Бизнес докторТоп нийтлэл

“Монос” группийн CEО Х.Ананд: Гэрээ хийнэ гэдэг нэг төрлийн урлаг

0

“Монос” группийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн орлогч дарга Хүрэлбаатарын Анандыг “10 асуулт, хариулт” буландаа урьж оролцууллаа. Энэ удаагийн товч асуулт, хариултууд маань кино, ном, хоол, ажиллах зарчим гэх зэрэг баялаг сэдвээр өрнөсөн бөгөөд та урьд өмнө анзаарч байгаагүй огт өөр Х.Анандыг эндээс олж харах болов уу.  

        1.Та өглөө босоод ажилдаа явах хүртлээ юу хийдэг вэ?

Өмнө нь өглөө босч, усанд орчихоод л ажил дээрээ ирдэг байлаа. Харин сүүлийн нэг жил ажилдаа явахаасаа өмнө эртлэн босож фитнест явдаг болсон. Одоо бол коронавирусаас болоод газрууд хаагдсан учраас өглөөдөө жаахан хөдөлгөөн хийж, хэд гурав суниачихаад л ажилдаа явж байна. Ер нь сүүлийн үед өглөөний цайгаа алгасч, бага идэх болсон. Заримдаа өдөрт ганц л удаа хооллож байна. Учир нь би их идчихвэл ядраад байдаг юм. Хааяа нойр хүрдэггүй. Харин бага идэх тусам бага ядардаг. 

        2.Ажилд тань хамгийн их тусалдаг гурван зуршил юу вэ?

Нэгдүгээрт, төвлөрөл. Нэг зүйлд төвлөрөхөөрөө би өөр бусад зүйлийг мартчих гээд байдаг талтай. Хоёрдугаарт, хамгийн чухал зүйлээ түрүүлж хийх. Чухал ажлаа хойшлуулалгүй дуусгаж байж л дараагийн ажил руугаа ордог. Тэгэхээр эхний хоёр зуршил маань хоорондоо нягт холбогддог гэсэн үг л дээ. Харин тийм ч чухал биш зарим ажлаа хойшлуулчихдаг. Нэг ёсондоо, Паретогийн 80/20-ийн зарчмыг баримталдаг гэх үү дээ. Хүний өдөрт  хийж буй нийт ажлын 80 хувь нь чухал биш ангилалд хамаардаг. Тиймээс ч би ийм ажлуудаа бүгдийг нь өөрөө хийнэ гэж зүтгэлгүй зохих ажилтнууддаа хариуцуулах, эсвэл хойшлуулчих нь бий. Үлдсэн 20 хувь буюу өөрөө ч анзааралгүй хойшлуулаад байдаг ажлуудаа хүн байнга хийж байх ёстой. Үүнийг би өглөө бүр өөртөө сануулдаг. Хүмүүс ажлын өдрөө и-мэйлээ шалгаж, сонин унших зэргээр эхлүүлдэг шүү дээ. Харин миний хувьд төлөвлөгөө гаргахаас ажлын өдөр маань эхэлдэг. 

          3.Та ажлын стрессээ яаж тайлдаг вэ?

Стресс, бухимдлаа даван гарахын тулд би өөрийгөө улам ирлэж, хор шараа гозойлгодог (инээв). Мөн мэдээж хэрэг, спорт, фитнес стрессээ тайлахад нөлөөлнө. Гэхдээ хамгийн чухал нь гэр бүлээ, эхнэрээ, хүүхдээ харахаар стресс маш хурдан тайлагддаг. Гэртээ очиход стресс хаалганы гадаа үлддэг гэж ойлгож болно.

          4.Та яг одоо юунд суралцахыг хүсч байна?

Яг одоо эм зүйн магистрт суралцаж байгаа учраас үүндээ илүү төвлөрч байна. Харин дараа нь үргэлжлүүлэн суралцаж, докторын зэрэг хамгаалахаар төлөвлөсөн. 

        5.Та ямар хоббитой вэ? Энэ хобби таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Ном уншиж, аялж, кино үзэж, бас хоол хийх дуртай. Amazon Prime, Apple TV+, Netflix-ийн хэрэглэгч. ТВ шоу, нэг ангит кино гэх зэргээр бүхий л төрлийн, мөн бүхий л жанрын кино үздэг. Ингэхдээ хамгийн өндөр үнэлгээтэй, цаг үрэхээргүй үнэ цэнтэй бүтээлүүдийг сонгож үзэхийг хичээдэг. Кино театрыг ч үе үе зорино. Хоолны тухайд төрөл бүрийн л хоол хийх дуртай. Хамгийн сүүлд гэхэд Нью-Йорк маягийн пицца нэлээд сайн хийж сурлаа. Энэтхэг хоолыг гэхэд карри, куркума амтлагчийг Энэтхэгээс зориуд захиалж авчирч байгаад гараа гарган хийдэг. Орос хоолыг ч бас нэлээд сонирхож хийнэ. Солонгос, япон хоол хийхэд ч мөн сонирхолтой байдаг. Магадгүй энэ дундаас хамгийн сайн хийдэг нь солонгос хоол байх. Бас хийхэд хамгийн амархан нь. Хятад хоолыг ч сайн хийдэг гэж гэрийнхэн маань хэлдэг юм. Уг нь видео тоглоом тоглох дуртай ч сүүлийн хоёр жил огт тоглоогүй юм байна. 

Би хоол хийж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, эсвэл кино үзэж байх үедээ “Ажлаа бодохгүй шүү” гэж өөрийгөө хүчилж, нэг ёсондоо программчилдаг. Ажлаас өөр зүйлд анхаарал хандуулах энэ хэсэгхэн хугацаанд стресс нэг л мэдэхэд тайлагдсан байдаг. Энэ бүхний дараа эргээд ажил руугаа ороход өмнө нь бодолд оруулж, санаа зовоож байсан зарим асуудлын гаргалгаа толгой дотор аль хэдийнэ шийдлээ олоод цэгцэрчихсэн байх нь бий. Аливаад өмнөхөөсөө арай илүү хөндлөнгийн байр сууринаас ханддаг учраас ийм үед шийдэл хялбар олддог байж мэднэ.

         6.Та 25 настай өөртөө юу гэж зөвлөх байсан бэ?

Дажгүй явж байна шүү л гэж хэлнэ (инээв). Наргиа байлаа. Хүн алдаанаасаа ямагт суралцах ёстой. Гэхдээ миний хувьд өнгөрсөнд очоод энэ л алдаагаа засчих юм сан гэсэн бодол төрдөггүй. Алдаагаа байн байн санаж, эргэж буцаад байхыг нэг их боддоггүй учраас сайн хариулж мэдэхгүй байна. 25 настай өөртөө “Томоохон саад тотгор олон тохиолдоно шүү. Тэдгээрийг даваад л гараарай” гэж зөвлөх байсан юм болов уу даа (инээв). 

        Тэгвэл танд хамгийн их сургамж үлдээсэн алдаа юу байв?

Монголчууд negotiation буюу гэрээ хийхдээ зүгээр л бэлэн гэрээний загвар дээр нэрээ бичээд л,  олигтой уншиж танилцсан ч зүйлгүй, тэгс ингэсхийж байгаад болгочихдог. Хэрэв тэгж хандвал гэрээ хийгээд хэрэггүй. Үүнийг би өөр дээрээ хэрхэн мэдэрсэн гэхээр анх “Монос” групптээ төслийн захирлаар ажиллаж байхдаа нэг их нягтлалгүйгээр хөрөнгө оруулах гэрээнд итгээд гарын үсэг зурчихсан нь сүүлдээ маш ерөнхий гэрээ болж таарсан. Их мөнгө алдаагүй ч гэсэн энэ алдаа надад маш том сургамж болсон. Хоёр талын хариуцлага гэдэг маш чухал. Үүнээс болоод тухайн үед би Дональд Трампын “Гэрээ хийх урлаг”-аас эхлээд дагнан ийм төрлийн хэд хэдэн ном уншсан юм байна. Харин саяхан томчуудтай болон ганц хүнтэй хэрхэн гэрээ хийх талаар сэдэвтэй номнууд уншлаа. Мөн олон талын оролцоотой тухайлбал, таван тусдаа хуулийн этгээдийг нэгтгэн нэг гэрээ хийхэд юунд анхаарах талаар ч судаллаа. Ер нь гэрээ хийх гэдэг маш нарийн урлаг байдаг. Гэрээн дээр маш олон зүйл тогтож, ажил цааш үргэлжилдэг. Хэрэв гэрээ байхгүй бол ажил цааш үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй. 

          7.Танай гэр бүлийнхэн таныг юу гэж шүүмжилдэг вэ?

Ааваасаа “Удаан байна”, ээжээсээ “Залуу хүн байж юм мартаад…” гэсэн шүүмж сүүлийн үед сонсож байна. Харин эхнэрээсээ “Тураач Ананд аа” гэсэн шүүмжлэлийг ойрд сонсох боллоо (инээв).

         8.Арал дээр ганцаараа үлдэнэ гэвэл ямар ном авч явах вэ?

How to survive on an island гэж ном л авч явах байх даа. Аль эсвэл баавгай Гриллс (Жинхэнэ нэр нь Эдвард Гриллс. Discovery сувгийн Man vs. Wild телевизийн шоуны од, бизнесмэн, зохиолч, адал явдал эрэлхийлэгч тэрбээр баавгай Гриллс нэрээрээ олонд илүү танигджээ) -ийн бичсэн номыг сонгох байх. Эсвэл “Эзгүй газар хэрхэн байшин барих вэ?” гэх зэрэг сэдэвтэй ном л авч явах болов уу (инээв). 

         9.Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө?

Ааваасаа л хамгийн үнэтэй зөвлөгөөг авдаг даа. Энэ компанийг хойшоо биш урагш явуулж, түлхэж өгөх, илүү олон хүнийг ажилтай байлгах, илүү олон улсын шинжтэй компани болох. Ингэхдээ ганцаар биш, харин хамтаараа “Монос”-ыг гаргаж ирэхэд л гол зорилго оршиж байгаа юм. Товчоор бол “Монос” группийн 2000 ажилтан гэдэг нэгэн гэр бүл гэсэн үг. 

         10.Таны байнга ашигладаг таван аппликейшн юу вэ?

Youtube, Blinkist, Audible, Kindle, Podcast. Дээр нь нэмээд Reuters. Зарим ном хэвлэгдэхээсээ өмнө Audible-д түрүүлээд орчихдог. Тиймээс харж байгаад дуртай номоо татаад авчихдаг юм. Энэ ч утгаараа би Audible-ийн байнгын хэрэглэгч, сар бүр гурван ам.доллар төлдөг. Татсан номнуудаа энд тэнд явж байхдаа, ялангуяа фитнест явахдаа их сонсоно. Сүүлийн үед бизнес, менежментийн номнууд голдуу уншсан болохоор одоо арай өөр сэдвээр тухайлбал, Фумио Сасакийн Goodbye, Things: The New Japanese Minimalism, эсвэл Юваль Ной Харарийн Sapiens: A Brief History of Humankind зэрэг номыг сонирхон эргүүлж байна. Харин бизнес, менежментийн номнуудыг уншихдаа ажилдаа шууд авч ашиглах, хэрэгтэй санаа оноо тэмдэглэх үүднээс хажуудаа цаас, үзэг бэлдэж байгаад уншдаг даа. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Хэзээ ч эрэлттэй байх “Эр хүн”

Previous article

Г.Алтанхуяг: “Хүүгийн гутал” үйлдвэрээ үндэсний хэмжээний компани болгохыг зорьж байна

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.