Хүмүүс Интернэтийн вэб сайтад үндсэндээ дараах хоёр шалтгаанаар зочилдог:

  • Чөлөөт цагаа өнгөрөөх
  • Ямар нэгэн асуудлаа шийдэх.

Бизнесийн вэб сайтууд голдуу сүүлийнхэд нь зориулагдсан байдаг.

Тэгвэл танай вэб сайт зочдынхоо чухам ямар хэрэгцээ, шаардлагад үйлчилдэг вэ?

Маркетингийн туршлага багатай компаниуд вэб сайтаа зочдынхоо хэрэгцээ, тулгамдсан асуудалд үйлчлэх бус, харин өөрсдийгөө магтаж харуулах зориулалттай талбар болгочихдог. Тэд вэб сайтынхаа нүүр хуудсанд компанийн шилэн байшин, эсвэл Ерөнхий захирлынхаа хөрөг зураг, мэндчилгээ зэргийг байрлуулсан байх нь элбэг. Гэтэл, үйлчилгээний талбар бус, харин сурталчилгааны зурагт хуудас мэт вэб сайтууд зочдыг татах биш үргээдэг.

Хүмүүс танай вэб сайтад компанийн тань сурталчилгааг үзэх гэж бус, зөвхөн өөрт тулгарсан асуудлаа шийдэх гэж зочилж байгаа. Тэд хэрэгтэй зүйлээ шууд л олж харахгүй бол сайтыг чинь цааш уншиж судлахгүй, удаан зочлохгүй. Тэдэнд Интернэтэд өөр олон сонголт бий.

Өнөө цагт, хэрэглэгчдийн 75% буюу дөрвөн хүн бүрийн гурав нь бизнес, компанийг вэб сайтаар нь төсөөлдөг болсон гэдгийг судалгаа харуулдаг. Тиймд танай вэб сайт бол танай компанийн Интернэт дэхь үргэлжлэл юм.

Судалгаанаас үзэхэд, хүмүүс шинээр зочилж буй вэб сайтаа ухаж, үргэлжлүүлэн унших эсэхээ ердөө эхний 30-40 секундэд шийддэг байна. Тэд ямар ч вэб хуудасны дөрөвний нэгээс хэтрэхгүйг уншаад хэрэгтэй зүйлээ олж харахгүй бол өөр хуудас руу, эсвэл бүр өөр сайт руу явчихдаг.

Орсон зочдынхоо анхаарлыг татаж чадах нь вэб сайтдаа таны хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ёстой арга эрдэм. Тэгээд тэдний хэрэгцээг олж мэдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зөвөөр санал болгох нь дараагийн нэг арга эрдэм. Төгсгөлд нь, чанартай үйлчилгээ үзүүлж, тэднийг сайтынхаа байнгын зочноо болгох нь таны бизнесийн зорилтоо гүйцэлдүүлэх гол арга эрдэм. Эдгээр арга эрдэм тус бүрийг дизайн, агуулга, технологидоо бүтэн суулгаж чадвал вэб сайт танай бизнесийн хамгийн чухал хэсэг болж чадна.

Бизнесийн аливаа вэб сайтыг өөрсөддөө бус харин зочид, үйлчлүүлэгчиддээ зориулан, зөвхөн тэдний нүдээр харж бүтээх хэрэгтэй. Тиймд вэб сайтын дизайн, агуулга, үйлчилгээг зөвхөн зочид, үйлчлүүлэгчдийн хэрэглээнд зориулан, тэдний асуудлыг шийдэхэд чиглүүлнэ.

Мэдээж хэрэг, бизнесийн вэб сайтад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс гадна компанийн удирдлага, менежмэнтийн тухай мэдээлэл байж болно. Гэсэн ч, орсон зочин зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ хайж, өөрийн асуудлаа шийдэх гэж танай компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгааг мартаж болохгүй. Тэгэх явцдаа та бүхнийг хэр туршлагатай, найдвартай гэдгийг судалж компанийн удирдлага, менежмэнтийн тухай хуудсыг тань олж үзэж болно. Түүнээс бус, ямар нэгэн компанийн сайтаар зочилж, сурталчилгааг нь уншиж чөлөөт цагаа өнгөрөөдөг хүн тун ховор байх.

Хэрэв шинэ зочин танай вэб сайтад хоёр минут саатаж, мэдээлэл, үйлчилгээг тань сонирхсон бол цааш үргэлжлүүлэн судлах, мөн танай үйлчлүүлэгч болох магадлал ихэсдэг.

Энэ үед, дээр өгүүлснээр, бүтээгдэхүүн үйлчилгээгээ зөвөөр санал болгох алхам эхэлнэ.

Интернэтийн вэб сайт нь уламжлалт буюу хэвлэмэл брошюр, танилцуулгаас их ялгаатай. Вэб сайт бол зөвхөн мэдээлэл бус, мөн харилцаа холбоо, үйлчилгээний орчин юм. Вэб сайт бол бизнесийн хэрэглэгчиддээ  автоматаар үйлчлэх талбар, мөн хэрэглэгч өөрөө өөртөө үйлчлэх цэг юм.

Өнөө цагт, хэрэглэгчдийн 75% буюу дөрвөн хүн бүрийн гурав нь бизнес, компанийг вэб сайтаар нь төсөөлдөг болсон гэдгийг судалгаа харуулдаг. Тиймд танай вэб сайт бол танай компанийн Интернэт дэхь үргэлжлэл төдийгүй, бизнес, үйлчилгээний тань тухай төсөөллийг нийтэд бүрдүүлж байдаг гол суваг байх болно.

Вэб сайт бол олон талын мэдээллийн урсгалтай харилцаа холбооны талбар учир зочид тэнд зөвхөн мэдээлэл хайж олох төдийгүй, компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай бусдын санал сэтгэгдлийг олж мэдэж, өөрөө бичиж, бусадтай харилцахыг хүсдэг.

Өмнөх зочид, үйлчлүүлэгчдийн үлдээсэн санал сэтгэгдлүүд шинэ зочдод компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү сайн ойлгож, шийдвэрээ гаргахад нь тусалдаг. Тэр мэдээлэл тэдэнд компаний албан мэдээллээс ч илүү тустай байх нь элбэг. Яагаад гэвэл хүмүүс өөртэйгээ адил хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн санал, шүүмж, дүгнэлтэд ямар ч албан мэдээллээс илүү итгэдэг. Чухам тийм учир шилдэг компаниуд хүмүүсийн эерэг болон сөрөг санал, сэтгэгдлийг цэгцлэн харуулж, зочдынхоо тасралтгүй бичиж үлдээх мэдээллийг урамшуулан дэмжиж, түүгээрээ вэб сайт болон бизнесийнхээ татах хүчийг зогсолтгүй нэмж явдаг.

Зочдын эерэг санал сэтгэгдэл бизнесийн сурталчилгаанд их тустай. Тиймд, эерэг санал, сэтгэгдлийг вэб сайтдаа тусгайлан байрлуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилах нь бизнесийн түгээмэл практик юм.

Мөн, сөрөг шүүмжлэлд хандах хандлага нь компаний бизнесийн хариуцлага, бодит дүр төрхийг тод харуулж байдаг учир зөв тусгаж авч буй ямар ч сөрөг шүүмжлэл урт хугацаандаа бизнесийн эерэг дүр төрхийг бүрдүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулахад тусалдаг чухал хэрэгсэл болдог.

Статистикаас үзэхэд, өнөөдөр Монголын нэг сая гаруй иргэд Интернэтийн байнгын хэрэглэгч болсон байна. 10 мянган компани, хувь хүн өөрийн домайн нэр буюу вэб сайтын хаягтай болоод байна. Өдөр тутам 200 мянган хүн компани, байгууллагын вэб сайтуудаар зочилж байна. Түүнээс олон хүн гадаадын вэб сайтуудаар зочилж, сошиалд сүлжээнд орж, видео үзэж, мэдээлэл, бизнесийн сайтуудаар үйлчлүүлж байна.

Эдгээр бүх хүн танай компанийн сайтаар орож үзэхэд үргэлж бэлэн. Түүний тулд тэд ердөө компьютерын хулганаа нэг дарахад, эсвэл гар утсан дээрээ танай вэбийн хаягийг бичихэд л хангалттай. Харин үүнд танай компани бэлэн үү?

Хэрэв танай компани өөрийн мэдээллийг зөв дизайн, арга эрдэм, сайн технологиор багцалж, хүмүүст асуудлаа шийдэхэд нь бодит тус хүргэхээр зохион байгуулж чадвал танай вэб сайтаар зочид, үйлчлүүлэгчид тасрахгүй. Тэд байнга зочилно, харин тэр урсгал бол танай компанийн өмнө шинээр бий болж чадах бизнесийн алтан боломж юм.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 4.25 out of 5)
Loading...
Д. Энхбат
Хархорум дижитал академийн үүсгэн байгуулагч

    Яагаад бизнесүүд CRM хэрэглэх хэрэгтэй вэ?

    Previous article

    Популист улс төрчийг ямар шинж тэмдгээр таних вэ?

    Next article

    1 Comment

    1. Дээр нь вэб сайтыг хийдэг компани/газруудын нэр, хаяг, линкийг оруулсан бол илүү хэрэгтэй байж, тэднийг сонгох шалгуурууд, юуг анхаарах, үнийн саналд юу багтах ёстой, гм. Ийм мэдээлэл эсвэл хандах линк байвал явууулж тус болно уу.

    Leave a reply

    Your email address will not be published. Required fields are marked *

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    You may also like