Ч. Цэнгэл (CEO, Irbis Ventures)

Европын Холбооны “Хар жагсаалтад” Монгол Улс орсон талаарх мэдээлэл олон нийтийн дунд хийгээд хэвлэл мэдээллээр хэсэг шуугиулаад одоо намжиж байх шиг. Харамсалтай нь, Монгол Улс “хар жагсаалт”-д албан ёсоор орсон эсэх, Европын Комиссоос гаргасан жагсаалт эцсийн баримт бичиг мөн эсэх, мөн энэ жагсаалт хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар нэгдмэл ойлголт алга. Зарим хэвлэлд “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улс орнуудыг нэрлэдэг “Хар жагсаалтад” Европын Холбоо манай улсыг оруулсан нь санхүүгийн ээлжит нэгэн хориг тулгалаа” гэжээ. 

Холиод байна, солиод байна. Бидний санааг одоогоор зовоож буй “Хар жагсаалт” нь “Терроризм санхүүжүүлэхээс сэргийлэх, мөнгө угаахтай тэмцэх дотоодын дэглэм нь доголдолтой, өндөр эрсдэлтэй гуравдагч улсуудын жагсаалт” (the list of high risk third countries having strategic deficiencies in their regime on antimoney laundering and countering terrorist financing)” буюу олноороо нэрлэж буйгаар “хар жагсаалт” юм. Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улс орнуудыг нэрлэдэг жагсаалт нь EU tax haven blacklist ба Монгол улс өмнө нь ороод 2018 онд гарсан юм байна. Дээрх линк дээр дараад Монгол Улс тус жагсаалтад байхгүй байгааг харж болно. Хэцүү ч юм, олон хар жагсаалтад орж, гараад бид бүгд тэр дунд нь төөрчихсөн.

“Хар жагсаалт”-ын талаар мэдээллийн эх сурвалжуудын зүгээс гаргаж буй мэдээлэл, дүн шинжилгээ нь харьцангуй өнгөц байгаагаас нөхцөл байдал бизнес эрхлэгчдэд илүү ойлгомжгүй болж байх шиг. “Хар жагсаалт” байгаа үгүй нь тодорхойгүй, Монгол улс түүнд албан ёсоор орсон үгүй нь ойлгомжгүй.

“Хуульч хүн байна даа”, Европын Холбооны холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийн эх хувьтай танилцсаны үндсэн дээр нөхцөл байдлыг дэлгэрэнгүй, тодорхой тайлбарлаж, бизнес эрхлэгчдэд үүсэх үр дагаврыг өөрийн туршлага дээр үндэслэн таамаглахыг хичээлээ.

Юу болоод өнгөрөв өө?

Юуны түрүүнд өнгөрөгч долоо хоногт Европын Холбооны аль байгууллагаас ямар шийдвэр гарсан нь биднийг сандаргахад хүргэсэн талаар нэгдсэн ойлголттой болцгооё.

Европын Холбооны гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага болох Европын Холбооны Комисс дараах гурван баримт бичгийг 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр гаргажээ. Энэ нь:

  1. Терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх, мөнгө угаахтай тэмцэх Европын Холбооны цогц бодлогыг “Хэрэгжүүлэх Төлөвлөгөө” (Action Plan for a comprehensive Union policy on preventing money laundering and terrorist financing);
  2. Өндөр эрсдэлтэй гуравдагч улсуудыг тодорхойлох аргачлал (Methodology for identifying high-risk third countries under Directive (EU) 2015/849) (цаашид “Шинэчилсэн аргачлал” гэх)
  3. 2016 онд батлагдсан “Өндөр эрсдэлтэй гуравдагч улсуудын жагсаалт” (Commission Delegated Regulation (EU) 2016/1675)”-ыг шинэчлэх тухай Европын Холбооны Комиссын 2020 оны тавдугаар сарын 7-ны тогтоол (Commission Delegated Regulation (EU) …/…) (цаашид “Шинэчилсэн хар жагсаалт” гэх)

Оруулсан линкүүд дээр дараад Баримт бичгүүдийн эх хувьтай танилцаж болно. Хураангуйлвал:

Нэгдүгээр баримт бичиг Европын Холбооны “терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх, мөнгө угаахтай тэмцэх өнөөгийн дэглэм”-ийг дараагийн 12 сарын хугацаанд хэрхэн төгөлдөржүүлж, хэрэгжилтийг сайжруулах ажиллагааг төлөвлөсөн баримт бичиг юм. Энэ баримт бичиг нь 2 болон 3 дугаар баримт бичиг гарах үндэс суурь болсон гэсэн үг.

Хоёрдугаар баримт бичиг нь Европын Холбооны дотоод үйл ажиллагаанд зориулсан баримт бичиг ба “Өндөр эрсдэлтэй гуравдагч улсуудын жагсаалт” буюу “Хар жагсаалт”-д оруулах улсуудыг хэрхэн тодорхойлох тухай шинэчилсэн аргачлал юм. Энэ баримт бичиг бидний толгойны өвчин болоод буй “Шинэчилсэн хар жагсаалт”-ны үндэс суурь юм.

Гуравдугаар баримт бичиг нь “Терроризм санхүүжүүлэх, мөнгө угаахтай тэмцэх дотоодын дэглэм нь доголдолтой буюу өндөр эрсдэлтэй гуравдагч улсуудыг тодорхойлох шинэчилсэн аргачлал”-ын дагуу Европын Холбооны Комиссоос баталсан “Шинэчилсэн хар жагсаалт” юм.

Энэхүү “Шинэчилсэн хар жагсаалт” батлах тухай Европын Комиссын тогтоолд дурдсанаар “Европын Холбооны 2015/849 дүгээр Тогтоолын 9.2 дүгээр зүйлд заасан шалгуурыг Монгол Улс хангаж буй учир терроризм санхүүжүүлэхээс сэргийлэх, мөнгө угаахтай тэмцэх дотоодын дэглэм нь доголдолтой буюу өндөр эрсдэлтэй гуравдагч улсуудын жагсаалтад оруулах нь зүйтэй” гэжээ.

Commission Delegated Regulation No. …/… буюу шинэчилсэн хар жагсаалтын 3-р хуудаснаас

Европын Холбооны Комиссоос баталсан “Хар жагсаалт” албан ёсны баримт бичиг мөн үү?

Европын Холбооны Комиссоос гаргасан “Шинэчилсэн хар жагсаалт” нь хуулийн төсөл биш, албан ёсны баримт бичиг юм. Харин одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байгаа нь Европын Холбооны дотоодын хууль тогтоох процесстой холбоотой.

Тайлбар: Европын Холбооны хууль тогтоох эрх мэдлийг Европын Холбооны Парламент болон Зөвлөл хэрэгжүүлдэг. Гэвч тус байгууллагууд тодорхой асуудлаар хууль тогтоох эрх мэдлээ Европын Холбооны Комисст шилжүүлэх эрхтэй байдаг. Үүний дагуу Европын Холбооны Парламент болон Зөвлөлөөс “Өндөр эрсдэлтэй гуравдагч улсуудын жагсаалт гаргах” асуудлаар Европын Холбооны Комисст хууль тогтоох эрх мэдлээ шилжүүлжээ. Ингэхдээ Европын Холбооны Комиссын энэхүү шилжүүлэн авсан эрх мэдэлтэй холбоотой дур зоргыг хязгаарлах үүднээс Европын Холбооны Комиссоос гаргах аливаа жагсаалт, түүний нэмэлт өөрчлөлтийг Европын Холбооны Парламент болон Зөвлөл хянаж үзээд, хориг тавих боломж олгожээ.

Тэгэхээр “Шинэчилсэн хар жагсаалт”-ыг Европын Холбооны Парламент болон Зөвлөлөөс хянаж үзээд түүнд хориг тавих эрхтэй гэсэн үг. Хориг тавих хугацаа нь тавдугаар сарын 7-оос хойш нэг сар (Парламент болон Зөвлөлөөс шаардлагатай гэж үзвэл хянах хугацааг дахин нэг сараар сунгах боломжтой) байна. Энэ хугацаанд тус байгууллагуудаас хориг тавихгүй бол “Шинэчилсэн хар жагсаалт” Европын Холбооны Албан Мэдээ сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш 20 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Онцолж хэлэхэд “Шинэчилсэн хар жагсаалт”-ын Монгол Улсыг хар жагсаалтад оруулах тухай заалт (Article 2) нь КОВИД-19-тэй холбогдон 2020 оны 10-р сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.

Commission Delegated Regulation No. …/… буюу шинэчилсэн хар жагсаалтын 16 дугаар хуудаснаас

Монгол Улс яагаад шинэчилсэн “хар жагсаалт”-д оров?

Манай эдийн засагч, улс төрч, сэтгүүлч нар тус бүр Монгол улс “Хар жагсаалт”-д яагаад орсон шалтгааныг тайлбарлаж байх шиг байна. Сонгууль дөхсөн өнөө цагт өгч буй шалтгаанууд нь хэт “biased” буюу зөрчилтэй байх шиг. Ийм байж болохгүй. Аливаа зүйлсийн шалтгааныг нийтэд тайлбарлан таниулах гэж буй бол аль болох объектив / сонирхлын зөрчилгүй байх хэрэгтэй. Тэгж байж “хар жагсаалт”-д хэрхэн орсон шигээ яаж гарах талаар шийдлийн талаар нийтээрээ хэлэлцэх боломжтой болно.

Дээр дурдсанчлан Европын Комиссоос баталсан “Өндөр эрсдэлтэй гуравдагч улсуудыг тодорхойлох шинэчилсэн аргачлал”-ын дагуу Монгол Улс “Хар жагсаалт”-д орсон.

Энэ аргачлалын дагуу Европын холбооны “Хар жагсаалт”-д аливаа улс орныг оруулах хоёр үндсэн арга байна:

Шинэчилсэн аргачлалын 12 дах хуудаснаас

  1. FATF-ын зүгээс “Өндөр эрсдэлтэй (high risk)” болон “Өндөржүүлсэн шалгалт хийгдэж буй (under increased monitoring)” гэж нийтэд зарласан улс орнуудыг “Хар жагсаалт”-д оруулах эсэхийг шийдвэрлэх
  2. Европын Холбооны зүгээс бие даасан үнэлгээ хийх замаар “Хар жагсаалт”-д оруулах эсэхийг шийдвэрлэх.

Нэгдүгээр аргын дагуу Монгол Улс FATF-ын “Өндөржүүлсэн шалгалт хийгдэж буй” улсын жагсаалтад байгаа учир Европын Комисс “Шинэчилсэн хар жагсаалт”-д Монгол Улсыг оруулахаар болжээ. Үүнийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин Сайдын дараах мэдэгдлээс харж болно.

Эх сурвалж: eeas.europa.eu

“Шинэчилсэн Хар Жагсаалт”-аас хэрхэн гарах вэ?

Тэгэхээр FATF-ын “increased monitoring” буюу “өндөржүүлсэн хяналт”-д Монгол Улс байгаа учир Европын Холбооны “шинэчилсэн хар жагсаалт”-д орсон байна. Бидний хэлэлцэх ёстой асуулт бол “Хэрхэн энэ жагсаалтаас гарах вэ?” Үндсэн хоёр арга зам байна:

  1. Европын Холбооны Парламент болон Зөвлөлөөс “Шинэчилсэн хар жагсаалт” баталсан Европын Холбооны Комиссын тогтоолд хориг тавих замаар хүчин төгөлдөр бус болгох

Миний үзэж буйгаар Европын Холбооны Парламент болон Зөвлөлөөс тус жагсаалтад хориг тавих магадлал тун бага. Учир нь “шинэчилсэн хар жагсаалт”-ыг батлахаас өмнө Европын Холбооны мөнгө угаахтай тэмцэх, терроризм санхүүжүүлэхээс сэргийлэх мэргэжлийн зөвлөх хороо хэлэлцэж дэмжсэн байгаа. Тэгэхээр олноороо хэлэлцэж баталсан, мэргэжлийн зөвлөхүүдийн зөвлөгөөг тусгасан энэхүү жагсаалтад Европын Холбооны Парламент болон Зөвлөлөөс хориг тавих магадлал бага юм. 

Commission Delegated Regulation No. …/… буюу шинэчилсэн хар жагсаалтын 5 дах хуудаснаас

  1. “Шинэчилсэн аргачлал”-д заасан процессын дагуу “Шинэчилсэн хар жагсаалт”-аас гарах

Шинэчилсэн аргачлалд дурдсанаар FATF-ын жагсаалтаас гарах нь Европын Холбооны хар жагсаалтаас гарах үндэс суурь боловч дангаараа Европын Холбооны жагсаалтаас автоматаар гарах шалтгаан болохгүй. Өөрөөр хэлбэл FATF-ын жагсаалтаас хасагдсан ч тухайн улс Европын Холбооны санхүүгийн системд эрсдэл үүсгэхүйц бол зайлшгүй дараах шаардлагыг (Delisting Criteria) хангаж байж “Хар жагсаалт”-аас гарах юм.

Шинэчилсэн аргачлалын 45 дах хуудаснаас

Монгол Улсын Төв Банкны мэдэгдэлд дурдсанаар Монгол Улс маань FATF-ын жагсаалтаас гарах талаар идэвхитэй ажиллаж байгаа ба 2020 оны 10 дугаар сард багтаж FATF-ын жагсаалтаас гарах боломжтой байгаа юм байна.

FATF-аас 2019 онд гаргасан тайланд дурдсан үзүүлэлтүүдийг үзвэл 2019 оны 10 дугаар сарын байдлаар Монгол Улсын нөхцөл байдал иймэрхүү түвшинд байна. Та бүхэн өөр өөрийн дүгнэлтийг хийх биз ээ.

Key: C — Compliant; LC — Largely Compliant — There are minor shortcomings; PC — Partially Compliant — There are moderate shortcomings

Дээр дурдсанаар FATF-ын жагсаалтаас гарсан ч Европын Холбооны жагсаалтаас гарах ажил “Шинэчилсэн аргачлал”-д заасан процессын дагуу явагдах ёстой. Энэ тал дээр манай мэргэжлийн байгууллагууд Европын Холбооны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэж найдая.

“Шинэчилсэн хар жагсаалт” ямар байгууллагуудад үйлчлэх вэ?

“Шинэчилсэн хар жагсаалт” Европын Холбооны аливаа зээл олгогч байгууллага (credit institutions), санхүүгийн байгууллага (financial institutions), хуульч, аудитор, татварын зөвлөх зэрэг мэргэжлийн зөвлөх байгууллагад (хамтад нь цаашид “Хэрэгжүүлэх байгууллагууд” гэх) шууд үүрэг оноох байдлаар үйлчилнэ. Миний үзэж буйгаар “Шинэчилсэн хар жагсаалт”-ын үйлчлэх хүрээ энэ хүрээд зогсохгүй. Учир нь Европын Холбооны гишүүдээс бусад улсын (жишээ нь Ази болон АНУ-ын) нэр хүндтэй санхүүгийн байгууллагууд, мэргэжлийн зөвлөхүүд дараах хүчин зүйлсийг харгалзан үзэж “Шинэчилсэн хар жагсаалт”-д заасан шаардлагыг биелүүлэн ажиллах магадлал өндөр юм:

  1. Нэр хүндийн эрсдэл,
  2. Европын Холбооны гишүүн улсуудад явуулах бизнес үйл ажиллагаа,
  3. Ирээдүйн хамтын ажиллагаа.

Миний зөвлөгөө өгч байсан ихэнх олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хэдий Европын Холбооны гишүүн улсын харьяат биш боловч, Европын Холбооноос гаргасан заавар, удирдамжуудтай үйл ажиллагаагаа нийцүүлж ажилладаг. Учир нь эдгээр банк, санхүүгийн байгууллагууд Европын Холбоонд үйл ажиллагаа явуулдаг, тус бүс нутгаас үйлчлүүлэгчтэй учир Европын Холбоотой аливаа таагүй харилцаа, асуудал үүсгэхийг хүсдэггүй.

“Шинэчилсэн хар жагсаалт” ямар үүрэг оногдуулж байгаа вэ?

“Шинэчилсэн хар жагсаалт”-д дурдсанаар аливаа Хэрэгжүүлэх байгууллага нь жагсаалтад орсон улстай (Монгол Улсыг оролцуулан) хамааралтай аливаа бизнесийн харилцаа үүсгэх, хэлцэл хийх бол тэдгээрт “Өндөржүүлсэн магадлан шинжилгээ (enhanced customer due diligence)” хийх үүрэгтэй.

Шинэчилсэн хар жагсаалтын 6-р хуудаснаас. Эх сурвалж: https://ec.europa.eu/finance/docs/level-2-measures/aml-delegated-act-2020-2801_en.pdf

Тус өндөржүүлсэн магадлан шинжилгээ гэдэгт дараахыг ойлгох юм байна (Directive EU 2018/643, Article 18a-д зааснаар):

  • үйлчлүүлэгчийн (customer) болон түүний эцсийн өмчлөгч (beneficial owner)-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах;
  • бизнесийн харилцааны үндсэн зорилго, мөн чанарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах;
  • үйлчлүүлэгч, түүний эцсийн өмчлөгчийн хөрөнгийн эх сурвалжийг тогтоох, мэдээлэл авах;
  • хийгдэх гэж буй аливаа гүйлгээний шалтгааны талаар мэдээлэл авах;
  • бизнесийн харилцаа үүсгэх, үргэлжлүүлэх талаар зайлшгүй дээд удирдлагын зөвшөөрөл авах;
  • бизнесийн харилцааны хувьд өндөржүүлсэн магадлан шинжилгээ хийхдээ тухайн үйлчлүүлэгчийн хийж буй гүйлгээ, хэлцлүүдийг шалгах давтамжийг ихэсгэх.

Таны бизнест хэрхэн нөлөөлөх вэ?

Аливаа олон улсын хөрөнгө оруулагч, санхүүгийн болон мэргэжлийн зөвлөх байгууллагуудын зүгээс “хар жагсаалт”-тай холбогдуулан дараах хоёр алхмыг хэрэгжүүлэх магадлалтай:

Нэгдүгээрт, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэдтэй бизнес харилцаанд (данс нээх, гүйлгээ хийх, гэрээ хийх гэх мэт) шинээр орохдоо өндөржүүлсэн магадлан шинжилгээ (дээр дурдсанчлан) хийж эхлэнэ,

Хоёрдугаарт, “Шинэчилсэн хар жагсаалт”-аас өмнө үүссэн бизнес харилцаандаа дахин шалгалт оруулж Европын Холбооны хар жагсаалтад заасан шаардлагыг хангаж буй эсэхээ баталгаажуулна.

10 дугаар сарын 1-ээс “Шинэчилсэн хар жагсаалт” үйлчлэх учир тэр хүртэл “Шинэчилсэн хар жагсаалт”-тай холбогдуулан манай бизнесийн харилцагч аливаа алхам хийхгүй байх гэж таамаглах нь хэт өндөр эрсдэлтэй. Учир нь олон улсад нэр хүндтэй ихэнх санхүү, хөрөнгө оруулалт, мэргэжлийн зөвлөх байгууллагуудын дотоодын аудит, хяналт шалгалтын хэлтсээс “Шинэчилсэн хар жагсаалт”-ын шаардлагад нийцэх арга хэмжээг нэн даруй авч эхлэх ба 10 дугаар сарын 1 буюу шинэчилсэн хар жагсаалт хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө аливаа асуудал байвал олж илрүүлж, шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Тиймээс та Монгол Улс “хар жагсаалт”-д албан ёсоор орох, ороод гарах өдрийг хүлээлгүйгээр хариу арга хэмжээг авч, бэлтгэлтэй байх шаардлагатай.

Хар жагсаалт таны бизнест дараах дарамтыг үүсгэх боломжтой:

  • Таны олон улсын бизнесийн түнш, хөрөнгө оруулагч, зээл олгогч байгууллагууд нэмэлт бичиг баримт, мэдээлэл шаардаж эхлэх;
  • Таны бизнестэй холбоотой аливаа олон улсын гүйлгээ мэдээлэл дутуу, тодорхойгүй гэсэн шалтгаанаар саатах, буцах боломжтой;
  • Хамгийн хэцүү тохиолдлуудад зээл, хөрөнгө оруулалтыг буцаан татах, түншийн харилцаагаа зогсоох боломжтой.

Энэхүү эрсдэлийг давах туулах дараах шийдлүүд байж болно:

  • Зээл, хөрөнгө оруулалтын гэрээтэй бол тус гэрээнд “Европын Холбооны хар жагсаалт”-тай холбоотой аливаа заалт байгаа эсэхийг шалгах, байгаа бол мэргэжлийн хуульч, зөвлөхөөс зөвлөгөө авч үүсэх эрсдэлийг тооцох;
  • Түнш, хөрөнгө оруулагч, зээл олгогч байгууллагуудтай хугацаа алдалгүй холбоо тогтоож, “Шинэчилсэн хар жагсаалт”-д Монгол Улс орсон талаар хэлэлцэх, цаашид хамтран авах арга хэмжээг тодорхойлох (жич: нэмэлт мэдээлэл өгөх гэх мэт)
  • Аливаа олон улсын гүйлгээ, хэлцэл хийх гэж буй бол хангалттай мэдээлэл оруулах (жич. гүйлгээний утга, холбогдох гэрээ материалыг хамт явуулах)

Энд хүрээд энэхүү нийтлэлээ дуусгая. Та бүгдэд аливаа асуулт, санал, зөвлөгөө байвал response хэсэгт бичиж үлдээгээрэй. Удахгүй “хар жагсаалт”-тай холбоотой асуудал бүр тодорхой болж, бидний санаагаа зовоох асуудал нэгээр багасах биз ээ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Хөгжлийн салхи эргэлээ

Өмнөх нийтлэл

Цар тахалын үед бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг эргэлзэлгүй шууд эхлүүл. Яагаад?

Дараагийн нийтлэл

2 Сэтгэгдэл

  1. Маш дэлгэрэнгүй, ойлгомжтой, мэргэжлийн нийтлэл байна. Баярлалаа

  2. Монголын банкуудын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байна. Мөнгө угаалт, бохир мөнгө монголын банкны салбарт хэтэрсний анхууралга болов уу. Энэ байдлыг яаралтай өөчрлөхгүй бол дотоодын бизнесийн орчны хямрал гэлтгүй, гадны зах зээлд бид Монгол гэдгээсээ ичиж явах болох нь. Банкны ноёрхолыг багасгаж, хөрөнгийн бирж, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаар бизнесээ дэмждэг орчныг бий болгох цаг нь болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in HR