0

“Үсээ засуулах гэж байгаа хүн ямар ч нөхцөл байдал, асуудалтай тулгарсан байж болно. Сэтгэлээр унасан бол шууд л мэдрэгдэнэ. Тийм хүнд халуун дулаан инээмсэглэл, хэн нэгний харилцаа үгүйлэгддэг. Үйлчлүүлээд гарахад үсийг нь сэтгэл санаатай нь хамтад нь засах хэрэгтэй”

Л.Сарангэрэл “Сараа” салоны захирал

2010 онд “Тэргүүн” сонины тэргүүн хуудсанд “Чамайг тойрон эргэлдэнэ” хэмээн гарчигласан Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр, үсчин Л.Сарангэрэл нарын зурагтай нийтлэл олныг шуугиулж, мянган ширхэг сонин даруй борлогджээ. Эндүү ойлгогдмоор энэхүү нийтлэлд байнга үйлчлүүлдэг авьяаслаг үсчин нь ажлаа сольсонд олохгүй байсаар санаандгүй байдлаар үсчнийхээ салоныг нь олж, баярлаж байгаа тухай бичжээ. Үсээ засуулахаар сууж байсан сэтгүүлчийн овоо хараанд өртсөн энэ мэт явдал давтагддаг. Учир нь Л.Сарангэрэлээр нэг үйлчлүүлсэн л бол түүнийг хаашаа ч нүүсэн олоод очдог.

Салбартаа 29 дэх жилдээ ажиллаж байгаа Хөдөлмөрийн хүндэт медальт, Монгол Улсын мастер үсчин, Сараа салоны захирал Л.Сарангэрэлийг эргэн тойрныхон нь Абсолют салоныг ажиллуулдаг байхаас нь Абсолютын Сараа, Афрогийн Сараа гэх зэргээр таньдаг. Учир нь Л.Сарангэрэл маш нарийн буржгар Африк загварын Афро химийг Монголд анх хийжээ. Мөн тэрбээр Регги урсгалын залуусын түлхүү хийлгэдэг “Dreadlock” үс засалтыг ч шавийн хамт Монголд анх хийсэн юм. Сонирхолтой нь Л.Сарангэрэлээр анх “Dreadlock” засалтыг хийлгэсэн циркийн жүжигчид түүний шавь болж, үсчин мэргэжлийг давхар өвөртлөн, өдгөө дэлхийгээр хэсэн тоглохдоо үсчний ажлаа давхар хийдэг байна.

Ахуйн үйлчилгээний салбар нь хүн амын хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ахуйн соёлыг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан манай улсын ууган салбарын нэг. Тэр дундаа социалист нийгмийн үеэс олон нийтийг соён гэгээрүүлэхэд үсчин, гоо засалчдын оруулсан хувь нэмэр их бий. Өдгөө улсын хэмжээнд 2000 гаруй цэгт үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тухай ХХААХҮЯ-ны 2018 оны судалгаанд дурджээ. Гоо үзэсгэлэн гэдэг балчир наснаас өтөл насанд очсон ч цаг хугацаа хамаардаггүй “бүтээгдэхүүн” бөгөөд үргэлж эрэлт хэрэгцээтэй байдаг бизнесийн сайн хувилбар. Гол нь байршил, тоног төхөөрөмж, хэрэглэгдэх материалын сонголт, интерьерийн шийдэл, эцэст нь мэдээж байнгын үйлчлүүлэгчтэй болъё л гэвэл ур чадвартай ажилтан байх хэрэгтэй.

Үсчин хүн үйлчлүүлэгчийнхээ үсийг нь сэтгэл санаатай нь хамт засах хэрэгтэй

1989 оны хавар сурлагаараа толгой цохьдог Л.Сарангэрэл Нийтийн аж ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийн Үсчин, гоо сайхны ангийг сонгосонд түүний эцэг, эх ундууцахын зэрэгцээ тус сургуулийн удирдлагууд ч гайхаж хоцорцгоосон юм. Учир нь сурлага сайтай хүүхэд багш, хуульч, эдийн засагч, эмч болох ёстой мэт “хайрцагласан” цаг үе байв. Л.Сарангэрэлийн аав нь шуудангийн II баазын жолооч, ээж нь физик, математикийн багш байжээ. Багаасаа л найз нөхдийнхөө үсийг зассаар энэ мэргэжилд дурлан, 1989 онд Оросын цэргийн ангийг татан буулгаж, Улаанбаатар дахь бүх техник, мэргэжлийн сургуулийг Дорноговь аймагт шилжүүлэх шийдвэр гарахад ч түүний энэ бодол өөрчлөгдөөгүй. Үсчин, гоо засалч гэдэг мэргэжлийг эзэмшихийн тулд нэг жил зургаан сар таньж мэдэхгүй газар байхаас эмээгээгүй юм. Азаар техник мэргэжлийн бүх сургуулийг нүүлгэх энэ шийдвэр хэрэгжээгүй. Ингээд Л.Сарангэрэл өсөж төрсөн хотдоо суралцах боломж олдож, төгсмөгц шуудхан л үсчний 39-р салбарт ажиллажээ. Тэрбээр тогтсон үзэл суртлыг таягдан хаяж чадсан төдийгүй хүсэл зорилгодоо тууштай байх нь хэзээд амжилт авчирдгийн тод жишээ юм.

Дүүрэг бүрт нэг л салонтай байсан энэ үед түүний ажлын гараагаа эхлүүлсэн энэхүү 39-р салбар бол тэмцээн уралдаанд түрүүлсэн, зөвхөн шилдгүүдийг ажлын байрандаа авдаг, өндөр түвшний буюу I зэрэглэлийн салон байв. Дэлгүүр, хоршоо, автобусны буудал гээд хаа сайгүй урт дараалал дугаар байсны нэг нь үсчний гадаа байлаа. Нэг үсчин өдөрт 40-50 хүний үс засдаг. Эрэгтэй үсийг 2 төгрөг 20 мөнгөөр, эмэгтэйчүүдийн үсийг 5 төгрөг 50 мөнгөөр засдаг. Мэдээж сард тэдэн төгрөг хийх ёстой гэсэн төлөвлөгөөгөөтэй. Түүнийгээ биелүүлээгүй бол багажаа аваад л үйлдвэр, байгууллагуудаар очиж, төлөвлөгөөгөө биелүүлнэ. Энд Л.Сарангэрэл хувьчлалт явагдах хүртэл дөрвөн жил хэртэй ажиллажээ.

Тэрбээр хувьчлалын дараа өнөөх сэхээтнүүдийн хүртэл сонгосон ганзагын наймаа гэгчид явсангүй. Анхны түрээсийн салонд ажиллаж, багагүй мөнгө олох болжээ. Салондоо өдөрт 6000 төгрөг өгөөд илүү гарсныг нь өөрөө авдаг байв. Л.Сарангэрэл гурван охиноо өнөөдрийг хүртэл ганцаараа өсгөсөн бөгөөд сонгосон мэргэжил нь түүнийг өдий хүртэл сэтгэл хангалуун амьдруулж байна.

2006 онд Сангийн яаман дотор өөрийн “Абсолют” салоноо байгуулжээ. Салоноороо 2007-2010 оны хоорондох дүүрэг, хот, улсын аваргын тэмцээнүүдэд оролцож, тэргүүн байруудыг түүжээ. 2007 онд 54 топ моделийг нэг дор цуглуулж, үсчин, гоо сайхны томоохон шоу үзүүлбэр хүртэл хийгээд амжсан. Гэхдээ Л.Сарангэрэл хэзээ ч зэрэглэл зааж, шугам татаж байгаагүй. Бага тойрогт хог түүдэг хүмүүсийг өөрөө олж ирж, үсийг нь засчихдаг байв. Л.Сарангэрэл “Нэг өдөр маш их цас орсон өглөө салоноо нээхээр очиход үүдэнд хунгарласан байдаг цасыг тэд цэвэрлэчихсэн байсан. Тэдэнд маш их баярласан” хэмээн хариу нэхэлгүй хийсэн үйлдлээрээ өөрөө ч бахархан суудаг.

Харамсалтай нь тав дахь жил үйл ажиллагаа явуулаад байсан Абсолют салон өнөөг хүртэл тогтворгүй байсаар байгаа ам.долларын огцом ханшны улмаас үүдээ барьсан олон компанийн нэг болсон юм. Учир нь салоныхаа байрыг ам.доллараар түрээсэлдэг байжээ. Харин өнөөгийн “Сараа” салоноо асар их туршлага, өнгөрсөн сургамжууд дээрээ үндэслэн 2019 оны тавдугаар сард нээжээ.

“Saraa’s salon”-ий хамт олон

Түүний энэ салонд өдөрт багадаа 50 хүн үйлчлүүлдэг. Өглөө 08 цагаас оройн 20 цаг хүртэл ажиллах хэдий ч түгжрэл, зарим үйлчлүүлэгчийнхээ ажил тарах цаг зэргээс шалтгаалан уртасгасан цагаар ажилладаг. “Сараа” салоны гэрэл 22 цагт ч асаалттай байх нь олонтаа. Дан ганц үс, гоо сайхан бус маникюр, педикюр хийж, нүүр будалт болон нүүр будалтын сургалтын үйлчилгээ явагддаг. Энд Л.Сарангэрэл 1989 онд үсчин болохоор дагалдаж байсан багшийн хамт ажилладаг. Түүний багш I зэрэгтэй мастер үсчин Н.Энхтайван тэтгэвэрт гараад долоон жил болж байгаа ч ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа ажээ. Мөн энэ салбарт 10 жил ажилласан, ямар ч тайралтыг хүссэн хэмжээнд нь хийж өгдөг тайралтаар мэргэшсэн мастер үсчин Б.Уламбаяр энд ажилладаг. Дашрамд, Мастер үсчин цолыг 2008 оноос хойш албан ёсоор аттестатчилал авч, хоёр жилд нэг удаа шалгаруулалт хийдэг. Эрэгтэй эмэгтэй үс тайралт, гоёлын засалт, онол, өдөр тутмын засалт, өнгө гаргалт, харьцааны болон биеэ авч явах соёл, шагнал урамшууллын байдал гэх мэт 9 шалгуур дамжиж байж “Мастер” цол авдаг байна.

Саяхныг хүртэл Л.Сарангэрэл гурван охиныхоо сайн сайхны төлөө амралт гэдгийг умартан ажиллаж ирсэн. Гэтэл өнөөдөр тэд нь ээжийнхээ ажлаас хөнгөвчлөхөөр хамтдаа салондоо ажиллаж байна. Том охин нь гоо сайханчаар, дунд охин нь маркетингийн менежерээр ажиллаж, бага нь нүүр будалтаа хариуцдаг. Том охиноо ердөө долдугаар ангид байхад нь зуны амралтаар нь зусланд биш, Бээжин дэхь Японы “Айчи” гоо сайхны сургалтад гурван сар суулгажээ. Тэрбээр 14-хөн насандаа Чингэлтэй дүүргийн үсчин гоо сайханчдын уралдаанд орж, мөнгөн медаль авч байв. Харин бага охиноо ерөнхий боловсролын сургуульд байхаас нь нүүр будагч артистаар дагалдуулж, сургасан аж.

Сараа салонд зөвхөн үсчин дээр л гэхэд 30-аад төрлийн үйлчилгээ хийгддэгээс буржгар хими л гэхэд “афро” хэв маягаас “beach waves” гэгддэг сул том долгионтой хүртэлх олон төрлийн сонголттой хийгдэнэ. Үсээ заавал буржийлгахгүйгээр илүү хөвсгөр, өтгөн болгох боломжтой. “Хүмүүс энэ аргыг мэддэггүй учраас шууд л хүчтэй буржгар хими хийлгэчихдэг” хэмээн тус салоны үсчин Б.Уламбаяр хэлж байлаа. Цаашлаад нарийн ширхэгтэй, хэлбэрт ордоггүй хэт шулуун бүтэцтэй, налчгар үсэнд зөөлөн хими хамгаас тохиромжтой. Харин үсийг мэдэгдэхүйц буржгар болгодог, илүү хүчтэй хими нь байгалийн эрүүл, эсвэл будагтай, 50 хувь хүртэлх цайруулалттай үсэнд илүү тохиромжтой аж. Гэхдээ эдний салоны хамгийн гол онцлог нь дээрх ямар ч төрлийн химийг хийлгэхээс өмнө үсийг гэмтээхгүйн тулд “баланс тэнцвэржүүлэгч”-ийг хийдэг байна. Энэ нь үсийг илүү уян хатан, “дуулгавартай” болгодог. Тэд энэ бүх бүтээгдэхүүнээ Анунгоо болон Солонгосын “Эмүжин” компаниас авдаг. Харин дараа нь буржгар хими хийх хамгийн гол “шид” нь үс ороох аргачлал, шат бүрийн гүйцэтгэл ба хяналт байдаг. Хэрэв үсний мэргэжилтэн дээрхийг гүйцэт хийж, тухайн үсэнд тохирсон зөв найрлагыг сонгож чадвал орчин үеийн технологийн тусламжтайгаар үсний бүтцийг ямар ч золиосгүйгээр өөрчлөх боломжтой ажээ.

Л.Сарангэрэлээр 20-иод жил үйлчлүүлж буй Б.Нарантуяа “Америкт хоёр жил ажиллаад ирэхэд үс нь хэлбэрээ огтхон ч алдаагүй” гэв. Энэ учрыг Л.Сарангэрэлээс асуухад “Үсний үзүүрийн ширхгийг нийлүүлж тайрна гэдэг зүйл байдаг. Яг л будгийн бийрний үзүүр шиг болгоно гэсэн үг” гэлээ. Ийм ч учраас үйлчлүүлэгч нь өөр хүнээр яг ижилхэн тайралт хийлгэсэн ч тэрбээр хараад л мэдчихдэг байна. Нөгөөтэйгүүр түүний бусдаас ялгарах онцлог нь байнга үсчинд орох засаж, янзлуулаад байх биш, үсээ угаагаад л шууд хивэнд ордог байдлаар шийдэж өгдөг.

Тэрбээр маш гярхай бөгөөд орж ирсэн бүх хүнийхээ царайг тогтоодог. “Тийм хүн тэдний өдөр орж ирсэн. Тэр хүн дахиж орж ирсэн үү” гээд л ажилтнуудаасаа асууна. Хэрэв орж ирээгүй бол “Юун дээр алдсанаа мэдэж байна уу” гэсэн дараагийн асуултаа тавина. Учир нь тэр сэтгэл ханамжтай таатай орчныг бүрдүүлэхийн дээр чадвар, халуун дулаан үйлчилгээг эн тэргүүнд авч үздэг. Хүүхдийн үс засахдаа ч өөрөө хүүхэд мэт тоглон аашилна. Л.Сарангэрэл “Үсээ засуулах гэж байгаа хүн ямар ч нөхцөл байдал, асуудалтай тулгарсан байж болно. Сэтгэлээр унасан бол шууд л мэдрэгдэнэ. Тийм хүнд халуун дулаан инээмсэглэл, хэн нэгний харилцаа үгүйлэгддэг. Үйлчлүүлээд гарахад үсийг нь сэтгэл санаатай нь хамтад нь засах хэрэгтэй” гэв. Түүний үйлчлүүлэгчдийн дунд “Ганданд очсоноос Сараа дээр очоод үсээ засуулаад, хийморио сэргээсэн нь дээр” ч гэсэн хошигнол бий.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
С. Баярмаа

Түүхээр баталгаажсан мэдлэгийг судлахгүй хана мөргөөд байвал утгагүй хэрэг

Өмнөх нийтлэл

Хүний нөөцийн стратегийг төлөвлөх ноухау

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur