0

Мод үржүүлэг бус “мөнгө үржүүлэг” гэж харвал энэ салбар ноос, ноолуурын дараа дэлхийд монголоор овоглох чадамжтай.

Болц нь жигдэрсэн улбар шар жимс улам бүр чимээд зах нь харагдахын эцэсгүй нэгэн жигд ургасан байхыг үзлээ. Өвөрхангайн Хархорин суманд байрлах анхны арван сангийн аж ахуйн нэг, Монголын хамгийн том чацарганы “Хархорин” компанийн талбайг зорин ирсэн нь энэ. Болц нь хэтрээд хүрэх төдийд хага үсрэхээс нь өмнө чацарганаа яаравчлан хурааж, хурааснаа цөмийг нь наранд ээн дэлгэн тавьжээ.  Ёстой л хүн хүчээр давж гарах ажил аж.

Чацарганы аж ахуй гэдэг цаг уурын нөхцөл байдлаас шууд шалтгаалах эрсдэлтэй бизнес төдийгүй үр жимс ургаж, ашгаа өгтлөө дор хаяж дөрвөн жил хэрэгтэй ажээ. Дангаар нь эрхлэн авч явах боломжгүй. Энэ хугацаанд эргэлтийн хөрөнгө, зардал мөнгө багагүй шаарддаг тул давхар бизнес эрхлэх шаардлагатай. “Хархорин” компанийн тухайд 4200 га талбайнхаа 3500 га-д нь чацаргана тариалахаар бэлдэж байгаагаас 620 га-д нь тариалаад байна. Үлдсэн талбайдаа тариа, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, алим зэргийн арваад төрлийн жимс, жимсгэнийн мод суулгаж, нутагшуулахаар ажиллаж байна. Мөн тус суманд аялал жуулчлал багагүй хөгжсөн тул гадна, дотны жуулчдад талбайгаа үзүүлэх байдлаар санхүүждэг. Батсүмбэрт тэдний эзэмшлийн мөн ижил чацарганы 50 га тариалан бий. Компанийн хувьцааны 70 хувийг “Гангар холдинг групп”, 30 хувийг нь орон нутгийн иргэд эзэмшдэг. Жилдээ 300-500 тн чацаргана хурааж, 200-300 ширхэг чацарганы суулгац бэлддэг. 2016 онд хамгийн их ургац хураасан нь 600 шахуу тн байсан бол дараа жил нь 100 хүрэхгүй тн-ыг хураасан байх жишээтэй. Энэ нь дээр хэлж байсанчлан цаг уурын нөхцөл байдалтай шууд холбоотой.

Мөн тэдэнтэй ижил чацаргана тариалалтын хотоос нэг их холгүй Ар-гүнтэд байрлах “Баян бүрд ногоон төгөл” аж ахуйгаар бид ороод гарсан. Хэдий 20-хон га-д тариалалт эрхэлдэг жижиг аж ахуй ч, эргэн тойрныхоо арваад хүнийг энэ аж ахуй руу татан оруулжээ. Энэ үеэр мөн л Нийслэлийн 33 дугаар сургуулийн бага ангийн сурагчид чацаргана хураалтад оролцож, эко аялал хийхээр ирсэн байв. Бяцхан гараараа эв дүйтэй гэгч нь жимс хураалцаж байхыг хараад энэ ажилд хүүхэд гэлтгүй цөм оролцож болохоор харагдана. Тус аж ахуй чацарганы тариалалтаас гадна хүнсний ногоо, мод үржүүлэг, амралтын газартай. Энэ мэт тэдний цаана чацаргана тариалдаг 2000 иргэн, аж ахуйн нэгж бий. Тэдэн шиг тариалалтын жижиг компаниуд борлуулалтаа зөвхөн фэйсбүүк хуудсаараа хийдэг бол “Хархорин” мэтийн томоохон аж ахуй нэгжүүд нь урт хугацааны холбоо харилцаан дээрээ түшиглэн үйлдвэрүүдэд чацарганаа борлуулж байна. Тэд кг-ыг нь 3000-4500 төгрөгөөр нийлүүлдэг.

Харин чацарганыг оролцуулан бүтээгдэхүүн болгон хүнсний болон гоо сайхны хэрэглээнд нэвтрүүлж, Монос, ТЭСО, Живэртийн оргил “Шар доктор”, Хаан жимс “Хуба хаяа”, Эко эрдэнэ, Алтан жимс, Цэсхайрхан тэргүүтэй 53 том, жижиг аж ахуйн нэгжүүд хүнс, хөдөө аж ахуйн салбарыг солонгоруулсаар байна.

“Хаан жимс” компанийн тухайд 20 дахь жилдээ чацарганы тариалалт эрхэлж байгаа бөгөөд арилжааны банкны зээлээр 2016 оны 11 нэгдүгээр сард европ стандартын герман технологийн үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Тэд “Хуба Хаяа” нэрээр чацарганы охь, тос, нухшийг Тайвань, Герман, Хятад, Япон улсруу худалдаанд гаргадаг. Харин дотооддоо зөвхөн өөрсдийн үйлдвэрийн дэргэдэх нэрийн дэлгүүртээ худалдаалдаг аж. Тус компанийн Маркетинг хариуцсан захирал Б.Цээпил “Үйлдвэрээс гаргаж бүтээгдэхүүн ньавч буй технологи, савлагааны чанараас шалтгаалан бүтээгдэхүүн нь зах зээлийн үнээс өндөр байдагтусдаг тул ижил төрлийн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдүүлж, өөр дэлгүүрээр худалдаалдаггүй” гэв. Дашрамд, Монос компанийн чацарганы тос 50 мл нь 10 мянган төгрөгөөр бол эднийх 25 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Өнгөрсөн хавар тэд өндөр шалгууртай гэгддэг Японы органик хүнсний “Food expo”-д Монголоос анх удаа тэнцэж, оролцжээ. “Хаан жимс” компани “Чацарганы баяр”-ыг 11 дэх удаагаа зохион байгуулаад байгаа билээ.

Түүнчлэн энэ зах зээлд инноваци хийн, BOJISS, Lhamour, Монос косметикс тэргүүтэй компаниуд чацарганаар төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хийсэн. BOJISS компанийн тухайд сүүлийн арван жил Солонгосын гоо сайхны эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч чацарганы ашигтай элементүүдийг судалсны дүнд чацарганы үрээс “Оmega 7” витаминыг гарган авчээ. Үүгээрээ Солонгос улсад энгэсэг болон түүнийг шингээгч, тос, гуужуулагч зэрэг найман төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, эх орондоо худалдаалж байна.

Ноос, ноолуурын дараа Монголынх гэж онцлох брэнд бүтээгдэхүүний нэг нь чацаргана болж чадна гэдэг нь эргэлзээгүй. Чацарганыг Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани тэргүүтэй Баруун Европын зарим оронд ургуулдгаас Монголын чацаргана чанар, агууламжаараа онцгой сайн болохыг Японы судлаачид нотолсон аж. Тодруулбал, Японы Үндэсний хүнсний хүрээлэн манай улсын чацарганаас дээж аван нийт 103 тэжээллэг элементүүд байгааг тогтоожээ. Энэ нь дэлхий дээрх тэжээллэг жимснүүдийн хоёрт орох үзүүлэлт юм. Улмаар Японы Засгийн газар 2016 онд манай улстай “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр” хийх үеэрээ татваргүй оруулах барааны жагсаалтдаа чацарганыг оруулсан байдаг. Өнөөдрийн байдлаар Японоос өөр чацарганыг албан ёсоор гаалиар хөнгөлөлттэй нэвтрүүлэх барааны жагсаалтдаа оруулсан улс орон байхгүй ч албан бус байдлаар аж ахуйн нэгжүүд өөрсдөө Нидерланд, Солонгос, Тайвань, Герман, Хятад тэргүүтэй найман улсад бүтээгдэхүүнээ гаргаж байна. 2014 онд 4-5 мянган ам.долларын чацарганан бүтээгдэхүүн экспортолж байсан бол 2018 оны сүүлээс 150 орчим мянган ам.долларт хүрчээ.

Хөдөө аж ахуйн салбарт өнгө нэмсэн энэ өөрчлөлт 2010-2014 оны хооронд Засгийн газраас хэрэгжүүлсэн Чацаргана хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн он цаг үетэй давхацдаг. Хөтөлбөрийн хүрээнд 10 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан тухай харьяа яамны чацарганы асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг мэдээлсэн. Гол хийсэн ажил нь 2,5 сая ширхэг чацарганы суулгацыг 2000 гаруй иргэн, аж ахуйд таван жилийн хугацаатай зээлээр олгож тариалуулжээ. Арван жилийн өмнө Монгол орны 1500 га-д жимс, жимсгэнийн мод тариалдаг байсан бол хөтөлбөр дуусахад тариалсан талбайн хэмжээ 6000 га-д хүрчээ. Мөн жимс жимсгэнийн аж ахуй байгуулахад 2,4 тэрбум төгрөгийн зээл олгож, бүх аймаг, орон нутгийн 5000 гаруй иргэнд холбогдох сургалтыг харьяа яамнаас Монголын жимс, жимсгэнийн үндэсний холбоотой хамтран зохион байгуулсан аж. Түүнчлэн уг бодлогын хүрээнд ЖДҮ-ийг дэмжих сангаас нийслэл болон Увс аймагт чацаргана боловсруулах үйлдвэр байгуулахад зээл олгожээ.

Энэ мэт их, бага хэмжээгээр ямар нэгэн байдлаар энэ салбарын хөгжлийг авч явах ажлууд хийгджээ. Гэсэн ч үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах хэмжээнд хүрээгүй л байна. Өнгөрсөн жил л гэхэд улс даяар 2600 тн чацаргана хураасан нь 10 гаруй мянган тн жимс, жимсгэнэ боловсруулах боломжтой үйлдвэрүүдийнхээ ердөө 4/1-ийг нь  хангасан байна. Үүнийг чацаргана сайн хураалттай жилүүдийн нэг байсан хэмээн Монголын хамгийн том чацарганы аж ахуйн “Хархорин” компанийн Ерөнхий агрономич Л.Бямбасүрэн хэлж байлаа. Өөрөөр хэлбэл эрэлт байгаа ч нийлүүлэлт хүрэлцээгүй байсаар байна. Энэ зөрүүг импортоор буюу Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар өнгөрсөн онд 128 мянган ам.долларын чацарганыг гаднаас авснаар нөхжээ.

Монголын жимс, жимсгэнийн үндэсний холбооноос цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн ХХААХҮЯ-нд хүсэлт өгснөөр 2018 оноос 2022 он хүртэл хэрэгжүүлэх Жимс жимсгэнийн үндэсний хөтөлбөрийг батлуулжээ. Хөтөлбөрөөр чацарганыг одоо байгаагаас нэг дахин их буюу 10 мянган га-д хүргэхээр зорьж байна. Мөн ХХААХҮЯ-наас чацарганы кластерыг тогтвортой бүрдүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний тендерийг зарласан бөгөөд үүнийг дээрх холбоо хийж байгаа юм.

Өдий дайны хөгжсөн салбараа жижиг гэж алагчлалгүй дан ганц мод үржүүлэг бус “мөнгө үржүүлэг” хэмээн харвал энэ салбар ноос, ноолуурын дараа дэлхийд “Mongolian brand” хэмээн овоглох чадамжтай юм. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагаа урамшуулалын системээр уяах, технологийн шинэчлэл хийх нөхцөлөөр нь хангах, улс хоорондын худалдааны хэлэлцээрийн үеэр чацарганы ач холбогдлыг таниулж, улмаар гадны улсын элдэв татвараас хөнгөлөх, чөлөөлөх хэрэгцээ бий. Хамгийн чухал нь өөрсдийн хэмжээндээ сайжирч хөгжсөөр байгаа эдгээр чацарганы бизнес эрхлэгчдээ нэгтгэн кластер байгуулах ажлыг түргэтгэх шаардлагатай байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
С. Баярмаа

О.Баярмагнай: Компаниуд өндөр түвшний дата мэргэжилтэн хайх шаардлагагүй

Previous article

Мега нэгдлийн стратеги нь төрөлжилт

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like