Байгалийн гамшиг, дайн дажин зэрэг эмгэнэлт явдал хүмүүсийн сэтгэцэд гүн нөлөө үзүүлдэг. Ковид-19 мэтийн цар тахал ч мөн ялгаагүй. Өвчин тусчих вий, бусдад өвчин халдаах вий эсвэл хайртай хүмүүс маань өвдчих вий гэсэн айдас хүмүүсийг эзэмдэв. Цар тахал бидний амьдралыг бүхэлд нь тодорхойгүй болгож орхижээ. Дэлхийн хүн амын тавны нэг нь хөл хорионд орсон ба тусгаарлалт, хөл хорио нь ганцаардал, сэтгэл зовнил болон сэтгэл гутралд автахад хүргэж байна. Тусгаарлалт, нийгмийн харилцаанаас зай барих зэрэг арга хэмжээ коронавирусийн тархалтыг намжаахад зайлшгүй шаардлагатай. Гэтэл хүн болон мичин төрлийн амьтдын хувьд амьд харилцаа, нийгмийн хүрээлэл бол амьдралынх нь салшгүй нэг хэсэг. Тухайлбал, нохой сармагчны кортизолын (стрессийн даавар) хэмжээ олон найз, хамтрагчтай байх тусам бага байжээ.

Итали улсад Ковид-19 вирусийн улмаас 13,100 хүн нас барснаас гадна сэхээн амьдруулах тасагт өвчтөнүүдийг эмчилж байсан хоёр сувилагч амиа хорлов. Харин цар тахлын улмаас эдийн засагт учрах хор нөлөөнд санаа зовсон Герман улсын Хессен мужийн сангийн сайд гуравдугаар сарын 28-ны өдөр амиа егүүтгэжээ.

Ipsos-Mori компанийн явуулсан санал асуулгаар британичуудын 62 хувь ирээдүйн талаар эерэг хүлээлттэй байхад улам хүнд болж байна хэмээжээ.

Олон улсад цар тахал хүмүүсийн сэтгэцэд нөлөөлж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Их Британид Засгийн газрын харьяаны Public Health England агентлаг, Duke and Duchess of Cambridge хамтран “Коронавирусийн үеэрх сэтгэцийн эрүүл мэнд ба эрүүл оршихуй” хэмээх зааварчилгааг гуравдугаар сарын 29-ны өдөр хэвлэн гаргав. Тухайн долоо хоногт, Ipsos-Mori компанийн явуулсан санал асуулгаар британичуудын 62 хувь ирээдүйн талаар эерэг хүлээлттэй байхад улам хүнд болж байна хэмээжээ. Нью-Йорк хотын захирагч Эндрю Куомо гуравдугаар сарын 21-нд “Иргэд эдийн засгийн төдийгүй сэтгэл зүйн хүнд байдалтай тэмцэж байна” гэжээ. Тэрбээр дөрөв хоногийн дараа сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай иргэдэд зориулсан үнэгүй шуурхай утас ажиллуулж эхэлснээ мэдэгдсэн байна.

Зарим хүмүүс сэтгэл зүйн хувьд бусдаас хүнд байдалд оров. Хэдэн сая ажилгүйчүүд зөвхөн орлого төдийгүй нийгэмд эзлэх байр суурь, хүрээллээ алдсан гэж Оксфордын Их сургуулийн Эрүүл оршихуйн судалгааны Төвийн дарга Ян Эммануэль де Неве хэлжээ.

Найз нөхөдтэйгөө цагаа өнгөрөөдөг байсан ганц бие хүмүүс ихэнхдээ ганцаараа байхаас өөр аргагүйд хүрчээ. Баг, хамт олноороо дасгал сургуулилт хийдэг байсан тамирчид зочны өрөөндөө дасгал хийсэн болж өөрийгөө аргацаах болов. Энэ мэтээр тусгаарлалт, гэр хорио хүмүүсийн сэтгэцэд ихээхэн нөлөөлсөөр буй. Их Британид 18-34 настай иргэдийн 67 хувь, 55-75 насны иргэдийн 54 хувь сэтгэлээ өөдрөг байлгахад хүндрэлтэй байгаа гэжээ.

Түгжигдмэл, хязгаарлагдмал амьдралд орсон иргэд аюулгүй байдал, эрүүл мэнд болон орлогодоо санаа зовниж байна. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл эрчимтэй өсөх шалтгаан боллоо гэж НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын дарга Фумзиле Мламбо-Нгкука дурдав. Анхан шатны тооцоогоор зарим оронд гэр бүлийн хүчирхийлэл гуравны нэгээр өссөн байх магадлалтай.

Зарим судалгаанаас харахад карантин хямралын дараах сэтгэцийн эмгэг (PTSD)-тэй дүйцэх сөрөг нөлөөтэй байж болзошгүй ажээ.

2009 онд SARS, H1N1-ын тархалтын үеэр карантинд орсон ба ороогүй гэр бүлийн дунд PTSD-ийн шинж тэмдгийн харьцуулсан судалгаа 2013 онд олон нийтэд хүртээл болсон юм.  Карантинд байсан хүүхдүүдийн PTSD оноо дөрөв дахин өндөр гарсан бол эцэг, эхийн 28 хувьд PTSD-тэй гэж оношилж болохуйц хүнд шинж тэмдэг илэрсэн талаар уг судалгаанд дурджээ. Харин карантинд ороогүй эцэг эх болон хүүхдүүдийн хувьд уг үзүүлэлт зургаан хувь байв.

Карантин удаан үргэлжлэх тусам хүмүүсийн сэтгэцэд үзүүлэх нөлөөлөл нь их байдаг. SARS-ын үеэр 10 ба түүнээс дээш хоногоор тусгаарлагдсан иргэдийг арваас цөөн хоног тусгаарлагдсан иргэдтэй харьцуулахад PTSD-ийн шинж тэмдэг илрэх магадлал өндөр байсныг өөр нэг судалгаа харуулсан юм. Хөл хорионы улмаас гэртээ тусгаарлагдсан хосууд ч үүнтэй санал нийлэх биз ээ. Хятадын Шиань, Дажоу зэрэг хотод хөл хорио тогтоосны дараа буюу гуравдугаар сарын эхээр гэр бүл салалт огцом нэмэгджээ.

Олон улсын сансрын станцад нэг жил гаруй ажилласан сансрын нисгэгч Скот Кэлли “New York Times” сэтгүүлд өдрийн тэмдэглэл хөтлөх нь ганцаардалтай тэмцэхэд тустай гэжээ. Түүнчлэн боломжтой бол гадагш гарахыг зөвлөсөн байна. Тэрбээр “жижиг орон зайд хэдэн сараар байхад ногоон өнгөтэй навчис, шинэхэн шорооны үнэр, нүүрэн дээр гийх нарны дулаан илч гээд байгалиа санагалздаг байсан” гэж онцлов.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл

Чатбот: Холыг ойртуулж, олныг холбоно

Previous article

Подкаст: Таны бизнест тэсвэрлэлтийн чанар бий юу?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like