Амьдралд бидний санааг чилээсэн асуудал үргэлж гарч ирдэг. Харин ямар үед, хэнд сэтгэлээ уудлах нь ажлын бүтээмж болоод сэтгэл санаанд шууд нөлөөлж байдгийг бид тэр болгон анзаардаггүй аж. Тэгвэл Нью-Йорк Таймсд бичсэн зөвлөгөөн дээр үндэслэж дараах нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. 

Тулгараад буй бэрхшээлийнхээ талаар ярих нь яагаад бидэнд хэрэгтэй вэ?

Ямарваа нэг зүйлээс айх эсвэл уурлаж бухимдах үед ухамсарт тархи буюу Amygdala ажилладаг. Тархины энэхүү хэсэг нь аливаа айдсыг хэрхэн даван туулахыг шийддэг үүрэгтэй аж. Хүний сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааг хариуцдаг лимбик систем болоод ухамсарт тархины гол үүрэг нь гадны нөлөөг аюултай эсэхийг тодорхойлж, хэрэв шаардлагатай бол төв мэдрэлийн системд мэдээллэснээр дараагийн удаа тэрхүү аюул тохиолдоход урьдчилан сэргийлэх боломжтой болдог байна. Ийнхүү биднийг айж эсвэл уурлаж бухимдахад тархины энэхүү хэсэг ажилласнаар заримдаа логик сэтгэлгээ “ажилладаггүй” тохиолдол гардаг.

Калифорнийн их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар, дотоод мэдрэмжүүдээ ил гаргаж, бусадтай ярилцах нь бухимдах үеийн ухамсарт тархины хариу үйлдлийг бууруулдаг байна. Ингэснээр аажмаар сэтгэл чинь хөнгөрнө. Жишээ нь, нэг найз маань автомашины осолд орсныхоо дараа дахиж машинд суухад дотор нь эвгүйцдэг байсан ч тухгүй байгаа талаараа найзууддаа ярьж, тэрхүү мэдрэмжээ бусдад хуваалцсанаар илүү богино хугацаанд айдсаасаа салж байв. 

Өөр нэгэн судалгаагаар, өөрт тохиолдсон таагүй явдлынхаа талаар бичиж эсвэл хэн нэгэнтэй ярилцах нь өвчтөний эрүүл мэнд болоод бие махбодид эерэг нөлөөтэй байсан аж. Бид санаа бодол болоод сэтгэл хөдлөлөө ил гаргалгүй дотроо байлгаснаар стрессдэж эхэлдэг. Аль ч тохиолдолд чамд сөрөг мэдрэмж төрөх тул түүнийгээ бусадтай хуваалцаж, ил гаргах хэрэгтэй аж. Тэгвэл хэзээ, яаж, хэнд доторхоо уудлах вэ? 

Хэрэв өөрт тохиолдсон сөрөг бүхнээ үргэлж яриад байвал сөрөг нөлөөтэй байдгийг янз бүрийн насны хүнээс авсан судалгаа харуулж байна. Тиймээс тэрхүү таагүй мэдрэмжээ зөв аргаар хуваалцах хэрэгтэй аж. 

Ярих хүнээ зөв сонго. Үргэлж ярилцдаг ч дараа нь хэзээ ч нөхцөл байдал чинь сайжирч байгаагүй бол та буруу хүнтэйгээ ярилцаж байна гэсэн үг. Тиймээс хэцүү үед тань үргэлж дэмжиж тусалдаг, ялангуяа тантай хамт санааширч суухаас илүүтэй хэрэгтэй зөвлөгөөг өгч чаддаг нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Тулгараад буй бэрхшээлийг чинь даван туулсан нэгнээс зөвлөгөө хүсэх нь илүү үр дүнтэй байдаг. Хүмүүс ганцаар бие дааж оршдоггүй тул бусадтай үргэлж холбоотой байх нь аль аль хэн хэндээ сургамж болдог. 

Ярилцах зөв цагаа сонго. Ойр дотны хүмүүс тань таныг үргэлж дэмжих ч гэсэн тэдэнд ч мөн өөрсдийн амьдрал бий. Тиймээс тэдний ч мөн цагийг хүндэлж, тохиромжтой үед нь ярилцвал тун сайн. Хэрэв тухтай ярилцаж суухад тохиромжгүй үе байвал хүлээх нь зөв сонголт байдаг. 

Яриа хаана хүрээд зогсохоо мэддэг бай. Бусадтай ярилцсан яриа бүр үргэлж ямар нэг өөрчлөлт, шинэ шийдвэрт хүргэдэг байх албагүй. Гэвч ярианы төгсгөл гомдлоор биш өөр зүйлээр төгсөх хэрэгтэй. Заримдаа нэг л зүйлийнхээ тухай ярисаар байгаа ч ямар ч ахиц гарахгүй, шийдэлд хүрэхгүй бол үргэлжлүүлж ярисаар байх нь үр дүнгүй. Тиймээс ядаж л шийдэлд хүрэхгүй ч ярихаа зогсоож өөр зүйл оролдож үзэх нь таны сэтгэл санааг дээрдүүлнэ. 

Ихэнх хүний хувьд бусадтай ний нуугүй ярилцах нь тийм ч амар байдаггүй. Учир нь зарим нь үүнийг зөвхөн бусдад гомдоллож буй мэт ойлгодог бол бусад хүн “Миний асуудал бол миний л шийдэх ёстой зүйл” гэж бодох нь элбэг. Тийм ч учраас анх удаа сэтгэлээ онгойлгож ярих нь амаргүй ч та бусдад доторхоо уудалж ярих тусам заримдаа нөхцөл байдал илүү тодорхой болж зөв шийдвэр гарахын үндэс болдог билээ. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Санхүүчийн замнал

Өмнөх нийтлэл

Подкаст: Өрсөлдөх чадвараа сайжруулах арга-Бенчмаркинг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style