2

Expats in Mongolia хэмээх Монголд амьдардаг гадаадуудын фэйсбүүк группт Англи гаралтай бизнес эрхлэгч Ихаб Азис “Улаанбаатарт найман жил болохдоо өнөөдөр л шилдэг үйлчилгээтэй газар үзлээ. Хоол нь бас үнэхээр гайхамшигтай юм. 10 онооноос 10” хэмээн идсэн хоолныхоо зургийг нийтэлсэнд энэ газраар үйлчлүүлж үзсэн гадныхан ч ам нэгтэй магтах аж.

Тэр нь бурхадыг урин залж, хүмүүсийг сайн сайханд уриалан дууддаг Цагаан өвгөний дүрээр имижээ бүрдүүлсэн “Чойжин Темпл” /Choijin Temple/ ресторан байв. Монголын “Манхэттан”, Монголын санхүүгийн гудамж ч гэгдэх энэ хавьд байршлаараа нэрлэх маркетинг ашигласан энэ газар Чойжин ламын музейтэй хаяа дэрлэн байршина.

Лам хуврагын орхимжны хүрэн улаан, ногоон шар, бүдэг ногоон өнгөөр интерьерээ илэрхийлж, хэт туйлшралгүй донжтой, басхүү тун болгоомжтой үндэсний агууламжийг орчин үеийн хийцэд шингээсэн нь уг рестораны зэрэглэлийг илэрхийлнэ. Хоолны цэсээ боловсруулахдаа ч Итали хоолыг Монголны элементтэй хослуулжээ. Үйлчлүүлэгчид нь байршлын онцлогоос хамааран гадны зочид, төлөөлөгч, бизнес эрхлэгчид түлхүү байдаг. Энэ бүхэн нь Японы Гинза, Миланы Монтенаполеон, Лондоны Канари варф зэрэг бизнес гудамж дахь тансаг зэрэглэлийн ресторануудыг санагдуулж байлаа.

Бизнесийн өнгөлөг жор

Өглөө эртлэн “Чойжин темпл” рестораны эздүүдтэй уулзахаар очив. Өглөөний таван минутийн нэгтгэл, биднийхээр хурлын үеэр нь очиж таарав. Бүгд тойрон зогссон байх бөгөөд Үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Билгүүнжаргал “Өчигдөр ямар хоол түлхүү гарсан. Гомдол санал байв уу, ямар бүтээгдэхүүнд ам сайтай байна, энэ сарын онцгой бүтээгдэхүүн дээрээ анхаарлаа төвлөрүүлээрэй, шинэ жил хаяанд ирсэн учир баярын сэтгэлд хоногшсон дуунуудаас зөөлөн явуулаарай” гэх мэтээр асууж мөн зөвлөв. Эцэст нь бие биендээ амжилт хүсч, алга ташлаа. Ийнхүү багийн гишүүд урам зоригтойгоор ажлаа эхлэх аж.

Эднийх менюгээ улирлаас шалтгаалан жилд хоёр удаа шинэчилдэг бөгөөд энэ өвлийн цэс нь “Introducing 2019” байлаа. Англи, Монгол хэл дээр бичигдсэн уг цэсэнд хоол бүрийн илчлэгийн хэмжээ, зохицох дарс, түүний тухай мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулжээ. Цагаан хоолтонд зориулсан тусгай зоог ч энд байна. Тэдэнд зориулсан дарс мөн тусдаа. Харин их тосонд шарсан мах, төмс, энгийн цагаан будаа энд байхгүй. Дэлхийд Топ-10 хүнсний бүтээгдэхүүний жагсаалтын эхний зургаад орсон орцуудыг хоолондоо багтаадаг. Баярын өдрүүдэд зориулан цэсэнд байхгүй, тусгай зоогийг гаргана. Үйлчлүүлэгч хүсвэл зөвхөн түүнд зориулж, шинэ жор хүртэл гаргах боломжтой аж. Эднийх ризотто, паста, шөл гэх мэт үхрийн ЧӨМӨГТЭЙ хоол хийдгээрээ нийтэд алдартай. Ялангуяа тус рестораны эздүүдийн нэг, Ерөнхий тогооч Д.Тайваны нэрийн хоол “Marrow risotto” буюу чөмөгтэй ризоттог үйлчлүүлэгчид нь онцлон магтдаг. Уг хоолоороо тэрбээр Дэлхийн тогоочдын холбооны олон улсын тэмцээнд ганцаарчилсан төрөлд “Алтан медаль” хүртжээ. Энэ үед Итали, Францийн шилдэг тогоочдыг хүртэл ардаа орхисон гээд бодохоор түүнийг ямар хэмжээний чадвартай тогооч мөн сайн чанарын хоол болох нь харагдана.

Энэхүү хоолны гол онцлог болох чөмгөнд кальци, төмөр, эрдэс бодис, шим тэжээл их хэмжээгээр агуулагддаг тул ядаргаа алжаал тайлж, бөөрийг төлжүүлж, дархлааны системийг нөхөн сэргээх үйлчилгээтэй. Эмэгтэйчүүдийн нүүр царайг сайхан болгоход ч сайн нөлөөтэй. Насанд хүрэгчид өдөрт 20-30 граммыг хэрэглэх ёстой ба 35-аас дээш насныхан түлхүү хэрэглэвэл зохимжтой гэнэ.

Ийм сайхан мэдээллийг сонссон би бээр энэхүү “Marrow risotto” чөмөгтэй ризоттогийн амтыг мэдэрхээр захиаллаа. Бусад өндөр зэрэглэлийн ресторануудын адилаар тэд хоолны бүх орц, бүтээгдэхүүнийг шинээр хийдэг учир захиалгаа багагүй хүлээх хэрэгтэй. Энэ хооронд ширээн дээр зөвхөн “FineDine” тансаг зэрэглэлийн ресторануудын ширээн дээр залардаг минерал ус, ногоон цайг уунгаа Ё.Байгал, Д.Тайван нартай ярилцлаа.

Ё.Байгал 90-ээд оны эхээр Туул ресторан, Бамбарууш кафе гэх мэт хуруу дарам ресторан байх үед 40 мянгатын байрны доор “Адамс клаб” хэмээх модерн загварыг монгол хэв маягтай хослуулсан даруухан хэрнээ тухайн үедээ басхүү тансагт орох рестораныг ажиллуулж явжээ. Тухайн үеийн ардчиллын лидерүүд, тэр хавийн сэхээтнүүдийн ажил хэргээ ярих гэж цуглардаг их хөлийн газар байв.

Хамгийн сонирхолтой нь тэрбээр арьс, шир боловсруулах үйлдвэр, савхины оёдлын үйлдвэр, брокер диллерийн зөвлөх үйлчилгээний компани хүртэл ажиллуулж явсан бизнесийн арвин туршлагатай. Тэрбээр ЗХУ-д Орос хэлний багш, ХБНГУ-д маркетингаар суралцсан. Өнөөдөр “Чойжин темпл” ресторанаас гадна хөрөнгө оруулалтын зөвлөх компанийг давхар удирддаг. Харин гэртээ хүүхдээ харах таван жилийн хугацаанд хоол хийх хүсэл сонирхолд хөтлөгдөн хоолны ном судалж, ойр тойрныхоо хүмүүсийг амттай хоолоор дайлдаг байсан нь өндөр зэрэглэлийн рестораны бизнес эрхлэх үндэс суурь болжээ. Хожим нь эртний танил, бизнесийн түнш Д.Тайвантай хамтран ажиллах болжээ.

Рестораны меню гэдэг Ерөнхий тогоочийн нэрийн хуудас, чанар чансааг нь илтгэх нэг ёсны “тайлан” байдаг. Д.Тайван бол Италийн 108 мастер тогоочийн нэг Ламберто Геррерын гарын шавь юм. Тэрбээр 1998 онд Геррерээс хоол хийх ур ухаанд суралцснаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Канадын Саскачеван, Хятадын Бээжин, Шанхайн ресторануудад ажиллаж байсан туршлагатай. Харин Монголдоо “Pizza De Lа Casa”, “Silk road”, “Granda” гэх мэт ресторанд ерөнхий тогооч болон түншээр хамтран ажиллахын зэрэгцээ дотоодын топ ресторануудын ахлах тогоочдыг бэлтгэсэн. Зөвхөн “Veranda” ресторанд ажиллах хугацаандаа 20-иод залуусыг ахлах тогоочоор сургасан байдаг. Түүнчлэн Д.Тайван нь Монголын болон олон улсын байгууллагаас зохион байгуулж байгаа тэмцээн уралдаанд шүүгчээр уригдан оролцдог, манай улсын урдаа барих тогоочдын нэг билээ.

Ийнхүү бизнесийн дадлага, туршлагатай хоёр түнш гар нийлэн ажилласан нь анхнаасаа бизнесээ амжилттай хөгжүүлэх нь тодорхой байсан гэлтэй. Нөгөөтэйгүүр тэдний бизнес өсөлттэй яваагийн нууц нь өмнөө тавьсан зорилго, алсын хараа гэдгийг тэдэнтэй ярилцах зуураа ойлгосон юм. Үүний тод илрэл нь тэдний ресторан нээгдсэн жилдээ л 1.5 тэрбумын орлоготой ажиллаж, жил бүр 15 хувийн тогтвортой өсөлтийг үзүүлж байна.

Ресторан нээгдсэн жилдээ л 1.5 тэрбумын орлоготой ажиллаж, жил бүр 15 хувийн тогтвортой өсөлтийг үзүүлж байна.

 

“Чойжин темпл” 2016 оны 11 дүгээр сараас ажиллаж эхэлсэн ч албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа нь 2017 оны нэгдүгээр сард хийжээ. Тэдэнд байршлын давуу тал өндөр нөлөө үзүүлсэн. Ё.Байгал нээлтийн зарлалаа сошиал хуудсуудаар түгээхийн зэрэгцээ, нээлтийн урилгаа ойр хавийн оффисуудад өөрөө хүргэсэн нь хэрэглэгчийг татах анхны маркетинг болов. Улмаар нээлтийн өдөр багтах зайгүй үйлчлүүлэгчтэй байв. Тэрбээр хэлэхдээ “Энэ нь эргээд харахад зөв маркетинг болж чадсан” гэв. Маргаашнаас нь л утас завсар зайгүй хангинаж, захиалга хөвөрчээ. Өдгөө Форбесын Улаанбаатар хотын зоогийн газруудын жагсаалтын Топ гуравт эрэмбэлэгдэж байна.

Ийнхүү Ё.Байгал болон Д.Тайван нар амжилтай ажиллаж байгаа шалтгаанаа гадаадад ижил түвшний ресторанд ордог заншил нь том нөлөө үзүүлсэн гэж ярьдаг. Тухайлбал, VIP өрөөг захиалсан зочид урд хаалгаар бус тусгай хаалгаар үйлчлүүлэх нь тэдний маркетингийн нэг хэсэг. Мөн өөрийн байршлаас эргэн тойронд 500 метрийн орчинд хүргэлттэй. Сурталчилгаа болгож Bloomberg телевизийн нэвтрүүлгийн зураг авалтыг хийлгэх, долоо хоног бүр “Special” цэс гаргах, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах замаар маркетингаа солонгоруулсаар байна. Яг одоогоор Зул сарын баярт зориулсан Итали кофен үдийн цайны идэвхижүүлэлт дээр ажиллаж, дарсны компанитай хамтран хоол ба дарсны зохицлыг таниулсан өдөрлөгөө хийж байна. Тэр бүр супермаркетуудаар зарагддаггүй, зэрэглэл өндөр дарсыг тэд цэсэндээ оруулдаг нь үйлчлүүлэгчид “Чойжин темпл”-ийг зорих нэг шалтгаан болдог тухай үйлчлүүлэгчид нь онцолж байлаа.

Түүнчлэн Ё.Байгал, Д.Тайван нар дуудуулаад ирдэггүй зөөгч, үйлчлүүлэгчийн мэдрэмжийг ойлгодоггүй байдал зэрэгт хатуу хяналт тавьдаг. Энэхүү хоол буюу эцсийн бүтээгдэхүүн нэг бүрчлэн хэрэглэгчдэд хүргэх дундын хяналтыг хоёр менежер хариуцна.

Үйлчилгээний байгууллагад хүний нөөц хамгийн тогтворгүй байдаг. Харин эднийх ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдэх бодлого барьдаг хамгийн тогтвортой ажлын байртай гэж хэлж болно. Байр, машины урьдчилгааг нь хүүгүй зээлээр олгож, ажилтнаа сэтгэл ханамжтай, тайван ажиллах баталгаа өгнө. Нэгнийхээ тэмдэглэлт өдрийг алдалгүй хамт олноороо тэмдэглэдэг нь энэ хамт олны онцлох бас нэг шинж юм. Хамгийн сонирхолтой нь байгууллагадаа эерэг хандлагыг бүрдүүлж, хүнээ хөгжүүлэхийн тулд багш, холбогдох зөвлөхүүдийг тогтмол урьж, ажилтнуудынхаа зөв хандлага, харилцааны соёлыг дээшлүүлэхэд анхаарч, сэтгэл зүйг дэмжих яриа өрнүүлдэг. Энэ нь тус рестораны удирдлагууд “Хүн эерэг зөв сэтгэлтэй байж, эрдэнэт хүний биед шингэх хоол хүнсийг бэлтгэнэ” гэж үздэгтэй холбоотой юм. Энэ мэт дотооддоо эерэг уур амьсгалыг бүрдүүлэх олон арга хэмжээг авч, хэрэгжүүлсээр байна. Энэ талаар Ё.Байгал “Хоолны амт чанар урт хугацаанд байнга тогтвортой байх нь маш чухал. Өмнө нь амсуулсан амт, үйлчилгээ яг л хэвээрээ, танил, дотно байх ёстой. Ажилтан ажилдаа дуртай, сэтгэл ханамжтай байвал үйлчлүүлэгчдэд яг тэгж ханддаг” гэлээ.

Хэзээ ч моодноос гардаггүй хоолны бизнест байр сууриа эзлэн, түүнийгээ баталгаажуулсаар байгаа тэдний амжилтыг үнэлэн саяхан Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбооноос “Алтан тулга 2019” наадмаас Монгол Улсын Шилдэг ресторанд өргөмжилжээ. Гаргасан амжилтаараа урамшиж яваа тэд хоёр дахь салбараа Зайсан дахь Голден Будда цогцолборт лоунж, ресторан хэлбэрээр нээхээр ханцуй шамлан оржээ.

“Чойжин темпл” рестораны Захирал Ё.Байгал, Ерөнхий тогооч Д.Тайван нар

Ийнхүү Ё.Байгал, Д.Тайван хоёртой ярилцан суух хооронд захиалсан хоол Marrow risotto маань ч ирлээ. FineDine зэрэглэлийн рестораны Европ тогоочдын цэмцгэр таваглалт. Бас тавагны нүсэр хэлбэр, тансаг байдлыг дурдахгүй өнгөрч боломгүй. Пармезан бяслаг, чөмгөөр амталсан онцгой сортын “Арборио” будаан дээр үхрийн гол мах, бүрж шарсан чөмөг тавьсан байв. Үхрийн гол маханд rose marine, ганг өвсний амтлагчийг шингээжээ. Махны хажууд тусгай аргаар шарж, хэрчсэн улаан лооль, түүлс буюу хүрэн манжингийн шүүсээр зуурч хийсэн тор хэлбэрийн чипс тавьсан нь дизайнтай, илүү үнэ цэнэтэй харагдуулна. Мөн уг хоолонд өндөг болон чөмөгтэй шөл, түүнд дүрж идэх хатаасан талх дагалдлаа. Дашрамд энэ бүх чимэглэл, хоолны хачир, тоорт, зайрмаг сэлт амттанг өөрсдийн гараар бэлтгэдэг байна. Бэлэн бүтээгдэхүүн нэг ч үгүй ажээ.

Зөөгч уг хоолонд “Malbeс” сортын усан үзмын хагас хуурай улаан болон цагаан дарс төгс зохицдог тухай зөвлөн, авчирч өгөв. Хурц содон үнэртэй, жижиг ширхэгтэй танин, нил цэцэг болон хар интор, чавга, шоколад бүхий тансаг бүтэцтэй, бүрэн жимслэг амттай дарс байв. Энэ дарс “чөмөгтэй ризотто”-ийн аманд ороод уусах мэт зөөлөн, тослог амттай яг таг нийцэж байлаа.

Хэдэн цаг суусныг минь ч үл анзааруулах тухтай орчин Choijin Temple! Одоо ч амт нь мэдрэгдэх энэ өдрийн зоог ой тойнд үлджээ, Marrow risotto!

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 4.00 out of 5)
Loading...
С. Баярмаа

Тахлын дараах бизнесийн ертөнцийн өөрчлөлт

Өмнөх нийтлэл

Хөгжлийг товчлох ногоон хувилбар

Дараагийн нийтлэл

2 Сэтгэгдэл

  1. Яасан худалч юм, хамгийн хогийн хоолтой газар шт

    1. Эерэг бай л даа, дандаа л бие биеэ доош нь унагаах гэж зүтгэх юм. Тэгээд ч хоол нь ярих юмгүй амттай

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur