HR

Маркетингд гаргадаг түгээмэл 10 алдаа, тэдгээрийг засах аргууд

0

Бизнес.мн болон Хархорин Дижитал академиас хамтран бизнес эрхлэгч нарт зориулан цуврал вебинар /онлайн/ сургалт  зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд зохион байгуулагдсан ээлжит сургалт “Маркетинг”-ийн сэдвээр боллоо. Уг сургалтаар маркетингдаа гаргадаг түгээмэл 10 алдааг танилцуулсан бөгөөд тэдгээрийг хэрхэн засаж сайжруулах аргыг сонирхолтой факт жишээн дээр тайлбарласныг товчлон хүргэж байна.

1.Маркетингийг зөвхөн сурталчилгаа гэж харах 

Дийлэнх байгууллага “маркетинг”-ийг зөвхөн зар сурталчилгаа гэж андуурч мянга мянган хэрэгтэй хэрэггүй зар сурталчилгаа үйлдвэрлэдэг. Харин үүний оронд эхлээд өөрсдийн онцлог давуу талыг тодорхойлж “БИ ХЭН БЭ?” гэдэг асуултад хариулахыг зөвлөж байна. 

  • Танай бүтээгдэхүүн үйлчилгээ хүнд ямар үнэ цэнийг бий болгох вэ? 
  • Бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд хүргэх борлуулалт түгээлтийн системээ зөв оновчтой тодорхойлсон уу ?
  • Зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах харилцагчийн жагсаалтыг бий болгосон уу?

2. Маркетингийн төлөвлөгөө байхгүй 

Маш том зорилготой мөрөөдөлтэй хэр нь огт төлөвлөгөөгүй байдаг алдаа хоёрт бичигджээ. Төлөвлөгөөтэй байсан бол хэр их мөнгө, цаг хугацаа хожих байсан бэ, төлөвлөгөөгүйгээсээ болж ямар их зүйл алдсан бэ гэсэн асуултад хариулаад үзээрэй. 

Төлөвлөгөө яаж гаргах вэ? 

  • Судалгаа хийх /хаана хоосон зах зээл байгааг олж харах гэж хичээ/
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт /Ямар онцлогтой, юугаараа ялгарах вэ/ 
  •  Масс зах зээл гэдэг үгийг март. 
  • Хүрэх гэж буй зах зээлээ илүү тодорхой болго
  • Үнийн стратегийг зөв тодорхойл /зах зээл 10,000₮-өөр цамц авах боломжтой байхад 15,000₮-ийн цамц гаргаж болохгүй
  • Өртөг үйл ажиллагааны зардлаа бүхэлд нь гарга
  • Сувгийн хуваарилалтаа сонгох /цахим дэлгүүр, уламжлалт борлуулалт, хосолсон худалдаа/

Энэ бүхнийг хийхдээ санхүүгийн нөхцөл байдалдаа уялдуулж гаргах хэрэгтэй аж. Судалгаа бүх зүйлийн эхлэл. Гэвч судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд үнэтэй байдаг учраас эхний ээлжид цахим орчин ашиглан судалгаагаа урьдчилсан байдлаар хийх хэрэгтэй. Судалгааны үндсэн зорилго нь өөрсдийгөө болон гадаад нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхөд оршино.  

  1. Үр дүнгээ хянахгүй, хэмжихгүй байх

Төлөвлөгөө дутуугаас болоод цаашаа алхаж чадахгүй гацчихдаг байгууллагууд цөөнгүй байдаг байна. Үүний шалтгаан нь үр дүнгээ хэт ерөнхий хэмждэг явдал. Зөвхөн худалдан авалт борлуулалтын тоог харах биш цахим хуудсаар хандсан хандалд, хэрэглэгчдийн сэтгэл ханамж болон санал хүсэлт гэх мэт өргөн хүрээнд үр дүнгийн үзүүлэлтийг гаргаснаар цаашдаа маркетингаа улам чамбайруулах боломж бүрдэнэ. 

  1. Зөвхөн өөрийгөө магтах, дөвийлгөх 

Хамгийн аюултай зар сурталчилгаа бол өөрийн бараа бүтээгдэхүүнийг номер 1, хамгийн шилдэг гэх мэт ядсан аргаар дөвийлгөх нь хэрэглэгчдийг татах биш үргээх арга хэрэгсэл болоод буй. Энэ төрлийн уйтгартай, хуучинсаг сурталчилгааг ашиглах нь хэрэглэгчийг татахаа больсон учир илүү шинэлэг зүйлийг судлан туршиж үз. Зүгээр л хүссэнээ туршиж үзэхээс илүүтэй сүүлийн үеийн чиг хандлага, худалдан авагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сонирхол хаашаа чиглэж байгааг судалсны дараа үйлдэл хийх нь хамгийн мэргэн арга барил болно. 

  1. Зөвхөн шинэ хэрэглэгч олж авах гэж улайрах 

Дараагийн гаргадаг түгээмэл алдаа бол бүх хүчээ шинэ хэрэглэгч дээр төвлөрүүлж, хуучин хэрэглэгчдээ орхих.  

Алдаагаа засах нь : Өмнө нь хамтарч ажиллаж байсан байгууллагуудын гэрээнүүдээ шалгаж дахин халамжлах ажлыг эхлүүлэх. Үүнд хуучин хэрэглэгчдийнхээ утас, худалдан авалтын тоо баримт, компанитай гэрээ байгуулсан цаг хугацаа зэрэг дата-г цуглуулж дахин холбогдсоноор тэдэнд зориулсан шинэ үйлчилгээг санал болгох нь маш зөв алхам болно. Жишээлбэл хуучин худалдан авагчдынхаа авсан бараа бүтээгдэхүүнийг засах үйлчилгээ үзүүлж болно. Түүнийгээ 100₮ -өөр үнэлээд хуучин хэрэглэгчдэдээ 50 төгрөгөөр өгч байна гэх мэтээр маркетинг хийж болох нь ээ.

  1. Өрсөлдөгчөө анзаарахгүй орхих 

Бизнест өөрийгөө хэн гэдгийг мэддэг байхаас гадна өрсөлдөгчөө хэн гэдгийг мэдэж бай гэсэн үг бий. Зах зээлийн хуулиар хүссэн хүсээгүй өрсөлдөгчид гарч ирнэ. Тиймээс өрсөлдөгчийнхөө дэлгэрэнгүй мэдээллийг сайт, лавлах руу нь холбогдож мэдээлэл авах замаар сүүлийн үед ямар маркетингийн арга хэмжээ авч байгааг нь мэдэж болно. Үүнд  үнийн бодлого, үйлдвэрлэлийн бодлого, борлуулалт, ажилтнуудаа тогтоон барьж байгаа арга барил зэргийг чухалчлан авч үзэх нь зүйтэй. 

Нэг талаас өрсөлдөгчөө судлах таны бизнесийг тэлнэ.  Нөгөө талаас хамтран ажиллах гарцыг нээж болох юм. Зах зээл танай салбарын бизнесээр ханаагүй байгаа тохиолдолд шинэ зах зээл дээр хамтарч шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах боломжтой.

7.Том компанитай адилхан маркетинг хийх гэж хичээх 

Том компаниуд том төсвөөр явдаг. Жижиг компаниуд үүнийг дуурайвал давтамж багасаж ганц хоёр ажил хийгээд санхүүгийн хүндрэл үүснэ. Том компаниуд илүү байр сууриа тогтвортой хадгалах, үнэнч хэрэглэгч бий болгох зорилготой байдаг бол жижиг компаниуд бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, борлуулалт түгээлтийн сувгаа тэлэх, зах зээлд танигдах зорилготой байдаг.  Тиймээс том компанийг дуурайх биш авах зүйлээ л ав.

  1. Бүтээгдэхүүний ялгарал 

Зах зээл дээр өрсөлдөөн ширүүсэх тусам бүтээгдэхүүний ялгарлыг бий болгох хэрэгтэй. Хүмүүс үргэлж илүү шинэлэг, тав тухтай бүтээгдэхүүн үйлчилгээг өндөр чанартайгаар хүлээж авахыг хүсдэг. Тиймээс яг ямар байдлаар ялгарахаа тодорхой болгох хэрэгтэй. 

  • Дахин өөрсдийн гэсэн шинэлэг ялгарлыг бий болго 
  • Түүнийг дагасан шинэлэг үйлчилгээнүүдийг зах зээлд танилцуул 
  • Шинэлэг нөхөрсөг үйлчилгээний соёл бий болгоход борлуулалтын орлого 1.5 дахин өснө.
  1. Дата ашиглахгүй байх 

Дата-г шинэ үеийн газрын тос гэж нэрлэх болсон энэ үед үүнийг орхиж  болохгүй болжээ. Том компаниуд энэ чиглэлээр салбар нэгжүүд байгуулаад эхэлсэн. Тэгвэл жижиг бизнес эрхлэгчид яах ёстой вэ? 

  • Танай бүтээгдэхүүнийг авсан хүмүүсийн мэдээллийг цуглуулж эхлэх 
  • Утасны дугаар, худалдан авалтын тоо, шийдвэр гаргахад  нөлөөлсөн зүйл гэх мэтээр Excel дээр дата-гаа цуглуулаад эхлээрэй.
  1. Нийгмийн сүлжээний ашиглалт хангалтгүй 

Ихэнх компаниуд цахим хуудсаа зөвхөн мэдээлэл өгөх зорилготойгоор ашигладаг байна. Ингэхдээ гаргадаг түгээмэл алдаа нь мэдээлэлдээ эргэж хариулдаггүй байдал. Үүнийг яаж шийдэх вэ? 

  • FB chatbot хийх
  • Онлайн худалдан авалтыг бий болгох 
  • Лавлах утсаа автомат хариулагчтай болох 

Ингээд та байгууллагуудын маркетингдаа гаргадаг түгээмэл 10 алдааг мэддэг болоо. Харин гэрийн даалгаварт юу хийх вэ? 

  • ТЭМДЭГЛЭЖ АВСАН МЭДЭЭЛЛҮҮДЭЭ АЖИЛ ХЭРЭГ БОЛГО!
  • МАРКЕТЕРУУДААС ЗӨВЛӨГӨӨ АВАХ 
  • КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ИРГЭНИЙ ХУУЛЬ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ БОДЛОГО гэсэн бичиг баримтуудыг уншиж өөртөө хамааралтай хэсгүүдийг мэдээд аваарай.

Бизнес.мн болон Хархорин Дижитал академи нар хамтран бизнес эрхлэгч нарт зориулан тогтмол хугацаанд  хүргэж буй вебинар/онлайн/ сургалтын дөрөвдүгээр сарын төлөвлөгөөг энд дарж үзнэ үү. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Болорцэцэг

Камераа унтраа

Өмнөх нийтлэл

Стратеги хэзээ ч цагаасаа хоцорч болохгүй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.