“Органик Монгол” хөдөлгөөний үндэсний зохицуулагч, санаачлагч Д.Онон

Одоогоос арван нэгэн жилийн өмнө Д.Онон хүнд бэртэл аван хөлөө хугалсан байсан ч МҮХАҮТ-д хүрээд ирээч гэсэн урилгаар суга таягтайгаа очсоноор энэ бүхэнэ эхэлсэн байдаг. Д.Онон “Энэ бол миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн үйл явдал” хэмээн хожим дурсана. Петровис компанийн дэргэд “Ядуурлын эсрэг хамтдаа” санг хоёр дахь жилдээ ажиллуулахаар дуудсан нь энэ байлаа. Уг сангийн гол ажил нь эмзэг давхаргын хүмүүст буцалтгүй мөнгөн тусламж үзүүлэх байв.

Гэхдээ Д.Онон үнэхээр олонд хэрэгцээтэй зүйл хийж, бүтээе хэмээн ажлаа хүлээж авсны дараа, нэрийг нь өөрчилж “Органик Монгол” болгожээ. Улмаар төслөө илүү нарийвчлан “Газар тариалангаа хөгжүүлэхгүй бол хятадын химийн гаралтай бүтээгдэхүүнээс хараат болсон өнөө үед ирээдүйд хүнс нь хамгийн чухал салбар болох юм байна” гэдгийг харснаар газар тариалан руу чиглүүлжээ. Д.Онон “Тухайн үед намайг сангийн захирлаар ажиллаач ээ л гэж урьсан. Зүгээр нэг мөнгө тараах ажил. Би ийм хялбар зүйл хиймээргүй байсан. Би жинхэнэ бүтээлч ажил хиймээр байсан” гэв.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө ногоон нийгэм, байгаль орчны талаар ярихаас илүү голдуу уул уурхайн талаар л ярьдаг байв. Тэр үед “Органик” хэмээх ойлголтыг бүх нийтэд анхлан хүргэж, олон нийтийн нүдийг нээсэн хүн бол Д.Онон юм. Тэрбээр фермерийн бус Монголынх шиг уламжлалт мал аж ахуйн хэлбэрийг дэлхий илүүтэй үнэлэх болсон тэр хандлагыг мэдэрч, үүнийг нийгэмд ойлгуулахын тулд зүтгэж эхэлжээ. Тэр “Монголын эдийн засаг нь байгалийн аялал жуучлал, хариуцлагатай уул уурхай, үлдсэн нь хөдөө аж ахуй дээр суурилах ёстой” гэсэн концепцыг гаргаж ирсэн юм.

Д.Онон хамгийн анхны ногоон нэвтрүүлгийг найман жилийн турш продюсерлон хийж, МҮОНРТ, NTV, ECO, C1, Эх орон телевизээр нэвтрүүлж, органик боловсролын түгээжээ. Органик хөдөө аж ахуйн гарын авлага ч гаргасан. Үүнд орсон материалууд хожим олон ч ном, товхимолд ашиглагдсан. Түүнчлэн төр бол дотоодын хамгийн том худалдан авагч. Иймд төрийн худалдан авалтыг дотоодын органик бүтээгдэхүүн рүү чиглүүлэх хэрэгтэй гэсэн санаачилга ч мөн л түүнийх.

“Органик Монгол” төсөл, хөтөлбөрийнхөө хүрээнд орон даяар найман жилийн хугацаанд зээлийн сангаараа дамжуулан органик бизнесийг дэмжсэнээс гадна Д.Онон маркетинг, бизнесийн зөвлөхөөр нь ажиллаж, газар тариалангийн 650 орчим хоршоо, аж ахуйн нэгжид туслалцаа үзүүлжээ. Үүний үр дүнд 5000 мянган хүнийг ажлын байртай болгожээ. Ийнхүү түүний “Органик Монгол” төсөл нь энэ чиглэлээр улс даяар өрнүүлж чадсан хамгийн анхны бөгөөд үндэсний хэмжээний хөтөлбөр болсон юм.

Төслийнхөн органик үзэл санааг ойлгуулах, органик хүнсний бүтээгдэхүүнийг дэмжих, хэрэглэгчдийг нь бэлтгэх үйлсэд нэгэн зэрэг бүх нийтийн оролцоог хамруулан, “бүгд нэг нэг тоосго авчраад байшин баръя” гэсэн зарчмаар ажилласан. Тэдний жижигхэн сурталчилгаа хүртэл нийгэмд цоо шинэ ойлголтыг өгч байсан. Оффисыг хүртэл хэрхэн ногооруулахыг зааж байв. Иргэд анхандаа ногоон ханатай, цэцэг, ногоотой байх юм уу л гэж хүлээн авч байсан ч, сүүлдээ эрчим хүч, барилгын материал, тоног төхөөрөмжөө хүртэл ногооруулах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тариаланч бүрт гадны бордоо хэрэглэх нь хор уршигтайг тайлбарлах болсон. Тэд тухайн үед импортын бордоо хүнсний ногоонд нь ямар нөлөө үзүүлдэг болохыг ойлгодоггүй байсан ч эцэстээ нийтээрээ хэрэглэхээс татгалзсан. Үнэндээ тухайн үед органик хэмээн ярихад дэмжих нь байтугай ойлгодог нэг ч хүн байгаагүй юм. Хашаандаа яагаад мод тарих ёстой вэ гэдэг мэдлэг өгөх ажлууд хийсэн ч дэмжлэг аваагүй учир Ерөнхийлөгчид хүртэл захиа бичиж “Иргэн бүр нэг мод тарих” аянг уриалж эхлүүлжээ. Энэ маягаар өөрсдийн хийж чадахгүй ажлаа холбогдох байгууллагад нь албан бичиг илгээж шийдэж, бусдыгаа хөдөлгөж байв.

Газар тариалангийн 650 орчим хоршоо, аж ахуйн нэгжид туслалцаа үзүүлсэн байдаг. Үүний цаана 5000 мянган хүнийг ажлын байртай болгожээ.

Энэ тухайгаа Д.Онон “Яагаад органик болох хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулах гэж л таван жил болсон. Эрдэмтдийн ямар их дуу хоолой, ямар ч олон нэвтрүүлэг хийв. Томчууд нь ойлгохгүй болохоор эцэстээ дараагийн нийгэм ойлгох байх гээд хүүхдүүдэд хүртэл хичээл заасан” тухайгаа бидэнд хуучлав. Хөтөлбөрийн хүрээнд нийт 4000 хүүхдэд сургалт хийжээ. Тэр энэ маягаар багийнхантайгаа олон улсын төслийн ганц машин, жолоочийн жилийн төсвөөр л үндэсний хэмжээний ажлыг өрнүүлж чадсан юм.

Найман жилийн өмнө Сэлэнгийн “Амар” брэндээр дамжуулан хүнсний ногоог хэрчиж, дангаар нь болон хэд хэдэн ногоог хамтад нь савлаж, патент аван зах зээлд нийлүүлж байсан. Интернэт худалдаа хийх гэж ч оролджээ. Энэ мэт өнөөдрийн энгийн бизнесийн арга болсон хувилбаруудыг анх нэвтрүүлж, цаг үеэсээ түрүүлсэн алхмуудыг хийж байлаа. Гэвч тухайн цаг үед хэрэглэгчдийн сэтгэл зүй бэлэн биш байсан юм.

“Органик Монгол” төслийг хэрэгжүүлэхэд долоон сайд 14 даргын нүүрийг үзжээ. Сайд солигдох тоолонд дэмжих болов уу гэж хүлээдэг байв. Гэхдээ тэр дарга нарын хаалгыг дэмий сахиж суугаагүй юм. Тухайн үед органик гэж ярьснаараа тэнэг болж байсан бол өнөөдөр үүнийг ярихгүй нэг нь тэнэг харагддаг болтол нь хувиргаж чадсан юм.

 

Органик хүнсний тухай хуулийг батлуулах гэж гурван жил болсон. Уг хуулийн үндсэн том зорилго нь дотоод зах зээлээ хамгаалах юм. Хуулиар зөвхөн органик шошго тавих гээд байгаа юм биш. Өргөн агуулгаар буюу хүн амын эрүүл мэндээс гадна байгалийн эрүүл мэнд, эко системийг дэмжих талаас нь боловсруулсан байна. Баяжуулсан хүнс, бэлчээрийн хууль, мал аж ахуй, газар тариалан, тэр байтугай мал амьтанд хэрэглэх эм бэлдмэлийн хуулиудтай хүртэл холбогдож гарч иржээ. Хуульд Европын холбооны дэргэдэх Дэлхийн органик хөдөлгөөний үндсэн стандартыг шингээсэн учир манай улсын органик бүтээгдэхүүн гадагш гарахад дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй, манай улсын хуулийг харахад л зах зээлдээ нэвтрүүлэн авах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, уг хууль монголдоо зохиогоод хийсэн хуурай хууль биш юм. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэгч, худалдаачид гээд сегмент бүрийн хүмүүс оролцсон бөгөөд ялангуяа стандарт дээр нь чиглэл чиглэлийн мэргэжилтнүүд санал, зөвлөмжийг тусгажээ.

Ямар ч хуульд том бизнесийн лобби заалтууд орох гээд байдаг. Энэ хуулинд ч бас хүнсний томоохон компаниудын эрх ашгийг хамгаалах хэд хэдэн заалт харъяа яаман дээр нэмэгдсэн байсныг Д.Онон харж, “Хэрэв ийм хууль батлах гэж байгаа юм бол боль” гэсэн шаардлагыг тавьж маш олон ийм заалт хасуулжээ.

Д.Онон Эдийн засагч, агрономич мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр, өдгөө 2013 оноос хойш хөдөө аж ахуйн чиглэлээр судалгаа хийж явсаар докторын зэрэг хамгаалахаар горилж байгаа аж. Бидний мэдэх Органикийн Д.Ононгоос өмнө НҮБ-ын болон яамны олон төслүүдэд ажиллахын зэрэгцээ мэргэжлээрээ барилга, уул уурхай, IT-гийн салбарт хүртэл ажиллаж байсан туршлагатай. Үүний зэрэгцээ өнөөг хүртэл Хэнтий аймагт үр тарианы хоёр ч сангийн аж ахуйг нөхрийн хамт удирдан авч явж байна.

Тэр өөрийн бизнестээ хүртэл Газар тариаланг дэмжих сан эсвэл өөр ямар нэгэн төрийн хөнгөлөлттэй сангаас зээл чадаагүй. Өнөөдрийг хүртэл тэрбээр хувийн бизнестээ банкны өндөр зээлийн хүү төлж буй. Гэсэн ч “Органик Монгол” төсөлд шаардагдсан зардлыг заримдаа өөрөөсөө гаргадаг байв. Зарим тохиолдолд төслийнхний цалинг хүртэл хувиасаа тавьж байлаа. Гэхдээ хэн ч түүнийг өөрийн хөрөнгөө зориулан байж энэ төслийг хэрэгжүүлснийг мэдэхгүй. Яамны асуудлыг хүртэл төсөв, мөнгөгүй гэдэг учраас хэд хэдэн удаа хувиасаа зардал гаргаж, орон нутгуудад ажиллаж байжээ. Өнөөдөр түүний ногоон малгайтай ажлын тайлан яамдын ажил болон үлджээ.

“Органик Монгол” санд анх Петровис, Капитал, Хас банк л оролцож байсан бол үйл ажиллагаа нь улс орныг хамрах болсноор Макс групп, Бишрэлт, Энержи ресурс тэргүүтэй том компаниудыг татан оролцуулах болжээ. Бизнес нь тодорхойгүй, эрсдэл өндөртэй гэж үзэж банк зээл олгодоггүй байв. Ийнхүү цар хүрээ нь өргөжихийн хэрээр сан эхэн үедээ нэг компанид 500 мянгаас 10 сая төгрөгийн зээл олгож байсан бол хожим зээлийн дээд хэмжээг 60 сая болгосон байна. Энэ нь сарын нэгхэн хувийн хүүтэй. Одоогийн ямар ч зээл ийм хүүтэй биш.

Энэ бүхний эцэст олон хүний дотор ногоон нахиа суулгах нь Д.Ононгийн гол зорилго байсан. Энэхүү зорилгодоо ч хүрч, олон хүнд ч амьдрах урам зориг өгсөн. Хөдөлмөрийн чадвараа алдаад ар гэрээ халамжилж чадахаа байсан хүмүүсийг ч газар тариаланд эрхлэх ажилтай болгож, амьдралыг нь, магадгүй хувь заяаг нь өөрчилсөн. Энэ нь Монгол улсын хаана ч очсон тариаланчид түүнийг идээ будаагаараа дайлан, угтан авдгаас харагддаг.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
С. Баярмаа

Цар тахалын нөхцөлд ЖДҮ-ийн санхүүг удирдах 3 алхам

Өмнөх нийтлэл

Хэвлэл мэдээлэл: Соён гэгээрүүлэх ба муулан мунхруулах

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur