Хүний нөөцийн салбарт ажилласан 12 жилийн туршлагаас харж байхад хүний нөөцийн стратеги гаргаад, онцгойлон ажилласан монгол компаниуд хуруу дарам цөөн байсан. Харин одоо энэ тоо хурдтайгаар нэмэгдэж байгаа нь сайны дохио, нөгөө талаасаа хүний нөөцийн хомсдолд орж байгаа монгол компаниуд яалт ч үгүй энэ асуудлаа анхааралдаа авахгүй бол өрсөлдөх чадвараа алдах аюултайг ойлгосон байж болох юм.

Монголын хүн амын идэвхтэй ажиллах хүчний тоо одоогоос 10 жилийн дараа 36%-иар буурна гэсэн статистик судалгаа бий.

Монголын хүн амын идэвхтэй ажиллах хүчний тоо одоогоос 10 жилийн дараа 36%-иар буурна гэсэн статистик судалгаа байдаг. Иймд хүний нөөцөөр тасралтгүй хангаж, зөв стратеги гаргахын тулд юуг анхаарах талаар өөрийн туршлагаа хуваалцья.

Анх 2011 онд Мичиганы Их сургуульд Хүний Нөөцийн Менежментийн чиглэлээр суралцаж байхад Монголын компаниуд хүний нөөцдөө яагаад ач холбогдол өгдөггүй байсныг ойлгосон юм. Хүний нөөцийн алба зөвхөн ажилд авах, халах захиргааны шинжтэй ажил хийдэг байсан болохоос хүнийг капитал бий болгох хүчирхэг нөөц гэж хардаггүй байсан аж.  

Хүний нөөцийн стратегийг байгууллагын бизнес стратеги, алба хэлтсүүдийн зорилго зорилт дээр тулгуурлаж хийхийн тулд дээрх стратеги, зорилгуудыг биелүүлэхэд шаардагдах ажиллах хүчний тоо, ур чадварын хэрэгцээ болон талентуудыг тодорхойлох зэргээр судалгаа хийхээс эхэлнэ. Мөн бүтцийн өөрчлөлт хийх, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх төлөвлөгөөтэй бол энэ мэдээллийг хүний нөөцийн газартаа хугацаа алдалгүй өгөх шаардлагатай байдаг. Манай монгол компаниудын гаргадаг гол алдаа бол алба хэлтсээс нэмэлт ажилтны тоо өгснөөр хамтран ажиллачихлаа гэж хардаг. Гэтэл үнэн хэрэгтээ одоо байгаа ажиллах шаардлага хангаж байгаа эсэх ямар талентууд дутаж байна, тавьсан зорилго зорилтод хүрэхийн тулд ямар ур чадварын хэрэгцээ байгаа талаар дэлгэрэнгүй судалгааг хүний нөөцийн хэлтэстэй хамтран хийх шаардлагатай байдаг. Гэтэл газар, хэлтсүүд энэ чухал асуудлуудад “хүний хүн” шиг хандчихаад төлөвлөгөө биелүүлэхэд ажиллах хүчин дутуу байна, яаралтай үед хүний нөөцөөр хангахгүй байна хэмээн гомдоллож байдаг. Иймд хүний нөөцийн стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд газар хэлтсийн хамтын ажиллагаа үнэхээр чухал.  

Байгууллагын дотоод эх сурвалжаас дээрх дата, мэдээлэл авдаг тул төлөвлөлтөд нөлөөлөх гадаад хүчин зүйлсийн мэдээлэл бас цуглуулна. Засгийн газрын бодлогын өөрчлөлтүүд, тухайлбал, гадаад ажилтнуудын тоог хязгаарлах, гадагшаа ажиллах хүчин гаргах гэх зэрэг Монголын ажиллах хүчний салбарт гарч ирэх өөрчлөлтүүдийг хүний нөөцийн стратегидаа заавал тусгана. Жишээ нь, Монголын засгийн газар дотоодын олон мянган ажиллах хүчээ Япон руу гаргана гэж саяхан гэрээ байгуулсан нь эргээд танай бизнест яаж нөлөөлөх вэ гэж тусгах хэрэгтэй. Энэ нь танай анхан шатны ажилтнууд эсвэл нарийн мэргэжлийн ажилтнуудын дутагдалд ороход нөлөөлөх бол ямар стратегиар ажиллах хүчний дутагдал орохгүйгээр бүрдүүлэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй гэсэн үг. Ингэж олон зүйлсийг харгалзаж үзэн хүний нөөцийн стратегиа боловсруулна. Стратегиа боловсруулсны дараа, ажиллах хүчний төлөвлөлтийн хэсэг рүү орно.  Ажиллах хүчний төлөвлөлтийг боловсруулахдаа:

  1. Газар хэлтсийн ажиллах хүчний хэрэгцээ, ажилтнуудын тоог гаргана.
  2. Хэрэгцээт ажиллах хүчний тоог нэгтгэсний дараа, албан тушаалын зэрэглэл, шатыг гаргана.
  3. Мөн төлөвлөлтийг хэрэгжүүлэх хугацаанд ирээдүйд тэтгэвэрт гарах хүний тоо, хүний нөөцийн оролт гаралтын хувийг тооцно.
  4. Ингэсний дараа ажиллах хүчний зардлаа тооцно. Учир нь одоо байгаа болон ирээдүйд нэмэгдэх ажиллах хүчний цалингийн болон бусад төсвийг гаргахад туслах юм.
  5. Ингэж тооцоо судалгаагаа эцэслэсний дараа хүний нөөцийн таван функцийн нарийвчилсан төлөвлөгөөг гаргана.
  6. Хүний нөөцийн функцуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлуудыг харгалзан үзэж нийт төсвөө гаргана.

Дээрх алхмуудыг хийсний дараа удирдлагын багтаа танилцуулж, тэдний санал, зөвлөмжийг авч тусгаж сайжруулалт хийнэ. Мэдээж хүний нөөцийн стратеги чинь сайтар бодож боловсруулсан, төсөв нь тодорхой бол батлахад илүү хялбар болно гэсэн үг.

Ингээд энэ хүрээд өндөрлөе. Энэ нийтлэлийг уншаад орхилгүй, байгуулагадаа хийж хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Хийж эхлэх явцад цаашлах зам нь тодорхой харагдана.  Энэ бол урагшилж байгаагийн нэг илрэл юм шүү.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
П. Гандолгор

Л.Сарангэрэлийн үйлчлүүлэгчид түүнийг хаашаа ч нүүсэн олоод очдог

Өмнөх нийтлэл

Чатбот: Холыг ойртуулж, олныг холбоно

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох