийгээр тухайн үед хоёр гүрний дунд үл итгэлцэл зөндөө байсан ч хоёр ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн санхүүгийн хямрал зэрэг нэн чухал асуудлууд дээр хамтран ажилладаг байв.

Харин Трамп болон Хятадын өнөөгийн тэргүүн Ши Жиньпины хооронд тэдэн шиг хамтын ажиллагаа өрнөөгүй билээ. Трампын засаг захиргаа Хятад шонхоруудаар (China hawks) дүүрснээр Обама болон Шигийн зурсан Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гараад байна. Түүнчлэн тэрбээр худалдааны дайныг эхлүүлж, Америк дахь Хятадын тагнуулчдыг ангуучилж, түнш орнуудаа лоббидон Хятадын “Huawei” компанийн 5G сүлжээг хорив. Нөгөөтээгүүр, ноён Ши түрэмгий гадаад бодлого барьж өөрийн нутаг дэвсгэр дээр хяхалт хавчлагыг нэмэгдүүлсэн.

Нэгдүгээр сард ковид-19 Хятадын хилийг даван тархаж эхэлсэн тул хоёр гүрэн худалдааны маргаанаа түр зогсоосон. Гэвч олон асуудал дээр хурцадмал байдал үргэлжилсэн хэвээр байгаа билээ. Сэтгүүлчидтэй холбоотой асуудлаар нэг нэгэндээ үзүүлэх цохилтууд нь хүйтэн дайны стратеги лугаа адил. Хоёрдугаар сарын 18-нд Трампын засаг захиргаа Хятадын хэвлэл мэдээллийн таван байгууллагыг Хятадын засгийн газрын “гадаад дахь төлөөлөгч” хэмээн ангилав. Дараагийн өдөр нь “Wall Street Journal”-ын гурван сэтгүүлчийг сонингийн гарчиг дээр Хятадыг “Азийн жинхэнэ өвчтэй хүн“ гэж нэрлэснийх нь шийтгэл болгон хөөж гаргана гэдгээ Хятад улс мэдэгдсэн. Харин Америк улс “Xinhua”, “CGTN”, “China Daily”, “China Radio International”, “People’s Daily” гэсэн хэвлэл мэдээллийн таван байгууллагад ажиллах Хятад иргэдийг 100-аас илүүгүй байхаар хязгаарлажээ. Энэ нь Хятадын 60 иргэнийг Америкийн нутаг дэвсгэрээс гаргана гэсэн үг юм.

Гадаадын хэвлэл мэдээллийн газруудыг сайн сэтгүүлчдээс нь салгасан Хятадын хариу үйлдэл сэтгүүл зүйд том цохилт үзүүлэх нь дамжиггүй. Түүнчлэн сүүлчийн саруудад Хятадын хөндлөнгийн оролцоог эсэргүүцэж жагссан Хонконгт иргэдийн санаа зовниж буй. Учир нь Хятадаас хөөгдсөн сэтгүүлчдийг Хонконгт үлдэж ажиллахыг нь хүртэл хориглосон байна. Гадаадын сэтгүүлчийг Хятадын нутаг дэвсгэрээс гаргасан тохиолдолд тухайн иргэн Хонконгт ажиллах эрхтэй гэсэн конвенцийг үл хэрэгссэнтэй адил үйлдэл юм. Гадаад сэтгүүлчдийн үйл ажиллагааг зохицуулах Хятадын дүрэм нь Хонконгийн хавьгүй чөлөөтэй системээс илүү байх ёстой хэмээн үүнийг Төв засгийн газар нь тайлбарлажээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид барууны орнуудтай тэмцэлдсээр ирсэн атлаа Америктай туйлын болгоомжтой хандаж байв. Тэр эрин магадгүй дууссан байж ч мэднэ. Хятадын ширүүн өш хонзон удирдагчдынх нь Америктай хийх дайсагналын явцад эрсдэл үүрэхэд бэлэн байгааг илтгэнэ.

Ковид-19-ын эх үүсвэрийн талаарх тайлбар нь дээрх өөрчлөлтийн дохио юм. Хэдэн долоо хоногийн турш хээнцэр гэмээр онолууд Хятад улсад цахимаар тархаад амжсан. Хятадын хэвлэл мэдээллээр уг вирус АНУ-ын тагнуулын төв газрын эсвэл зэвсэгт хүчний бүтээсэн биологийн зэвсэг бөгөөд аравдугаар сард Дэлхийн армийн наадмыг зохион байгуулж байх үед Үхань хотод хаясан гэж мэдээлжээ. Гуравдугаар сарын 12-ны өдөр Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижян 400 мянга гаруй дагагчтай твиттер хуудсандаа “Үханьд дэгдсэн вирусийн халдварын ард АНУ-ын зэвсэгт хүчин байж болзошгүй” хэмээжээ. Хятадын бусад диломатууд “Ил тод бай! Мэдээллийг олон нийтэд нээлттэй болго! АНУ бидэнд тайлбар өгөх ёстой!” хэмээцгээж уг цуурхлыг тараахад нэгджээ. Америкийн зарим эрх баригч ковид-19 бол Үхань хотын судалгааны лабораториос гаралтай гэсэн үндэслэлгүй санаануудыг дэвшүүлж байна.

Sars-cov-2-ыг “Хятадын вирус” хэмээн дуудах болсон шалтгааны нэг бол Хятадын хуйвалдааны онол хэмээн ноён Трамп хэлэв. Тэрбээр энэ нь арьс өнгөөр ялгаварласан хэрэг биш үү гэсэн сэтгүүлчийн зөвлөгөө үл тоожээ. Гэхдээ түүний үг хэл арьс өнгөөр ялгаварлах үзлийг ажилтнуудынх нь дунд хүртэл дэвэргэх бололтой. Гуравдугаар сарын 17-нд Хятад гаралтай Америкийн телевизийн нэвтрүүлэгч твиттер хуудсандаа Цагаан ордны албаны нэг хүн миний нүүрэн дээр вирусийг “Kung Flu” гэж хэлсэн хэмээжээ.

Нэг нэгэндээ муу үг чулуудаж буй нь одоогоор томоогүй үйлдэл мэт санагдавч цар тахал дордох тусам нэгнийгээ буруушаах нь даамжирч болзошгүй. Хэрэв цар тахлын улмаас асар их хүн нас барах аваас хэнийг буруутгах нь аль хэдийн сэмэрсэн Хятад Америкийн харилцаанд улам гүнзгий нөлөөлөх юм.

The Economist сэтгүүлээс олгосон лицензийн дагуу Mongolian Economy орчуулав.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Badral Misheel

Менежерт байх ёстой 3 чадамж

Өмнөх нийтлэл

Подкаст: ЖДҮ нарын маркетингдаа гаргадаг түгээмэл алдааг засах нь

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох