Би ажлаа хэрхэн сайжруулдаг вэТоп нийтлэл

Монголд зөвлөх үйлчилгээний зах зээл 4 сая ам.доллараар тэлсэн

0
"Яруу Суварга" компанийн үүсгэн байгуулагч, захирал З.Батгэрэлт

Худалдан авсан болон үйлдвэрт хүлээлгэн өгсөн барааны багахан зөрүүгээс жилд 240 сая төгрөгийн алдагдал хүлээж байсан харилцагчийнхаа гаргасан алдаа бүрт анализ хийн ямар процесс дээр алдаад байгааг олж илрүүлэн улмаар бараа бүтээгдэхүүн хадгалдаг агуулахаа засаж сайжруулахыг олон улсын аудитор З.Батгэрэлт тэдэнд зөвлөв. Тус компани зөвлөгөөг хүлээн авч, засварын ажилдаа 15-20 сая төгрөг зарцуулсан нь жил дамнан үргэлжлэх байсан асар их алдагдлын хажууд зардал багатай шийдэл байв. Үр дүнд нь үргүй зардал багасч, алба хоорондын дунд байнга үүсдэг маргаан, ажилтан хоорондын зөрчил буурч, хөдөлмөрийн бүтээмж дээшилжээ. Энэ бол зөвлөх үйлчилгээний “Яруу Суварга” компанийн бодит үр ашиг гаргасан олон төслүүдийн нэг. Тус компанийн үүсгэн байгуулагч, захирал, Монголын анхны олон улсын аудитор З.Батгэрэлттэй ярилцлаа. 

Өмнө нь тантай уулзаж байхад “Манай компани ямар ч платформ, мэдээллийн сувагт өөрийн үйл ажиллагаагаа сурталчилсан зар тавиагүй” гэж хэлж байсан. Нээрээ ч танай компани, таны талаар бүрэн дүүрэн мэдээлэл интернэтээс хайгаад олоогүй. Тэгэхээр эхлээд та өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юү?

Би Баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар сургуулийг төгссөн. Дараа нь УБИС-ийн Монгол, Оросын хамтарсан авто коллежийг 1994 онд дүүргэж, 1998-2000 онд Бизнесийн олон улсын их сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцаж бакалаврын зэрэг хамгаалсан. Үргэлжлүүлэн Өмнөд Солонгосын Dankook-ийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр судалгаа хийж, магистрын дипломоо гардсан. Тэнд суралцах хугацаандаа Самсунг S1 компанид анх ажиллаж, 10 ажилтантай баг удирдаж байлаа. Монголдоо ирээд жилийн дараа буюу 2004 онд “Яруу суварга” компаниа  байгуулсан. Харин 2008 онд Стандарт, хэмжил зүйн газраас стандартын зөвлөх үйлчилгээний “001” гэрчилгээг авч, олон улсын стандартыг Монголд нутагшуулах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Ингээд 2010 онд Өмнөд Солонгосын Korea Accreditation Body-ийн сургалтад хамрагдаж, аудиторын гэрчилгээ авч, тухайн жилдээ тус улсын 20 орчим компанид энэ чиглэлээр дадлагажсан. Өөрөөр хэлбэл, онолын хувьд олон улсын аудитор болсон ч тодорхой цагийг дадлагад зарцуулж, бодит туршлага хуримтлуулж байж туслах аудитороос үндсэн аудитор болдог. Үндсэн аудитор болсноор олон улсын аудитын байгууллагад харъяалагдаж, баталгаажуулалтын аудит бие даан хийх эрх үүснэ. Хэрэв аудитын үр дүнд тухайн байгууллага шалгуурт тэнцвэл олон улсын гэрчилгээ авдаг гэсэн үг. Шалгуур нь ийм юм.  

Мөн ондоо би Английн IRCA буюу Олон улсын бүртгэлтэй аудиторуудын байгууллагын гишүүн болсон. Үүний дараахан Англи улсын UKAS итгэмжлэлийн байгууллагын QAIC баталгаажуулалтын байгууллагад ажиллаж эхэлсэн. Товчхондоо, тэнд намайг хүлээн зөвшөөрч эхэлсэн гэсэн үг. 

Эдийн засагч мэргэжилтэй хүний хувьд аудитын салбар сонирхлыг тань яагаад татав?

Өмнөд Солонгост хамт төгссөн Ли Сын мин гэж найз маань 19 дүгээр хороололд байрлах PVC-ний үйлдвэрт олон улсын стандарт нэвтрүүлэх ажлын хүрээнд зөвлөгөө өгөх үеэр уг ажилд нь би хамтран оролцсон. 2005 онд л доо. Тэндээс нэгдүгээрт, стандарт гэж ийм гоё зүйл юм байна. Хоёрдугаарт, стандарт гэдэг заавал нэвтрүүлэх ёстой зүйл юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Стандарттай байж л ажил урагшилна гэдгийг тэндээс олж харсан хэрэг. Үүнийг олж мэдэх явцдаа би тухайн аудитын байгууллагын аудиторуудтай хамтран ажиллахад ажил хэрэг боломжийн урагшилж байсан. Тиймээс ер нь өөрөө аудитор болъё гэж шийдсэн. Аудитор болохоосоо өмнө буюу 2008-2010 оны хооронд зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан нь одоогийн стандарт нутагшуулах ажлын маань суурь болсон гэж боддог.  

Та Монголын анхны олон улсын аудитор. Мөн хамгийн олон буюу найман төрлийн код эзэмшдэг. Уншигчдад маань энэ талаар ойлголт өгөх үүднээс дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү?

2010 онд би АНУ-ын ANAB итгэмжлэлийн байгууллагын сургалтад сууж, олон улсын стандартын аудит хийх эрх авсан. Мэдээж хэрэг KAB-д дадлагажсан. Анхны олон улсын аудитор гээд байгаагийн гол шалтгаан нь баталгаажуулалтын болон Олон улсын итгэмжлэлийн байгууллагаас тавьдаг хатуу шаардлагыг хангаж байж энэ эрхийг авдаг учраас тэр юм. Түүнээс биш сургалтад сууж гэрчилгээ авснаар аудитор болчихно гэсэн үг биш. Аудитор хүн тухайн байгууллагыг шалгаж дуусаад тайлан бичиж баталгаажуулалтын байгууллагад өгдөг. Баталгаажуулалтын байгууллагын зөвлөлийн хурлаар уг тайлан шалгагдаж шаардлага хангаж чадсан гэж үзвэл олон улсын гэрчилгээ гаргах хүсэлтийг Итгэмжлэлийн байгууллагад явуулна. Итгэмжлэлийн байгууллага шалгаж дуусаад олон улсын гэрчилгээ болгож шалгагдсан байгууллагад хүргүүлнэ. Тухайн байгууллагыг шалгасан тайлан баталгаажуулалтын болон Итгэмжлэлийн байгууллагад бүртгэгдсэнээр миний аудитор хийх дараа жилийн эрхийг сунгаж өгч баталгаажуулна. Ийм зарчмаар олон улсын аудиторууд ажилладаг.

Бразил болон Боливи улсын Оршуулгын холбооноос аудит хийлгэх санал надад ирүүлсэн.

Олон улсын баталгаажуулалтын аудитын нийт 39 төрлийн бизнесийн код байдгаас миний бие найман код авч, бизнесийн чиглэлээр аудитын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Миний ажигласнаар нэг аудитор хүн хамгийн удаан ажилласан байлаа ч найман төрлийн бизнесийн кодыг л шалгах эрхтэй. Нөөц бололцоо нь ч тийм.

Би Монголд ирээд нэг код шинээр нэмсэн нь оршуулгын үйлчилгээнд аудит хийж, энэ салбарыг аудитын кодтой болгосон маань. Нэг үгээр хэлбэл, оршуулгын үйлчилгээнд олон улсын стандарт нэвтрүүлсэн. Саяхан нэг сонин тохиолдол болсон нь Бразил болон Боливи улсын Оршуулгын холбооноос аудит хийлгэх санал надад ирүүлсэн. Тэнд энэ чиглэлээр аудит хийх аудитор байдаггүй юм байна. Ер нь дэлхийн хэмжээнд оршуулгын чиглэлээр мэргэшсэн аудитор цөөн байдаг. “Улаанбаатар буян” компанид аудит хийж байх үед Монголд олон улсын буяны байгууллагуудын хурал болж би урилгаар оролцсон. Уг хуралд 10-аад орноос төлөөлөгчид ирж туршлага судлах зорилгоор “Улаанбаатар буян” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм билээ. Тус компани үйлчилгээгээ сайжруулах шаардлагатай байсан учраас 2011 оноос бидэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Тэдний хувьд үйл ажиллагаа нь бусад байгууллагаас нэлээд онцлогтой. Үйлчлүүлэгч уйлж ороод тайтгарч гардаг газар. Хэрэв тухайн байгууллагын бүх төрлийн үйлчилгээ сайн байж чадвал хүмүүс тайтгарч, илүү сэтгэл ханамжтай гарна. Яг ийм зорилгоор “Улаанбаатар буян” компани Чанарын менежментийн тогтолцоо, Байгаль орчны менежментийн тогтолцоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандартыг тус тус нэвтрүүлсэн. Тухайн байгууллага манай компаниар аудит хийлгэж, батламж авснаар 162 улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц үйлчилгээний чанартай гэдгээ баталж байгаа юм.

Олон улсын аудитор болоход мэдээж маш өндөр шалгууртай байх?

Би Францын AFNOR аудитын байгууллага, Өмнөд Солонгосын Korea Accreditation Body, Англи улсын United Kingdom Accreditation Service (UKAS) гэсэн гурван газарт харъяалагддаг. Олон улсын аудитор болоход дараах шалгуур бий. Аудитор хүн тухайн шалгаж буй улсынхаа хэлээр аудитын тайлан бичдэг байх ёстой. Тухайн улсаасаа олон улсын итгэмжлэлийн байгууллага руу тайлангаа илгээж, тэр нь буцаж гэрчилгээ болж ирдэг гэдэг утгаараа олон улсын аудиторын ажил маш хариуцлагатай. Францын AFNOR байгууллагаас гэхэд л аудит хийх зургаан кодын эрх авсан. Одоо тус байгууллагаас хоёр өөр төрлийн код нэмж авч үйл ажиллагаандаа оруулаарай гэсэн санал надад ирчихээд байна. 

Олон улсын аудитор болно гэдэг ISO19011 стандартын дагуу авч үзвэл тухайн хүн аудит хийхийн тулд тодорхой мэргэжлүүдээр мэргэшсэн байх ёстой. Миний хувьд эдийн засгийн чиглэлээр, мөн оюутан байхдаа уул уурхай, геологийн компаниудад ажиллаж байсан. Ингэж ажиллаж байсан чиглэлээс хамаарч 39 кодоос дараагийн эзэмших код тодорхой болдог. Ерөөс бүх аудитын компанийн үйл ажиллагаа энэ 39 кодод л эргэлддэг. 39 код гэдэг төчнөөн бизнесийн төрөл гэсэн үг. Эдгээрийн дунд загасны аж ахуй, далайн бүтээгдэхүүний зэрэг манайд огт байдаггүй код ч байна.  

Бид аудитын талаар зөв ойлголттой болох ёстой. Гаднаас аудитор авахгүйгээр дотроосоо аудитаа хийнэ гэдэг өнөөдрийн Монголын нөхцөлд хэцүү. Яагаад гэвэл нэг аудитор наймаас илүү кодтой байж чадахгүй учраас илүү олон аудитор бэлтгэгдэж байж 39 төрлийн код авна. Одоогийн нөхцөлд Монголын аудиторууд 39 кодыг бүгдийг нь авч чадаагүй байгаа учраас бидэнд байхгүй кодод хамаарах аудитын үйлчилгээг гаднаас авахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, гаднаас аудитор авчирна гэсэн үг. Тэгж байж л монгол компаниуд итгэмжлэлийн байгууллагаас гэрчилгээ авна. 

Олон улсын аудитор хүн нэг удаа шалгалт өгөөд орхих биш, жил бүр эрхээ баталгаажуулж явдаг юм билээ. Энэ талаар тайлбарлахгүй юү?

Баталгаажуулалтын байгууллагаас аудиторуудтай нууцын зэрэглэлийн гэрээ хийдэг. Аудит хийх явцдаа тухайн байгууллагаас олсон мэдээллээ гуравдагч этгээдэд задруулахгүй байх тухай. Үндсэн аудиторын үүргийг гүйцэтгэж, улмаар тайлангаа бичиж олон улсын баталгаажуулалтын байгууллага руу илгээхэд тэрхүү тайлан итгэмжлэлийн байгууллагад шилжиж гэрчилгээ болон буцаж ирснээр аудитын эрх сэргэдэг. Энэ бүхэн жил бүр давтагдана гэсэн үг. Аудитор хүн жилд нэг удаа эрхээ сэргээж байх ёстой. Эрхээ сэргээх үндсэн шалгуур нь заавал аудитын ажилд оролцсон байх. 

Монгол компаниудад хамгийн их тохиолддог асуудал бол эрх мэдэл, үүрэг хариуцлагын хуваарилалт

Аудит хийхэд ямар дарааллаар ажилладаг вэ. Тухайлбал, Чанарын удирдлагын менежментийн тогтолцооны хяналтын тухайд ямар ажиллагаа шаарддаг вэ?

Харилцагч компаниудын маань дунд Дорноговь аймгийн Сайншанд хотод байрладаг таван ажилтантай “Хонин бууз” гэж компани байхад, 2000 ажилтантай томоохон групп компаниуд ч бий. Миний хэлэх гээд байгаа санаа бол Чанарын менежментийн тогтолцоо бүх компанид байх ёстой. Ажлууд нь бүгд төлөвлөгөөтэй, түүнийхээ дагуу явагдах нь чухал. Хэдэн ажилтантай, бизнес нь хэрхэн ажиллаж байж үндсэн орлого, зарлага тэнцэх үү, яаж ашигтай ажиллах вэ гэсэн тооцоолол байх хэрэгтэй. Үүний үндсэн хэмжүүрүүд нь стандарт. Ямар ч үйл ажиллагаа явуулдаг бай тухайн компанид хэмжүүр тогтоож болно.

Ер нь Монголд олон улсын аудитын үйлчилгээ авсан байгууллагуудын тоо хангалтгүй. Гадаад, дотоодын аудитын байгууллагад хандсан нь 500-600 орчим л бий. Гэтэл манайд хэдэн арван мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Миний суралцаж төгссөн Өмнөд Солонгос улсад гэхэд л шинээр байгуулагдсан ямар ч компани Чанарын менежментийн тогтолцоо, Байгаль орчны менежментийн тогтолцоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог нэвтрүүлж баталгаажуулах ёстой байдаг. 

Аудитын үйлчилгээний талаарх хүмүүсийн ойлголт ерөнхийдөө хангалтгүй байна. Та ямар ач холбогдолтойг тайлбарлаж өгөхгүй юү?

Аудитыг хүмүүс ихэвчлэн нэг удаагийн баталгаажуулалт гэж ойлгоод байдаг. Гэрчилгээ аваад л болчих юм шиг санадаг. Аудитын үйлчилгээ өндөр үнэтэй учраас том компаниуд л авдаг гэж бодох нь түгээмэл. Гэтэл энэ бол маш буруу ойлголт. Олон улсын стандартын гэрчилгээ авна гэдэг нь бусад улс орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудтай ижил түвшинд ажиллаж байгаа гэдгээ нотолж буй нэг хэлбэр. Хөндлөнгийн аудит хийлгэж байгаа учраас тендерт бүрдүүлэх материалын нэг шалгуур сайжирч байна гэсэн үг. Нөгөө талаар Монголд IPO хийж буй компани нэмэгдэх хандлагатай байгаа учир энэ талаар их яригдаж байна. IPO хийхийн тулд тогтолцооны хувьд тогтвортой, удаан хугацаанд ажиллаж чадаж байна уу гэдэг чухал. Тогтолцоо ажиллаж чадсан уу гэдэг мөн л баталгаажуулалтын нэг хэлбэр. Тийм ч учраас менежментийн тогтолцооны гэрчилгээг монголд ISO гэж нэрлээд байгаа юм.  

Компани үйл ажиллагаагаа сайжруулахын тулд нэгдүгээрт, дотоод хяналтын системтэй байх ёстой. Олон улсад дотоод хяналтын системийг ISO байгууллагаас гаргасан стандартаас шаарддаг. Нөгөө талаар шинэ стандартууд бүгд эрсдэлийг тооцдог болсон. Өмнө нь эрсдэлийн ISO31000 гэсэн тусдаа том стандарт байсан бол одоо  2015 оноос хойших бүхий л стандартын хүрээнд эрсдэлийг авч үзэж байна. Тухайлбал, Чанарын менежментийн тогтолцоо, Байгаль орчин, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоонд, ийм үйл ажиллагааны чиглэлээр учирч болох эрсдэлүүдийг тооцох болсон. Үйлдвэрийн түүхий эд тасарвал хэрхэх, тус үйлдвэр ажилтнуудаа ажлын байраар хангаж, удаан хугацаанд хадгалж чадах уу гэх зэрэг  эрсдэлтэй холбоотой асуудлыг стандартынхаа хүрээнд давхар тооцож байна. 

Аудитор хүн ямар чадваруудыг эзэмшсэн байх ёстой вэ. Мөн ямар сорилтуудтай нүүр тулдаг вэ? 

Нэгдүгээрт, мэдээлэл сайтай байх. Аудит хийж буй тухайн байгууллагынхаа ажилладаг үндсэн арга барилаас суралцах, ер нь цаг үргэлж суралцах шаардлагатай. Байгууллага хэрхэн ажиллаж буй процессыг бид шалгаж үзээд уг процесс дунд хамгийн их асуудал үүсэх магадлалтай цэгүүдийг хайж олж, өөрсдийн мэдээлэлдээ үндэслэн стандартын шаардлагын дагуу үйл ажиллагааг нь дахин шалгана. Жишээлбэл, монгол компаниудад хамгийн их тохиолддог асуудал бол эрх мэдэл, үүрэг хариуцлагын хуваарилалт. Энэ хэсэгт үргэлж ойлгомжгүй байдал  үүсдэг. Нэгэн компанийг гэр бүлийн хоёр удирддаг байлаа гэхэд нөхөр нь 10 ус хийгээрэй гэж өнөөдөр хэлсэн байхад, эхнэр нь долоог хийгээрэй гэх жишээтэй. Гэр бүлийн бизнест тухайн ажилтан өдөрт хэдий хэр бүтээмжтэй байх, юуг хэдэн ширхэг хийх вэ зэрэг нь тодорхой бус байх нь элбэг. Нөгөө талаас тухайн ажлыг хэрхэн хийхийг нь зааж өгөөгүй байж шууд ажлын байран дээр гаргадаг. Ийм тохиолдол олон бий. Аудитор хүний онцлог энд л гарч ирдэг. Юу хуваарилж өгсөн, ямар ажлыг даалгасан, тэрхүү ажлын үр дүн нь ямар байвал сайн болон муу байх зэрэг нарийн зүйлийг монгол компаниуд ажилтнууддаа хэлж өгдөггүй учраас асуудал үүсдэг. Байгууллага бүр өөр өөрийн онцлогтой боловч бидний гаргадаг гол алдаа болох тогтолцооны алдаа энд л бий болдог. 

Бид хамтын зөвлөх үйлчилгээ үзүүлснээр жилийн дараа гэхэд тухайн харилцагчийнхаа борлуулалтын орлогыг хоёр тэрбум төгрөгөөр өсгөсөн

Монголд олон улсын аудитын чиглэлээр ажиллаад эхлэхээр аудитын талаар манайхны ойлголт сайн бүрэлдээгүй нь анзаарагддаг. Намайг айлгахаар ирлээ, миний мууг олоод үзчихнэ, захирлуудад энэ талаар дуулгаж асуудал үүсгэнэ гэж хүлээн авах жишээтэй. Гэхдээ эерэг тал нь 2-3 удаа аудит хийлгэснийхээ дараа компаниуд үр дүнгээ хараад эхлэхээр өөрсдөө шалгуулъя гэх хандлагатай болдог. Анхны удаад аудитын үйл явц хаалттай нөхцөлд их орох буюу мэдээлэл өгөхгүй нуух, тэрүүхэн тэндээ аргалаад өнгөрье гэх хандлага хүмүүсийн дунд давамгайлдаг. Гэтэл аудитын гол зорилго бол хувь хүний алдааг хайхад бус, байгууллагын хэмжээнд, тогтолцооны хүрээнд тухайн хувь хүн ажиллаж байх үед алдаа гарч болзошгүй нөхцлүүдийг эрт илрүүлж, хэрэв алдаа гарсан бол тэр тохиолдлыг бүртгэж авах, цаашлаад алдаа гарах нөхцлийг арилгах, урьдчилан сэргийлэх. Үүнийг бид Монголын нийт бизнес эрхлэгчид болон ажил эрхлэгчдэд зөвөөр ойлгуулах ёстой. 

Жишээлбэл, нэг усны үйлдвэрт алдагдал гарлаа гэхэд мэдээллийн дамжих хурд нь 7-10 хоног байдаг. Бидний ажигласнаар компаниудын санхүүгийн систем, өртгийн бодолт, үйл ажиллагааны чиглэлүүд нь дандаа татварын төлөө, эсвэл тайлан гаргахын төлөө явагдаад байдаг. Мөн монгол компаниудын гол алдаад байдаг өөр нэг зүйл нь дүн шинжилгээ хийх гэдэг зүйл огт байхгүй болсонд байна. Ингэхээр гаргасан алдаагаа давтаж, үргүй зардлуудыг нэмэгдүүлэх эрсдэлтэй болдог. Энэ бүхэн мэдээллийн урсгалаас л хамаарна. Алдаа гаргасан тохиолдолд тэр алдаагаа мэдээлэх систем манайд байдаггүй. Заавал гаднаас хэн нэгэн харж, хянаж байж алдаагаа олдог. Өнөөдөр би усны өртгийг хэтрүүлчихсэн байлаа гэхэд уг өртгийн мэдээлэл удирдлагад 45 хоногийн дараагаас л очих жишээтэй. Ийм удаан хугацааны дараа өртгийн мэдээллийг харахад илүү зардлаа танах боломжгүй болж, ямар ч шийдвэрлэх алхам хийж чадахгүй болно гэсэн үг. Энэ хугацааг товчилж, доод тал нь тав хоногт мэдээллээ авдаг болчихвол ирээдүйд гарах байсан 1000 төгрөгний зардлыг 100 төгрөг байхад нь олж илрүүлээд засах боломжтой. Нэг үгээр хэлбэл, мэдээллийн сувгаар дамжуулан ирээдүйд учрах алдагдлыг бууруулах юм. 

Зөвлөхүүд ч мөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажлаа автоматжуулж, программжуулж эхлэхгүй бол хоцрогдох эрсдэлтэй

Компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлж байх үеийг одоогийнхтой харьцуулахад зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг хүмүүс хэрхэн хүлээж авах болсон бэ?

Анх олон улсын зөвлөх үйлчилгээ гэдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй байсан. Тухайн үед бид харилцагчаа хайж олж, очиж уулздаг байлаа. Харин одоо эсрэгээрээ байгууллагууд өөрсдөө биднийг хайж ирдэг болсон байна. Эхлээд бид харилцагчаа хайж олж, үйлчилгээ үзүүлэх зарчмаар хэдэн жил ажилласан. Дараа нь “Яруу суварга” компанийнхаа бодлогыг өөрчилж, маш чанартай, сайн үйлчилгээ үзүүлэхэд хүн маркетинг буюу амнаас ам дамжин компаниуд ар араасаа бидэнд өөрсдөө хандана гэх зарчмыг баримталсан. Ингээд бид ажилтнуудынхаа ур чадварыг сайжруулахын тулд олон улсын сургалтуудад хамруулж, гадаадаас чадварлаг багш нарыг урьж сургалт зохион байгуулах зэрэгт анхаарч эхэлсэн. Мөн манай компанитай ижил төстэй гадаадын байгууллагуудад очиж мэдлэг, туршлага солилцоход ч анхаарсан. Одоо бид 100 орчим харилцагчтай болоод байна. Тэдний дунд таван ажилтантай буузны компаниас эхлээд “Нью прогресс” группийн 1000-аад ажилтантай “Алтайн зам” компани, “Витафит”, “Номадс” групп, “Сансар” худалдаа, үйлчилгээний төв, “Бамбууш” компани, “Гурван гал” эмнэлэг зэрэг өөр өөр үйл ажиллагаа явуулдаг байгууллага бий. “Номадс” групп гэхэд л ресторан, катеринг, зочид буудал гэсэн гурван чиглэлээр бидэнтэй хамтран ажиллаж байна. Зөвхөн нийслэл гэлтгүй Баян-Өлгий, Өмнөговь, Эрдэнэт, Сэлэнгэ, Хэнтий, Завхан, Ховд, Дорнод зэрэг аймагт ч манай харилцагчид бий. Энэ мэтээр ирэх оны наймдугаар сар хүртэл манайхаас үйлчилгээ авах компаниуд дараалал үүсгэчихээд байна.  

Баруунд өндөр хөгжсөн зөвлөх үйлчилгээний чиглэл одоо Азийн зах зээл рүү хүчтэй орж ирж байна. Харин Монголд зөвлөх үйлчилгээний хөгжил  ямар түвшинд яваа гэж хардаг вэ? 

Олон улсын зөвлөхүүдийн институтээс гаргасан судалгаанаас үзэхэд дэлхийн зөвлөх үйлчилгээний зах зээлийн 70 орчим хувийг Европ болон Хойд Америкийн компаниуд эзэлж, үлдсэн хувийг Азийн компаниуд бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, дээрх бүс нутгийн компаниуд зөвлөх үйлчилгээг түлхүү авч байгаа юм. Мөн тус институтийн ерөнхийлөгч Дуайт Михаликс “Өнгөрсөн оныхтой харьцуулахад Монголд зөвлөх үйлчилгээний зах зээл ойролцоогоор дөрвөн сая ам.доллараар өссөн” гэх судалгааны дүнг өөрийн илтгэлдээ танилцуулсан. Гэхдээ манайд зарим компани гадаадын зөвлөх үйлчилгээний компаниас үйлчилгээ авдаг учир энэ талаар яг нарийн тоо гаргахад хэцүү байдаг. 

Зөвлөх үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд Монголын менежментийн зөвлөхүүдийн  институт буюу MMCI-аас зөвлөхүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалтууд зохион байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавихын зэрэгцээ харилцан туршлага солилцуулах замаар бие биеийнхээ сайн жишээнээс сурах боломжийг олгож байна. Мөн бид хамтын зөвлөх үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Нэг компанийн зөвлөх үйлчилгээнд олон төрлийн зөвлөхүүд зэрэг ажиллана гэсэн үг. Хүний нөөц, маркетинг, стратеги, процесс, санхүү буюу программ гээд бүх талаас нь ажилладаг. Дорнод аймаг дахь нэгэн төсөлдөө бид хамтын зөвлөх үйлчилгээ үзүүлснээр жилийн дараа гэхэд тухайн харилцагчийнхаа борлуулалтын орлогыг хоёр тэрбум төгрөгөөр өсгөсөн үр дүн гарсан. Харин хоёр дахь төслөө бид арай өөр хэлбэрээр явуулж байна. Ингэж хамтын зөвлөхүүд компанийг дотроос нь “эмчлэхэд” хамгийн бага зардлаар, хамгийн хурдан хугацаанд хэрхэн ажиллах талаар бид анхаарч ажиллаж байна. Энэ ч утгаараа MMCI маань 2018 онд Олон улсын зөвлөхүүдийн институтийн албан ёсны гишүүн болсон. Тус институтээс олгодог олон улсын зөвлөх цолны болзлыг MMCI-ийн зургаан гишүүн ханган тус тусын чиглэлээр ажиллаж байна.  Хамтын зөвлөх үйлчилгээндээ бид эдгээр мэргэжилтнүүдээ оролцуулж эхэлсэн. Үр дүн нь мэдээж хэрэг өнөө маргаашдаа гарахгүй. Хугацаа хэрэгтэй. 

Зөвлөх үйлчилгээний ирээдүйн чиг хандлага хаашаа чиглэж байгаа вэ?

Автоматжуулалт буюу программ хангамж. Товчхондоо, хүний хийдэг илүү хөдөлгөөнүүдийг багасгахад чиглэж байна. Хуучин 10 цаасан дээр бичдэг байсан бол тав болгож программжуулах зэргээр зөвлөх үйлчилгээг аль болох хөнгөвчилж, өртгийг бууруулах хэлбэрүүдийг эрэлхийлж эхэллээ. Мөн хиймэл оюунд суурилсан технологийг хөгжүүлэх ажлыг  ч манай MMCI-д хөгжүүлж байна. 

Залуу аудиторуудад та юу гэж зөвлөх вэ?

Нэг чиглэлээр сайн суралцаад дараагийнх руугаа яв. Тэрнээс бүгдийг нь чаддаг болно гээд зэрэг зэрэг дайрах хэрэггүй. Энэ бол зөвхөн олон улсын аудитор гэлтгүй аудитын үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх хүнд хандсан зөвлөгөө юм. Бид хөдөлмөрлөх хэрэгтэй. Манайх шиг ийм жижиг зах зээлтэй, олон жижиг компанитай, хүний нөөц дутагдалтай газарт бид зөв арга барилаар ажиллах нь чухал. Хоёрдугаарт, үнэнч байх, цагаа ягштал баримталдаг байх ёстой. Мөн ажлыг сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Ингэж хийсэн ажил л үр дүнд хүрч, өгөөжөө өгнө.   

Үүнээс гадна аудитын мөн чанарыг ойлгоогүйгээс харилцагчаа айлгах, “том” болж харагдах гэж оролдох хандлагууд залуу аудиторуудын дунд мэр сэр ажиглагддаг. Залуучууд ийм мэргэжлийн бус үйлдэл гаргахаас зайлсхийх хэрэгтэй.  

Бизнестээ баримталдаг таны зарчим?

Хамгийн түрүүнд сонс. Аудитор хүний гол асуудал бол сонсох байдаг. Сайн сонсож байж л сайн дүгнэлт гаргаж, зөв шийдвэрт хүрнэ. Мөн шударга, үнэнч байж, амласнаа биелүүлдэг байх ёстой. Тэгээд эцэст нь мэдээж хэрэглэгчээ дээдлэх. 

З.Батгэрэлтийн хүсэж буй зүйл бол аудитын хүрээнд ганцаарчилсан тоглолт хийх биш. Харин илүү олон төрлийн аудиторууд бэлтгэж, хамтын зөвлөх үйлчилгээг улам төгөлдөржүүлж,  дотооддоо төдийгүй олон улсын түвшинд хүрч ажиллах юм. 

(Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2019 оны 12 дугаар сарын дугаар (№13) -т нийтлэгдсэн болно)

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 4.50 out of 5)
Loading...
Х. Цолмон

Подкаст: “Зөвшилцөлд хүрэх урлаг” номын тухай

Өмнөх нийтлэл

Бизнесийн тасралтгүй байдлыг хэрхэн хангах вэ? 

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.