Uncategorized @mn

Хөгжлийг товчлох ногоон хувилбар

0
"Ультрасоник" компанийн ерөнхий захирал Б.Чимэгцэцэг

Герман хэлээр зохиол бүтээл бичиж, дэлхий нийтийн хүндлэлийг хүлээсэн зохиолч Чинагийн Галсан нийслэлээс зайдуу 150 ам метр амины орон сууцанд төвхнөж, халаалтын асуудлаа нүүрсээр галладаг зуухны тусламжтай шийджээ. Гэтэл энэ нь үр ашиг багатай шийдэл болох нь удалгүй анзаарагдаж эхэллээ. Нүүрс өөрөө агаартай исэлдэж шатдаг учир тааламжгүй үнэр ялгаруулдгаас гадна байнга хувингаар нүүрс утган хийж бараг л кочегар буюу галч болон хувирч байсан тул үүнийг хөнгөвчлөх үүднээс тэр цахилгаан зуух руу шилжив. Халаалтын асуудлаа ингэж нэг шийдлээ гэж санаа амарч байтал сар тутмын урсгал зардал маш өндөр гарч эхлэх нь тэр. Ингээд Ч.Галсан гуай өөр шийдэл эрэлхийлж яваад танилынхаа гэрт байсан Германы Stiebel Eltron фирмийн шөнө дулаан хадгалагч халаалттай танилцсанаар хэдэн жил салж чадаагүй мөнөөх асуудалдаа сая нэг цэг тавьжээ. Шөнийн цагаар дулаан нөөцөлж, нөөцөлсөн дулаанаараа өглөөнөөс үдэш хүртэл гэрийг дулаан байлгадаг учраас ашиглалтын зардал нь эрс буурч, үр дүнд нь гэрт ая тух бүрдэн зохиолч маань сэтгэл хангалуун үлдсэн байна. Тооцож үзэхэд ашиглалтын зардал энгийн цахилгаан халаалтаас 3-4 дахин бага гарч байж. Энэ бол ногоон технологийг ашиглан эрчим хүч хэмнэж, хүлэмжийн хий ялгаруулахгүй буюу байгаль орчинд ээлтэй шийдлийг энгийн нэг алхмын тусламжтай амьдралдаа нэвтрүүлсэн зөвхөн ганц жишээ.

“Монголчууд бид нүүрс, зуух, түлш гэсэн нэмэгдхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй зарчмаар явж өдий хүрлээ. Энэ бол “А” хувилбар. Харин одоо “Б” хувилбарт шилжих цаг ирчихлээ. Хэрэв ингэж чадвал бидний өмнө тулгамдаад буй хоёр том асуудал болох агаар, хөрсний бохирдлоосоо богино хугацаанд салах боломжтой” хэмээн “Ультрасоник” компанийн ерөнхий захирал Батмөнхийн Чимэгцэцэг хэлж байна. Үнэхээр ч шинэ зуун гарснаас хойш 20 он улирахад Улаанбаатар сайн, сайр аль аль талаараа эрчимтэй хувьсан өөрчлөгдөж, барилгажих үйл явц хаа сайгүй өрнөн, өндөр шилэн барилгууд сүндэрлэж орчин үеийн хотын төрхийг аажмаар олж буй хэдий ч дэлхийн жишигтэй хөл нийлүүлэх гол гарц болох ногоон технологи, ногоон шийдлийн тухайд дорвитой алхам хийхгүй явсаар өнөөдөртэй золгожээ. Энэ талаар Б.Чимэгцэцэг “Манай бизнес эрхлэгчид  инженерингийн шийдэл, дэд бүтэц, халаалт, халуун ус, бохир, цэвэр усны тоноглолууд гэх зэрэг барилгын артер, венийн судас болсон амин чухал зүйлдээ анхаарал хандуулдаггүй. Үүний оронд барилгын гадна хийц, бүтээц зэрэг өнгөн талаас гоё харагдах байдалд илүү анхаарч байгаа нь ажиглагддаг” гэлээ.

Системийн шинэчлэлийг бид хурдан хийж чадвал хөгжлийг товчилно. Хөгжлийг товчилсноор ард иргэдийн амьдрал ногоон болж, ая тав тухаар хангагдаж, амьдрал чанаржина.

Өнгөрсөн 20 жилийн турш “Ультрасоник” компани ногоон технологи, инновацийн чиглэлээр тэргүүлэгч Европын орнуудаас шугам хоолой, халаалт, халуун усны төхөөрөмж, дулаан, цахилгааны тоолуур зэрэг оффис, орон сууцанд шууд авч ашиглах боломжтой цогц шийдлийг түгээж буй. Энэ бүхнийг улам хүчирхэгжүүлэх ажлыг  гардаж буй Б.Чимэгцэцэг оффисынхоо кофе шоп болгон засаж тохижуулсан саруулхан танхим дахь ширээний ард суугаад “Биднийг хэт авианы зарчимд тулгуурлан ажилладаг дулааны тоолуур хэмжих хэрэгслийг анхлан оруулж ирж байхад Монголд механик ажиллагаатай, учир дутагдал ихтэй импульсийн тоолуурыг өргөнөөр ашигладаг байсан. Харин одоо нийтээрээ шахам ультрасоник зарчим руу шилжиж чадсан. Компаниа хэт авиа буюу “Ультрасоник” гэж нэрлэсэн маань ч үүнтэй холбоотой” хэмээн инээмсэглэн өгүүлэв. Энэ үед дотоод засалд нь цагаан өнгө зонхилсон цэлгэр танхимд эгшиглэх сонгодог хөгжмийн аяз, аяган дахь кофены үнэртэй хослон биднийг ажил хэрэгч гэхээсээ илүү энгийн нэг танилууд ширээний ард суун ярилцаж буй мэт уур амьсгалыг бүрдүүлэх ажээ.  

Тогтолцоо, технологи, сэтгэлгээний хувьд асар зөрүүтэй Герман, Монгол хоёр улсын хооронд гүүр болно гэдэг асар бэрхшээлтэй. Байгууллагууд тэдэнд хандсаны дагуу урт хугацааны тооцоо, судалгаа хийж, хөдөлмөр зарцуулчихаад байхад цаад талаас гэнэт л “Танай бүтээгдэхүүн, үйлчилгээ үнэтэй байна” гэсэн ганцхан хариулт хэлээд бүх зүйлийг нураах энүүхэнд. Энэ тухай Б.Чимэгцэцэг “Манай бизнес эрхлэгчид  ажлаа төдийлэн оновчтой төлөвлөдөггүй.  Төлөвлөлт хийсэн байлаа ч санхүү мөнгөтэй холбоотой байдаг уу, намар орой, анхны цас орсны дараа ачаалал ихэссэн үед бидэнд олноороо ханддаг. Бусад үед алгуурхан болчихно. Ер нь монголчууд аливааг баримжаалж, тоймлох маягаар болно доо, ингэнэ дээ, тэгнэ дээ гэсэн төлөөний үгүүдийг асар их хэрэглэдэг. Гэтэл эсрэгээрээ зуны урин дулаан цагт төлөвлөлт, угсралтаа хийдэг тогтолцоотой байх ёстой. Тухайлбал, бүтээгдэхүүнээ экспортлогч Герман улсад гэхэд ийм ойлголт огт байхгүй. Технологио ойлгоно, сонголт хийнэ, мэдээж хэрэг нэг нэгнээ хуурахгүй, тэгээд тооцоо бодуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн л бол түүгээрээ явдаг. Тиймээс манай хамт олон кофе шоп болгон тохижуулсан энэ танхимдаа дотоодын харилцагчид болон салбарын мэргэжилтнүүдэд технологио ойлгуулж, зөв сонголт хийхэд нь туслах зорилгоор сургалт, семинар тогтмол зохион байгуулж байна. Ингээд бүтээгдэхүүн, технологийн талаар зөв ойлголт авсан гэж үзвэл итгэлцлийн гэрээ байгуулж, улмаар дараагийн шат руу шилждэг болсон” гэв.

Эмэгтэйчүүд маань дараагийн алхам болох салбарыг бүхэлд нь удирдах, бүр цаашлаад улсыг удирдах цаг хол биш гэж хардаг. 

Тун саяхан Улаанбаатар хотноо зохиогдсон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах тухайд хэлэлцсэн “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт” олон улсын чуулганд тэрбээр компаниа төлөөлөхөөс гадна Улаанбаатар хотын худалдааны танхимын УЗ-ийн гишүүний хувиар оролцож ногоон хөгжлийн талаарх өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21 дүгээр бага хурлаас гаргасан Парисын хэлэлцээрт өдгөө 200 орчим улс нэгдээд байгаагийн нэг нь Монгол. Энэ хүрээнд бид хүлээсэн үүргийнхээ дагуу ногоон хөгжлийг цогцлоон, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах чиглэлээр идэвхтэй ажиллаж 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулна гэж мэдэгдсэн билээ. Энэ бүх дэлхий нийтийн чиг хандлага болоод Монгол Улсын алсын хараа “Ультрасоник” компанийн зорилго, зорилттой нэг цэгт давхцаж буй.

“Манай компани анх байгуулагдаж байх үед (2001 он) амьдралын чанар гэж ярихад хэн ч ойлгодоггүй байсан. Тухайн үеийн Монголд ногоон технологи гэж байгаагүй. Харин өнөөдөр хүмүүс амьдралын чанар, ая тав тухын эрэлд гардаг болсон байна. Ер нь аливаа улс орны хөгжлийн хэмжүүр ард иргэдийнх нь амьдралын чанараар л тодорхойлогддог. Өнгөрсөн 20 жилээ дүгнэвэл манай улс дандаа хүрэн шийдэлд тулгуурласан ашигт үйлийн коэффициент муутай, байгаль орчинд сөрөг нөлөөтэй, эдийн засгийн хувьд алдагдалтай ийм л шийдэл, технологиудыг ашиглаж ирсэн. Гэтэл энэ цаг үе биднээс огт өөр зүйл шаардаж байна. Дэвшилтэт технологид суурилсан системийн шинэчлэл хийх цаг үе Монгол Улсын өмнө ирлээ. Уг шинэчлэлийг бид алив түргэн хийж чадваас хөгжлийг товчилно. Хөгжлийг товчилсноор ард иргэдийн амьдрал ногоон болж, ая тав тухаар хангагдаж, амьдрал чанаржина. Системийн шинэчлэлд ногоон ойлголт чухал. Бид нийтээрээ ногоон ойлголттой болж байж энэ шинэчлэлийг хурдасгана” гэж Б.Чимэгцэцэг тодотголоо.

Систем ба сэтгэлгээний шинэчлэл

Өдгөө зөвхөн нийслэлд гэхэд л хэдэн мянган уурын зуух ажилласаар байгаа. “Ультрасоник” компанийнхан эдгээр уурын зуухыг сэргээгдэх эрчим хүч, дулааны насосоор солигдоосой гэж хүсдэг. Гэвч иргэдийн дунд эрчим хүч хэмнэх, хэрэглээгээ хянах ойлголт дутмаг байгаагаас дэвшилтэт технологийн шийдэл, дулааны тоолуур зэргийг ашиглахгүй байгаа гэдгийг тэд тайлбарлаж байна. Хуучны барилгуудад тоолуур тавих нөхцөл хангагдаагүй, босоо тогтолцоотой байдаг нь ногоон хөгжлийг сааруулж буй өөр нэг шалтгаан юм. Харин сүүлийн үеийн барилгууд дэд бүтцийн хэвтээ системтэй учраас тоолуур тавих нөхцөл бүрдэж эхэлжээ.

“Ногоон технологийг нэвтрүүлснээр эрчим хүч хэмнээд зогсохгүй тухайн барилгын насжилт уртсаж, цаашдын хэрэглээнд ч хэмнэлт авчирдаг. Нэг удаагийн худалдан авалт хийгээд л  урсгал, их засварын ажилд дахин зардал гаргах шаардлагагүй болдгоороо онцлог” хэмээн тус компанийн ерөнхий инженер Ж.Хуягбаатар тодотгож байна. Сэргээгдэх эрчим хүчний нэн шинэ үеийн шийдэл болж дэлхий дахинд нэвтрээд буй орчны агаарын дулаанаас сорж, тэрхүү халуун агаараар усыг халаах зарчмаар маш бага цахилгаан зарцуулан ажилладаг бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд оруулж ирсэн гээд “Ультрасоник” компани дагнан ногоон технологийг хэрэглэгчдэдээ санал болгож буй. Дараах гурван шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд ногоон технологи гэж үздэг байна. Нэгдүгээрт, байгаль орчинд ээлтэй буюу хүлэмжийн хий ялгаруулдаггүй, хоёрдугаарт, эрчим хүчийг хэмнэдэг, гуравдугаарт, эдийн засгийн үргүй зардлуудыг арилгах буюу ашигт ажиллагаа сайтай байх юм.

“Ам метрээр тооцож үзвэл манай улсад дулааны төлбөр маш хямд учир хүмүүс хэмнэж мэдэхгүй байна. Хэзээ хөгжил ирж, хэмнэх ойлголтод суралцах вэ гэхээр үнэ тарифууд зах зээлийнхээ жамаар өсч, чөлөөлөгдөх ёстой. Цахилгаан, дулаан, усны үнэ өсөөд ирвэл хүмүүс хэрэглээгээ хянаж эхэлнэ. Эндээс хэмнэлтийн тухай ойлголт бий болно. Барууны өндөр хөгжилтэй улс оронд бүгдийг нь чөлөөлчихсөн учир үнэ тариф асар өндөр. Энэ ч утгаараа иргэд нь цахилгаан, дулаан, усны тоолуур тавьж, хэрэглээгээ хянадаг” хэмээн тус компанийн ерөнхий захирал өгүүлж байна. Мөн Монгол Улс 1960, 70-аад оны хуучны стандартаа мөрдсөөр байгаа нь ДЦС-уудын дулаан дамжуулах систем өндөр алдагдалтай ажиллахад хүргэж, энэхүү алдангиа улс татвар төлөгчдийн халааснаас авах замаар нөхөж байгааг тэр учирлав. Тиймээс системийн шинэчлэл хийж тогтолцооны хувьд өөрчлөгдөх шаардлагатай байгааг тэр ахин дахин онцолсон юм. Тухайлбал, ДЦС-аас 130 хэмтэй гарсан дулаан эцсийн хэрэглэгчид ирэхдээ 90 хэмд хүрсэн байдаг буюу 40 хэмийн зөрүү тооцогдож, энэ бүрт их хэмжээний алдагдал гарч, хэмнэлт гэх ойлголтоос улам бүр алсарсаар байгаа. Энэ нөхцөл байдлыг сайжруулахын тулд салбарын мэргэжилтнүүд нэн даруй инженерингийн цогц бодлого бүхий баримт бичгүүдийг яаралтай эмхлэн бүрдүүлэх шаардлагатай гэдгийг тодруулж байна. 

Одоогоос 10 гаруй жилийн тэртээ Б.Чимэгцэцэг компанийнхаа бүхий л үйл ажиллагааг гардан удирдах сонголтгүй сонголттой нүүр тулж байв. “Ультрасоник” компанийг үүсгэн байгуулж, төдийгөөс өдий хүртэл ерөнхий дүр зургийг босгон, үйл ажиллагааг зангидан авч явсан нөхрийнхөө бизнесийг цааш үргэлжлүүлэх хариуцлагатай, амаргүй үүрэг Б.Чимэгцэцэгийн нуруун дээр буужээ. Тэгэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн харъяа “Сэлэнгэ” амралтын баазыг шинэчлэн, уурын зуухыг халж, оронд нь шинэлэг тоног төхөөрөмж суурилуулж, ашигт ажиллагаа руу шилжүүлэх томоохон тендерт шалгарч, гэрээ байгуулаад байсан үе таарч. “Анхны даваа “Эрдэнэт” үйлдвэрийн “Сэлэнгэ” амралтын газрын дэд бүтцийг шинэчлэх томоохон ажлын ард би залуу, ажилсаг, хөдөлмөрч хамт олныхоо хамтын хүчээр гарч чадсан” хэмээн тэр энэ тухай бахархан өгүүлэв. Үнэндээ тэр уг төслийг амжилттай гүйцэтгээд зогсохгүй бүр давуулан биелүүлсэн гэдэг. Ийнхүү тус амралтын бааз герман технологийн тусламжтай үр ашигтай ажилласаар нэгэн арваныг үдээд байна. Үүнээс гадна “Ультрасоник” компани нийслэл болон орон нутагт хэрэгжсэн олон бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулжээ. Тухайлбал, “Нүхт виллаж”,  “Мандала” хотхон, “Орчлон” сургууль, Japan Town, River Garden зэрэг төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллахын зэрэгцээ Төв аймгийн Бүрэн, Булганы Тэшиг суманд цэвэрлэх байгууламжийн шинэлэг шийдлийг суурилуулсан зэргийг дурдаж болно.  

“Ультрасоник” компани Европын тэргүүлэгч фирмүүдийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлж буйн дотор Германы 95 жилийн түүхтэй Stiebel Eltron фирм багтаж байна.

Тэд Aquatherm, Stiebel Eltron, Landis+Gyr, EMH Metering, MTE, SAER, Bergmann зэрэг Герман, Швейцарь, Италийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн фирмүүдийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж, үүгээрээ дамжуулан монголчуудын амьдралыг чанаржуулах, агаар, хөрсний хоёр бохирдлын эсрэг хувь нэмрээ оруулахын төлөө цуцалтгүй, нэгдсэн зорилготой ажиллаж ирсэн юм. Гэвч бүхэл бүтэн улсад нэг компанийн нөлөөллийн ажиллагаа хангалтгүй. Үүнийг төрийн бодлого, шийдвэр, түүний хэрэгжилттэй хослуулах замаар л улс орныг бүхэлд нь хамарсан ажил болгож чадах юм. “Монгол Улс нэгдэх цаг нь ирсэн. 100 сая хүн амтай улс орнуудад хүмүүс корпораци болж нэгдэн ажилладаг. Гэтэл манайх үүнээс хэд дахин цөөн хүн амтай атлаа ганц ганцаараа ажиллаад байна шүү дээ. Энэ бүхний ард бүтээмжгүй, төлөвлөсөн бүхэн нь биеллээ олдоггүй хэвээрээ л байна. Бүхий л салбарт ийм байна. Энэ байдлыг халж, томоохон корпораци болж нэгдэн ажиллах хэрэгтэй”. Б.Чимэгцэцэг ингэж хэлээд цааш үргэлжлүүлэн “Урт хугацааны хөгжлийн гол үзэл баримтлал бол дагуул хотуудыг олноор бий болгох. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй. Ийм төлөв байдал нь хөгжлийн өвөрмөц концепц боловсруулах хөшүүрэг болж байна. Технологийн эрин зуунд төвлөрсөн системээс аль болох татгалзаж, айл өрх, албан байгууллага бүр бага оврын технологиудыг тус бүртээ ашиглах нь оновчтой. Ингэснээр дундын ашиглалтын зардлыг халж, хэрэглэгч бүхэн өөрийн зардлыг алган дээрээ хянах боломжтой бөгөөд өмч хувийн эзэмшилд байх давуу талтай. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд бүгд ийм жишгээр хөгжиж байна. Өөрөөр хэлбэл, шинээр бий болох дагуул хотуудын дэд бүтэц төвлөрсөн тогтолцооноос ангид байх цаг үе нэгэнт ирчихлээ” хэмээн онцлов.

Европт харилцагч байгууллагуудынхаа сургалт, семинарт сууж байхдаа Б.Чимэгцэцэг ихэвчлэн хижээл насны эрчүүд тэнд байгааг олонтаа ажиглажээ. Тэрбээр танхим дахь цор ганц эмэгтэй оролцогч байх тохиол цөөн бус гарч байв. Харин Европоос Монголд ирвэл байдал тэс өөр. Энэ талаар Швейцариас сургалт орохоор ирсэн хоёр мэргэжилтэн Б.Чимэгцэцэгээс гайхан асууж байсан удаатай. Монголд сургалт, семинар зохион байгуулахад танхим дүүрэн залуу эмэгтэйчүүд сууж байдаг учраас тэр. “Монгол эмэгтэйчүүд эрчүүдтэй эн зэрэгцэнэ үү гэхээс дутахгүй. Тиймээс эрчим хүч, барилга гэх мэт хүнд салбарт эмэгтэйчүүд их ажиллаж байна. Гэр бүлийн хүн маань нас барж, би бүх ажлыг гардан авч, Швейцарьт анх очиход тэндхийн түнш маань тун их гайхаж билээ. Тэгсэн хэр нь бүтээгдэхүүнийг нь амжилттай борлуулаад байдаг. Дараа нь тэр швейцарь хүн надад “Монгол бүхэлдээ эрэлхэг бүсгүйчүүдийн орон юм байна” гэж хэлж байсан нь мартагддаггүй. Монголын эмэгтэйчүүд маш хүчирхэг, сэтгэлийн хаттай, тэвчээртэй, дайчин учраас энэ хүнд салбаруудад тэргүүлэх байр сууринд ажиллаж байна. Тийм ч учраас эмэгтэйчүүд маань дараагийн алхам болох салбарыг бүхэлд нь удирдах, бүр цаашлаад  улсыг удирдах цаг хол биш гэж хардаг. Эмэгтэй хүн өөрөө маш гярхай, аливаа бизнест маш болгоомжтой ханддаг. Дээр нь хариуцлагатай, зарчимч байдаг учраас бизнесийн салбарт, тэр дундаа манлайлах, удирдахуйн, засаглалын үйл явц руу идэвхтэй ороосой гэж хүсдэг” гэж тэрбээр цохон тэмдэглэлээ.

(Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2019 оны 12 дугаар сарын дугаар (№13) -т нийтлэгдсэн болно)

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

БИЗНЕС ЯГ ИЙМ АМТТАЙ

Өмнөх нийтлэл

“Дижитал” шилжилт хийхэд бэлэн үү?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.