COVID-19 дэлхийн эдийн засагт яаж нөлөөлөхийг өнөө­­­хөндөө хэлэхэд эрт байна. 1960 оноос хойш хөгжингүй орнуудад 13 удаа л ДНБ жилдээ 5 хувь буурсан тохиолдол гарч байж. 7 хувь буурсан тохиолдол ердөө гурван удаа тохиосон бол 10 хувь буурсан тохиолдол нэг ч гараагүйг Дэлхийн банкны судалгаанаас харж болно. Харин энэ удаад дэлхийн эдийн засаг яаж уруудаж, хямрал хэр хугацаанд үргэлжлэхийг хэн ч оноож тооцоолоогүй яваа. Ихэнх орны эдийн засаг 10 хувь давж унаж магадгүй гэсэн багцаа таамаг л дуулдаж буй.
“COVID-19 тахал дэлхий даяар маш том өөрчлөлт нөлөө үзүүлж байна” гэж ФедЭкс компанийн Фред Смит энэ сарын 17-нд болсон хурлынхаа үеэр мэдэгдэнэ лээ. Хүргэлтийн акул Экспресс нь хүргэх хүчин чадлаа бууруулж байгаагаа зарлаж, анх удаа ашиг орлогын удирдамж өгөхөөс татгалзлаа. Хоёр­дугаар сарын дунд үеэс хойш дэлхийн зах зээлийг 23 тэрбумын ам.долларын алдагдалд хүргэсэн цар тахлаас шалтгаалж Apple, Nike компани ихэнх дэлгүүрийнхээ хаалгыг барьж, Форд, Тоёота, Фоль­кс­­­ваген зэрэг авто­машин үйлдвэрлэгчид Европ,­ Аме­рикт байрлах үйлд­­­вэр­үүдээ хаагаад байна. Нью-Йорк хотын санхүүгийн албаны дарга зургадугаар сарын эцэс хүртэл хотын зочид буудлуудын гуравны хоёр нь хоосон болно гэж таамаглаж байгаагаа нуусангүй.
Шинжээчид олон компани дампуурна гэж сэрэмжлүүлж Засгийн газрууд компаниудаа дэмжиж хямралыг хал багатай давах гэж яаран ажиллаж байна. Их Британи энэ долоо хоногт 330 тэрбум фунт стерлингийн (382 тэрбум ам.долларын) зээлийн баталгаат хугацаа болон бизнес эрхлэгчдэд зориулсан бусад дэмжлэг үзүүлэх багцыг нээлээ. Америк хязгааргүй төсвийн санхүүжилтийг бизнестээ хийхээр болж. Төр засгаас нь ингэж анхаарч байхад зарим компаниуд оршин тогтнож чадахгүйд хүрээд буй нь гашуун ч гэлээ бодит үнэн болчихлоо. Товчхондоо хөрвөх чадвар, бизнесийн загвар сайтай компаниуд нь хямралыг тэсч үлдэнэ гэцгээж байна.
COVID-19 манай улс­ын­ эдийн засагт яаж нөлөөлснийг тов тодорхой илэрхийлсэн хүснэгтийг та харж байна.

Цар тахал эдийн засагт яг ямар уршиг тарьсныг энэ тоонуудаас харчихаж болох учраас элдвийг нурших нь илүүц байх. Эдийн засагчдын ярьж сануулж буй анхааруулга зөвлөмжүүд ажил болж, засаг шийдтэй алхам хийх нь цаг хугацааны л асуудал болов уу. Цар тахлаас үүдсэн хямралыг зөөллөх алхмууд дээр дооргүй хийгдэх нь гарцаагүй.
Миний хувьд коронавирус дэлхийн эдийн засагт яг ямар өөрчлөлт, шинэ боломж авчирч байгаад уншигч таны анхаарлыг хандуулах гэсэн юм. Шинжээчид коронавирустэй холбоотой дэлхийн эдийн засгийн хямралыг 1930-аад оны дэлхийн эдийн засгийн их хямралтай дүйцүүлж байна. Одоогоос бараг ная гаруй жилийн өмнө тохиосон их хямралын дараа өнөөдрийн бидний ажил, амьдралд нэвтэрсэн олон олон бизнес цэцэглэж, биеллээ олсон гэж эдийн засагчид онцолдог. Их хямрал улс орны хөгжлийг илүү хурдан урагшлуулах шинэ бизнес, шинэ боломж­уудыг хүн төрөлхтөнд өгсөн бол корона ч цэнхэр гаригийнхны амьдралд олон шинэ өнгө нэмж эхэллээ. Наад захын жишээ гэхэд л Skype Business, Zoom, Blue Jeans, Microsoft Teams, WeChat Work, Slack зэрэг онлайн харилцааны платформуудын эрэлт огцом өсөөд эхэл­чихэж. Нэгдугээр сард 1.4 сая хэрэглэгчтэй байсан бол хэрэглэгчдийн тоо гуравдугаар сард бүр дөрөв дахин өссөн зураг гарчээ. Онлайн худалдаа эрхлэгч Амазон АНУ-д хүргэлтийн 100 мянган ажилтан шинээр авснаа зарлалаа. Өндөр нууцлалтай видео хурал хийх аппликэйшн боловсруулсан хүн дараагийн тэрбумтан болно хэмээн IT салбарынхан шивнэлдэж байна.

Гарцаагүй шаардлагатай л биш бол ажилчдаа оффистоо уях­гүйгээр ажиллах боломж байгааг ухаалаг менежерүүд олоод харчихсан яваа гэдэгт эргэлзэх зүйл алга.

Энэ өнцгөөс харвал бидэнд ч том боломж бий гэсэн үг. Үйлдвэржилтээрээ хол тасарсан улс, гүрнүүдийг манайх шиг жижиг зах зээлтэй, хөгжиж байгаа орнууд гүйцэж түрүүлэх, ядаж л барааны зайтай урагшлах ямар ч боломжгүй гэцгээдэг бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эринд Монгол шиг улсуудад дэлхийн хэмжээнд өрсөл­дөх боломж бий. IT-гаар мэргэшсэн олон залуу Цахиурын хөндийд гялалзаж яваа. Google, Amazon гээд дэлхийн компаниудад ажил­­ладаг инженер залуус нэгдэж нийлээд энэ чиглэл­­ийн ахлах сургууль бай­гуулж суралцагчдаа дэлхийн инженер болгож төгсгөнө гэсэн амбицтайгаар ураг­шилж байна. Саяхан санагдаж байна, IT-гийн хэсэг залуус блокчейн дээр суурилсан цахилгаан станц барина, төлбөр тооцоог нь цахим мөнгөөр хийнэ, хажууханд нь дата төв барина гэсэн утгатай ярилцлага өгсөн харагдсан. Товчхондоо IT чигийн шинэ бизнесүүд цэцэглүүлэх боломж, нөөц монгол залууст бий. Бүр тодруулж хэлбэл коронагаас үүдсэн шинэ боломжуудын нэг нь IT ертөнцөд хамаарч байна. Тэгэхээр корона­вирусийн цар тахлын үеэр анзаарагдсан энэ боломж бидэнд ч хамаатай гэсэн үг. Эдийн засаг талаас харвал олзуурхал, боломж мөнөөсөө мөн.
Цар тахлын дэгдэлтийн үеэр манай нийгэм, эдийн засгийн амьдралд нэг шинэ өнгө их тод анзаарагдаж байна. Гар ажиллагаа шаардсан үйлдвэрлэл л биш бол ихэнх компани ажилчдаа гэрээс нь ажил­луулаад багагүй хугацаа өнгөрлөө. Оффисын гол­дуу ажилтнуудын гэрээ­сээ ажиллаж буй байдал, хандлагыг анзаарах нь ээ ажлынх нь үр дүн өмнөхөөсөө муудаагүй, зарим тохиолдолд харин ч сайжирсан үр дүн харагдаж байна. Гарцаагүй шаардлагатай л биш бол ажилчдаа оффистоо уях­гүйгээр ажиллах боломж байгааг ухаалаг менежерүүд олоод харчихсан яваа гэдэгт эргэлзэх зүйл алга. Мэдээж оффисууд байсаар байх нь тодорхой.
Гэхдээ ажилтан бүрийн тоогоор ширээ сандалтай хэдэн арван өрөө биш цомхон ажил хэрэгч орчин болж хувирах боломжтойг корона­вирус дэгдсэн өдрүүд бидэнд батлаад өглөө. Цаашид гэрээс ажиллах ухаалаг шийдлүүд олноороо хэрэгжээд эхэлбэл оффисийн түрээс, дулаан цахилгааны хэрэглээ гээд өчнөөн зардал хэмнэгдэж таарна. Компани болон ажилтнуудын хувьд энэ хэмнэлт маш том боломж нээж өгнө. Хэмнэсэн мөнгөөрөө бизнесээ өргөт­гөх, ажилтнуудынхаа цалин хангамжид зарцуулах гээд өгөөжтэй шийдэл өчнөө­нөөрөө гарч ирнэ. Олон улсын нэг судалгаа уншиж байсан юм. Тэр судалгаанд нэг хүнийг оффист байлгахын тулд багагүй мөнгө зарцуул­даг тухай онцолсон байсан. Нэг хүн оффислож ажиллахад жилдээ дунджаар 5000 ам.доллар зарцуулдаг гэсэн байлуу даа. Ийм их зардал гаргаж ажиллуулдаг оффисийн ердөө 40 хувьд нь л хүмүүс байдаг гэсэн багцаа тооцоо дуулддаг. 5G эринд гэрээсээ ажиллахад болохгүй юм үгүйг баталсан өчнөөн жишээ дэлхийгээр нэг бий.

Коронавирусийн дэгдэлт зарим салбарын бизнес эрхлэгчдийг бизнесээ дахин бодоход хүргэж байна.

Коронавирусийн дэгдэлт зарим салбарын бизнес эрхлэгчдийг бизнесээ дахин бодоход хүргэж байгааг онцлохгүй орхиж болохгүй. Ялангуяа консерватив сал­бар­­­уудын эзэд шинэ алхам, шинэ өөрчлөлт хийгээд эхэллээ. Энэ сарын 20-ны өдөр Art Basel Хонг­конг 231 онлайн “үзэх өрөө”, галерей, үзэсгэлэн нээсэн юм. Тэд 270 сая ам. долларын үнэтэй 2000 гаруй уран бүтээлийг санал болгосныг хэвлэлүүд уралдан мэдээлэв. Корона­вирусийн цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал Холливуд салбарт түгээмэл хэлбэр болсон хуучинсаг хэв маягийг бас эвдэж байна. Киног театруудад түгээдэг хуучин хэв маягаас татгалзаж эхэлсэн гэсэн үг. Дэлгүүрт явж очоод сагс түрж хүнсээ цуглуулдаг дадал ч ул болоход тун ойрхон болсныг коронавирусийн дэгдэлт үргэл­­­жилсэн өдрүүд хүн төрөлхтөнд харуулаадахлаа. Биет дэлгүүрээсээ худалдаа эрхэлдэг ч онлайн платформд хөрөнгө оруулалт хийсэн компаниуд хожиж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л гурван хүн тутмын нэг нь онлайнаар хүнсээ бэлджээ. Онлайнаар анх удаа хүнсээ авсан хэрэглэгчдийн 41 хувь нь Walmart-ыг сонгосон байх жишээний.
Төгсгөлд нь давтахад өнгөр­­­сөн зууны гучаад онд тохиосон эдийн засгийн их хямрал асар өндөр хохирол дагуулсан ч машин үйлдвэр­лэл, энтертэйнмент, гоо сайханы салбарт шинэлэг бизнес загваруудыг нэвтрүү­лэхэд онцгой нөлөө үзүүлсэн шиг өнөөдрийн хямрал ч корпорейт эргэн ирэлт болон шинэ төрөлтүүдийг бий бол­гох нь гарцаагүй.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 4.50 out of 5)
Loading...
Byambasaikhan B

Стрессээ давуу тал болгох нь  

Previous article

Босс таны жолоочийн тухай хэдэн үг 

Next article

1 Comment

  1. Сайхан болоиж гарлаа. Удахгүй хэд хэдэн бизнесээ эхлүүлэх болно.
    Supermarket.mn 100ail.mm Naimaa.mn баярлалаа. Ураи зориг орлоо.

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like