0
“Захирал дуудаж байна” гэсэн үг тань ажилтнуудад айдас, түгшүүр бус урам, зориг төрүүлдэг байхын тулд юунд анхаарах ёстой вэ?

Дээр үед нэгэн байгууллагад менежментийн жишиг загварчлал танилцуулж, түүн дээрээ тулгуурлан нөхцөл байдлын үнэлгээ хийж өглөө. Санал шийдэл олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн сайн дураар гэрээнээс гадуурх ажил нэмж хийж байгаа санаа нь. Нөхцөл байдлын үнэлгээний оноо тааруу байгааг хараад “Манай байгууллагыг ингэж үнэлж байгаа юм уу?” гээд ундуйцсан байдлаа илэрхийлж, тухайн үед дэвшүүлсэн санал шийдлийг огт хүлээж аваагүй юмдаг. Санал шийдэл дэвшүүлээд “илүү зүйлд хошуу дүрлээ, би мэдэж байна!” гэх мэт хариу сонссон тохиолдол цөөнгүй учирч байжээ.  

Чин сэтгэлээсээ сайжруулах санал дэвшүүлж байхад “Яагаад ингэж дургүйцдэг юм бол?” хэмээн сонирхож судлахад хүргэсэн. Менежмент, манлайлал, коучинг, тархи судлал, биологийн ухаанаас хариуг нь хайх тусам тархи судлалын дараах зарчмууд миний анхаарлыг ихээхэн татсан юм. Эдгээр зарчмыг ухаарч ойлгосноос хойш үл ойлголцол, маргаан үүсэх тохиолдол багасаж, санал шийдэл илүү дэмжигдэж эхэлж байна.

Танд туршиж үзэх хүсэл төрж байна уу?

Захирал нь ажиллагсдаасаа, ажиллагсад нь захирлаасаа дэмжлэг авч, цаашлаад гэр бүл, найз нөхөд болон нийгмийн харилцаандаа эерэг нөлөөлөл, сайн сайхан үр дүн авчрахад тустай болов уу гээд дараах таван зарчмыг хуваалцаж байна.

Аюулгүй орчин буюу гэр бүлдээ туршиж, дадлагажисны дараа албан ажлын харилцаандаа сурсан зүйлээ нэвтрүүлж эхлэх нь зүйтэй болов уу. Аюулгүй орчинд ийнхүү эхлээд дадлагажих нь “Хэрэгжүүлэхэд хэцүү юм байна лээ” гээд шантрахаас сэргийлэх давуу талтай.

Таны тархины хамгийн чухал үүрэг юу вэ?

Тархины хамгийн чухал үүрэг бол таныг амьд байлгах, аюулаас хамгаалах. Шинэ санал хүлээн авч, хэрэгжүүлж, өөрийгөө өөрчилж, хөгжин дэвших нь тархины үүрэг биш. Гэхдээ энэ бүхэн нь таныг амьд байлгах, аюулаас хамгаалах цөөн аргын нэг бол та өөртөө болон бизнестээ өөрчлөлт хийх ажлыг эрхэм чухалд тооцож, эрч хүчээ зориулах болно. Манайхан гарах гарцгүй болсон үедээ зөвлөхүүдэд хандах талтай байдаг нь энэ юм болов уу.

Соёл иргэншсэн нийгэмд хүний энэхүү амьд байлгах, аюулаас хамгаалах өгөгдөл яаж илэрдэг бол?

  1. Хүн өөрийгөө өмгөөлж, хамгаалах нь ухамсаргүйгээр, автоматаар хийдэг үйлдлийн нэг. Хурал дээр бодит байдлыг гуйвуулан ярих нь аюулд өртөхгүйн тулд авч буй арга хэмжээ болохоос “худал хэлэх гэсэн дээ, байгууллагадаа сэтгэлгүй дээ” хийж байгаа үйлдэл биш юм. Тэгэхээр аливаа мэдээлэл дамжуулахдаа, санал бодлыг нь асуухдаа тухайн хүнд хэрхэн “аюулгүй” мэдрэмж төрүүлэх вэ гэж бодож тунгаах нь хамгийн чухал асуудлын нэг болж байна.
  2. Хүн ганцаараа амьд үлдэхгүй гэдгээ хувьслын шалгуураар яс махандаа шингэтэл ойлгочихсон. Овог, аймагт харъяалагдах, тэдэндээ гадуурхагдчихгүй байх нь дахиад л амьд үлдэхийн төлөө тэмцэл. “Homo Sapiens: Хүн төрөлхтний товч түүх” номонд хүний хэл яриа одоогийн өндөр түвшинд хөгжсөн гол шалтгаан бол хов сайн ярьсных хэмээн бичжээ. Хов ярьж байгаа нь овог, аймагтаа харъяалагдах, багтаж шингэх гэсэн биологийн хэрэгцээний илрэл. Хүн болгоны хамгийн сайн чадах зүйл бол бусдын алдаа, дутагдлыг олж харах шүү дээ. Хамгийн сайн чаддаг зүйлээрээ холбогдож, санаа нийлэх шиг сайхан мэдрэмж хаана байна?

 

Хүний сонирхдог сэдвийн хүрээ тэлэх тусам хов жив, аар саар зүйлээр хөөцөлдөхөө болино. Байгууллага явган яриагаар ажлаа явуулдаг, хов живийн соёлтой бол хүндээ л хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэсэн үг болж байна уу?

За ингээд таван зарчим руугаа орцгооё.

Зарчим 1

Таны тархи секундэд таван удаа аюулыг скандаж байдаг.

 Та, бидний уулзсан бүх хүний тархи секундэд таван удаа “Энэ хүн надтай хамт уу, миний эсрэг үү гэж асуудаг гэсэн үг. Хамгийн чухал нь амьд үлдэх шүү дээ.

  • “Уулзалт сайхан боллоо, одоо ч хамтын ажиллагаа сайжрах нь дээ” гэсэн итгэлтэйгээр уулзалтыг өндөрлөсөн ч, хэдэн удаа нөгөө хүмүүс хариу ч өгөлгүй алга болж эсвэл аажмаар танаас зайгаа авч байсан вэ?
  • Хэдэн удаа ажилтантайгаа уулзаад “сайн зөвлөгөө өглөө. Дуулгавартай, анхааралтай сонслоо. Одоо учраа олсон биз” гэж бодтол улам идэвх чармайлт, бүтээмж нь буурч байгааг анзаарсан бэ?

Надад тааламжгүй санагдсан харилцаанаас зугтааж, эсвэл бусдыг үргээж байсан тохиолдол олон бий. Тухайн хүнд “юу аюул, юу аюул биш” эсэхийг яаж таамаглах бил ээ дээ. Гэхдээ энэ байдлаараа бусдыг үргээгээд байвал ямар олиг байхав. 

Аюулгүй мэдрэмж төрүүлэх харилцааны гол нууц бол “бүрэн анхааралтай, идэвхтэй сонсох”. Хичээвэл хөгжүүлж болдог ур чадвар.

Та хэр сайн сонсогч вэ?  Сайн сонсож байгаагаа хэрхэн илэрхийлдэг вэ?

Зарчим 2

АЮУЛ мэдрэгдмэгц тархины айдас түгшүүрийг хариуцсан хэсэг буюу амигдала тархинд ДАЙРАХ (fight), ЗУГТАХ (flight), ХӨШИХ (freeze) гэсэн автомат хариу үйлдэл идэвхиждэг.

Байгууллагын орчинд бол “Сөргөлдөж, эсэргүүцнэ, зугтаана эсвэл ямар ч оролцоогүй болно” гэсэн гурван төрлийн хариу үйлдлээр илрэх нь.

Хүний тархи гурван үндсэн тархинаас бүрэлддэг; анхдагч тархи буюу инстинкт автомат үйл ажиллагаа зохицуулах тархи, дунд тархи буюу Сэтгэл хөдлөлийн тархи/Лимбик систем, Их тархи буюу логик, рациональ сэтгэлээ хариуцсан тархи.

Лимбик систем буюу сэтгэл хөдлөлийн тархинд аюулыг мэдэрч, аюулаас хамгийн хурдан хугацаанд хамгаалах үйлдэл хийдэг Амигдала байрладаг. Хүн төрөлхтөн мянган жилийн турш “хүн дандаа рациональ шийдвэр гаргадаг” гэж итгэн, эдийн засгийн онолоо хүртэл рациональ шийдвэр гаргалт дээр тулгуурлан боловсруулсан байгаа юм. Харин 2017 онд Зан үйлийн эдийн засагч Ричард Талер “Хүн хамгийн түрүүнд сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргаад, шийдвэрээ бататгах мэдээлэл, баримт цуглуулж, зөвтгөдөг” болохыг нотлон, Нобелийн шагнал хүртсэн. Лимбик систем дэх сэтгэл хөдлөл, мэдрэмж болон аюулаас хамгаалах механизм бидний шийдвэрийг удирдаж байна.

 

Аюулыг мэдрэх төв (Амигдала эсвэл Онцгой байдлын төв гэж нэрлэж болно)” идэвхжихэд хүн бүх эрч хүч энергиэ хариу үйлдэл үзүүлэхэд, өөрийгөө хамгаалахад зориулна. Байнга болсон болоогүй юманд хариу үйлдэж, уурлаж, бухимддаг бол хүнд түвшний (кроник) стрэсст өртөж мэдрэлийн ядаргаанд орно.

Ийм нөхцөлд хүн бүтээмжтэй байж, шинэ зүйлд суралцаж, ажил, амьдралдаа өөрчлөлт хийх чадамжгүй болдог.

Тархи эрсдэл, шагнал хоёрт тун их анхаарал төвлөрүүлнэ. Аливаа сорилтыг аюул эрсдэл гээд харчихвал Эсэргүүцнэ, Зугтаана. Олз, шагнал гээд харчихвал дэмжих талтай. Харамсалтай нь бидний тархи дийлэнхдээ “аюул, эрсдэл”-д хүчтэй ач холбогдол өгдөг байна.

Айдас, шийтгэлээр удаан ташуурдуулсан байгууллагын ажиллагсдын оролцооны идэвхи тун тааруу болох бөгөөд өөрийгөө хамгаалах, зусардах, үнэнийг нэмж хачирлах, хов зөөх хандлага байгууллагад дэлгэрнэ. Нэг мэдэхэд байгууллагын соёл болоод тогтчихдог. Ингээд талент тогтдоггүй, ажил явдаггүй, бодит байдлаа удирдлагадаа тайлагнахаас жинхэнээсээ айдаг, шинэ санаачлагыг нухчин дардаг, хөгждөггүй овог, аймаг үүсэх нь тэр.

Удирдлага та ямар байдлаар, өдөрт хэдэн удаа ажиллагсдынхаа “аюулыг мэдрэх төв”-ийг идэвхжүүлж орхидог бол?

“Надтай уулзаарай” гэхэд л ажилтанд аюулд өртсөн мэт мэдрэмж төрдөг. Ямар хэргээр уулзах гэж байгаа юм бол? Яанаа, юу асуух бол? Загнуулах вий дээ? Ууртай байгаа болов уу … гээд түмэн юм бодсоор, уулзалт болж өнгөртөл ажилдаа төвлөрч чадахгүй. Аюулгүй байдлын төв нь идэвхжсэн хүн тухайн аюулаас давж сэтгэж чадахгүй. Ингээд нэг хүний өдрийн ажлын эрч хүч унах нь тэр.

Өөрийгөө таньж мэдэх тусам дээрх асуултын хариулт тодорно. Дэлхийн хүн амын 95% нь “би өөрийгөө сайн мэднэ” гэж хэлдэг ч 10-15% нь л шалгуурт нийцдэг ажээ.

 “Удирдагч хүн  хана, толь, худалч хүмүүсээр хүрээлүүлсэн байдаг” гэсэн үг бий. Эрх мэдэл, албан тушаал ахих тусам өөрийгөө мэдэхээ болж, бодит байдлаас тасран, сонсох чадвар нь мууддаг тухай судлаач Таша Юригийн нийтлэлээс дэлгэрүүлж уншаарай. Амьд үлдэх, аюулд өртөхгүй байх хэрэгцээндээ хөтлөгдөөд хэн ч бодит үнэнийг зүрхэлж хэлдэггүй бололтой. 

Энэхүү аюулаас хамгаалах төвийн хүчтэй идэвхжилтийг намжааж, бодит бус аюулд хэт реакцлах байдлаа зогсоох аргыг баруунд EQ буюу Сэтгэл хөдлөлийн чадамжийн онолд заадаг. Шинэ нэртэй л болохоос 2500 жилийн турш хүндлэгдэж ирсэн Буддизмын ухаанд тулгуурласан, бодит судалгаа, кэйсээр үр дүнг нь баталгаажуулсан ухагдахуун. Тэгэхээр Монголчууд бид “Сэтгэлээ номхотгох, амар амгаланг олох” тухайд зааж сургадаг Буддын гүн ухаандаа сайн суралцах хэрэгтэй болов уу.  Манлайлалтай удирдлага, хамт олон, байгууллага бий болгохын тулд айдас, шийтгэл бус, арга ухаанаа уралдуулах хэрэгтэйг тархи судлалын энэ зарчмаас ойлгож болохоор байна. 

Зарчим 3

Энергийн дутагдалд орсон тархи хамгаалалтын горимд шилждэг, хуучин байдалдаа эргэн ордог. 

Тархи хаанаа эрчим хүч, энергиэ авдаг вэ? Нойр, хоол, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн хувьд аюулгүй байх, итгэлцэл зэрэг бүх харилцаа, амралт бол энергийн эх үүсвэр.

Шинэ жил эхлэхэд “цоо шинэ хүн болохоор зориг шулуудсан” хүмүүсийн дийлэнх нь зорилгоосоо хоёрдугаар сар дуусахад аль хэдийн шантарсан байдаг судалгаа бий.

Ажил, амьдралдаа бодит өөрчлөлт авчрахыг эрмэлздэг хүмүүс, амжилттай бизнесменүүд бие, сэтгэлээ тордох ажлыг эрхэм чухалд авч үздэг нь ийм учиртай. 

Та хамгийн сүүлд ямар шинэ дадал зуршлыг өөртөө төлөвшүүлж, юунд суралцах гээд бүтэлгүйтсэн бэ?

Тухайн үед өөрчлөлтийн суурь нөхцөл болох эрүүл амьдралын хэмнэлтэй байж чадсан уу?

Зарчим 4

Тархи уян хатан буюу мэдрэлийн эсүүдийн холбоос өөрчлөгдсөөр байдаг.

Та юуг ч сурч, бас яаж ч өөрчлөгдөх чадамжтай.

10 жил сурч байхдаа дуу шуу муутай, өөртөө итгэлгүй хүүхэд байлаа. Ганц сайн чаддаг зүйл хичээнгүйлэн суралцах байсансан. Эргээд харахад хэл сурахаас эхлээд өөрийгөө удирдах, менежмент, манлайлал гэх мэт олон ур чадварт тасралгүй суралцсаар, үр дүнг нь амьдралдаа амссаар. Би юуг ч сурч, юунд ч өөрийгөө дадлагажуулах чадамжтай гэдгээ мэдрэх нь амьдралаа айдсаар бус, сорилтоор удирдаж, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрахад хөтөлжээ.

Та таван жилийн дараа ямар хүн болж өөрчлөгдсөн байхыг хүсч байна вэ? Үүний тулд та тархиа юунд дасгалжуулах хэрэгтэй вэ?

Зарчим 5

Таны амьдралын 95%-ийг далд ухамсар буюу таны мэдээллийн санд хуримтлагдсан дурсамж, мэдрэмж, тогтсон итгэл үнэмшил удирдаж байдаг.

Өнгөрсөнд тохиолдсон үйл явдал, мэдрэмж таны одоогийн үйлдлийг чиглүүлж, удирдаж байдаг гэсэн үг болно. 

Таны шийдвэрийн хэдэн хувийг өнгөрсөн тань удирдаж байгаа бол?

Таны амжилтыг ямар хэвшмэл ойлголт, тогтсон итгэл үнэмшил хойш татаж байгаа бол?

Энэ бүхний хариулт дахиад л өөрийгөө таньж мэдэх тусам тодордог. Барууны удирдлагууд коучтэй ажиллахыг эрхэмлэдэг болсон нь энэ бүх асуултад хариулт авч, манлайлал, нөлөөллийн чадамжаа дээшлүүлэхийн тулд байдаг. Хүн өөрөө өөрийнхөө хамгийн бодит бус үнэлэгч.

Нийтлэлийг бэлтгэсэн:  Б.Болормаа /Clarity Coaching & Consulting, Coach & Trainer/

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Ц.Эрдэнэбат: Миний амьдралыг шийдсэн жагсаалт

Өмнөх нийтлэл

“Covid19”-ийн үед сурч болох онлайн сургалтууд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in HR