EntrepreneurТоп нийтлэл

Тацуяа Хамада: Би тооны араас хөөцөлдөхийг хүсдэггүй, харин үнэ цэн бүтээхийг хүсдэг

0
“Мобиком” корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада
Япон улс, Токио хот. Өглөөний есөн цаг. Тацуяа Хамада гүйцэтгэх захирлынхаа өрөөнд гэнэт дуудагдлаа. Яваад ортол захирал нь ганц хуудас цаас гартаа барьчихсан инээмсэглэн зогсож байв. Цаасан дээр KDDI корпорацийн удирдлагын багийн бүтцийг бүдүүвчлэн харуулсны дотор түүний нэр багтжээ. 達弥. Tatsu-ya гэх хоёр үеэс бүтэх нэр өсөн дэвжих, хүсэл тэмүүлэлдээ хүрч, биелүүлэх гэсэн өөдрөг утгыг илэрхийлдэг. Бараг хагас зууны өмнө эцэг, эх нь мэндлээд удаагүй хүүгийнхээ ирээдүйг гэгээлгээр төсөөлж, сайн сайхныг бэлгэдэн уг нэрийг өгсөн нь олон жилийн дараа Монголын томоохон үүрэн холбооны компанийг удирдах хариуцлагатай албанд томилогдох учиртай нэгэн байж. Хэсэг хугацааны дараа захирлынхаа өрөөнөөс гарч явах үедээ Хамада асар өндөр үүрэг хариуцлага, чамгүй хүнд ачаа нуруун дээр нь буухыг мэдэрч байв. Энэ бүхэн түүний хувьд санаанд оромгүй гэнэтийн байдлаар болж өнгөрчээ. Түүний өмнө хэл, соёлыг нь огт таньж мэдэхгүй улс, шинэ үүрэг хариуцлага нь тодорно. Харин тэр өдрөөс хойш дөрвөн жилийн дараа Хамада Монгол дахь албан өрөөнийхөө цэлгэр цонхны дэргэд зогсоод “Энэ бол миний карьерын замналд тодоор бичигдээд зогсохгүй асар том боломж авчирсан шийдвэр байлаа” хэмээн тэмдэглэсэн юм.   
Үүрэн холбооны оператор компаниудын үзүүлдэг үндсэн үйлчилгээнүүдийн хэрэглээ буурч, оронд нь дата хэрэглээ өсөж, бизнесийн шинэ хэлбэрүүд хүч түрэх болсон энэ цагт тэд шинэ гарц, шинэ сувгийг эрэлхийлэх нь зайлшгүй шаардлага болоод буй. “Мобиком” корпорацийнхан ч энэ бүхнээс хойш суусангүй ухаанаа уралдуулж, цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр ид ажиллаж байна. Тэдгээрийн нэг нь шинэ хэлбэрийн видео стриминг үйлчилгээ байх болно гэдгийг тус корпорацийн ерөнхий  захирал Хамада онцоллоо.  
Япон хүн гэхээр монголчуудын төсөөлөлд буудаг нийтлэг ойлголтоос түүний байр байдал эрс ондоо. 18 настайгаасаа эхлэн 20 хол гартлаа карате, кикбоксоор идэвхтэй хичээллэж ирсэн тэрбээр сүүлийн жилүүдэд оройн цагаа ихэвчлэн фитнес зааланд өнгөрүүлэх болжээ. Мөн Токио дахь гэртээ очих тоолондоо Харли Дэвидсон мотоциклоо унаж, салхи татуулан давхих нь түүний нэг хобби. Харин сонсдог дуунуудыг нь сонирхвол хард хаус, электроник хөгжмүүд зонхилох нь 20-иод насандаа DJ хийж байсантай нь ч холбоотой байж мэднэ. 
Үүнээс гадна үргэлж өө сэвгүй хувцаслаж, цэмцгэр бас эрүүл чийрэг харагддаг нь Хамадагийн нэрийн хуудас гэлтэй. Өнөөдөр ч мөн тэр л янзаараа ажил хэрэгч дүр төрхийг бүрдүүлж, босоо цагаан судалтай хар хослол сонгож, цагаан цамц өмссөн байв. Харин энгэртээ “Мобиком”-ын лого бүхий улаан тэмдэг шигтгэж, улаан хүрэн өнгийн энгэрийн алчууртай хослуулжээ.    
 1500 орчим ажилтантай, Монголын томоохон үүрэн холбооны компанийн захирлыг тодорхойлох эдгээр ойлголт mүүнийг бүрэн төгс илэрхийлж чадахгүй ч танд нэгийг өгүүлсэн биз ээ. “Манлайлагч” буландаа бид Тацуяа Хамадаг урьж оролцууллаа. 

Өмнө нь “Мобиком”-ын хуучин оффист тантай уулзаж байсан бол одоо шинэхэн оффист тань зочлох боломж тохиолоо. Байршлаас эхлээд дотоод засал, тохижилт, ерөнхий өнгө төрх гээд бүх зүйлээрээ эрс өөрчлөгдсөн нь анзаарагдаж байна. Ер нь ажиллах орчин гэдэг таны хувьд хэр чухал вэ. Мөн ажилтнуудын бүтээмжид хэрхэн нөлөөлдөг гэж та боддог вэ?

Сайхан асуултаар ярилцлагаа эхэлж буйд баярлалаа. Ажиллах орчин гэдэг ямар ч ажилтны хувьд тун чухал. Өмнөх оффис маань нэлээд хуучны, уламжлалт хэв маягтай байсан. Гэтэл дижитал эрин үе биднээс улам бүр урагш тэмүүлэхийг шаардаж байна. Энэ ч утгаараа “Мобиком” корпораци ажилтнуудаа оюун санаа төдийгүй бие махбодийн хувьд ч сэргээж, идэвхжүүлэх нь чухал гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргасан. Тиймээс ч бид өнгөрсөн жил толгой оффисоо нүүлгэж, одоо бидний сууж буй энэ барилгыг сонгон, ажилтнуудынхаа тав тухыг бүрэн хангасан орчныг бүрдүүлэн эрч хүчтэйгээр ажиллаж эхэллээ. Энэ шийдэл маань цаг үеэ олж, Мобикомчуудын хувьд оюун, сэтгэлгээгээ өөрчлөн шинэчлэх нэг ёсны тулах цэг болж чадсан. Нөгөө талаар энэ томоохон ажлын ард гарсан нь манай корпораци бизнесийн шинэ үе, шинэ эринд хөл тавих амжилттай эхлэл боллоо гэж харж байна.  

Би Монголд ирж “Мобиком” корпорацийн  нэг хэсэг болсноос хойш хэдийнэ дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ. Миний хувьд эхний гурван жил бизнесийн үндсэн сууриа бэхжүүлэхэд анхаарч, байгаа нөөц бололцоондоо тулгуурлан корпорацийн үйл ажиллагааг бүхий л түвшинд сайжруулахыг хичээж ирлээ. Үүнийг япончууд “Кайзен” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, компанийн үйл ажиллагааны үндэс суурийг бататгаж, үйл явцын гүнд орж, нөхцөл байдлыг ойлгохыг хичээсэн он жилүүд байсан гэж хэлж болно. Харин одоо бид эргэн тойрноо цоо шинээр харж, бизнесийн шинэ боломж, шинэ чиглэлийг эрэлхийлж байна. 

Япончууд бол өөрийн гэсэн өвөрмөц соёл, уламжлал, философитой ард түмэн. Энэ нь таны ертөнцийг үзэх үзэл, ажлын арга барил, зарчимд нөлөөлдөг үү?

Бизнесийн орчинд монгол болон япон соёлын ялгаа нь юу байдаг вэ гэж хүмүүс надаас их асуудаг л даа. “Мобиком”-д ерөнхий захирлаар ажиллахаар Монголд ирэхдээ би харилцаа холбооны салбарт хэдийнэ 20 гаруй жил ажиллачихаад байлаа. Үүнээс 11 жилийг нь хилийн чанадад буюу Англи, Герман, Бельги зэрэг улс оронд ажиллаж, амьдарч өнгөрүүлсэн. Тийм болохоор бизнесийн үйл ажиллагаа, менежмент, манлайллын арга барил маань япон менежерийн нийтлэг хэв шинжээс ялгаатай байх. Өрнө, Дорнын холимог, өөрийн гэсэн онцлог арга барилыг хэлбэршүүлсэн юм болов уу. 

Япончуудын бизнесийн соёлын нэг хүндрэлтэй тал нь үүрэг хариуцлагаа хэт өндрөөр ухамсарлахаас гадна аливаа ажлыг тогтсон нэг л арга барилаар хийх гэдэг. Энэ хандлага Японд маш хүчтэй. Нэг л үзэл хандлагадаа баригдах нь заримдаа сөрөг үр дүнд хүргэх боломжтой гэдэг утгаараа тийм ч зөв зүйл биш. Мэдээж хэрэг ийм хэв маяг гүн төвлөрч ажиллахад дөхөмтэй ч аливааг уян хатан байдлаар шийдвэрлэх чадварыг бууруулж, цаашлаад бизнесийн үйл ажиллагаа, менежментийн үйл явцыг удаашруулдаг. Ийм арга барилаар ажлаа амжилттай гараас гаргадаг ч цаг их авдаг. 

Та багагүй хугацаанд Монголд ажиллаж, амьдарч байна. Анх ирсэн болон энд ажиллаад дөрвөн жил болсны дараах бодол, төсөөлөл тань хоорондоо хэр зөрдөг вэ? 

Монголд ирснээс хойш нэг мэдэхэд л дөрвөн жил өнгөрчихөж. Би удирдлагын багийнхандаа “Мобиком гэж бүхэл бүтэн их сургуулийг төгсчихлөө. Харин одоо магистрын ангидаа элсчихээд байна” гэж хэлдэг юм. Хошигнож байгаа хэрэг л дээ. Юун түрүүнд монголчууд аливаад маш уян хатан ханддаг. Мөн дасан зохицох чадвар сайтай, өөрчлөлтийг хүлээн авахдаа гаргууд. Бизнесийн ертөнцөд эдгээр чанар маш чухал. Ялангуяа дижитал шилжилтийн талаар хүчтэй яригдаж, хаа сайгүй уламжлалт ойлголтуудыг эвдэж, бүтээлч устгал явагдаж буй энэ цаг үед. Гэхдээ юм бүхэн хоёр талтай байдаг шиг эдгээр чанарт ч өөрийн сөрөг тал бий. Тухайлбал, уян хатан байдал гэдэг нэг талаар үүрэг хариуцлага сулрах, ажилдаа төвлөрч, нягт нямбай хандахад саад болох жишээтэй. 

Ирээдүйд үүрэн холбооны компаниуд бизнесээ хэрхэн авч үлдэх вэ? Энэ л асуулт болчихоод байна. 

Нөгөө талаас харвал, монголчууд таныг өөрчилсөн, эсвэл Монголд ирээд  өөрчлөгдсөн зүйл танд бий юү?

Сайхан асуулт байна. Монголд ажил, амьдралын хэмнэл маань Японд өнгөрүүлсэн үеийнхээс илүү хурдан өрнөөд байх шиг санагддаг. Мэдээж хэрэг, хоёр орны зах зээлийг харьцуулшгүй. Монголын зах зээл жижиг хэрнээ тэнд их олон зүйл өрнөж байдаг. Монголд төр болон хувийн хэвшил, цаашлаад хэрэглэгчид хоорондын харилцаа холбоо их, тун ойрхон байдаг юм шиг санагддаг. Гэтэл Япон, эсвэл Европын улс орнуудад төр болон хувийн хэвшил өөр хоорондоо төдийлэн холбоогүй, тус тусын замаар явцгаадаг. Энэ бүхэнтэй холбоотойгоор өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд би компанийнхаа үйл ажиллагаанд анхаарахаас гадна бизнесээ арай өөр өнцгөөс харах хэрэгтэй болсон гэдэг утгаараа үнэхээр сайн туршлага хуримтлуулж чадсан. 

Та эх орноосоо гадна Европын өндөр хөгжилтэй хэд хэдэн улсад ажилласан туршлагатай. Харин Монгол шиг хөгжиж буй оронд ажиллах нь эдгээр улсын туршлагаас эрс ялгаатай байж таарна. Танд ямар сорилтууд тулгарсан бэ? 

Тантай санал нэг байна. Хөгжсөн орнуудын зах зээл гэдэг хэдийнэ хөгжиж, төлөвшсөн байдаг. Тиймээс ямар нэг гэнэтийн үйл явдлаас болж өсөлт, бууралтын огцом савлагаа үүсдэггүй. Харин Монголд энэ бүхэн нэлээд өвөрмөц. 2016, 2017 онуудад гэхэд л эдийн засаг сайнгүй байсан нь харилцаа холбооны салбарт ч нөлөөлж байв. Чухам ийм хүндхэн үед би  “Мобиком”-ыг удирдахаар ирж байлаа. Засгийн эрхэнд өөр нам гарч, Ерөнхийлөгчийн сонгуулиар шинэ удирдагчтай болж, УИХ-ын дарга солигдож, агентлагуудын бүтэц өөрчлөгдөх зэргээр бүх зүйл гэнэт шинэчлэгдэж, бүхнийг эхнээс нь эхлэх шаардлагатай болох нь энүүхэнд. Бид бизнесийн төлөвлөгөөгөө эртнээс сайтар боловсруулж, энэ жилийн сонгуулиар ямар нэг хямрал, хүндрэлгүйгээр даван туулах бэлтгэлээ хангаад байсан ч коронавирусын гэнэтийн дэгдэлтээс болоод эдийн засаг дахиад л уначихлаа. Үүнээс шалтгаалаад нөхцөл байдал яаж ч мэдэхээр эгзэгтэй байдалд ороод байна.

Гурван үеэрээ харилцаа холбооны салбарт ажиллаж ирсэн Тацуяа Хамада менежмент, манлайллын арга барилаа Өрнө болон Дорнын соёлын нийлбэр хэмээн тодорхойлж байна.

COVID-19-тэй холбоотойгоор “Мобиком” компанийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлтүүд гарч байна вэ? Үүнд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаараа хуваалцахгүй юү? 

Хятадад анх илэрсэн коронавирусын тархалт өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Ази, Номхон далайн бүс нутаг цаашлаад Европ тивийн улс орнууд руу эрчтэй тархаж байна. Үүнээс үүдээд цагаан сарын өмнөхөн Монголын Засгийн газраас хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Энэ бүхэн манай компанийн бизнесийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж байна. Сургууль, цэцэрлэгүүд хичээллэхээ больж, компаниуд бизнесээ авч үлдэхээр тэмцэж байна. Мэдээж ийм үед харилцаа холбооны үйлчилгээний хэрэглээ буурах нь тодорхой. Өнгөрсөн хоёр, гуравдугаар сард компанийн маань ашиг орлого эрс буурсныг тэмдэглэх хэрэгтэй. Тиймээс бид энэ талаар нэлээд зөвшилцөж, зөвлөлдсөний үр дүнд цөөнгүй төслөө түр зогсоож, хойшлуулах шийдвэр гаргалаа. Үүнийг дагаад зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний идэвхжүүлэлт, сурталчилгаа, промоушны ажлууд зогссон. Урсгал зардлуудаа ч нэлээд таналаа. 

“Мобиком” корпораци улсад төлөх нийгмийн даатгалын шимтгэлээ ямар нэг хөнгөлөлт эдлэлгүйгээр урьдын адил зохих ёсоор нь төлнө гэдгээ олон нийтэд саяхан мэдэгдлээ шүү дээ. Яагаад энэ шийдвэрийг гаргасан талаараа тайлбарлахгүй юү? 

Засгийн газар аж ахуйн нэгж, компаниудыг нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөх шийдвэр гаргаад байна. Маш зоримог, шийдэмгий алхам. Энэ шийдвэрийн дараа бид удирдлагын багаа яаралтай цуглуулж хуралдсан. Бид бараг өдөр бүр л ийм маягаар хуралддаг юм. Хугацааны хувьд хэлэлцэж буй асуудлаасаа шалтгаалан 10 минут, хагас цаг, эсвэл бүр хэдэн цагаар хуралдах нь ч бий. Засгийн газраас гаргасан ямар нэг мэдээ, мэдэгдэл, шийдвэрийн дараа бид заримдаа бизнесийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогодоо ч өөрчлөлт оруулах шаардлагатай болдог. Энэ хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан. Харилцаа холбооны салбар бол нэг төрлийн дэд бүтэц шүү дээ. Хүн бүрт хүрдэг гэдэг утгаараа бараг л олон нийтийн үйлчилгээ гэсэн үг. Тийм ч учраас “Мобиком” корпорацийн хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, COVID-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Засгийн газарт тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж, улсын төсөвт ирэх ачааллыг бага боловч хуваалцах үүднээс компанийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг ямар нэг хөнгөлөлт эдлэлгүйгээр урьдын адил үргэлжлүүлэн төлөхөөр  шийдвэрлээд байна. Хэрэв манай компани Засгийн газраас үзүүлж буй уг дэмжлэгийг хүлээн авбал магадгүй хэдэн тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Хэдэн зуун сая биш, хэдэн тэрбум төгрөг. 

Та түүхийн чиглэлээр, тэр дундаа дундад зууны Европын түүх судалсан хүн. Гэсэн ч харилцаа холбооны салбарт ажиллах болсон нь сонирхол татаж байна. Яагаад энэ салбарыг сонгосон бэ? 

Их сургуульд би өөрийн сурахыг хүссэн чиглэлээрээ л сурсан гэж боддог. Токио хотод байрлах Мэйжи хэмээх нэр хүндтэй их сургуулийг төгсөөд ч ажиллахыг хүссэн компанидаа л ажилласан. Харин яагаад харилцаа холбооны салбарт бүхэл бүтэн 24 жил ажиллачихав гэхээр 1996 оны үед харилцаа холбооны салбар, ялангуяа гар утасны зах зээл ид гялалзаж байлаа. Японд гар утас аажим аажмаар хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч эхэлсэн. Үүнийгээ дагаад харилцаа холбооны үйлчилгээний эрэлт ч огцом нэмэгдсэн. Тэр цагт мултимедиа гэдэг ирээдүйг тодорхойлох гол түлхүүр үг болоод байлаа. Тоглоом хөгжүүлэгч, мэдээллийн технологийн компаниуд ч энэ дунд багтаж байв. Ийм л шалтгаанаас болоод би харилцаа холбооны салбарт анхаарлаа хандуулсан. Мөн өөр нэг шалтгаан гэвэл өвөө маань энэ салбарт хүчин зүтгэж, Японы армид алба хааж байсан явдал. Тэрээр морз код дамжуулагч мэргэжилтнээр ажиллаж байсан гэдэг. Өвөө маань Монгол армийн эсрэг биш, харин Английн цэргийн армитай хийсэн Мьянмарын дайнд оролцож байсан болохоор санаа амар байдаг юм (инээв). Аав маань ч харилцаа холбооны салбарт насаараа ажилласан хүн бий. Гэхдээ илүү техникийн тал руугаа. 

Өвөө маань монгол армийн эсрэг биш, харин Английн цэргийн армитай хийсэн Мьянмарын дайнд оролцож байсан болохоор санаа амар байдаг юм.

Тэгэхээр энэ бүхэн таны удамд, бүр нарийн ярьвал цусанд байгаа юм байна шүү дээ. 

Тиймээ, тохиолдлын ч гэмээр юм шиг. Энэ бүхэн зөвхөн өвөө, аав хоёроор маань ч тогтохгүй. Миний эмээгийн дүү бас  харилцааны холбооны салбарт ажиллаж байсан. Авга ах маань ч ялгаагүй энэ салбарын компанид одоо ажиллаж байна. Тэгэхээр манай гэр бүлийнхэн үргэлж дэвшилтэт салбарт ажилласаар ирсэн гэсэн үг. Нэг ёсондоо бидний амьдралын замнал юм уу даа.

Удирдах албан тушаалд хэзээ анх очиж байв? Ямар бэрхшээлтэй нүүр тулсан бэ? 

2004 онд Лондонд 15 орчим хүнтэй баг анх удирдан ажилласан юм байна. Би Токиод ажиллаж байгаад гэнэт л Европт ажиллахаар томилогдож, Лондон хотыг зорьж байв. Багийн маань бараг тал хувь нь Англичууд байлаа. Харин үлдсэн хэсэг нь япончууд байсан ч Англид удаан амьдарч, тэндхийн иргэншилтэй болсон хүмүүс голдуу байв. Ингэж л огт өөр соёл, уур амьсгалын дунд ажиллах болсон. Гэхдээ өдөр тутмын амьдрал маань ямар ч асуудалгүй хэвийн үргэлжилж, өдөр хоногууд өнгөрдгөөрөө л өнгөрч байв. Ахуйн орчин нөхцөлд би соёлын зөрүүтэй байдлыг тэгтлээ хурц мэдэрч байгаагүй ч, бизнесийн ертөнц, ажлын орчинд орохоор соёлын ялгаатай байдлыг  илүү их мэдэрдэг байсан. Токиод байхдаа би галзуу юм шиг л ажилладаг байлаа. Харин дараа нь Лондон руу томилогдсон. Мэдээж Англид очиход тэндхийн хамт олон, ажилтнууд надаас ихийг хүлээж байсан нь тодорхой. Тийм ч болохоор би яг л Токиод байсан шигээ шаргуу ажилласан. Өдөр бүр шөнийн нэг, хоёр цаг хүртэл ажиллаад л. Лондонд очсон эхний нэг жилээ би байр, оффис хоёрын хооронд л ирж, очин өнгөрүүлсэн. Тухайн үедээ Regent’s park, Hyde park, London Eye зэрэг Лондон хотын заавал очиж үзэх чухал газрууд хүртэл хаана байдгийг ч мэддэггүй байлаа. 

Та “Мобиком” корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж эхлэх хүртлээ 24 жил харилцаа холбооны салбарт ажилласан. Энэ салбарын онцлогийг та юу гэж хэлэх вэ?

Бусад салбартай харьцуулахад маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа. Нэг жилийн дараа гэхэд энэ салбарт юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Тухайлбал, намайг Японд ажиллаж, амьдраагүй дөрвөн жилийн хугацаанд тэнд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ хамгийн өндөр эрэлттэй байсныг би  нэрлэж мэдэхгүй. Тэгэхээр харилцаа холбооны салбарын энэ их хурдтай зэрэгцэн алхана гэдэг нэг талаар сорилт. Гэхдээ уламжлалт болон шинэ үеийн харилцаа холбооны компаниуд мэдээж өөр хоорондоо ялгаатай. Уламжлалт харилцаа холбооны компаниудыг дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч гэж ойлгож болно. Харин өнөөдөр харилцаа холбооны компаниуд нийгэмд оршин тогтнохын тулд шинэчлэгдэх шаардлагатай тулгарч буй. Жишээлбэл, харилцаа холбооны компаниас санал болгодог үндсэн үйлчилгээ болох утсаар ярих, мессеж бичих үйлчилгээний хэрэглээ жил ирэх тусам буурсаар л байна. Хэрэв ийм дэд бүтцийн үйлчилгээ үзүүлсэн хэвээр байвал ирээдүйд зах зээл ханаж, өсөлт саарах нь тодорхой. Ийм л зайлшгүй шалтгаанаар “Мобиком” корпораци бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж эхэлсэн. Одоогоор Candy аппликэйшны үйлчилгээгээр санхүүгийн салбарт хөл тавиад байгаа бол тун удахгүй шинэ хэлбэрийн видео стриминг үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бидний тэмүүлэл энэ.  

Тацуяа Хамада: Заримдаа ТУЗ-тэйгөө ширүүхэн тулаан хийх үе ч гарна. Гэлээ ч бидний эцсийн шийдвэр ямагт хэрэглэгчид болон ажилтнуудынхаа төлөө байж чаддаг.

Компанийнхаа 10 жилийн дараах өнгө төрхийг хэрхэн хардаг вэ? Ирээдүйд өнөөгийн “Мобиком” хэр өөрчлөгдсөн байх бол?  

Хэрэв бид гар утасны үндсэн үйлчилгээ эрхлэгч платформ хэвээрээ үлдвэл цаашид бизнесийн өсөлт тэгж их явагдахгүй. Тодорхой хязгаартай гэсэн үг. Тухайлбал, өнөөдөр Монголын хүн амын 70-80 хувь нь ухаалаг утас ашиглаж байгаа бол гар утасны ерөнхий хэрэглээ бүр 130 хувьд хүрсэн байх жишээтэй. Товчхондоо, хүн бүр гар утастай болчихсон учраас цаашид энэ тоо тэгтлээ их өсөхгүй. Харин дата хэрэглээ эрс нэмэгдэж байна. Гэхдээ ирээдүйд дата багцын үнэ аажим аажмаар буурна. Ийм үед үүрэн холбооны компаниуд бизнесээ хэрхэн авч үлдэх вэ? Энэ л асуулт болчихоод байна. Тийм ч учраас бид шинэ төрлийн бизнес хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, энэ чиглэлд хөрөнгө оруулж эхэлсэн.   

“Мобиком” корпораци өөрийн гэсэн өвөрмөц дотоод соёлыг бүтээж чадсан санагддаг. Компанийн соёлыг төлөвшүүлэхэд хэрхэн анхаардаг вэ? Жишээлбэл, та ажилтнууддаа зориулан өөрөө сургалт ордог шүү дээ. 

Байгууллагын соёлыг төлөвшүүлж, бэхжүүлэх чиглэлээр жилд хоёр удаа томоохон хэмжээний сургалт зохион байгуулдаг. Энэ хүрээнд “Мобиком”-ын алсын хараа, бизнесийн философийн асуудлыг түлхүү хөнддөг. Бизнесийн философи гэхээр илүү соён гэгээрэл тал руугаа гэж ойлгож болно. Ер нь би ажилтнуудынхаа ур чадварыг тогтмол сайжруулахыг хичээдэг. Тийм ч учраас урьд нь KDDI (“Мобиком” корпорацийн толгой компани) -д ажилласан эхний жилүүддээ борлуулалтын ажилтан байсан туршлагаасаа хуваалцах зэргээр төрөл бүрийн сэдвээр сургалт зохион байгуулж, үүнийгээ дүрсжүүлэн байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах зэргээр ажилладаг. Орон нутгийн салбарууд дээрээ ойр ойрхон очдог маань ч үүнтэй холбоотой.

Энэ бүх олон талт үйл ажиллагаагаар дамжуулан ажилтнууддаа ойлгуулахыг зорьдог таны гол мессеж юу вэ? 

“Чиний зорилго юу вэ” гэж би хүмүүсээс асуудаг. Учир нь зорилгогүй хүн цааш зөв алхам хийж чадахгүй. Богдхан уулаар жишээ авъя. Чиний зорилго уулын оргилд хүрэх. Энэ тохиолдолд чиний туйлын зорилго дараагийн хийх алхмыг чинь чиглүүлж, хөтөлнө гэсэн үг. Зүгээр л уул өөд авир. Чамд гэр рүүгээ буцах зам байхгүй. Зорилго чинь тэр дээр харагдаж байгаа учраас тэр. Карьерын замнал бол уулын оргилд хүрэх энэ зорилготой л адил. Тэгэхээр хамгийн түрүүнд “Чиний зорилго юу вэ?” гэж хүмүүсээс би асуудаг. Хоёрдугаарт, битгий мөрөөд гэж хэлдэг. Маргааш өглөө сэрэхдээ л чи юу мөрөөдөж байснаа мартах болно. Харин оронд нь төлөвлө. Ирээдүйд хийхээр зорьж буй зүйлээ мөрөөдөл биш төлөвлөгөө гэж нэрлэснээр илүү бодитой, бас тодорхой болж ирнэ. Хэн нэгэн  ирээд надаас “Хамада сан таны бизнес карьерын мөрөөдөл юу вэ?” гэж асуувал би “Миний мөрөөдөл бол энэ. Би ийм зүйл хийж, тийм хүн болно” гэж хариулахын оронд өөрийн төлөвлөгөөгөө л ярих болно. 

Тэгвэл таны “Мобиком”-д ажиллах хугацаандаа тавьсан зорилгын биелэлт Богд уулаар зүйрлэвэл хаахна яваа вэ?

Энд ажилласан он жилүүд бол “Мобиком” гэж их сургуулийг төгссөний дайтай хугацаа. Харин одоо би мастерын зэрэг хамгаалахаар элсээд байна гэж өмнө нь ярьсан шүү дээ. Монголд ирсэн эхний жилээ л би “Мобиком”-д хийж гүйцэтгэх таван гол төлөвлөгөөг боловсруулсан байв. Одоо эргээд харахад ихэнхийг нь биелүүлжээ. Бидний одоо сууж буй энэ барилга тэрхүү цогц төлөвлөгөөний нэг хэсэг. Монголын үүрэн холбооны зах зээл хангалттай түвшинд хөгжсөн байна. Тухайлбал, 4G сүлжээ хэдийнэ орон даяар нэвтэрлээ. “Мобиком”-ын хувьд сүлжээгээ цаашид ч өргөтгөх болно. Мөн шинэ дата төв байгуулах, үндсэн системээ шилжүүлэх зэрэг ажлыг өнгөрсөн хугацаанд амжилттай гүйцэтгэсэн байна. Харин дараагийн зорилго маань өмнө хэлсэнчлэн шинэ бизнес загварыг эрэлхийлж, шинэ зах зээлд хөл тавих.  

“Чиний зорилго юу вэ” гэж би хүмүүсээс асуудаг. Учир нь зорилгогүй хүн цааш зөв алхам хийж чадахгүй. 

Ирээдүйн “Мобиком” корпорацид залгамжлан үлдээх өв таны хувьд юу байх бол. Өмнө нь энэ талаар та бодож байв уу?   

Би амьдарч, алхаж яваа газартаа өөрийн гэсэн орон зай, ул мөр үлдээхийг хүсдэг. Яг л түүхэнд нэрээ үлдээсэн хэн нэгэн шиг. Компанийн одоогийн ашиг орлого, зах зээлийн үнэлгээ, мөнгөн урсгал гээд энэ олон тоотой холбогдох амжилтыг дараагийн гүйцэтгэх захирал гарч ирээд л өсгөөд явах болно. Олимпийн тамирчин шиг л. Хэдэн жилийн дараа гэхэд хэн нэгэн чиний амжилтыг эвдэх л болно. Харин дурсамж бүтээх нь ой дурдатгалаас хэзээ ч арчигдахгүй. Тиймээс ч би тооны араас хөөцөлдөхийг хүсдэггүй, харин үнэ цэн бүтээхийг хүсдэг. Магадгүй ирээдүйд салбарынхан маань, эсвэл Монголын залуу үе “Тэгэхэд Хамада гэж япон захирал байж билээ. Одоо хаана, юу хийж явдаг бол?” гэж дурсах ч юм билүү. 

Өнгөрсөн жил MOffice дундын оффисыг та бүхэн санаачлан байгуулсан. Маш шинэлэг шийдэл. Монголд анх удаа томоохон корпорацийн санхүүжилтээр бий болсон гарааны бизнесийг дэмжих дундын оффис гэдэг утгаараа MOffice онцлогтой гэж харж байна. Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юү?   

Өнгөрсөн хугацаанд бид корпорацийн хэмжээнд өргөн далайцтайгаар нийгмийн хариуцлагын ажлуудаа хэрэгжүүлэхийг хичээж ирлээ. Тухайлбал, Хүүхдийн тусламжийн утас 108 болон Ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж төсөл гээд нэрлэвэл олон ажил бий. Гэхдээ салбартаа тэргүүлэгч компанийн хувьд бизнесийн цоо шинэ санаатай хэн нэгэн, өсөн дэвжих ирээдүйтэй жижиг компани, стартапуудад өсөж хөгжихөд нь туслах замаар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж яагаад болохгүй гэж? Хэрэв бид өөрт амрыг харвал ямар нэг компанид зүгээр л хөрөнгө оруулахад хангалттай. Гэхдээ ингэхийг хүсээгүй. Харин шинэлэг, уламжлалт бус бизнесүүдийг нэгэн дээвэр дор цуглуулж, платформ бий болгохыг зорьсон. “Мобиком”-ыг олон жилийн настай саглагар том модтой зүйрлэвэл, өндөр модны орой дээрээс модны ёроол хэсэгт ургаж буй, эсвэл ургах боломжтой үр жимсийг олж харах боломжгүй шүү дээ. Харин энэ модыг хөндлөнгөөс ажиглаж байгаа стартап компаниуд үүнийг олж харах боломжтой. Магадгүй үр шимийг нь ч хүртэх чадвартай байж болох юм. Тийм ч учраас стартапуудад өсөж хөгжихөд нь туслах, мөн тэдэнтэй хамтран ажиллаж бие биедээ харилцан өгөх нь чухал юм байна гэдгийг ойлгосон.

Үүний тулд бид стартапуудад маш тав тухтай орчин нөхцөл, боломжийн хөнгөлөлтийг санал болгож байгаа. Энэ бүгдээс хамгийн чухал нь шинэ залуу компаниудын төдийлэн холбогдоод байж чаддаггүй төрийн байгууллага, бусад салбарын томоохон компаниудтай танилцуулах боломжийг ч олгох юм. Мөн гар утасны аппликэйшн хөгжүүлэгч компаниуд дундаас бид шинэлэг, инноваци нэвтрүүлж буй гарааны бизнесийг сонгож хөрөнгө оруулж, хамтран ажиллах ч бололцоо бий. Ийм маягаар бид синержи үүсгэхийг зорьж байна. 

Гүйцэтгэх захирал бол нэг ёсондоо холбон тоглогч. ТУЗ, харилцагч, хэрэглэгч болон ажилтнууд гэх зэрэг олон талын алтан дунджийг олж ажиллана гэдэг амаргүй. Ийм үед таны баримталдаг гол зарчим юу вэ? 

Би “Мобиком” корпорацийн ТУЗ-ийн гишүүдийн нэг. Мөн KDDI-ийн Глобал бизнесийн газрын гишүүн. Мэдээж хэрэг би ТУЗ-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллаж байгаа. Тэдний зүгээс маш хатуу шаардлага тавих нь ойлгомжтой. KDDI бол салбартаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох бизнесийн групп. “Мобиком” корпораци бол энэ аварга группийн нэг салаа мөчир. Хэдий тийм ч миний хувьд шийдвэр, байр суурь маань Монголын хэрэглэгчид мөн “Мобиком”-ын ажилтнууд руу хандсан, тэдний эрх ашигт илүү чиглэсэн байдаг. Ингэх ч ёстой гэж боддог. Тиймээс заримдаа ТУЗ-тэйгөө ширүүхэн тулаан хийх үе ч гарна. Гэлээ ч эцсийн дүндээ ТУЗ маань ч хэрэглэгчид болон ажилтнуудынхаа төлөө аливаа шийдвэрийг гаргадаг нь бахархалтай байдаг юм.

Таны ажил, амьдралдаа баримталдаг гол зарчим юу вэ?

Нэг талаас ажлын карьер маань намайг үүрэг хариуцлагаа өндрөөр ухамсарлахыг шаарддаг. Олон хүний өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээдэг маань ихээхэн хичээл зүтгэл гаргахад нөлөөлж, ажлуудаа амжилттай гүйцэтгэхэд хөтөлдөг. Ийм л зарчмаар ажлууд маань хэрэгждэг дээ. Харин зорилгын тухайд богино болон урт хугацааны байхаас үл хамааран дараа сар, эсвэл ирэх жил гэхэд өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ ямар ч тохиолдолд зорилгоо биелүүлэхийн төлөө тууштай, эрч хүчтэй зүтгэх нь чухал. Ингэж чадвал хүчтэй төсөөлөл үүсэж, энэхүү төсөөлөл тархийг удирдаж эхэлснээр бие махбод ч дагаад эерэг хариу үйлдэл үзүүлж эхэлдэг. Би үүнийг л ажилтнууддаа захидаг даа. 

Амжилтын зах зухаас дөнгөж зуурмагцаа эхлүүлснээ гүйцээлгүй орхиж, дараагийн “адал явдлынхаа” араас хөөцөлддөг нь монголчуудын хувьд зарим талаар аль ч үгүй үлдэх шалтгаан болдог мэт. Өөрөөр хэлбэл, бидний нэрлэдэг олон зүйлийг амжуулдаг, хөрвөх чадвартай гэх зэрэг давуу тал маань эргээд сул тал болон хувирч амжилтаас хойш татаж, богино настай болгох нь бий. Харин монголчуудын аливаад хурдан дасан зохицож, хөрвөх энэ чадварыг япончуудын тууштай, зарчимч чанартай хослуулж чадвал та хэр өндөр амжилтад хүрэхийг хэн ч таашгүй. Магадгүй Тацуяа Хамада энэ бүхний хариултад хамгийн ойртсон хүн байж мэднэ.  

(Энэхүү ярилцлага Business.MN сэтгүүлийн 2020 оны 04, 05 сарын дугаарт нийтлэгдсэн болно.)

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Монос: Хүн гэдэг бол бизнесийн хамгийн гол түлхүүр

Өмнөх нийтлэл

Подкаст: Захирлын эзгүйд ч хэвийн ажилладаг системийг компанидаа яаж бүрдүүлэх вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.