Хүн энэ амьдралд ирсэн өдөр хоногоо гүйцмэгц хойд төрөлдөө хаашаа явдаг бол? Үүнтэй адил ус, ундааны хуванцар савууд үүргээ биелүүлээд “хойд төрөл”-дөө хаачдаг вэ? Монголд нийт хог хаягдлын ердөө хагас нь л дахин боловсруулах үйлдвэрт очиж “дараа төрөл”-өө олдог бол үлдсэн хагас нь байгаль орчиндоо үлддэг.

Зарим хүн амьдралын ойлгогдохгүй, төвөгтэйг нь гайхдаг. Гэвч заримдаа ойлгож ядах зүйлгүй. Асуудлыг хэн ч шийдэхгүй бол байсаар л байна. Амьдрал ийм л энгийн. Үүнийг П.Очирпүрэв сайн мэддэг. Тийм ч учраас тэрбээр хог хаягдлыг бууруулах зорилготой “Экобин” ХХК-г байгуулсан.

Эргэн тойронд буй хогууд, тэдгээрийг байж л байх ёстой мэт хүлээж авах хүмүүсийн хандлагыг П.Очирпүрэв олон жил анзаарч иржээ. Тийм ч учраас тэрбээр хог хаягдлуудыг хэрхэх талаар битүүхэндээ санаа зовнидог байв. Гэтэл нэг өдөр орос танил нь түүнд 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ээр хэрэглэх гэж буй хогны шинэ технологийг сонин болгож ярих нь тэр. Энэ мөчид түүнд оролдоод үзэж болохоор санагдав.

Ингээд судалгаагаа даруй эхлүүлж, тэрхүү технологи болох хогийн цэг болох хогны уут, савны үнэ өртгөөс эхлүүлээд бүх л зүйлийг сайтар судлав. Үүнийхээ хажуугаар хотынхоо захиргаатай хамтарч хотынхоо хогны асуудлыг шийдэх зорилготой байв. Энэ нь ч оновчтой хувилбар байлаа. Тийм ч учраас тэрбээр хүлээцтэй гэгч нь хотын захирагчийн иргэдтэй уулзах цагийг хүлээв. Уулзалт ч болж, шинэ технологи, ирээдүйд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсны эцэст хамтарч ажиллахаар боллоо. Ингээд ОХУ-аас тэрхүү технологийг 40 тоннын даацтай ачааны машинаар зөөж сургуулийн хашаанд авчрахаас авахуулаад бүх л ажлыг жин тан хийж амжуулав. Улмаар экобин гэж нэрлэсэн хогны цэг болох том уутаа ХУД-ийн 52 дугаар сургууль дээр эхний ээлжид туршилтаар байрлуулав. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр хотын захиргаа солигдсоноор энэхүү ажил нэг жил гаруй хугацаанд таг зогсжээ.

Бүгд хардаг ч хараагүй мэт, мэддэг ч мэдээгүй мэт. Хэн ч хийж эхлэхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй.

Гэвч тэр дараагийн захиргааны шийдвэрийг хүлээж зүгээр суухыг хүссэнгүй. Хог хаягдлыг бууруулах өөр ямар боломж байгааг судалсаар RVM буюу хуванцар сав тушааж мөнгө авах вендинг машин байдгийг олж мэдэв. Нэг ёсондоо та мөнгө төлж хуванцар сав худалдаж авдаг байсан бол хуванцар саваа тушааж мөнгө авна гэсэн үг. Яг л эсрэгээрээ. Машины нэр нь ч Reverse Vending Machine буюу эсрэгээр ажиллах машин гэх утгатай. Ингээд уг машиныг хийхээр санаа шулуудаж, хөрөнгө мөнгө олж, туршлага судлахаар Казахстаны “ногоон” технологийн үзэсгэлэнг зорив. Очоод санасан хэргээ гүйцэлдүүлэн эхний санхүүжилтээ олоод зогсохгүй, вендинг машинаа угсруулахаар Хятадын Circle Lab гэх компанитай тохиролцоод амжив. Харамсалтай нь уг компани ажлаа амласан цагтаа дуусгаж, машинаа бэлэн болгож чадсангүй. Ингээд хогийг мөнгө болгох түүний үйл хэрэгт дахин нэг “хогийн явдал” тохиолдох нь тэр.

Экокэш машин

Зорилгодоо хүрэх арга зам бүтэлгүйтвэл зорилгоо биш арга замаа өөрчлөх нь П.Очирпүрэвийн зан байв. Ингээд айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр дотоодын технологийн компанид машиныхаа программ хангамжийг даатгахаар боллоо. Тэд ч итгэл алдсангүй, тохирсон хугацаандаа 12 машиныг бэлэн болгоод байв. Вендинг машинуудаа хүний хөл тасардаггүй олон нийтийн газруудад тавихаар төлөвлөсний дагуу эхлээд Номингийн сүлжээ дэлгүүрүүдийн үүдэнд байрлуулжээ. Ингэж монголчууд хогоо тушааж мөнгөө эргүүлж авах технологитой танилцах нь тэр.

600-700 хуванцар савны багтаамжтай “Экокэш” машин өнжөөд нэг дүүрэх болов. Ийнхүү түүний бодож байсанчлан, хүмүүсийн сэтгэхүй байгаль орчинд ээлтэй технологийг хүлээж авахад бэлэн байсан нь харагдав. Хүүхэд багачуул уут дүүрэн хуванцар савыг нэг нэгээр нь тэрхүү машин руу эцэг эхтэйгээ хамт хийхийг харах нь П.Очирпүрэвт хамгийн жаргалтай мөч. “Хэрэглэгчийн сэтгэхүйтэй энэ нийгэм гучин хэдэн жилийн өмнө л гэхэд цэвэр цэмцгэр гудамж талбайтай байлаа. Хэдий төрөөс иргэдээ хянадаг байсан ч ядаж л хоггүй нийгэм байсан, гэтэл одоо зуслангийн зүлэг ногоотой хашаа хороонд хүртэл тав алхаад л хог байхыг яана” хэмээнэ. Тэр байтугай түүнийг очиж цэвэрлэх хүртэл зуслан дээрх хогууд байгалийн нэг хэсэг мэт байсаар байдаг.

Зорилгодоо хүрэх арга зам бүтэлгүйтвэл зорилгоо биш арга замаа өөрчлөх нь П.Очирпүрэвийн зан байв.

Бүгд хардаг ч хараагүй мэт, мэддэг ч мэдээгүй мэт. Хэн ч хийж эхлэхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Үүнийг л тэрбээр сайтар гэгч нь ухаарчээ. Тийм ч учраас “цаг нь ирэх”-ийг хүлээлгүй, тэрхүү цаг үеийг бүтээхээр яваа. Үнэхээр ч хогоо хаясаар буй хүмүүсийг хоосон шүүмжлэхийн оронд тэдний уг хандлага амьдарч байгаа нөхцөл байдлаасаа хамаарч байгааг тэр сайн ойлгож байв. Тиймээс ч хогоо ангилж хаяхаас эхлүүлээд дахин боловсруулах орчин нөхцлийг бүрдүүлж өгч байж хүмүүст зөв дадал сууна гэдгийг онцлон ярив. Гэвч хэчнээн зөв санаачилга байлаа ч түүнийг бизнест хувиргаж, тогтвортой, удаан ажиллах загвар бүтээнэ гэдэг тийм ч амаргүй.

Үүнийг ч П.Очирпүрэв сайтар мэдэж байсан тул бизнест нь хэрэг болохуйц маш олон хүчин зүйлийн уялдаа холбоог урьдаас харж байлаа. Үүний нэг нь экокэш машины төлбөрийг хэрэглэгчдэд шилжүүлэх хэрэгслийг хэрхэх вэ гэх асуулт. Хэрэв банк хоорондын шимтгэл болох 100 төгрөгийг сав тушаах бүрт төлөх бол 20 төгрөг авахын тулд 100 төгрөгийн шимтгэлийг төлөх ямар ч хүн олдохгүй. Тиймээс банк хоорондын дансны гүйлгээг нэгтгэсэн Монгол чат аппликейшныг ашиглахаар тооцсон байв. Үүнээс гадна, худалдааны төв, хотын захиргаа зэрэг олны хөл тасардаггүй газарт байрлах вендинг машины тусламжтай хэрэглэгчдийн мэдээллийг тодорхой хэмжээнд ус, ундааны бизнесүүдэд бэлтгэж өгөх боломжтой. Жишээ нь, тансаг зэрэглэлийн “Ривер Гарден” хотхоны оршин суугчид хуванцар бус шилэн савлагаатай ундаа, ус илүү хэрэглэдэг гэх мэт. Эцэст нь бизнесүүдийн сурталчилгааг вендинг машины дэлгэцээрээ дамжуулан олон нийтэд хүргэх зар сурталчилгааны боломж.

Худалдааны төв, хотын захиргаа зэрэг олны хөл тасардаггүй газарт байрлах вендинг машины тусламжтай хэрэглэгчдийн мэдээллийг тодорхой хэмжээнд ус, ундааны бизнесүүдэд бэлтгэж өгөх боломжтой.

Энэ бүхнийг урьдчилан олж харж, бүх боломжийг нэгэн цэгт уулзуулснаар “Экобин” компанийн үйл ажиллагаа бодитоор хэрэгжиж байна. Хог хогоороо байх ч хогонд хандах хандлага хуучнаараа байхгүй. Хэн ч нэг ширхэг хуванцар сав хаях гэж Дэнжийн мянгын дахивар авах цэг орохгүй. Мөн ангилж хаясан хог эцэстээ хог цуглуулах машины бүхээгт холилдож ордог тул хүн бүр хогоо ангилж хаях гэж хичээхгүй. Энэ бүхэн бидний одоо байгаа байдал. Асуудал үргэлж байдаг. Гол нь тэрхүү асуудалд тохирох шийдлийг олж харах ур ухаан зөв цагтаа зөв хүнд байдаг эсэх нь бүхнийг шийдэж байдаг аж.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Подкаст: Хямралын үед санхүүгийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх 3 алхам

Previous article

Л.Гантөмөр: MCS компанийн хүний нөөцийн хөгжилд оруулсан хувь нэмэр

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like