Найз залуу нь дарс худалдан авах 15 фунт илгээсэн тухай англи эмэгтэйн жиргээ олны анхаарлыг татаж хэдэн зуун мянган лайк цуглуулсан нь хэвлэлийнхний хөнгөн мэдээний сэдэв болоотохов. Дэлхийн олон залуус Килла бүсгүй шиг дуртай дарсаа шимсэн шигээ найз залуутайгаа цахимаар болзож байна. Компаниуд видео хурал хийж, оффисын ажилтнууд гэрийнхээ нэг буланг ажлын хэсэг болгон тохижуулаад эхэлчихлээ. Видео хуралд орж ажил ярихдаа унтлагын хувцастайгаа буйдан дээрээ суух нь зохимжгүй гэх мэтээр цахим орчинд ажиллах дүрэм, журам, дэг соёл шинэ сэдэв болж байна. Товчхондоо коронавирус бүгдийг өөрчилж, шинэ дэлхий бий болж байна.

Бүх л компани төр, засгаасаа тусламж хүсч, засгийн газрууд хямралыг хохирол багатай давах улс төрийн чиг баримжаа, эдийн засгийн онолоос тэс хөндий төлөвлөгөөнүүд хэрэгжүүлж байна. Төрийн оролцоо бага, татвар татуу, Засгийн газар цомхон байх ёстой гэх чиг барьдаг барууны улсуудад хүртэл төрийн оролцоо ихэсч, Засгийн газрууд асар их мөнгөн дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдэж, төв банкууд бодлогын хүүгээ түүхэнд байгаагүйгээр буулгаж эхэллээ. АНУ-ын зарим мужид хөнгөн гэмт хэрэг болон санхүүгийн луйвар үйлдсэн хоригдлуудаа хүртэл суллах шийдвэр гаргалаа гэсэн мэдээ “Экономист” сэтгүүлийн хуудсанд дурайж байна. Шалтгаан нь мөн л коронавирус. Онгоцны буудал болон шоронгуудад халдвар тархах эрсдэл өндөр учраас хүнийхээ эрүүл мэндийг эхэнд тавьсан хэрэг. Энэ мэтчилэн нэгэнт тогтсон үзэл, хандлага, дэг жаяг, хууль ёс өөрчлөгдөж, хүн төрөлхтөн бүгдийг шинэ өнцөг, өөр өнгөөр харж эхлээд хоёр сар өнгөрлөө. Цар тахлын хямралыг улстөр, эдийн засгийн тогтсон үзэл хандлага, арга шийдлээр давах аргагүй болсныг харуулсан түмэн үйл явдал нүдний өмнө хөвөрч байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп саявтар “Төрийн хүчтэй оролцоо чөлөөт зах зээлийг сулруулах биш харин ч чөлөөт зах зээлийг хамгаалж үлдэх зорилготой” хэмээн мэдэгдсэн бол ОУВС “Дэлхийн олон орны Төв банк, Засгийн газрууд урьд өмнө хийж яваагүй бодлогыг хэрэгжүүлж байна” гэж онцоллоо. Таамаглашгүй нөхцөл Засгийн газруудын өмнө ирснийг тэдний энэ мэдэгдлээс харчихаж болно.

КОВИД-19 тахлын эсрэг бодлого боловсруулагчид илүү том, илүү радикал олон арга хэмжээ эхлүүлснийг “Эдийн засгийн дайны арга хэмжээ авахтай адил бодлого хэрэгжүүлэх нь түр зуурынх байх ёстой” гэсэн тайлбар дагаж буй. Гэхдээ Засгийн газруудын хагас мянганы түүхтэй жишээг харахад огт өөр дүр зураг харагдаж байна. Төр эдийн засагт тэс өөр үүрэг гүйцэтгэж мэдэх нь. Бүр тодруулж хэлбэл төрийн энэ үүрэг зөвхөн хямралын үед ч биш хямралын дараа ч олон жил үргэлжлэх байх гэж зарим хүмүүс үзэж байна.

Бодлогын хүүгээ урьд хожид үзэгдэж дуулдаагүйгээр багасгаж яваа дэлхийн төв банкууд хөнгөлөлтийг бууруулах шинэ тоон аргыг (бонд худалдаж авах мөнгө бий болгох) эхлүүлсэн бол нөгөө талд нь улстөрчид эдийн засгийг дэмжих төсвийн хүрээг нээлттэй болгочихлоо. Төв банкууд засгийн газрын зээлийн өртгийг бууруулахын тулд аль болох их мөнгө хэвлэнэ гэж ам уралдуулж байна. Энэ сарын 23-нд гэхэд л Америкийн Төв банк шаардлагатай бол ЗГ-ын бонд, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг хязгааргүй хэмжээгээр худалдаж авна гэж дуугарлаа.

Америкийн Конгресс 2009 онд Обамагийн хэрэгжүүлсэн багцаас хоёр дахин их зардал нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барьж, Их Британи, Франц зэрэг улс ДНБ-ийхээ 15 хувиас дээш хэмжээний зээлийн баталгаа гаргачихсан яваа. Улс орнуудын эдийн засгаа аврахын тулд зарцуулах мөнгийг тоогоор илэрхийлбэл 2007 оны хямралыг хол давчихсан. Вирусийн тархалт нэмэгдвэл зарцуулах мөнгөний хэмжээ ахиад өсөх нь тодорхой. Энэ бүхнийг анзаарвал, дэлхийн эдийн засгийн бодлогыг өөрчлөх хувьсгалын эхний шат өрнөж байх шиг.

Улстөрчид нэгэнт тогтсон дүрмийг сөрсөн тактик хэрэглэж байна. Хямралын үед компаниуд уналтад орж, хүмүүс ажилгүй болдог нь жам үзэгдэл гэж хардаг улстөрчид энэ удаа компаниудаа аварч, ажлын байруудыг хадгалж үлдэхийн төлөө байдгаа шавхаж явна. Засгийн газрууд компаниуддаа асар их хэмжээний мөнгийг буцалтгүй тусламж, бага хүүтэй зээл хэлбэрээр олгож буй жишээ өчнөөнөөрөө дуулдаж байгаа. Засгийн шууд дэмжлэг ингээд зогсоогүй. Онцгой компанийн ажилчдын цалинг ч өгч эхэллээ. Ийм хандлага Европын холбоонд хүчтэй анзаарагдаж буй. Англи гэхэд хэцүүдсэн мужуудынхаа ажлаа алдахдаа тулсан иргэдийн цалингийн 80 хувийг өгөхөөс аргагүйд хүрсэн байх жишээний. Дэлхийн хөгжсөн орнууд айл өрхүүдээ орон сууцны зээл, бусад өр, түрээс, үйлчилгээний төлбөрөөс түр зуурын хөнгөлөлт үзүүлэх хэлбэрээр дэмжээд эхэлснийг бас онцолъё. Хамгийн консерватив арга хэмжээнээс харахад Засгийн газрын зарцуулалтаас үүсэх дэлхийн хямралын хариу арга хэмжээ өнөө жил ДНБ-ий хоёр хувиас давахаар байна. Ингээд бодохоор 2007 оны хямралтай харьцуулшгүй том арга хэмжээг Засгийн газрууд авч байгаа юм.

Эдийн засагчдын олонх нь тахал намжих хүртэл эдийн засгийг сэргээх зорилготой түр зуурын ийм арга хэмжээнүүдийг авахаас аргагүй гэцгээж байгаа. Тэднийхээр бол улс орнуудын төр засгийн зүгээс хийж эхэлсэн энэ шийдлүүд тахал намжсаны дараа зогсож, бидний амьдрал урьдын өнгөөрөө өрнөх учиртай. Гэхдээ дэлхийн аж байдал эдийн засагчдын найдаж суугаа шиг өрнөхгүй л болов уу. Шуудхан хэлэхэд тийм боломж харагдахгүй байна. Өнгөрсөн түүхээ сөхөж хараад ажиглалт харьцуулалт хийх чадамжтай ямар ч хүн ийм дүгнэлтийг ядах юмгүй хийчихнэ.

Тахал бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж, таамаглашгүй байдал үүсгэсэн шигээ тов тодорхой үнэлэмж дүгнэлт өгөх боломжийг ч өгөхгүй байгаа. Тэгэхээр төрийн өндөр оролцоо тахал намжсаны дараа ч үргэлжилнэ гэсэн таамаглалаас хоёр зүйлийг л багцаалдаж хэлж болохоор байна. Нэгт, Засгийн газрууд эдийн засгийг хяналтад авах томоохон алхам хийх нь ойлгомжтой болчихлоо. Хоёрт, Засгийн газрууд эдийн засгийн хяналтынхаа хүрээг тэлж, төрийн эрх мэдэл “түр зуурын” биш цаашид нь ч хүчтэй хэвээр үргэлжлэх магадлал өндөр байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Byambasaikhan B

Подкаст: Таны бизнест тэсвэрлэлтийн чанар бий юу?

Previous article

Хэлэлцээрт өгч буй нь авч байгаагаасаа ухаантай байдаг

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like