Лос-анжелес хотын хоосон гудамжнууд сүйрлийн тухай кинонд гардагтай адилхан харагдана. Холливудын ихэнх боссын хувьд байдал үнэндээ ийм л “хоосон” байгаа. Дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь гэрийн хорионд орсон учир 2020 оны бокс-оффисын орлого сүйрэв. 2021 онд зураг авалтаа эхлүүлэх байсан киноны бүх төсөл цуцлагдаад байна.

Шоу бизнесийн хувьд нүргээнтэй цаг үед ковид-19 дэгдлээ. Видео стримингийн эрин үед тус салбарыг эрс өөрчлөх таван жилийн, 650 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгө оруулалт хэрэгжиж эхлээд байсан юм. Борлуулалт нь агшсан учир AT&T, Comcast, Disney, ViacomCBS зэрэг медиа группийн өр (350 тэрбум гаруй доллар) эргэн төлөхөд хэцүү болж ирэв. Хөл хорионы үеэр эрсдэлд өртөх боломжгүй гэгдэж байсан стриминг үйлчилгээ үзүүлэгч Netflix компани ч алдагдлаас ангид байж чадахгүй. Цар тахал сорви үлдээнэ. Мөн хэд хэдэн компанийг дампууруулж ч мэднэ.

Кино театраар бүтээлээ гаргаж, зардлын үлэмж хувиа нөхдөг уламжлал үгүй болох нь. Гуравдугаар сарын 6-нд нээгдсэн Disney компанийн “Onward” кино дэлхий даяар 500 сая долларын орлого олохоор төлөвлөсөн ч дөнгөж тавны нэгийг нь цуглуулжээ. Ихэнх киноны нээлт хэсэгчлэн болон бүхлээрээ онлайн орчинд явагдлаа. Comcast-ын NBCUniversal компани “Trolls World Tour” бүтээлээ энэ сарын 10-нд стримээр цацаж эхлэхээс гадна хаагдаагүй байгаа цөөн тооны кино театраар 19.99 доллар буюу хоёр тасалбарын үнээр үзүүлэх аж. Кино театрын дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байсан “The Lovebirds” төслөө Paramount Pictures компани Netflix-т шилжүүлэв. Хөл хорионы дараа нээлтээ хийхээр төлөвлөсөн кинонуудыг гаргах кино театр тун цөөн байх нь бас нэг бэрхшээл болно. Дэлхийн кино театрын хамгийн том сүлжээ АМС сүүлийн гурван жилийн хоёрт нь алдагдалтай ажилласан бөгөөд энэ жил үхэх сэхэх дээрээ ирэхээр байна. Хоёр дахь том сүлжээ болох Cineworld харин хамгийн муу хувилбар нь дампуурах байх болно гэж мэдэгджээ.

Өргөн дэлгэцийн компаниудаас гадна жижиг дэлгэцийнхэнд ч аюул нүүрлээд байна. Судалгааны Nielsen компанийн мэдээллээс үзвэл Харви хар салхи зэрэг өмнөх хөл хорионы үеэр телевиз үзэх хүмүүсийн тоо 60 хувиар нэмэгдэж байв. Италийн зарим мужуудад хөл хорионы улмаас телевиз үзэгчдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэнийг судалгааны Auditel тогтоосон байна. Гэвч энэ нь тэдгээр компаниудад тус болохгүй байж мэдэх юм. Нэг талаар, тэд ч мөн контентын дутагдалд орсон. Британийн хамгийн том арилжааны суваг болох ITV нь “Coronation Street” савангийн дуурийн зураг авалтаа зогсоож, долоо хоногт урьдынх шиг зургаа бус гурван анги үзүүлж байна.

Хүмүүс телевизээр хуучны бүтээлүүдийг давтан үзсээр байсан ч телевизийн сувгуудын санхүү сайнгүй байх болов уу. Орлого нь буурч, худалдан авагчид дэлгүүр хэсэхээ больсон тул компаниуд телевизээр сурталчилгаа явуулахаа багасгаж байна. Сурталчилгааг дэмждэг гол арга хэмжээнүүд нэг бол хойшлогдож (олимпын наадам) эсвэл цуцлагдаад (спортын ихэнх лиг) байгаа юм. Спортын шууд дамжуулалтаар голлодог Disney-гийн ESPN, Comcast компанийн Sky сувгууд тэмцээн үзэх төлбөрөө хойшлуулах эсвэл оронд нь төлбөртэй өөр контент үзэхийг санал болгож эхэлсэн. ESPN суваг хуучны сонгодог тоглолтуудаас гадна гар барилдаан зэрэг этгээд тэмцээн үзүүлж байна.

Орлогын энэ мэт тасалдал нь медиа компаниуд шинэ, онцгой контет бүтээх эсвэл худалдаж авахаар яарч, ихээхэн зээл авсан үетэй давхцав. Өнгөрсөн оны сүүлчээр AT&T компани 190 тэрбумын зээлтэй байснаас 17 тэрбумыг нь энэ болон ирэх жилд төлөх хуваарьтай байгаа. Түүнчлэн Comcast компани 100 тэрбум, Disney 47 тэрбум, ViacomCBS 21 тэрбумын зээлтэй. Гуравдугаар сард Disney компани ерөнхий зорилтыг санхүүжүүлэх, тэр дундаа өрөө төлөх зорилгоор зургаан тэрбум доллар нэмж босгосон. Харин ViacomCBS компани балансаа сайжруулахын тулд 2.5 тэрбум долларын бонд гаргав.
Энэ мэт байдлыг бодолцож үзвэл медиа зах зээлд ойрын хугацаанд болох үйл явдал нь кино театрын дэлгэцнээ гарах блокбастер киноноос ч илүү адал явдалтай, сонирхолтой байх шинжтэй.

The Economist сэтгүүлээс олгосон лицензийн дагуу Mongolian Economy орчуулав.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 2.00 out of 5)
Loading...
Б.Мишээл

Подкаст: Удирдлагын тогтолцоондоо стандарт нэвтрүүлэх нь

Previous article

Маркетингд гаргадаг түгээмэл 10 алдаа, тэдгээрийг засах аргууд

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like