0

Франчайзингийн эрхэд зөвхөн бүтээгдэхүүн, лого бус тухайн эрх авагч бизнесийн онцлогт тохирсон бизнес загвар дагалддаг.

Бага насанд бидний хамаатан, ойр дотны хүмүүсээс гадаад улс руу хэн нэгэн зорчих үед ямарваа нэгэн юм захиж, нөгөө нь ч заавал жижиг гэлээ нэг бэлэгтэй ирдэг байсан. Уг бэлэг нь зөвхөн тээвэрлэх боломжтой бүтээгдэхүүн л байдаг байв. Харин тухайн улсын үйлчилгээг нь бэлэг болгон авчрах боломжгүй байсан бол одоо бизнес эрхлэгчид маань үйлчилгээг нь авчрах боломжтой болсон.

Монголын үйлчилгээний салбарт дутмаг зүйл олон байгаа ч сүүлийн жилүүдэд өмнөх онуудтай харьцуулахад сайжирсан зүйл нь илүү. Үүнийг оюутан залуусын хичээл, ажил, уулзалтаа хийх нь ихээр харагдах Tom n Toms, Caffe Benne зэрэг мэргэжлийн баристагийн үйлчилгээ үзүүлж буй кофе-шопууд, нүүр дүүрэн инээмсэглэлээр угтдаг CU, CircleK зэрэг конвиниенс дэлгүүрүүд, гадаадын хүндэт зочид ирэхэд хүлээн авах Шангри-ла, Кемпински зэрэг зочид буудлууд, бизнес болон хувийн хэрэгцээний нэн чухал талбайг хурдан шуурхай олж, борлуулахад тус болж буй Re/max, Century 21 зэрэг хөрөнгө зуучийн байгууллагууд, гэр бүлээрээ, хүүхдээ дагуулан явах нь ихээр харагдах KFC, PizzaHut, Burger King зэрэг түргэн хоолны газруудын үйлчилгээнээс харж болно. Гэхдээ эдгээр салбар дахь үйлчилгээ сайжирсныг зөвхөн эдгээр брэндийн үйлчилгээгээр ойлгох нь зохимжгүй. Дотоодын брэндүүдийн үйлчилгээ ч дутахааргүй сайжирсан. Энэ нь өрсөлдөөн нэмэгдсэнээр байгууллагууд үйлчлүүлэгчдээ хамгийн сайн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг санал болгохыг зорьж эхэлснээр харагдана.

Үйлчилгээний стандарт, хэрэглэгчдийн байгууллагаас шаардах хүлээлтийн босгыг өндөрсгөхөд хүргэсэн газруудын дийлэнх нь франчайзингийн байгууллагууд юм. Эдгээр байгууллага, брэндүүд Монголд орж ирснээр өөрийн туршлага, ноу хау-г бидэнд олгохоос гадна дотоодын зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлж, дотоодын брэндүүдийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд түлхэц болсноор үйлчлүүлэгч бидэнд өгөх үнэ цэнийг нэмэгдүүлж байдаг.

Манайхаас том зах зээлд өрсөлдөж, олон жилийн туршлага хуримтлуулж чадсан эдгээр бизнес моделийн ноу хау, оновчтой бизнес процесс, туршлагыг богино хугацаанд нэвтрүүлэх нь бизнес эрхлэгч нарт цаг хугацаа, хөрөнгийг хэмнэж өгдөг.

Зах зээлийн нийгэмд шилжсэний дараахан Улаанбаатарт бургер, шарсан тахиа зэрэг McDonald, KFC-ийн бүтээгдэхүүнийг дууриасан газрууд олноор нээгдсэн ч дийлэнх нь хаалгаа барьсан нь тэд зөвхөн бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулж, бизнесийн загварчлалыг орхисон явдал юм. Франчайзинг эрхтэй зөвхөн бүтээгдэхүүн, лого бус тухайн бизнесийн онцлогт тохирсон бизнес загвар буюу модель, дотоод процесс, сургалт зэрэг өрсөлдөөний давуу талыг авчрах зүйлс дагалддаг. Түүнчлэн, франчайзинг эрх олгогч нь өөрийн брэндийг хамгаалахын төлөө франчайзинг эрх авагчид хяналт тавьж, шаардлагатай гэж үзсэн сургалтуудыг орж, түүний бизнест зөвлөдөг back office –ийг ажиллуулдаг нь жижиг дунд бизнес эрхлэгч нарын бизнес амжилттай явах маш том хөшүүрэг болдог.

Франчайзинг амжилттай явагдах нь эрх авагч, олгогч аль алинд нь чухал.

Франчайзингийн модель дэлхийн хамгийн шилдэг туршлагыг бидэнд авчирч байгаа ч зоосны нөгөө тал нь бид өөрсдийн үндэсний брэндийг олон улсын зах зээлд өртөг, эрсдэл багатайгаар нэвтрүүлэх боломж юм. Өөрөөр хэлбэл, оюуны өмчөө экспортлох боломж гэсэн үг. Говь, Доктор авто сүлжээ зэрэг брэндүүд амжилттайгаар олон улсад гарч уг боломжийг ашиглаж эхэлсэн бөгөөд цаашид бусад үндэсний брэнд олон улсын зах зээлд гарах үүдийг нээж өгсөн гэж ойлгож байна. Аливаа улсын эдийн засагт ЖДҮ эрхлэгчийн үүрэг маш том. Зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд дотоодын амжилттай яваа байгууллагууд цөөнгүй бий болсон. ЖДҮ болон хувь хүмүүс тэдний олж эзэмшсэн мэдлэг, туршлагыг хамгийн богино хугацаанд сурах боломж бол франчайзингийн гэрээ юм. Нэг талаас нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж байгаа ч, нөгөө талаас  өөрсдөө хурдацтай өргөжих, брэндийн үнэ цэнээ нэмэгдүүлэх, бизнесийн үндсэн моделио сайжруулахад анхаарах зэрэг боломж, давуу талуудыг бий болгодог.

Харин франчайзингийн эрх авагч нь эрсдэл багатай, өмнө нь олон удаа амжилттай туршигдсан бүтээгдэхүүнийг, бизнес моделийг өөрийн болгох том боломж юм.

Өөрөөр хэлбэл, ЖДҮ эрхлэгч нарт төдийлөн хэрэгжүүлэх боломж байдаггүй бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, сургалт, бизнесийн шинжилгээ зэрэг бизнесийн функцуудыг франчайзингаар дамжуулан хамтийн хүчээр бий болгож байгаа юм.

Өрсөлдөөн нэмэгдэж, хүн бүр завгүй ажиллаж, цаг мөч бүрийг төлөвлөж амьдрах болсон өнөө үед өмнөх бүх үеэс цаг хугацааг хамгийн үнэтэй, орлуулшгүй нөөц гэдгийг ойлгодог болсон. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ хамгийн богино хугацаанд хэрэглэгчдэдээ хүргэх, том байгууллагуудад хамгийн хурдан цар хүрээгээ нэмэгдүүлэх боломжтой бизнес моделиудын нэг нь франчайзингийн модель юм.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Билгүүнжав Б

“Covid19”-ийн үед сурч болох онлайн сургалтууд

Өмнөх нийтлэл

Аялагчдын сэтгэлийг татсан Рамада

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох