13 настай жаахан охин тэр нэг зун хөлөө унаганд гишгүүлснээс болж идээлж, улмаар тайруулахаас өөр аргагүй байдалд оржээ. Гэтэл халамцуу эмч өвчтэй хөлийг нь биш эрүүл хөлийг нь тайрснаас болж А.Оюунцэцэг хоёр хөлөө үүрд алдаж байв. Өдгөө олон улсын протез үйлдвэрлэлийн стандартыг Монголд авчраад зогсохгүй Монголынхоо нэрийг олон улсад гаргаж буй тэрбээр “Би жаахан тэнэг эмэгтэй байхгүй юү. Надаас өөр хэн ч, хэзээ ч ийм протезны үйлдвэр нээхгүй. Ашиг гээд байх юм байхгүй. Буяны шахам ажил шүү дээ” хэмээн ярих аж. 

“Би өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж боддоггүй. Би бол баялаг бүтээгч. Миний араас яваа мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ шар байшинг тойрохгүй, дайраад л гарна” хэмээн зоримог өгүүлэх Анандын Оюунцэцэг бол хөгжлийн бэрхшээлтэй олон зуун хүнд амьдрах итгэл хайрлаж, шантарч, хөл алдахгүй байх галыг өрдөж буй нэгэн. Түүний яриандаа дурдсан шар байшин гэдэг нь Шастины нэрэмжит III эмнэлгийн хойхно талд байрлах “Эрхэм чанар” протезын үйлдвэрийн таван давхар барилга юм. Энэхүү үйлдвэрээ тэрбээр жинхэнээсээ хүсэж мөрөөдөж 2007 онд 100 сая төгрөгийн зээл аван байгуулсан бол 2013 онд үйлдвэрээ өргөжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг дороос цогц үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн нь түүний нэрлэсэн шар байшин билээ. Уг шар байшингаа тэр банкнаас 1.5 тэрбум төгрөгийн зээл авч байгуулсан нь ихээхэн эрсдэлтэй, тооцоо муутай алхам болсон гэдгийг тэр хүлээн зөвшөөрдөг.

“Эрхэм чанар” протезын үйлдвэр 

Одоог хүртэл барагдуулж амжаагүй зээл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн албан бичиг А.Оюунцэцэгт амсхийх чөлөө олгодоггүй ч өдийгөөс төдий хүртэл 2600-аад хүнд протез буюу хиймэл гар, хөл хийж өгч, үйлчилснээрээ тэр бахархдаг. Харин ортопед хийж өгсөн хүнийхээ тоог хэдийнэ алджээ. “Би жаахан тэнэг эмэгтэй байхгүй юү. Надаас өөр хэн ч, хэзээ ч ийм протезны үйлдвэр нээхгүй. Ашиг гээд байх юм байхгүй. Буяны шахам ажил шүү дээ. Хэрэв төр засгаас бодлогоор дэмжээд өгвөл дорхноо л босоод ирэх бизнес” хэмээн тэр учирлаж байна.  

13 настай жаахан охин байхдаа тэр хөлөө унаганд гишгүүлснээс болж идээлж, өвчлөн тайруулахаас өөр аргагүй байдалд оржээ. Гэтэл халамцуу эмч өвчтэй хөлийг нь биш эрүүл хөлийг нь тайрснаас болж өсвөр насны бяцхан охин хоёр хөлөө үүрд алдсан эмгэнэлт явдал тэртээ 1970-аад онд болоод өнгөрсөн. Харин энэ тухайгаа А.Оюунцэцэг “Хүүхэд байсан болохоор ичиж зовно гэж мэдэхгүй шүү дээ. Ирээдүйнхээ талаар ч бодож төсөөлсөн юм байгаагүй. Хэрэв одоо ийм зүйл тохиолдсон бол ичиж зовохоосоо урьтаад сэтгэл санааны хүнд дарамтад орох байсан байх. Тиймээс ч би өөртэйгөө ижил зовлонтой хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ, мөн протез гардан хийж буй мэргэжилтнүүддээ заавар зөвлөгөө өгч, тогтмол сургалт зохион байгуулдаг” гэлээ.

Эмгэнэлт явдлаас хоёр жилийн дараа тэр анхны протезоо хийлгэж авсан нь тухайн үед Монголд нэвтрээд байсан цор ганц технологи болох орос арга барилаар бүтээсэн протез байв. А.Оюунцэцэг ч шинэ протездоо амархан дасаж, хэнээс ч санаа зоволгүй хотын гудмаар бусадтай хөл нийлүүлэн алхах болсон гэдэг. Харин одоо тэр АНУ-ын салбартаа тэргүүлэгч “Hanger” компанийн үйлдвэрлэсэн тус бүр нь 20 сая төгрөгийн үнэ бүхий протезтой. Үүнийгээ силиконон оймс өмсөж далдлалгүй, тэр хэвээр явах нь хүмүүст энэ талаар ойлголт өгөх, нөгөө талаар сэрэмжлүүлэх зорилготой гэж тайлбарлалаа.

Холгож, шархлах, эвгүйхэн унавал хөл, гараа хугалах энүүхэнд байдаг хуучны протезыг шинэчлэх алхмыг тэр анхлан эхлүүлж, Бээжинд төвтэй “Jingbo” компанитай холбогдон мэргэжилтнүүд бэлтгэх, бүтээгдэхүүн, протез хийх материалыг оруулж ирэх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах болсны хамгийн том илрэл нь 100 сая төгрөгийн зээл авч, “Эрхэм чанар” протезын үйлдвэрээ байгуулсан нь билээ. Ингэж олон улсын стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн протезийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд дотоодоосоо авах боломж бүрджээ. “Өмнө нь боломжтой хүмүүс л хилийн чанадыг зорьж, протез хийлгэдэг байсан бол одоо тэгэх шаардлагагүй болсон. Тэнд 20-30 сая төгрөгийн өртөгтэй протезийг бид үйлдвэртээ яг адил чанартайгаар хэдэн арав дахин хямд үнээр хийдэг. Манайд хаа холын Америкаас протез оруулж ирж байгаа учраас ОХУ-аас хүртэл захиалга өгч байна. 15 жил ажилласныхаа үр шимийг үзэж эхэллээ дээ, эгч нь” хэмээн тэр ярив. Маш их ажил өрнөж, удаа дараа санал тавин, хөөцөлдсөний эцэст тэр Америкийн “Hanger” компанитай гэрээ байгуулж, тус компанийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан үйлдвэрлэдэг төрөл бүрийн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэх боломжтой болжээ. “Хуучин протез өдөржин холгоно, шархална, энд тэнд явж байхад эрэг боолт нь уначихна. “Замын хажууд хөлний боолт уначихлаа”  гэж сандарсан дуудлага манай дээр их ирнэ. Тэгээд л бид эмнэлгийн тэргээрээ очиж авчран протезийг нь засаж янзалж өгдөг байсан. Одоо тэр бүхэн ард хоцорч, гүйсэн ч огт холгохгүй, протезтой гэдгээ ч мартах хэмжээнд хүрчихээд байна” гэж хэлэхдээ А.Оюунцэцэг баяртайгаар инээмсэглэж байлаа.  

“Эрхэм чанар” протезын үйлдвэрт

Энэ бүхнийг ингээд ярихад амархан боловч тэр багагүй бэрхшээлийг даван туулж, тууштай зүтгэсний хүчинд л “Дэл Оюу Дөл” компанийнхаа гадаад харилцааг өргөжүүлж, бизнесээ өргөжүүлж чадсан юм. Өдгөө түүний хүү Д.Бат-Ерөөлт компанийнхаа Ерөнхий захирлаар ажиллаж, А.Оюунцэцэг өөрөө протез, ортопед хариуцсан захирлын албыг хашиж буй.

Хөлөө тайруулсныхаа дараахан бие, сэтгэлийн шаналлыг зэрэг амсан байхдаа залуухан охин А.Оюунцэцэг Хуучин гэмтлийн эмнэлгийн Сэргээн засах клиникт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөлбөрт хамрагдаж, оёдол, сүлжмэл, бичээчийн курсийг дүүргэж, тэндээ гурван жил орчим амьдарсан гэдэг. Эндээс л түүний тэмцэл эхэлжээ. Амьдрахын тулд зүгээр суулгүй малын тэжээл, овъёос, хивэг зарах, юм оёх, нэхэх,  комиссын бараа зарах,  Багшийн дээдийн орчимд цагаан утас ажиллуулах гээд түүнд хийгээгүй үлдсэн ажил энэ хугацаанд бараг үлдсэнгүй. Хөгжлийн бэрхшээлгүй хүнээс хэд дахин илүү сорилттой өдөр бүр тулж, хэд дахин илүү хичээж ажиллахаас өөр сонголт түүнд байгаагүй юм. Тийм ч учраас халуунд халж, хүйтэнд хөрж байсан ч шүд зуун зүтгэж иржээ. Ингэж явахдаа л тэр хөл, гаргүй болсноос хөдөлмөрийн чадвараа алдаж, хүссэн газар руугаа чөлөөтэй явчихаж чадахгүй олон хүн байдгийг олж харсан байна. Хэдийгээр тухайн үед протезны хэд хэдэн үйлдвэр байсан ч олон улсын жишигт нийцээгүй, хуучны, зарим тохиолдолд ашиглалтаас хэдийнэ гарсан протезоор үйлчилж байв. Эдгээр үйлдвэрт хандаж үзсэн ч ажил хэрэгч бус санал сонссон тул ерөөсөө л өөрөө ийм үйлдвэр баръя, босгоё гэж гэнэтхэн шийдээд Монголын бараг бүх банкиар явж зээл хөөцөлджээ.

Энэ талаар тэрбээр “Та хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хоёрдугаарт, танд зээл олгох боломжгүй гэж шударга хэлдэг аавын хүү нэг ч байгаагүй. Үзье, судалъя гээд л сунжруулж, цаг их авна. Ингээд Монголоос хөрөнгө оруулалт авч, үйлдвэр байгуулах нь бүтэхгүй санаа юм байна гэж үзээд урд хөршийг зорьсон доо” гэв. Мөн тэр хальтирч унаж, бэртсэн тул протезоо солиулахаас өөр аргагүй болсон үетэй энэ бүхэн таарч. Ингээд Эрээнийг зориход тэнд түүний хайсан шиг үйлдвэр байсангүй. Тиймээс цаашилж, Хөх хотод очиход өндөр үнээр протез үйлдвэрлэдэг хувийн үйлдвэр л байсан тул интернэтээр судалж байгаад Jingbo компанийг олж, Өвөрмонгол хүнээр дамжуулан холбогджээ. Тус компанийнхан А.Оюунцэцэгийг хиймэл хөл захиалан хийлгүүлэх нь гэж анх ойлгосон байсан ч, тэрбээр нэг хөлний протезийг 13 саяар хийнэ гэдгийг сонсоод бодлоосоо ухрахаар бараг шийдээд байх үед нэгэн мэргэн санаа харван орж ирсэн нь Jingbo-тай хамтран үйлдвэр байгуулах байв. Учир нь тэр халаасандаа ердөө л гурван сая төгрөгтэй байж. “Үнэндээ монгол хүний нэрэлхүү зан хөдөлж, зүгээр л үйлдвэр байгуулахаар судалж яваа хүн байна аа гэж өөрийгөө танилцуулсан” хэмээн тэр энэ тухай дурслаа. Яг энэ үед түүнд үйлдвэр байгуулах мөрөөдлөөсөө хэдхэн алхмын наана зогсож байгаа мэт санагдсан нь лавтай. Ингээд Jingbo үйлдвэрийнхэн түүнд хандиваар протез хийж өгөхөөр шийдвэрлэж, долоо хоногийн дараа гэхэд л А.Оюунцэцэг шинэхэн протезтойгоо Бээжингээс буцаж иржээ. Түүний шинэ протез маш тухтай, эвтэйхэн байсан учраас ийм л протезийг Монголынхоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх ёстой гэж тэр дотроо хатуу шийдэв.

Чиний уйгагүй, тууштай байдлыг хараад би асар их хүндэлсэн. 50 гаруй жил ажиллахдаа чам шиг ийм зоригтой, ажлын төлөө явсан эмэгтэйг би лав үзээгүй гэж Хятадын Засгийн газрын гишүүн асан тэр хүн хэлж байв

Тэр Бээжин дэх Jingbo үйлдвэрт очихдоо нэгэн чухал хүнтэй уулзаж таарсан нь олон зуун сая хүн хөлхөлдөх Хятад улсад ховорхон тохиол гэлтэй. “Тэр олон сая хүн дундаас би тэнгэрийн од шүүрч, хамгийн чухал хүнээ олж очиж уулзсан” хэмээн А.Оюунцэцэг арван хэдэн жилийн өмнөх уулзалтаа бэлгэшээн өгүүлэв. Гэхдээ Ван Шин гэгч тэрхүү үйлдвэрийн даргатай тэр тийм ч амархан гэрээ үзэглэчихээгүй билээ. Хамтран ажиллах хүртлээ Бээжин дэх Jingbo үйлдвэрт дор хаяж зургаан удаа ирж, хаалга мөргөн байж сүүлийнх дээрээ Ван Шинтэй таарч уулзжээ. Хятад дарга түүнд Монголд 100 хувийн хөрөнгө оруулалтаар протезны үйлдвэр байгуулах, эсвэл энэ бүхнийг зээлээр шийдэж хамтрах боломжтой гэсэн байна. А.Оюунцэцэг хоёр дахь болзлыг сонгожээ. Түүнийг Монголдоо ирээд байтал долоо хоногийн дараа нэгэн Өвөрмонгол хүн гэнэт утас цохиж, мөн л гэнэтийн байдлаар очихоор болсноо залгаж мэдэгдэв. Үүнээс хэд хоногийн дараа Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр арваад хүн зогсож байсны дотор Ван Шин мэдээж байлаа. Тэр хэлсэндээ хүрсэн нь энэ байв.

Тэдгээр хятад төлөөлөгчдийг Монголд байхад нь аль чадлаараа л тухтай байлгаж, зочлохыг хичээжээ. А.Оюунцэцэг долоон буудалд урьдчилан бэлтгэсэн үйлдвэрийн байр хэмээх дотроо ширхэг сандал ч үгүй, цэмцийсэн гараажаа тэдэнд үзүүлэхэд төлөөлөгчдийн зүгээс албаны хүмүүстэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Ингээд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан гуайтай уулзуулахаар хөөцөлдсөн ч гадаадад  томилолтоор   явсан байсан тул оронд нь тус газрын дэд дарга хятад төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Тэгэхэд л Хятадын Засгийн газрын гишүүн (тухайн үеийн) хүнийг хэд хоног гадуур дагуулж явснаа А.Оюунцэцэг мэдээд үнэхээр балмагдан, санаа зовниж, уучлалт хүсчээ. Хариуд нь Ван Шин “Тийм биш ээ. Чи үнэхээр мундаг эмэгтэй. Чиний уйгагүй, тууштай байдлыг хараад би асар их хүндэлсэн. 50 гаруй жил ажиллахдаа чам шиг ийм зоригтой, ажлын төлөө явсан эмэгтэйг би лав үзээгүй. Хоёулаа энэ цагаас хойш найзууд” хэмээн хариулсан гэдэг. Тэд одоо ч байнгын холбоо харилцаатай байж, хамтрагчид хэвээр үлджээ.

Харин өнөөдөр тэр АНУ-ын Вашингтон хотод тун удахгүй зохион байгуулагдах Тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын хуралд Монгол Улсаа төлөөлөн илтгэл тавих хүндтэй үүргийг хүлээсний хувьд нэгдсэн улсыг зорихоор бэлтгэлээ базааж буй. Энэ бол зүгээр нэг илтгэл тавиад өнгөрөх хэрэг бус гадаад харилцаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, Монголынхоо нэрийг гаргах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болох гээд олон талын ач холбогдолтой аялал байх нь дамжиггүй.

Энд уйлаад ирсэн хүмүүс явахдаа инээгээд л гарцгаадаг. Энэ л миний хувьд аз жаргал, утга учир минь юм

“Энд уйлаад ирсэн хүмүүс явахдаа инээгээд л гарцгаадаг. Энэ л миний хувьд аз жаргал, утга учир юм даа” хэмээн өгүүлэх А.Оюунцэцэгийг бэрхшээл дахиад л тойрсонгүй дайрчээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард гэнэтхэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албаныхан ирж, үйлдвэрийн барилгыг нь хураах дээрээ тулж байв. Тэгмэгц тэрбээр У.Хүрэлсүхийн гар утас руу шууд мессеж бичжээ. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд учраас, хоёрдугаарт, Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга тул ийм шийдвэр гаргасан аж. Энэ дагуу нэг их удалгүй Ерөнхий сайдын Эрүүл мэндийн зөвлөх Н.Хүрэлбаатар, Халамж үйлчилгээ хариуцсан референт Н.Гүнчинхүү, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа тэргүүтэй таван хүн “Эрхэм чанар” протезын үйлдвэртэй ирж танилцаад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ийм их ажлыг нугалж, үнэхээр уулын орой дээр гарчээ. Тиймээс хүнд хэцүү цагт нь тусалж дэмжих нь бидний үүрэг. Гэхдээ менежментийн хувьд жаахан дутагдалтай байна” гэсэн хариултыг өгчээ. Мөн Ерөнхий сайд өөрөө ирнэ гэж амлалт өгсөн учир найдлага тээн хүлээсээр байгаагаа А.Оюунцэцэг учирлаж байв. Хотын дарга С.Амарсайхан ч мөн энэ жил “Эрхэм чанар” протезын үйлдвэртэй танилцаж, тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлсэн ч өнөөдөр бүх зүйл бахь байдгаараа байгааг А.Оюунцэцэг онцолсон юм.   

“Эрхэм чанар” протезын үйлдвэрт бүтээгдэхүүн бий болж буй үйл явц

“Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан учир дэлгүүрийн бараа шиг гүйдэггүй. Гурван жилд нэг удаа халамжаас протезны мөнгө гэж 400-хэн мянган төгрөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар дээр ирдэг. Гэтэл дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор бүтдэг нэг протез 20-30 сая төгрөг болдог. Гэлээ гэхдээ бид олон улсын жишигт нийцсэн протезийг үндсэн үнээс нь хэдэн арав дахин бага үнээр иргэдэд хийж өгч үйлчилдэг. “Эрхэм чанар” үйлдвэр маань санхүүгийн хувьд уналттай байгаагийн учир энэ. Манай үйлдвэр гурав хоногт хоёр протез гаргах хүчин чадалтай. Ер нь протезийг “урсгаж” гаргадаггүй. Будгаа хатаахаас эхлээд нарийн ажиллагаа ихтэй. Стандартын дагуу, шахуу ажиллагаагүйгээр хийхэд долоо хоногт гурван протез үйлдвэрлэдэг. Гэхдээ мэдээж хэрэг хүн бүрийн онцлогоос шалтгаалж хугацаа нь янз бүр байх тохиолдол бий” хэмээн ярих тэрбээр 22 настайдаа нөхөртэйгөө анх танилцаж байжээ. “Хадмууд маань элит айл байсан учраас намайг алгаа тосоод л авсан. Будаатай хуурга хийж чадахгүй л айлын эзэгтэй болж байлаа шүү дээ би чинь (инээв).

Тэгээд л чадах чинээгээрээ хичээж, хөдөлмөрлөж амьдарсан даа. Нөхөр маань нэг удаа надад хэлж байна. “Монголын төр үнэхээр үнэн юм бол чиний ажил хөдөлмөрийг хэзээ нэгэн цагт үнэлж, гавьяатын тэмдгээр мялайнаа”. Үнэхээр ч 2017 оны баяр наадмын өмнөхөн оройн 11 цагт 26-тай дугаараас залгаж, “Танд Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан болсонд баяр хүргэе” гэж гэнэтхэн дуулгажээ. Тэр үед гэр бүлээрээ гайхаж, баярлан хүлээн авч, дээл хувцсаа ч бэлдээгүй байсан тул хэсэгтээ л бужигнасан гэдэг. Ингээд маргааш өглөөний 11 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гавьяатын шагналаа гардаж, энгэрээ цоолуулжээ. Харамсалтай нь, түүнийг гавьяат авах ёстой хүн, авах ч болно гэж хэлж, бэлгэшээж байсан хань нь хэдэн жилийн өмнө хорвоог зуурдаар орхисон тул энэ бүхнийг үзэж чадаагүй. Гэлээ ч А.Оюунцэцэг гудайлгүй Монголын мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, тэдний сэтгэлд итгэлийн гал асаасаар явна.

Уг нийтлэл нь “Бизнес.мн” сэтгүүлийн 2019 оны 11-р сарын дугаарт орж байв. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Коронавирусийн хөл хорионы улмаас baby boom болох уу?

Previous article

Үндэсний хувцсыг “трэнд” болгож буй монгол брэндүүд

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.