0

“Мэдлэггүй халуун сэтгэл бол тэнэгийн төрсөн дүү”.

Байгууллагыг үр дүнтэй удирдахын тулд удирдлага хүн манлайлах хүсэл эрмэлзэлтэй бөгөөд үйлдлээрээ үлгэрлэн дагуулдаг байх нь чухал.

Байгууллагын эзэн, удирдах албан тушаалтнууд өдөр бүр удирдах, манлайлах хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байдаг гэвэл том эндүүрэл.  Захирал байлаа гээд бусдаас өөр байна гэсэн үг биш юм. Тэд бусдын л адил бие махбодитой, сэтгэл хөдлөлтэй байдаг учир үргэлж эрч хүчтэй, хийж бүтээх хүсэл дүүрэн байх боломжгүй.

Магадгүй ихэнх шинэхэн удирдлага эхний хэдэн жил өөрийн хувийн амьдрал, гэр бүлээ умартан хөдөлмөрлөдөг. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам манлайлах хүсэл эрмэлзэл буурч, манлайллын санаачлага гарах нь багасч эхэлдэг. Энэ нь нэг талаар манлайллын үр дүнтэй аргуудыг өөрийн ажил, амьдралд хэвийн дадал болгон эзэмшиж чадаагүй байдалтай холбоотой.

Удирдлагуудад дараах нийтлэг сорилт тулгардаг болох нь миний туршлагаас ажиглагдсан:

  • Цаг тутам хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал, сорилттой харилцаа, саад бэрхшээл дунд манлайлна гэдэг нь тэднээс маш их эрч хүчийг шаарддаг,
  • Өмнө нь хуримтлуулсан туршлага, үзэл баримтлал, мэргэжлийн ур чадвар шинэ албан тушаалдаа үр дүнтэй ажиллахад хангалтгүй байдаг,
  • Удирдах, манлайлах гэдэг бидний бодсон шиг тийм амархан, сайхан ажил биш байдаг.

Цааш үргэлжлүүлэхээс өмнө манлайлал гэж юу болохыг хамгийн энгийн байдлаар тодорхойлъё. Манлайлал бол зөвийг үйлдэх ухаан. Юуг хийх нь зөв болохыг ухаарч мэдээд, түүнийг хэрэгжүүлэхийн тулд үйлдэл хийнэ гэсэн үг.  Манлайллыг санаачлага, үйлдлээс салгаж ойлгох боломжгүй.

Үйлдэл хаанаас эхэлдэг вэ? Хүний үзэл хандлагаас, хүсэл эрмэлзлээс  эхэлнэ.  Өсөн дэвшиж буй удирдлагуудын бусдаас ялгарах гол чадамж нь манлайлахад бэлэн, манлайлах хүсэл эрмэлзэлтэй байдал. Манлайлах хүсэл шууд төрөхгүй байсан ч өөрийгөө манлайлахад бэлэн, манлайлах эрмэлзэлтэй болгож өөрчлөх боломжтой.

Хүмүүсийг манлайлах эрмэлзэл болон үлгэрлэн манлайлах үйлдэл хийдэг эсэхээр нь дараах матрицад байршуулбал урсгалаар хөвөгчид, гомдоллогч нар, дүр эсгэгчид, жинхэнэ манлайлагчид гэж дөрөв ангилдаг.

Урсгалаар хөвөгчид

Эдгээр хүмүүс манлайлах хүсэл эрмэлзэлгүй бөгөөд үйлдэл огт хийдэггүй. Тэд завинд суугаад урсгал даган хаашаа явахаа мэдэхгүй хөвнө. Тав тухтай байдалдаа хэт дурласан эсвэл өөрсдийгөө хэт өндрөөр эсвэл хэт дутуу  үнэлдэг, нөгөө талаар өөрийг нь хязгаарлах хүчтэй хэвшмэл үзэл хандлагатай хүмүүс ийм байдалд орчихдог.

“Манлайлагч төрдөг”, “Нийгэм, байгууллага, баг хамт олон…надаар дутахгүй”, “Надаас илүү мундаг хүн байхгүй”, “Би юугаа чаддаг юм”, “Нас яваад хөгширчихлөө, шинэ зүйлийг сэдэж эхлүүлэх эрч хүч алга” гэх мэт үзэл хандлага хүчтэй суусан учраас ийнхүү урсгал даган хөвдөг болов уу.

Тэд байгууллагаас байгууллагын хооронд ажил сэлгэх замаар албан тушаал ахиж, цалингаа нэмэгдүүлнэ. Байгууллагад ажиллаж байх хугацаандаа шинэ санал санаачлага гаргаж хэрэгжүүлэхгүй.   Өөрийн хэвшмэл сэтгэлгээ, хязгаарлагдмал үзэл хандлагаа бусдад түгээнэ, идэвх санаачлагатай хүмүүст “яах гэж ингэж их зүтгэдэг байна аа. Цалингаа аваад чимээгүй явж бай” гэж зөвлөнө.

Сайжруулалтын санаачлага, манлайллын шинж чанартай зүйлсийг эсэргүүцэж, худал цуурхал тарааж хүчийг нь сааруулах хандлагатай.

Гомдоллогч нар

Манлайлах хүсэл эрмэлзэлтэй боловч ямар нэгэн үйлдэл хийдэггүй хүмүүс. Өөрөөр хэлбэл нэг их том зүйл боддог, ярьдаг боловч цагаа тулахаар юу ч хийдэггүй гэсэн үг. Асуудал хаана байгааг маш сайн ажиглаж, шүүмжлэх боловч, асуудлыг шийдэх санаачлага гаргаж хэрэгжүүлэхгүй. Үүнийг нэг талаар золиосны сэтгэлгээ гэж хэлдэг. Эцэс төгсгөлгүй нийгмээ, байгууллагаа, удирдлагаа, баг хамт олноо шүүмжилнэ, юу болохгүй байгааг сайн мэднэ. Та энэ асуудлыг шийдэхээр юу хийх бодолтой байна вэ гэж асуухаар таг болчихдог. Асуудлыг эцэс төгсгөлгүй хэлэлцээд л байх боловч шийдэл ярилцахгүй. Шийдэл асуухаар дорвитой хариулт өгдөггүй.

 Миний мэдэх нэг хүн удирдах албан тушаалд дэвшиж ажилласан боловч бүтэлгүйтсэн.  Тэрээр баг хамт олон, харилцагч нартаа биелэгдэх боломжгүй хийсвэр амлалт өгч, тэр амлалтаа биелүүлж чадалгүй байгууллагынхаа нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн. Түүний суурь зан дадал буюу ихийг ярьдаг боловч хэрэгжүүлдэггүй байдал өөрчлөгдөөгүй учраас шинэ ажлын байран дээрээ үр дүн гаргаж чадаагүй.

Харамсалтай манай нийгэмд энэ төрлийн хүмүүс олон байна. Гомдоллоо болиод үйлдэл хийж эхэлсэн цагт хүн урагшилдаг. Танд таван минут л гомдоллох эрх бий. Таван минутын дараа та шийдэл хайж эхэл, хэрэгжүүл эс бөгөөд таны амьдрал уналтад орох болно. Учир нь таниас бусад бүх зүйл, тухайлбал зах зээл, нийгмийн сэтгэхүй, хэрэглэгчийн хүсэл хэрэгцээ байнга хувьсан өөрчлөгдөж байна. 

Дүр эсгэгчид

Төрөлхийн манлайлах эрмэлзэлтэй, өглөө бүр манлайлахад бэлэн, чин хүсэл эрмэлзэлтэй сэрдэг хүмүүс цөөн. Гэтэл ажлынхаа минут бүрийг аз жаргалтай, баяртай өнгөрүүлдэг, дандаа мотиваци өндөртэй байдаг хэмээн бусдад итгүүлж, манлайлагчийн дүрд тоглодог хүмүүс бий. Энэ хуурамч дүр зурагт хүн итгээд эхлэхээр манлайлагч төрдөг гэх төөрөгдөлд автаж,  өөрийн чадамжаа хязгаарлачихдаг. Цаашлаад манлайлах эрмэлзлэлээ өдөөх, манлайллын үйлдэл санаачлага гаргахаас хойш сууна. Хүний үзэл хандлагаар үйлдэл, санаачлага хязгаарлагддаг гэдгийн илрэл энэ.

Дүр эсгэгч нар сайхан цэцэн үгсийг урсгаж, маш сайн илтгэдэг боловч яг хийж хэрэгжүүлэх шатанд бэлэн биш байдаг. Тэд маш сайхан зураг үзүүлдэг боловч цаана нь юу ч байхгүй байх нь элбэг. “Мэдлэггүй халуун сэтгэл бол тэнэгийн төрсөн дүү” гэсэн нэгэн зүйр цэцэн үг бий. Гэтэл нийгэм дээр ийнхүү ярьж, ятган сэнхрүүлж чаддаг хүмүүсийг манлайлагч хэмээн төөрөгдөх нь бий. Дахин дурдахад манлайлал зөвийг үйлдэх ухаан. Санаачлага, хэрэгжүүлэлт, гүйцэтгэл буюу үйлдлийг манлайллаас салгаж ойлгох нь хий хоосон дэмийрэл.

Жинхэнэ манлайлагч

Манлайлах хүсэл эрмэлзэл төрж байгаа эсэхийг үл харгалзан манлайлахын тулд ямар нэг үйлдэл хийдэг хүмүүс. Нөхцөл байдал тэдний эсрэг байсан ч өөрийн чадах бүхнээ хийж, санаачилж чаддаг. Тэд харах өнцгөө өөрчилж, дасан зохицож, шийдэл олж, бэрхшээлийн ард гардаг.

Байгууллагад өөрчлөлт удирдаж байх үед маань ийм манлайлагч нар хамгийн сайн дэмжигч байж чадсан. Тогтсон ажлын арга барилаа өөрчлөх нь хүнд тийм ч амар биш. Тэдний ажлын ачаалал нэмэгдэж, хурал уулзалт ихэснэ. Гэсэн хэдий ч өөрчлөлтийг дэмжиж үйлдлээрээ манлайлж чадаж байв. “Надад ч гэсэн хэцүү байна. Гэхдээ энэ өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэх нь байгууллагын ирээдүйд тун чухал” хэмээн бусдыгаа уриалсан, тэд ч дагасан.

Ийнхүү хүсэл төрөхгүй байсан ч манлайлахад бэлэн, манлайлах эрмэлзэлтэй байж ямар нэг үйлдэл хийж чаддаг удирдагч бол жинхэнэ манлайлагч. Өөрийн байгалийн араншин, өгөгдлийг даван туулж, эерэг, санаачлагатай  байж чаддаг гэсэн үг.

Манлайлах хүсэл эрмэлзэл, манлайлах үйлдлийг ажил, амьдралын хэвийн дадал болгон төлөвшүүлэхэд туслах тодорхой аргууд бий. Эдгээр аргуудыг эзэмшсэнээр өдөр бүр өөрийгөө хүчилж бус, байгаа байдлаараа манлайлж сурна. Манлайлал танд амархан, таатай болж хувирна гэсэн үг шүү дээ. Сэтгэл судлал, тархи судлалын сүүлийн үеийн судалгаанд тулгуурласан, олон улс оронд туршигдсан эдгээр аргуудад суралцахыг хүсвэл та дараагийн нийтлэлийг уншаарай.  

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Мега нэгдлийн стратеги нь төрөлжилт

Previous article

Мэнд мэдэхийн бидний мэдэхгүй ач тусууд

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in HR