Бизнесийн эзэнТоп нийтлэл

Амьдралд сурсан сураагүйн ялгаа л гардаг

1

Саяхан “Эмос” клубээс гаргасан “Сурахад суралцах нь” номыг олж үзэв. Оршилд нь Дармын Батбаяр гуай “Хүнд хамгаас чухал нь сурах хүсэл эрмэлзлэл хэрэгтэй. Сурахын хязгааргүй хүсэлтэй хүнд сурах зориг зүрх төрдөг. Зориг зүрх ормогц яаж сурах зураг төөрөг товлогддог” гэсэн байв. Энэ үг их танил санагдсан юм. Учир нь Японы нэрт соён гэгээрүүлэгч Фүкүзава Юүкүчигийн “Эрдмийг эрхэмлэхүй” номондоо бичсэн нэгэн алдартай үгтэй утга нэг байлаа. Тэрбээр “Бурхан хүнийг дээр, доор бүтээгээгүй. Гагцхүү хүний амьдралд сурсан сураагүйн ялгаа л гардаг” гэсэн юм.

Тийм ээ, залуу та сурах насандаа жинхэнэ ёсоор сурч чадаж байна уу, үгүй юу гэдгээс ирээдүйд чи амжилтын эзэн болох уу, дорой нэгэн байх уу гэдэг чинь хамаарна гэсэн үг. Энэ үнэн гэдгийг би өөрийн амьдралын туршлагаас, эргэн тойрны хүрээлэл, найз нөхдөөсөө мэднэ. 10 жилийн, их сургуулийн оюутан найз, хамт ажиллаж байсан нөхдийн дотроос сурахыг эрхэмлэсэн хэн бүхэн насны эцэст хийсэн бүтээсэн зүйлтэй байгааг олж харж байна. 

Үхтлээ сур, сурч байгаад үхсэн хүн байхгүй.

Үнэндээ миний залуу нас ардчилалд шилжсэн, картын барааны хүнд үед таарсан. Сургууль завсардалт эрс ихэсч, их дээд сургуулиа орхидог залуус олширч байсан. Би оюутан үедээ гэр бүл зохиож, 1988 онд 25 насандаа дөрвөн хүүхдийн аав болж, амьдралын олон сорилттой учирч байв. МУИС-ийг төгсөөд Төв аймгийн 10 жил, ХААДС, 84 дүгээр сургуулиудад багшлав. Тэр үед бие дааж англи хэл үзэж, гадаад багшийнхаа хичээлд ганцаараа ч гэсэн суудаг байлаа. Тэр хичээл зүтгэл надад Япон явах зам мөрийн эхлэлийг нээж өгсөн гэж үргэлж боддог. Японд дөрвөн хүүхэд, эхнэрээ дагуулж очоод өдөр шөнөгүй цагийн ажил хийж, дөрөвхөн цаг унтдаг байхдаа ч гэсэн сурахыг л зорилго болгож байсан. Мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрөө дүүргээд мастер, докторт суралцав. Докторын судалгаагаа практикт нэвтрүүлэх зорилгоор Шинэ Монгол сургуулийг анх байгуулж байв. Одоо Эрдмийн хүрээлэн болон өргөжөөд байна. Энэ бүхэн сурсны минь ач тус юм шүү дээ.  

Би шавь нартаа сурахыг эрхэмлэхийг байнга захидаг. Олон төгсөгч маань эрдэм номд шамдан амжилтын эзэн болж буйг харах надад сайхан байдаг. Хүн сурч боловсрохын хэрээр гэр бүл, аав ээж, эх орныхоо өмнө үүрэг хүлээдэг, хариуцлагатай болдог. Улмаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Энэ бүхэн хүнийг аз жаргалтай бас мөрөөдөлтэй болгодог.

Чи өөрөөсөө дараах асуултуудыг байнга асууж байгаарай. Сурахыг жинхнээсээ хүсч байна уу? Суръя, хөгжье гэсэн чин хүсэл эрмэлзэл байна уу? Юунаас ч шантрахгүйгээр сурах зориг зүрх байна уу? Сурах арга барилаа олж чадсан уу? Ирээдүйн аз жаргалаа өөрийн гараар бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Яг одоо эдгээр асуултад итгэл үнэмшилтэй хариулах чинь чухал. Амжилт хүсье. Үхтлээ сур, сурч байгаад үхсэн хүн байхгүй.

Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах

/Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2019 оны 12 дугаар сарын дугаар (№13) дахь “CEO бичиж байна” буланд нийтлэгдсэн болно/

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (8 votes, average: 4.25 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Ажилтнуудаа хэрхэн сэдэлжүүлж, идэвхжүүлэх вэ?

Previous article

Подкаст: Хэзээ нябо, нягтлан, ахлах нягтлан эсвэл санхүү эрхэлсэн захирлыг ажилд авах вэ?

Next article

1 Comment

  1. Улам их амжилт хүсье. Зөв жишиг тогтоож, зөв явж буй сэхээтэн гэж ойлгодог.

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.