СЗХ-ны дарга асан, Эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнтэй халдварт өвчний үед эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалахын ач холбогдол, онцгой нөхцөл байдлын үед улс орнуудын баримталдаг стратегийн талаар ярилцлаа. 

-Халдварт өвчнийг хэзээнээс эдийн засгийн эрсдэл гэж үзэх болсон бэ гэдгээс яриагаа эхэлье?

Covid-19 халдвар улс орны эдийн засаг төдийгүй иргэдийн амьжиргаанд үзүүлэх болзошгүй нөлөөллийн талаар эдийн засагч бүр л сонирхож байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 192 оронд халдвар нь тархсан цар тахал болсон байна. Иймэрхүү үйл явц өмнө нь хаана, хэзээ болсон түүхийг сөхөж үзвэл 1968 оны долдугаар сард H3N2 буюу “Хонконг томуу” гарч байжээ. Энэ томуунд нэг сая орчим хүн нас барсан гэсэн тооцоо байдаг. Түүнээс хойш 30-аад жил дэлхий дээр олон нийтийг хамарсан халдварт тахал гарч байгаагүй. Харин 1997 онд Хонконгт, 2003 онд Өмнөд Солонгост шувууны ханиад дэгдэж, түүнээс хойшхи жилүүдэд SARS, MERS, Covid-19 гээд халдварын гурван ч тохиолдол гарлаа. Шинэ төрлийн коронавирус нь өмнөх тахлуудаас тархацын хувьд маш далайцтай байгаа юм. Дэлхийн эдийн засаг 50 жилийн өмнөхтэй харьцуулахад ямар их өөрчлөгдсөн билээ. Гэтэл дэлхийн дайнд нэрвэгдсэнээс ч олон сая хүний амийг авч одсон “Spanish flu” буюу “Испанийн ханиад” гарч байсан 1918 оны үеийн эдийн засагтай харьцуулахад бүр төсөөлөшгүй. Дэлхийн хүн ам “mega city” буюу томоохон хотуудад нягтарч амьдардаг болсон байна. Энэ бүхэн халдварт тахлын дэгдэлт, тархалтад нөлөөлж байна. 

-Covid-19 халдварын эдийн засагт үзүүлж буй нөлөө нь өмнөх халдваруудаас ямар ялгаатай байгаа вэ?

-Covid-19 халдвар улс орнуудад тархсан байдлаас үзвэл эдийн засагт богино биш урт хугацааны нөлөөлөл бий болохыг үгүйсгэхгүй. Өмнөх халдварууд эрүүл мэндийн салбарын зардлыг асар их өсгөж, үүнээс улбаалж эдийн засагт нөлөөлж байсан. Гэхдээ яг энэ цаг үед дэгдээд буй цар тахал дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэх нь нэлээд сонирхол татсан асуудал. Үүнийг тодруулахын тулд богино хугацааны шок үүсэхэд эдийн засагт хүчтэй цохилт өгч байсан 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг эргээд харж болно. 2007 онд АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс эхлэлтэй уналт 2008 онд баруун Европт нөлөөлж улмаар дэлхий нийтийг хамарсан. Эдийн засагчид энэ хямралын дэлхийн эдийн засагт үзүүлсэн нөлөөг 1930-аад оны их хямралтай дүйцэхүйц гэж үздэг. Энэхүү хямралын АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд үлдээсэн ул мөр их. Хямралаас хойш 10 жилийн дараа буюу саяхнаас л АНУ-ын хөдөлмөрийн зах зээл  сэргэж байгаа.

-Covid-19-ийн нөлөөг бууруулахад хамгийн гол нь ажлын байраа хадгалж үлдэх хэрэгтэйг бизнес, хувийн хэвшлийн төлөөлөл онцолж байгаа. Таны яриатай уялдуулаад асуухад дэлхийн санхүүгийн хямралын дараа манай хөдөлмөрийн зах зээлд ямар өөрчлөлт орж байсан бэ? 

-Дэлхийн санхүүгийн хямрал Монгол Улсын эдийн засагт 2008 оны гуравдугаар улирлаас эхлэн нөлөөлж, 2009 он гэхэд манай ДНБ -1.3 хувь болж агшсан. Статистикаас харвал 2008 онд манайд ажилгүйдэл 2.8 хувьтай байсан бол 2009 онд 11.6 хувь болж даруй 4.2 дахин нэмэгдсэн. 2010 онд хийсэн ядуурлын судалгаагаар ядуурлын түвшин 38.8 хувьд хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон. Зах зээлд шилжсэний дараах хүнд жилүүдэд буюу 1997 онд хүн амын гуравны нэг орчим (36%) нь ядууралтай байсан бол 2010 онд огцом өсөж 39 хувьд хүрсэн байна. Нэг жилийн дотор ажилгүйдэл дөрөв дахин өсөж, ядуурлын хэмжээ дөрвөн пунктээр нэмэгдсэн.  Харин 2011 онд манай улсын ДНБ 17.5 хувь өссөн нь дэлхийн хэмжээнд маш өндөр үзүүлэлт болсон. Ийм эрчимтэй өсөлт бий болсон явдал нь 2008 оны хямралын нөлөө богино хугацаанд арилах нөхцөл болжээ гэдэг нь статистик мэдээгээр нотлогддог. 

       

-Тухайн үед эдийн засгийн бүтцэд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Манай ДНБ 2009 онд 1.2 хувийн агшилттай байсан. Үүний дотор тухайн үед олон хүн ажил амьдралаа залгуулдаг байсан худалдааны салбар 11.8 хувиар унасан. Мөн барилгын салбар 34 хувиар, санхүү даатгалын үйл ажиллагаа 15 хувиар тус тус буурсан. Эдийн засагт өнөөгийнх шиг шокын шинжтэй үйл явц өрнөхөд ямар өөрчлөлт гардаг нь эргээд 10 жилийн өмнөх үйл явдлын ул мөрийг шинжлэхэд хүргэж байна. Санхүүгийн хямралын дараа эрдэс баялаг, түүхий эдийн үнийн таатай үе тохиосон учраас манайх шиг жижиг эдийн засаг богино хугацаанд сэргэж, хямралын уршгийг удаан мэдрээгүй. Мөн 2009 оны гуравдугаар сараас ОУВС,  Японы Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн тогтворжуулах хөтөлбөр манай улсад хамгийн сайн хэрэгжиж, үр дүнд хүрсэн гэдгийг онцолсон байдаг. Засгийн газар хямралыг богино хугацаанд гэтлэхэд хөтөлбөрийн багтай маш сайн нягт хамтарч ажилласан байдаг. 

-Хэлэхэд арай эрт байж магадгүй ч энэ удаагийн шокын ул мөр хэрхэн ажиглагдаж байна вэ?

-Цар тахлын талаар ярьж эхэлснээс хойш Хятадын эдийн засагт тодорхой бус байдлууд үүсэж байна. Зэрэглэл тогтоогч олон улсын зарим байгууллагын таамгаар өмнөд хөршийн ДНБ энэ жил тооцоолж байснаас нэг хувиар буурна, баруун Европын орнуудын эдийн засаг тэг хувьтай байна гэх мэт олон янзын таамаг дэвшүүлсэн. Хэдийгээр Хятад улс вирусийн халдварын асуудлаа шийдэж байгаа ч энэхүү зах зээл өөрөө ямархуу хариу үйлдэл үзүүлэх нь эргээд Монгол Улсын төдийгүй дэлхийн эдийн засагт хамааралтай. Хятад бол дэлхийн ДНБ-ий 16 хувийг, өнөөдөр халдвар ид тархаад байгаа АНУ 25 хувийг тус тус бүрдүүлдэг. Үйлдвэрлэлийн салбараар авч үзвэл 33 хувийг нь дангаараа Хятад улс бүтээж байна. 2002 оноос хойш Хятадын эдийн засаг үндсэндээ дөрөв дахин тэлсэн. Томоохон аж ахуйн нэгжүүдийн CSI индекс (Chinese security index) сүүлийн 10-аад жилд тасралтгүй өсөлт үзүүлсэн боловч өнгөрсөн нэгдүгээр сараас буурсан. Мөн Шанхай, Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ ханш унаж байна. Өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркийн хөрөнгийн биржид аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг компаниудын багцын индекс бас буурсан үзүүлэлттэй байна. Нөгөө талаар, дэлхийн ихэнх оронд Covid-19 халдварын хяналттай холбоотойгоор эрүүл мэндийн салбарын зардал өссөн дээр нь агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт ч сөрөг нөлөө үзүүлж  эхлээд байна. Энэ бүхэн хэдий хугацаанд үргэлжлэхээс эдийн засагт үзүүлэх нөлөө, ул мөр хэмжигдэнэ.

-Ер нь өмнө тохиож байсан халдварт өвчин, давагдашгүй хүчин зүйлийн улмаас эдийн засагт учирсан хохиролоос улс орнууд ямар сургамж авсан бэ?

-Covid-19 бол улс орнуудын өмнө тулгарч буй томоохон сорилт.  Ийм төрлийн цар тахалд дэлхий даяараа л бэлэн биш байсан. Гэхдээ хөгжингүй орнууд, олон орны санхүүгийн байгууллагын хувьд 2000-аад оны эхэн үеэс гэнэтийн цар тахлын үед авч хэрэгжүүлэх стратегийг боловсруулсан байдаг. Тухайлбал, Англи улс ийм стратегиа 2006 онд баталсан. Дэлхийн санхүүгийн томоохон байгууллагууд ч бэлэн байдлын стратегийг хэрэгжүүлж эхлээд байна. Стратегийн гол зорилго нь ихэнх улсын хувьд цар тахлаас бий болох эдийн засгийн сөрөг нөлөөг хамгийн бага байлгах, хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах явдал. Хөдөлмөрийн зах зээл нэгэнт “гэмтвэл” өөрөөр хэлбэл, тодорхой төрлийн агшилтууд бий болвол сэргэхдээ удаан байдаг. Өнөөдөр хаалгаа барьсан аж ахуйн нэгж маргааш эргэж нээгээд, ажилтан авах боломж маш хомс. Аль ч төрлийн аж ахуйн нэгжийн хувьд ялгаагүй. Ийм гэнэтийн шоконд жижиг аж ахуйн нэгжүүд бүр ч эмзэг байдаг. Эдийн засгийн аливаа бодлогын шийдвэр, өөрчлөлт цаг хугацааны хувьд хоцрогдолтой байдаг. Өнөөдөр өрнөж буй үйл явдлын ул мөрийг эхний саруудын статистикаар биш хагас жил, дараа жилийн статистик дээр илүү тодорхой харах боломжтой. Тиймээс цаг алдалгүй арга хэмжээ авч, ажлын байрыг хадгалах, ажилгүйдлийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлийн бодлогын арга хэрэгслүүд нэн чухал. Үүнийг онцолж буй шалтгаан нь 2008 оны хямралаар ажилгүйдэл дөрөв дахин нэмэгдсэн бөгөөд эдийн засгийн өндөр өсөлтийн нөлөөгөөр бага зэрэг саармагжсан боловч одоог хүртэл ажилгүйдэл 10 орчим хувьтай байна. Шуудхан хэлэхэд, манай хөдөлмөрийн зах зээл эмзэг, бас их мэдрэг. Хөдөлмөрийн зах зээл агших нь иргэдийн, өрхийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө. 

-Монголд Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авсан. Гэвч хөл хорио удаан үргэлжлэхийн хэрээр аж ахуйн нэгж, бизнесүүдийн нөхцөл байдал хүндэрч байна. Үүнийг даван туулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэр зэрэг идэвхтэй байна вэ?

 -Хэдийгээр уул уурхай дагнасан эдийн засагтай боловч ажлын байр олноор бий болгодог, олон өрхийн амьжиргааг тэтгэдэг жижиг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн байх нь маш чухал. Аж ахуйн нэгжүүдийн хувьд үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон ч түрээсийн төлбөр, цахилгаан, ус, халаалт гэх мэт ашиглалтын зардал, ажилчдын цалин хөлс зэрэг тогтмол зардал гарсаар л байгаа. 2019 оны эцсийн байдлаар манай улсад 93820 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буйгаас 87 хувь нь ес хүртэлх ажилтантай. Эдгээр компани тогтмол зардлаа борлуулалтын орлогоороо нөхдөг.  Гэтэл гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлээс болж орлого нь хумигдаж, суурь зардлаа дийлэхгүй болохоор л төлбөрийн чадвар нь муудаж, хүндрэл бий болно. Тиймээс ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадварын асуудал хөндөгдөнө. Богино хугацаанд хямд зээлээр компаниудаа дэмжих бодлого байж болно. Тухайлбал, ЖДҮХС-ийн зээлийг 5-10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан компаниуддаа яг ийм хүндрэлтэй цаг үед тулгамдсан асуудлаа шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх боломж болгон ашиглаж болно. 10 жилийн өмнө тохиосон хямралтай холбоотойгоор банкууд болон аж ахуйн нэгжүүдийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвараас гадна төлбөрийн чадвар гэдэг ялгаатай ойлголт бий болсон. Манай томоохон бизнес, компаниуд арилжааны банкинд зээлтэй байдаг бол ББСБ-уудын зээлийн 90 гаруй хувь иргэдийнх байдаг. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн зээл болон  хүүгийн эргэн төлөлтийн хугацааг гурван сараар хойшлуулах, зээлийн гэрээг шинэчлэх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн.

-Хувийн хэвшил болон эдийн засагчдын зүгээс энэ оны төсөвт тодотгол хийх хэрэгтэйг хэлж байна. Гэхдээ Сангийн сайд эсрэг байр суурьтай байгаа. Магадгүй шийдэлд хүрэхэд нөхцөл байдлын шинжилгээг илүү сайн хийх хэрэгтэй болов уу?

-Практикаас харахад улс орнууд аливаа асуудлыг цаг алдалгүй шийдэх, эсвэл хямралын дараах ул мөр, нөлөөг нь арилгах гэсэн хоёр арга замаар ажилладаг. Covid-19-ийн хувьд ДЭМБ болон мэргэжилтнүүдийн хэлж буйгаар урьдчилж таамаглаагүй онцгой тохиолдол тул нөхцөл байдлын шинжилгээ, түүнд зориулсан шуурхай хариу үйлдэл нэн шаардлагатай. Эрүүл мэндийн салбар нь эмзэг манай улсын хувьд цар тахлаас сэргийлэхэд хамгаалах арга техник хэрэглэж байгаа нь зөв стратеги. Гэхдээ эдийн засаг хэр зэрэг цохилтод өртөх вэ гэдэг нь тооцож анхаарах ёстой ажил. Урьдчилж таамаглаагүй нөхцөл байдал бий болсонтой холбоотойгоор Засгийн газраас хийх санхүүжилтийн эрэмбэ ч гэсэн өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, 2020 оны улсын төсөвт төлөвлөсөн санхүүжилтийн эрэмбийг өөрчилж, төсвийн санхүүжилтийг хаана, юунд зориулах нь маш чухал. Айл өрх ч гэсэн гэнэтийн үйл явдал, өвчин эмгэг тохиовол санхүү хөрөнгийн  зарцуулалтаа дахин нягталж, шинэчилдэг шүү дээ. Энэ жил УИХ-ын ээлжит сонгууль тохиож байгаа ч улс төрийн нөхцөл байдлаас илүүтэйгээр эдийн засагт, ард иргэдийн амьжиргаанд нэлээн том толбо үлдээх, басхүү урьд өмнө хаана ч тохиож байгаагүй, хэний ч таамаглаагүй, дэлхий нийт хүртэл бэлэн биш тийм цаг үе тохиож байгаа шүү гэдгийг онцолмоор байна. 

-Covid-19-ийн эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээнд та судлаачийн хувьд ямар үнэлэлт өгөх вэ. Мөн эдийн засгаа дэмжих ямар алхмууд хийх боломжууд харагдаж байгаа вэ?

-Миний ойлгож буйгаар нөхцөл байдлын шинжилгээ болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хамгийн чухал. Аль аль талдаа судалгаа, тоон мэдээлэлдээ маш чамбай ажиллаж, цаг алдалгүй шийдвэрүүд гаргах нь зөв. Улирал болон сар тутам гардаг статистик, товхимолуудаа хүлээгээд суух биш нөхцөл байдлын талаар түүвэр судалгаануудыг ч эрчимтэй хийж, өөрчлөлт хэр зэрэг, ямар далайцтай өрнөж буйг тогтмол хянаж, харж байх нь чухал. ДЭМБ болон эрүүл мэндийн салбар гэхэд өдөр бүр, цаг тутам мэдээлэлээ шинэчилж, арга хэмжээ авч байна. Эдийн засаг, санхүү, мөнгө, бизнесийн салбарын шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчид яг үүнтэй адилхан судалгаа тооцоолол хийж, өөрчлөлтийг нягт нямбай ажиглах шаардлагатай. Манай аж ахуйн нэгжүүд уламжлалт бүсээ чангалах аргаа л сонгож байх шиг байна. Тэд хэдий болтол ингэж явах, бүр жижиг оролцогчид нь яах вэ гэдэг тооцооллыг зөв хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг Засгийн газрын олон жил хийж хэрэгжүүлсэн бодлого хөтөлбөр, ажлын үр өгөөж  богино хугацаанд байхгүй болдог. Энэ маш харамсалтай. Тиймээс л болгоомжтой, бүх зүйлээ дүгнэж цэгнэж, шинжээчдийн баг бүрэлдэхүүнээ зөв сонгож, оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй.  

Эцэст нь хэлэхэд, ийм эрсдэлтэй хүнд нөхцөлд бүх түвшний хамтын ажиллагаа маш чухал. Дэлхийн хэмжээнд дээд түвшиндээ улс төрийн амлалтандаа хүрэх, улс орнуудын хувьд дотооддоо төр болон хувийн сектор нягт хамтран ажиллах, үйлдвэрлэл бизнес эрхлэгчид бие биетэйгээ хорших нэгдэх, төр хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангаж, хамтран ажиллах явдал нэн шаардлагатай.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Подкаст: ЖДҮ нарын маркетингдаа гаргадаг түгээмэл алдааг засах нь

Өмнөх нийтлэл

Уналттай тэмцэхдээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох