0

Улаанбаатар, Дамбадаржаа. Нэгэн уулын оройд хэдэн толгой шоволзох. Хичээлээ хийдүүлж яваа сурагч хөвүүд аж. Тэдний дунд байх гялалзсан том нүдтэй, 10 гаруй насны хүү чулуу тулан суугаад алсыг харан суух юм. Их л зүйлийг бодож буй. Г.Алтанхуяг хүү сахилгагүй сурагч статустай ч дотроо бодолтой, дороо суурьтай гуталчин жаал юм. Гараараа гутал урладаг аав, ээжийнхээ ажилд хэрхэн сайн туслах вэ, тэднийхээ ачааг яаж хөнгөлөх вэ гэх сэдэв бол түүний тунгаадаг гол бодол нь. Балчираасаа наймааны ухаанд суралцсаных нь хэрэг хожмын нэг өдөр жинхэнэ утгаар гарчээ. 2015 онд гутлын үйлдвэрийнх нь үйл ажиллагаа илт доголдов. Олон жилийн хамтрагчид нь нүүр бууруулж, буруу бараа авч, өр ширэнд орох зэрэг дараалсан олон хүнд байдлаас үйлдвэрээ гаргах гэж тэрбээр цаг, нарыг умартан зүтгэжээ. Дээр нь бизнесийн ухаанд суралцах цагийг өөртөө гаргаж олон талын арга барилд суралцсаны үр дүнд компаниа хөл дээр нь босгоод зогсохгүй шинэ шатанд гаргасан байна. Энэ бол түүний амьдралд тохиосон хамгийн том шалгуур байлаа, бизнесийг гардан удирдаж эхлээд учирсан эхний даваа нь байв.

Гавьяаныхаа амралтаа авсан аав, ээж нь гутал оёх өрхийн аж ахуйг 90-ээд оны дундуур эхлүүлжээ. Г.Алтанхуяг аав, ээжийгээ даган арав гаруй жил гутал оёхдоо олон арга барилд суралцав. Түүнчлэн ааваасаа удирдахуйн ухаанд суралцаж, ээжээсээ чанар чансааны мэдлэгийг өвлөн авчээ. “Идэр насандаа олон чиглэлд суралцсан маань маш их хэрэг болдог” хэмээн ярих Г.Алтанхуяг өдгөө Монголдоо урлан хэрэглэгчиддээ түгээдэг гутлын компанийг удирдаж байна. 90-ээд онд байгуулсан аав, ээжийнхээ өрхийн аж ахуйг өнөөдөр компани болгон өргөжүүлж, гурвуулахнаа эхлүүлж байсан цехээ 40 ажилтантай үйлдвэр болгон томруулжээ.

Компанийнх нь нэр содон, бас чамин. “Хүүгийн гутал”. Г.Алтанхуяг компаниа байгуулчих санаатай баахан нэр тэмдэглэж аваад Иргэний улсын бүртгэлийн газарт очжээ. Гэтэл бүгдийнх нь нэр давхцсан тул бодож, бодож “Хүүгийн гутал” нэрийг сонгосон байна. Ийм нэрийг сонгосон шалтгаан нь өөрөө аавын хүү, аавынхаа үргэлжлэл. Хоёрт, өөрийнх нь урласан анхны бүтээл нь эрэгтэй хүүхдийн гутал байсантай холбоотой аж. Аравхан настай хүүгийнхээ урласан гутал нь зах дээр 7000 төгрөгөөр тэр дороо зарагдсанд аав, ээжийнхээ  хамтаар магнай хагартал баярлажээ. Анхны бүтээл, анхны том баяр сэтгэлд бусдаас тод үлддэгийн нэг илрэл энэ байх хэмээн дурсах тэрбээр “Энэ нэр үнэхээр гоё нэр. Нэлээд гүн гүнзгий агуулгатай” хэмээн ярьж байна.

“Хүүгийн гутал” ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч

Хөлс, хөдөлмөрөө зориулан байж эхлүүлсэн гутлын бизнесээ амжилттай хөгжүүлж аав, ээжийгээ баярлуулах нь түүний туйлын хүсэл юм. Тиймээс зөв яваа юм байна, аав ээжийнхээ итгэлийг нь биелүүлж байна гэдэг мэдрэмжийг тэрбээр 2011 онд авчээ. Тэр жилийн өвөл Г.Алтанхуяг Монголын залуучуудын холбооны Тэргүүний залуу медалиар шагнуулчихаад маргааш өглөө нь ажил дээрээ эртээ очиход аав, ээж нь хүүдээ баяр хүргэх гээд аль хэдийнэ оччихсон байжээ. Аав, ээжийнхээ бахархсан, баярласан сэтгэлийг хараад “Тэднийгээ баярлууллаа” гэдэг мэдрэмжийг амтлах шиг сайхан зүйл үгүй юм билээ хэмээн тэрбээр ярьж байна.

Өдгөө түүний зорилго өөр болсон. Өөр өөртөө, үйлдвэрээ үндэсний хэмжээний компани болгох. Үүнд хүрэхийн тулд өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байна. Надтай уулзаж байхдаа хүртэл “Миний сургалтын цаг дөхчихөж” гэсээр явж одсон. Үүний зэрэгцээ үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниа олон улсын стандартад нийцүүлэх зэрэг цөөнгүй ажлыг хийж иржээ. Үүний нэг илрэл нь ISO 9001;2015 стандартыг нэвтрүүлсэн явдал.

Г.Алтанхуяг хүний нөөцийн бодлогодоо онцгой анхаарал хандуулдаг. Ажилтнууддаа бодлого, шийдвэрээ тодорхой тайлбарлахын зэрэгцээ тэднийхээ байр суурийг сонсдог нь түүний удирдах арга барилын нэг онцлог аж. Хүн алдаа гаргаж болно. Мөнгөн дүн, хор уршгийн хэмжээнээс үл хамааран ажилтнаа уучилдаг байх нь захирал, ажилтны хооронд итгэлцлийг бий болгож байдаг хэмээн тэрбээр ярьж байна. Тиймээс ч “Ажлаас халах” ойлголт бол түүний хувьд хамгийн сүүлд гаргах шийдвэр аж. “Хүүгийн гутал” компанийн дотоод уур амьсгал ямар байдаг нь үйлдвэрийн хаалгаар ороход л мэдрэгдэнэ. Захирал ирлээ гэх эмээлт тэнд алга, захирал байхгүй байна гэх задгайралт ч мөн үгүй болох нь ажилтнууд хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж, хариуцсан ажлаа яаж хийж байгаагаас тодхон харагдсан. Тус компанийн нэг онцлог нь ажилтнуудын олонх нь  үйлдвэртээ арваас дээш жил ажиллаж буй явдал. Хүн бүр ажил голж, хүн бүр ажил сэлгэдэг сонирхолтой болчихсон одоо цагт ховор үзэгдэл билээ. Ажилтнуудынхаа сэтгэл, зүтгэлийн хүчээр л  манай компани хөгжиж яваа хэмээн онцлон ярих Г.Алтанхуягийн үгийн цаад утга энэ ажээ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 3.75 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

“Монос” группийн CEО Х.Ананд: Гэрээ хийнэ гэдэг нэг төрлийн урлаг

Previous article

Санхүү бүртгэлээ хөтлөх дижитал шийдлээ ингэж сонго

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like