Топ нийтлэл

Популист улс төрчийг ямар шинж тэмдгээр таних вэ?

0

Улс төрд “популист” гэдэг үг бараг л хараалын үгтэй дүйцдэг.  Баруунд популизмыг либерал ардчиллын гол аюул заналхийлэл гэж ярих нь ихэсч буй. Орчин үеийн гол популист улстөрчөөр Дональд Трампыг нэрлэсэн бөгөөд популистууд Итали, Венесуэл, Польш, Унгар, Турк, Бразиль зэрэг улсад төрийн эрх барьж байна. Популист улстөрчдийг хэрхэн ялгаж, тэд үнэхээр нийгэмд аюултай эсэхийг ойлгох зааврыг хүргэж байна.

Популизмын тухай мэдэх ёстой 6 зүйл

  1. Популистууд нийгмийг хэзээд “ард” ба “элит” гэж хуваадаг
  2. Тэд зөвхөн өөрсдийгөө ард түмний төлөөлөл гэж боддог.
  3. Орчин үеийн популистууд даяарчлалын үр дагавраас айх нийгмийн айдас, түгшүүр дээр тоглолт хийдэг.
  4. Биелүүлэхэд бэрх, дуулиантай амлалт өгсөн улстөрч бүр популист биш.
  5. Популистууд төрийн эрхэнд гарах нь аймшигтай биш ч энэ нь үргэлж улс төрийн хямрал дагуулдаг.
  6. Эрх баригчид чухал асуудлуудыг хэлэлцэх дургүй  бөгөөд шүүмжлэлийг тэнэглэл эсвэл хорон явуулга гэж тайлбарладаг учраас популизм ингэтлээ газар авсан.
Популист гэхээсээ өмнө хэнийг ингэж нэрлэдгийг ойлгоорой

“Популизм” гэдэг үг өнөөгийн улс төрийн хэлэнд илт сөрөг өнгө аястай хэрэглэгддэг. Улстөрчид голдуу ямар нэг тодорхой санаа илэрхийлж бус өрсөлдөгчөө ерөнхийд нь гутаан доромжлох зорилгоор ийн тодорхойлдог. Жишээ нь, Бразилийн популист гэгддэг Ерөнхийлөгч Жаир Болсонару 2018 онд сонгогдсоныхоо дараа хэлсэн анхны үгэндээ бразилчуудыг “популизмтай сээтэгнэхээ болих”-ыг уриалахын зэрэгцээ популизмыг социализм, коммунизм болон хэт зүүний үзэлтэй нэг эгнээнд оруулсан билээ.

Популизм гэдэг бол том асуудлыг энгийн арга хэрэгслээр шийдэх гэсэн сэтгэл хөөрлөөр өгсөн амлалт гэдэг дээр олон хүн санал нийлдэг. Гэвч зарим эрдэмтний үзэж буйгаар орчин үеийн улс төрийн өрсөлдөөнд бараг бүгд хялбаршуулсан тод уриа лоозон ашигладаг бөгөөд байр сууриа зүй ёсоор илэрхийлж байна уу, эсвэл сэтгэл хөдлөлдөө автаж байгаа эсэхийг ялгахад бэрх.

Түүнчлэн эрх баригчдын сонгуулийн өмнө гаргадаг олон нийтэд чиглэсэн шийдвэрүүдийг популист гэж тодорхойлох нь бий. Жишээ нь, гэнэт татвар бууруулах, тэтгэвэр нэмэх гэх мэт. Гэвч энэ бол төрөл бүрийн Засгийн газрын хийдэг алхам юм.

“Популизм” гэдэг ойлголтод нийтээр хүлээн зөвшөөрсөн шинжлэх ухааны тодорхойлолт байхгүй ч ихэнх судлаачдын хэлдэг шинж тэмдгүүд бий. Эдгээр шинж тэмдгээр популистуудыг бусдаас нь ялгаж, их улс төрд орохоороо, тэр тусмаа засгийн эрхэнд гарвал яахыг нь таамаглаж болно.

Анхаарна уу! Хэрэв аль нэг нам эсвэл улс төрч өрсөлдөгчдөө дутуу түүхий мөрийн хөтөлбөртэй, сонгогчдод тал засах гэж туйлширч байна хэмээн буруутгаж, ялангуяа популист гэж нэрлээд байвал тэд өөрсдөө хүмүүсийн санаа бодлыг төөрөгдүүлж, таныг айлгахыг оролдож байгааг гэрчилнэ.

Зүүний ба барууны популистуудыг ердийн зүүнийхэн болон барууныхантай андуурч болохгүй

Зүүний ба барууны үзэл санааг дэмжигчдийн аль нь ч популист байж болно. Уламжлалт социал-демократуудаас ялгаатай нь зүүний популистууд орчин үеийн парламентаризмыг шүүмжилж, бизнестэй харилцан ашигтай хамтарч ажиллах боломжгүй гэж үздэг. Үүгээрээ тэд өнгөрсөн үеийн хувьсгалчдыг санагдуулах ч хувьсгалчдаас ялгаатай нь өөрсдийгөө нийгмийн аль нэг бүлгийн биш, харин бүх нийгмийг элитүүдээс хамгаалагч гэж зарлах дуртай.

Барууны популистууд жинхэнэ барууны хүчнээс бизнесийг, ялангуяа, жижиг, дунд бизнесийг хүндлэх чанарыг өвлөж үлдсэн. Гэхдээ тэд цагаачидтай тэмцэж, улс орныг гадны элдэв нөлөөллөөс хамгаалах тухай ярих дуртай.

Хоёр талын популистууд нэг нэгнээсээ уриа лоозонгоо бодох юмгүй авч хэрэглэдэг. Хэрэв өөрийгөө барууных гэж тодорхойлдог нам төсвийн мөнгөөр эдийн засагт идэвхитэй хөрөнгө оруулалт хийх эсвэл бүх нийтэд эрүүл мэндийн үнэгүй үйлчилгээ хүргэх (хажуугаар нь татвар бууруулах) тухай амлаад эхлэвэл болгоомжлох хэрэгтэй. Эсрэгээрээ, хэрэв зүүний улс төрийн хүчин олон цагаачид орж ирснийг гадны улсуудын далд явуулга хэмээн тайлбарлаж, үндэстнээ хамгаалах тухай (тэгсэн хэрнээ зорчих хөдөлгөөнийг хялбаршуулах тухай) яриад байвал популистууд байх магадлал өндөр.

Анхаарна уу! Уламжлалт намуудын уриа лоозонд ялгаа бараг арилсан. Тиймээс жишээ нь, олон арван жил өрсөлдөгч байсаар ирсэн Германы социал-демократууд болон Христийн ардчилдсан хүч хоёрын хөтөлбөрийг ялгахад бэрх. Нэг талаас ийм төстэй байдал ихэсч, нөгөө талас нийгэмд шинэ санаачлагыг хүсэмжлэх болсон нь популизм газар авах нэгэн шалтгаан болсон гэж судлаачид үздэг. Уламжлалт намуудын хоорондын ялгаа улам бүр багасч, улс төрчид олон түлхүүр асуудал дээр зөвшилцөлд хүрсэн бол популистуудын хувьд тийм биш. Тэд бие биетэйгээ зөрчилтэй уриа лоозонгууд ашигладаг учраас дараа нь биелүүлэхэд бэрхшээлтэй байдаг.

Уриа лоозонгоос гадна тухайн улс төрч нийгэм болоод өнгөрснийг хэрхэн ойлгож буй тухай үзэл бодлыг нь үнэлэх хэрэгтэй

Популистууд нийгэм дэх айдсыг ашиглаж, тухайн нөхцөл байдлыг илүү эмгэнэлтэйгээр дүрсэлдэг. Тэднийг голдуу “Нэг сэдвийн нам” гэж нэрлэдэг. Учир нь уламжлалт намуудаас ялгаатай нь тэд голдуу ганц хоёрхон хурцадмал асуудлаар шийдэл санал болгодог (жишээ нь, цагаачлал, Европын холбооноос гарах эсвэл олигархуудтай тэмцэх гэх мэт)

Гэхдээ орчин үеийн популистуудад ирээдүйн талаар тодорхой ойлголт, дүр зураг байхгүй учраас улс орны хамгийн сайхан дүр бүтээхийн тулд “Алтан үе байлаа” гэх мэтээр ярьж өнгөрсөн рүү ханддаг. Тухайлбал, баруун Европын популистууд голдуу дайн дуусаад олон жил болсон ч даяарчлал хараахан эхлээгүй байсан 1970-аад оны тухай ярих дуртай. Эрдэмтэд үүнийг «ретропопулизм» гэж нэрлэдэг.

Популизм гэдэг бол үзэл суртал биш, харин төрөл бүрийн үзэл санаатай намууд ашиглаж болох улс төрийн хандлага юм. Уриа лоозон нь ялгаатай ч нийгмийн тухай төсөөлөл нь үргэлж төстэй.

Хамгийн гол нь популист хүчнүүд нийгмийг “энгийн хүмүүс” (эсвэл “ард түмэн”) ба “элит” гэсэн хэсэгт хувааж, хооронд нь эсрэгцүүлж авч үздэг. Эрх барьж буй хэсгийг эрх мэдлээс хөндийрсөн олонхийг ядуу амьдруулж байгаад буруутгадаг.

Популистуудын үздэгээр олонхи гэдэг бол сонирхол, үнэт зүйлээрээ төстэй, нийгмийн түлхүүр асуудлуудад адилхан хариулттай масс юм. Популистууд голдуу “жинхэнэ орос/монгол” хүн гэх мэтээр сонгогчид өөрсдийгөө тодорхойлоход эвтэйхэн ойлголтууд дээр тоглолт хийдэг.

Гэхдээ элитүүдийг шүүмжилж буй бүхэн популист биш. Пристоны Их Сургуулийн профессор Ян Вернер Мюллерийн үзэж буйгаар популист улс төрчид үргэлж өөрсдийгөө “ард түмний төлөөлөл”, бүх өрсөлдөгчөө “Элитүүдийн гар хөл” гэж ярьдаг. Түүнчлэн өөрсдийгөө ард олонтойгоо “ижилхэн амьдралтай” гэж итгүүлэхийг хичээдэг. Үүн дээрээ үндэслэн тэдэнд урьдчилан боловсруулсан хөтөлбөр хэрэггүй, яагаад гэвэл шаардлагатай мөч бүхэнд тэд “ард түмний хүсэл зориг”-ийг илэрхийлнэ гэж мэтгэдэг. Популистууд сонгогчдыг “бид бол та нар” гэж ятгадаг.

Яагаад популистууд олон болсныг эргэцүүлээрэй. Тэгвэл бусад улс төрчийн дутагдлыг ойлгоход хялбар болно.

Барууны судлаачид популистуудыг шүүмжилдэг ч тэдний олширсон шалтгааныг орчин үеийн нийгэм, улс төрийн системээс хайх хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хэргийн учир нь энгийн иргэд төрийн болон олон улсын институтэд итгэл алдарсан.

Үүнд объектив шалтгаанууд бий. Сүүлийн 10 жилд дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй үйл явцууд нэг нэгэндээ хүчтэй нөлөөлөх болсон. Технологийн шийдлүүд олон талаар удирдлагыг үр дүнтэй болгож байгаа ч түргэн хугацаанд шийдвэр гаргахыг шаардаж эхэлсэн. Учир нь шийдвэр гаргах үе шат хэдий чинээ их байна төдий чинээ ил тод бус. Харамсалтай нь бүхнийг тэр болгон энгийн, хүртээмжтэй хэлээр тайлбарлах амаргүй.

Барууны элитүүд ХХ зууны туршид өөрийн гэсэн ардчиллын үнэт зүйлсийг тунхаглаж, түүнийгээ төрөл бүрийн авторитар болон тоталитар дэглэмтэй эсрэгцүүлж ирсэн. Тиймээс хүмүүсийн урам хугарсанд тэд тодорхой хариуцлага үүрэх учиртай. Яагаад гэвэл ардчилал нь гадны дэглэмүүдээр зөвхөн гаднаасаа биш, удирдлагын хуулиар дотроосоо (элитүүд ихэнх шийдвэрээ сонгогчидтой зөвшилцөж гаргахгүй бол систем ажиллахаа болино) хязгаарлагдсан гэдэг нь нэгэнт илэрхий болсон. Хэдийгээр популизмыг ардчиллын аюул занал эсвэл сорилт гэж үздэг ч газар авах болсон шалтгаан нь нийгэм дэх тодорхой эрэлтийн дагуу бий болсон.

Түүнээс гадна эдийн засгийн даяарчлал нийт эдийн засагт өсөлт авчирсан ч тэгш бус байдлыг ихэсгэсэн. Энэ нь мэргэшээгүй хөдөлмөрийн цагаачидтай өрсөлдөхөд хүрсэн бага цалинтай ажилтнуудад хүнд цохилт болсон. Аж үйлдвэрийн бүхэл бүтэн дүүргүүд унасан. Жишээ нь, 2001 онд америкчуудын гуравны нэг нь өөрсдийгөө нийгмийн эмзэг давхаргад хамааруулж, энэ үзүүлэлт 2015 онд хоёрны нэгд хүрсэн.

Австрийн сэтгүүлч Михаэль Лазинскийн үзэж буйгаар эрх баригчид бодит байдал өөрчлөгдөж буй талаар үр дүнтэй зүйл ярихаас татгалзаж, хожигдсон талд өрсөлдөж, шинэ нөхцөлд дасан зохицож эсвэл шалгарлын хуулийн дагуу хувь заяатайгаа эвлэрэхийг тулгадаг. Энэ нь мэдээж орчин үеийн улс төрийн системд урам хугарах хүмүүсийн тоог олшруулж байна.

Анхаарна уу! Популист байр суурьтай өрсөлдөгчид байх нь эрх баригчдад ч ашигтай. Учир нь сонгогчдын анхаарлыг популизмын аюулд шилжүүлэн хандуулах боломжтой. Популизмоос эмээсэн айдсаар дамжуулан төвийг сахисан сонгогчдыг хөдөлгөх бололцоотой. Жишээ нь, Францад 2002 онд Жак Ширак, 2017 онд Эммануэль Макрон “Үндэсний фронт”-ын Жан-Мари Ле Пен болон түүний охин Маринтай өрсөлдөхдөө энэ тактикийн дагуу ялалт байгуулсан. Гэхдээ заримдаа популизмын эсрэг энэ арга бүтэлгүйтэж Дональд Трамп шиг популистууд ялалт байгуулдаг.

Популистууд засгийн эрхэнд гарсан орнуудын жишээг сайтар судлаарай

Орчин үеийн популист намууд мөрийн хөтөлбөртөө ардчиллыг үгүйсгэдэггүй. Гэхдээ бодит амьдрал дээр засгийн эрхэнд гарахаараа аль болох олон тооны институтийг хяналтандаа авч, таалагдахгүйг нь устгахыг хичээдэг. Энэ нь “Бид бол ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл учраас бүх эрх мэдлийг ард түмэнд буцаан өгнө” гэсэн популизмын дотоод логиктой дүйцэнэ. Энийгээ хэр түвшинд хийж чадах нь тухайн улсын нөхцөл байдлаас шалтгаална.

Хэрэв ардчилсан институт сайн хөгжсөн улсад популистууд засгийн эрхэнд гарвал тэгж их дураараа дургихгүй. Үүний жишээ нь Дональд Трамп. Конгресстой зөвшилцөх, заримдаа Дээд шүүхтэйгээ санал нийлэх шаардлагатай байдаг нь түүний дотоод улс төрийн идэвхийг хязгаарладаг. Харин гадаад улс төрийн талд тэр илүү эрх чөлөөтэй. Үр дүнд нь бараг л бүх дэлхийтэй худалдааны дайн зарлаж, Ойрх Дорнодын бодлогыг эрс өөрчилж, Мексиктэй холбоотой цагаачлалын хямралыг бий болгосон.

Ардчилсан уламжлал бэхжээгүй, олон улсын институтүүдээс хамаарал багатай улсуудад популистууд улс төрийн амьдралд хүчтэй нөлөөтэй. Зүүн Европын Унгар, Польшид ийм үйл явц болж, популист засгийн газрууд хэвлэл, шүүх, ТББ-ын эрх чөлөөг хязгаарлах болсон.

Хамгийн радикал жигүүрт популистууд ардчиллыг сольж эсвэл дарангуйлал тогтоохыг хичээдэг. 1994 онд Александр Лукашенко засгийн эрхэнд гарсан нь үүний илрэл юм. Заримдаа нийгэм, институтүүд үүнийг эсэргүүцэж, Венесуэльд гарсан шиг олон жилийн иргэний дайнд хүргэх нь ч бий.

Анхаарах нь! Популистууд ялж, өөрсдөө элит болсны дараа тэд ард түмний нэг хэсэг, олигархууд, гадаадын тагнуулчидтай тэмцэж байгаа хэмээн үргэлжлүүлэн ярьдаг. Энэ нь сөрөг хүчинтэй тэмцэх, түүгээр барахгүй улс төрийн мөрдлөг явуулах урьдач нөхцөл болдог. Цаашдын үйл явц өөрсдөөс нь гэхээсээ илүү ямар улс гэдгээс хамаарна. Хамгийн ардчилсан, тогтвортой улс байсан ч популистууд засгийн эрхэнд гарсан бол голдуу хямрал бий болдог.

Эх сурвалж: Meduza.io

 

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Компанийнхаа вэб сайтыг яаж сонирхолтой байлгах вэ?

Previous article

Подкаст: Бизнест хэрхэн зөв баг бүрдүүлэх вэ?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.