1

“Дельта констракшн” нь 1175 гаруй ажилтан, 100 гаруй инженертэй. IV ТЭЦ-ийн зуухны шинэчлэлтийн ажил, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны бүтээн байгуулалтын 50 хувийг дангаараа гүйцэтгэсэн. Токио таун, Кристал таун 1, 2, Төрийн орон сууцны хороолол зэрэг бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэжээ.

Ц.Эрдэнэбат “Дельта констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Монгол улсын гавъяат барилгачин

Би Улаанбаатарт ирсэн шөнөө эхнэр, хүүхдүүдээ унтсан хойно хайрцаг тамхи дэргэдээ тавьж байгаад хэдэн цаас өөртөө дөхүүлсэн. Хэдий ЗХУ-д барилгын инженерээр төгсөөд, нутаг орондоо мэргэжлээрээ ажиллачихсан байсан ч тухайн үед Улаанбаатар хотын барилгын компаниуд хэний ч танихгүй инженерийг “Инженер”-ээр нь ажилд авдаггүй байв. Тиймээс л юу хийж, хоолоо олж идэх тухайгаа бодож, хийж болох ажлуудын  жагсаалт бичсэн. Төв шуудангийн хажууд тамхи ширхэглэхээс эхлүүлээд, Борнуураас ногоо зөөж, зах дээр зарах гээд л хийж болох 100 гаруй ажлын хувилбарыг сийрүүллээ. Шөнө дундаа орж байхад эдгээр саналаа дээрээс нь дахин нягтлан, дарж эхэлсэн юм. Ямар ч байсан инженер хүн учраас тамхи ширхэглэж, ногоо зарахгүй. Танил талгүй учраас төрийн байгууллагад ажилд орно гэдэг угаас бүтэхгүй гээд л хайр найгүй хассан. Үлдсэнийг нь дахиж цэвэр цаасан дээр хуулж бичээд хартал хорин санал үлдсэнээс бүгдэд нь барилга гэдэг үг орсон байсныг тэр үед л анзаарсан юм. Амьдрал, мэргэжил хоёр нь салшгүй холбоотой гэдгийг ойлгосон хэрэг л дээ.

Тэгээд хамгийн эхний хувилбарынхаа дагуу барилгын компанид хамгийн хахир хатуу гэсэн инженер дор юу ч хамаагүй хийж, сурч, зүтгэхээр шийдсэн юм. Гол ажил хэрэг авч явдаг инженерүүд ийм төрлийн араншинтай байсан юм л даа. Ингээд МУ-ын зөвлөх инженер н.Бэхбат, Ч.Шуушингаа, н.Багаа нарын доор гурван жил ажилласан. Энэ бол барилгын салбарт өөрийгөө таниулах, хүлээн зөвшөөрүүлэх цор ганц арга байсан.

Одоогоос арван долоон жилийн өмнө Дельтаг байгуулахдаа хамгийн анх IV цахилгаан станцийн төсөлд Багаа инженерийн “Сигма констракшн”-тай хамтарч оролцсон нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх зорилгын маань эхлэл болсон.

Энэ хооронд чемоданаа үүрээд, хүүхдүүдээ дагуулан умгар түрээсийн байранд амьдарч байсан үе бий. Туршлага дутсанаас цэвдэгтэй хөрсөн дээр барилга бариад, өрөнд орсон юм. Улаанбаатарт ирээд арай гэж 30 хувийн урьдчилгаа төлж авсан хоёр өрөө байр, унаж байсан jeep машинаа зарж энэ өрөө барагдуулан дундалж байв. Энэ их өрнөөс өндийж чадах уу л гэж бодож байлаа. Гэсэн ч хоёр жилийн дотор багагүй ашигтай ажиллаж, өрөө бүрэн төлж барагдуулж байжээ.

Өнөөдөр бидний бүрэлдэхүүнээс гарсан 47 компани бий болжээ. Ямар нэгэн болохгүй зүйл байсан бол дэлхий хөгжихгүй байх байсан. Бүтэхгүй, болохгүй зүйл гэж байхгүй. Бүтээж чадаж байна уу, үгүй юу гэдэг л асуудал бий. Бизнес эрхлэгчдийн хамгийн том алдаа нь алдахгүй гэсэн сэтгэлгээ. Алдчих вий гэж суувал бизнесийн хүн биш. Мөрөөдлөө урдаа тээгээд өөрийгөө цэнэглэдэг хүн байхад, бэрхшээлээ өмнөө овоолчихдог хүмүүс бас байна. Бэрхшээлээ бус мөрөөдлөө урдаа тээдэг байгаасай. Харин хөгшин хүн цагийн аясаар гал нь унтраад хаширладаг. Ийм зүйлийг би насандаа оруулахгүйг хичээж, залуучуудаасаа суралцаж явна.

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Б.Цээсүрэн: Хүн бодит ажил, тохиолдол дээрээс хамгийн үнэтэй туршлагыг олж авдаг

Өмнөх нийтлэл

Тархи судлалыг байгууллагын менежментэд ашиглах нь

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. Зорилгоо зөв тодорхойлох нь авилаа амжилтын эхлэл юм. Мундаг хөдөлмөрч ЗОРИЛГО доо үнэнч байснаар их амжилтыг эхлүүлжээ энэ ах.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох