Б.ЭНХЦЭЦЭГ

Дэлгүүрүүдээр борлуулагддаггүй кофены “ТОП”-уудын эгнээнд багтсан түүх.

Уулзах гэж буй хүн лүүгээ утас цохиж, өрөөнийх нь дугаарыг асуухыг завдтал кофены үнэр алсаас урин дуудаж, хаалган дээр нь хөтлөөд ирэв. Италийн “ESSSE caffe” кофены Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал И.Тамир “Сайн байна уу, кофе ууна биздээ?” хэмээн угтлаа. Ихэнх оффист зочлоход “Юу уух уу?” гэдэгсэн, харин эднийхээр ирсэн хүмүүс эспрессоны хүчтэй үнэрт автан, сонголтоо хийчхээд орж ирдэг бололтой. Бизнес эрхлэгчдээс голдуу хэрхэн бизнесийн санаагаа олсон болохыг нь асууж яриагаа эхэлдэг ч энэ удаад “ESSSE” гэдэг үг нь яагаад гурван “sss” тэй байгааг мэдэх хүсэл дийлж, амнаас гарав.

Эспрессо кофены талбарт “Scienza, Sapienza, Specializzazione=SSS” буюу Шинжлэх ухаанч Мэдлэгээр Мэргэшүүлж ажиллана гэх утгатай компанийн гурван үнэт зүйлийг шингээсэн итали нэр ажээ. Компанийн философийг 3S-т базчихсан энэ нэртэй танилцсаны дараагаар бид ширээ тойрон ESSSE Caffe брэндийн 10 төрлийн кофены үрийн холимогоос бүрддэг 68 жилийн түүхт “Masini” кофег амталлаа.

Итали тодотголтой кофены брэндүүд дундаас “Segafredo” гэж дуулсан л биздээ. Тус брэндийн үүсгэн байгуулагч нь одоогийн ESSSE Caffe-ийн эзэд. 1930 онд Gaspare Segafredo гэх италийн нэгэн эрхэм Болония хотоос 90км зайд кофе хуурах үйлдвэр байгуулжээ. Гэвч удалгүй үйлдвэрийг 1936 оны эдийн засгийн хоригуудаас үүдэн албадан хаав. Улс төрийн таагүй уур амьсгал зонхилсон энэ цаг үед Гаспарэ кофены бизнес хийх туйлын хүслээ орхилгүй явсаар дайны дараа үйлдвэрээ дахин сэргээж. Харамсалтай нь тэрбээр 1943 онд дэндүү залуугаараа хорвоог орхиж үйлдвэрийг 19 настай хүү Жиампьеро нь өвлөн авч үргэлжлүүлэх ёстой болов. Залуу эзэн “HoReCa” буюу өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан, кафены зах зээлийг зоримог сонгосон нь нүдээ олж, 1960 он гэхэд Италийн тэргүүлэх кофены брэнд болов. Тэрбээр ажилтнуудаа урамшуулж, хурцлахдаа гаргууд нэгэн байснаас гадна ахархан хугацаанд салбарынхаа шагналуудыг түүж, шилдгүүдийг давсан шилдэг болсноороо алдартай. Гэвч гунигт тавилан давтагдаж, тэрбээр 48 хан насандаа машины ослоор өөд болсноор, тус брэнд ахиад л 20 хон настай залуу эзэнтэй болсон нь Франческо байв. Гэтэл ингээд амар сайхандаа жаргасангүй. Италийн мафийн бүлэглэлүүд хүчирхэгжиж байсан 1970-аад оны энэ үед залуу эзэн барьцаалагдаж, өндөр төлөөсөөр амь мултарсан ч хэргийн учиг одоо ч учир битүүлэг.

Segafredo-ийнхонтой нийлсэн “Zanetti Spa” гэр бүлийн компани нь кофе хуурах бизнесийг нь тасалдалгүй авч явахад гол үүрэг гүйцэтгэж байв. Гэвч урт хугацаанд хоёр гэр бүл брэндийн ирээдүйн зам мөр дээр санал нэгдэж чадсангүй. Товчхондоо, Zanetti массын зах зээлд тоглохыг хүсэж байсан бол Segafredo-гийн гэр бүл өөрсдийгөө илүү сегментэлж харж байв. Тиймээс өөрийн гэр бүлийн нэрээр нэрлэгдсэн брэндээ 1977 онд Zanetti-д зарж, мөр мөрөө хөөжээ.

Ингээд 1979 онд Segafredo-гийн гэр бүл амжилтын түүхээ шинээр эхлүүлж, ESSSE Caffe компаниа байгуулав. Олон арван жилийн туршлага, мэдлэг дээр суурилсан учир товчхондоо хуучин эзэдтэй шинэ бизнес л байв. Гэхдээ тэд үүнээс цааш илүү инновацлаг ажиллах зорилго өвөртөлж эхэлсэн ба үүний үрээр одоо ч их сургуулиудын ХАА-н тэнхимүүдтэй байнга хамтарч, хэн, хэнийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж ажилладаг. Өнгөрсөн 30 жилийн үйл ажиллагаа нь ESSSE Caffe-д дэлхийд ТОП чанарын кофены брэнд гэх нэр хүндийг авчирсан. Гараар түүсэн дээд зэрэглэлийн үрийг өөрийн нэрийн технологиор хуурч, шинэ кофены амтыг хадгалдаг энэхүү процесс нь алхам бүрээрээ нарийн тооцоологдсон байдаг. Энэ л өнөөх 3 SSS-ийн цаадах үнэ цэн юм.

Кофе: Италичуудтай маргах хэрэггүй

Монголчуудад айраг эсгэхийг заахгүйтэй адил Италичуудад кофе хэрхэн хийхийг хэн ч зааж зүрхлэхгүй. Учир нь Италичуудын хувьд кофе бол манайхаар ярьбал сүүтэй цай л гэсэн үг. Кофег үндэсний ундаагаа болгож ирсэн энэ ард түмэн хурдан хэмээх утгатай “эцэг кофе” эспрессог өндөр чанараар үйлдвэрлэдэгээрээ алдартай. Тиймдээ ч европчууд тэр дундаа италиуд аяга эспрессог жүнзтэй архи мэт дор нь хөнтөрчихөөд, гараад “шидчихдэг” улс.

Гэхдээ Итали Улс кофены үрээ тариалдаггүй. Хэдий Бразиль кофены тариалангийн эх орон гэгддэг ч Итали кофены технологийн өлгий буюу Загалмайлсан эцэг нь. Италид анхны эспрессо машин зохион бүтээгдсэн нь үүний гэрч. Цаашлаад кофе шопын соёл ч Италийнх. Тухайлбал, Ховард Шульц 1980-аад онд Миланд кофе шопоор үйлчлүүлж явахдаа одоогийн “Starbucks”-ийг байгуулах санаагаа олсон гэдэг.

Сүүлийн таван жилийн эдийн засгийн шуурганд бараа бүтээгдэхүүний үнэ зогсолтгүй өсөж байхад ESSSE Caffe брэнд үнээ огт нэмээгүй.

Сүүлийн 10 жилийн хугацаанд азийн кофены зах зээлд үсрэлт гарч, сүлжээ кофе шопууд борооны дараах мөөг шиг олширсон. Гэхдээ европуудын адилаар хэдэн зуун жил хэрэглэж заншсан ундаа биш учир, сүү сахраар “зодсон” бараг л амттан гэмээр кофег хэрэглэж эхэлсэн. Энэ нь ч монголын зах зээлд ажиглагдсан үзэгдэл. Гэхдээ хэрэглэгчийн зан төлөв хөгжих тусмаа илүүг хүсэмжилж, сонголтуудтай байхыг эрмэлзэж эхэлсэн үеийг соргог мэдэрсэн И.Тамир өндөр чанартай ESSSE Caffe брэндийг 2015 онд оруулж ирсэн. Тэрбээр төлөөлөгчийн газраа нээсэн эхний хоёр жил багаараа нойр хоолгүй зүтгэж 120 байнгын харилцагч байгууллагатай болж чадсан нь тэдэнд орон зай байсныг харуулав. Өдгөө тэд жилдээ гурван сая тонн кофены үр боловсруулж дэлхийн 100 орчим улсад борлуулалт хийдэг ESSSE Caffe брэндийн 52 улс дахь салбарын нэг.

“Сүүлийн таван жилийн эдийн засгийн шуурганд бараа бүтээгдэхүүний үнэ зогсолтгүй өсөж байхад ESSSE Caffe брэнд үнээ огт нэмээгүй нь амжилтад хүрэхэд их нөлөөлсөн” гэж И.Тамир онцлов. Тэрбээр өмнө нь ажиллаж байсан “Хайр Тохой” компанийн хамт олонд маш их талархаж явдаг. Гаднын ТОП брэндүүдийг тэр дундаа Италийн чамгүй олон брэндийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлдэг тус компани түүнд “Чанар” гэдэг зүйлийг гүн ойлгоход тусалсан. “Хүн олон янзын чанартай зүйлсийг хэрэглэж үзэж л харьцуулалт хийж сурдаг” хэмээн тэрбээр өөрийн өмнөх ажлын туршлагыг товчхон базаж хэлэв. И.Тамир ESSSE Caffe-г оруулж ирэхээр төв оффиссынхонтой хэлцэл хийж суурин төлөөлөгчийн эрхийг авах нөхцөлөө тохирч чадсан. Энэ бол өндөр чанартай эрүүл бүтээгдэхүүнийг Италийн зах зээл дэх үнээр Монголд борлуулах боломж юм. Ингэхгүй аваас монголчуудад хүртээмж муутай, компанид ашиг багатай байхыг тэр анхнаасаа мэдэж байв. Гэрээгээ хүссэнээрээ байгуулж чадсаны дүнд амжилт ирж, хэрэглэгчид дундаж кофены үнээр өндөр зэрэглэлийн үр, түүнийг дагалдах “KNOW HOW”-ийг авах боломж өдгөө бүрдсэн.

И.Тамир, “ESSSE Caffè” группийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал

Гэхдээ ESSSE Cаffe бол анхнаасаа HoReCa зах зээлд төвлөрч ирсэн тул Монгол дахь салбар ч тухайн сегментэд чиглэж ажилладаг. Өөрөөр хэлбэл, тэдний кофе дэлгүүр хоршоогоор зарагддаггүй. Харин өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан, кафенуудтай хамтарч ажилладаг. Хэдий тийм ч аж ахуй нэгжүүд оффисын хэрэгцээнд эднийхээс кофе тогтмол худалдан авч хэрэглэх нь нэмэгдэж буйг И.Тамир хэллээ. ESSSE Cаffe кофены масс үйлдвэрлэлээр тэргүүлдэггүй ч, чанараараа Италийн ТОП 5 кофены брэндийн нэг гэдэг алдрыг эзэмшдэг. Италид нийтдээ 900 гаруй кофены брэнд өрсөлдөн оршдог.

Кофены соёлыг ирээдүй рүү

“Кофе чинь хөрчихсөн байна” хэмээн хөмсөг зангидан, зөөгч рүү аягатай кофегоо буцаах үйлчлүүлэгч Монголд олон. Тиймээс бариста нар бэлтгэх дарааллыг ар, урд нь оруулан өөрчилдөг. Заримдаа бүүр өөртөө амарчлах үүднээс ч “монголчилдог”. Гэтэл хар кофе л биш бол сүүтэй кофены стандартын дээд температур нь +65 градус байх ёстой. Хүйтэн сэрүүн уур амьсгалтай Монгол шиг оронд, бидний бие организм цаанаасаа халуун уух зүйлс нэхдэгийг буруутгахын аргагүй. Брэндийг нутагшуулах хүрээнд, ESSSE Caffe компанийн сургалт хариуцсан захирал, олон улсын мастер бариста Вито Кампанелли Монголд ирж, сургалт хийх үеэрээ кофены амтыг өөрчлөхгүйгээр стандартыг бага зэрэг эвдэж, час халуун сүүтэй кофе гаргах шинэ аргыг туршжээ.

ESSSE Caffe брэнд монголд орж ирснээрээ зөвхөн кофены үр борлуулахаас гадна кофе дагасан “know how” -ийг идээшүүлж, соёлыг түгээж буй. Тэд харилцагчидтайгаа холбоо тогтоосон цагаас хэрэглэгчийг дэмжих тусгай бодлого барьж, тэдэнд зориулсан цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлдэг. Тус брэндийн кофены жинхэнэ амтыг алдагдуулахгүйн тулд ажиллагааны нарийн стандартыг мөрдөж ажиллахад анхаарч зөвлөх үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Мөн харилцагч байгууллагуудынхаа бариста нартай байнга тулж ажиллан үе шаттай сургадаг байна. Тэд харилцагч байгууллагуудаар шалгалтаар явж, кофены машинаа зөв ашиглаж, кофены амтаа яв цав гаргаж чадаж буй эсэх цаашлаад кофегоор зөв үйлчилж буй эсэхийг хүртэл шалгадаг. Харин ESSSE Caffe багийнхан өөрсдөө толгой компаниас ирсэн мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалтад жилдээ хоёр удаа хамрагддаг. “Стандартаа л дага” гэдэг тэдний хувьд амны уншлага болжээ. HoReCa зах зээлд төвлөрдгийн хувьд “Харилцагч байгууллагын амжилт бол бидний амжилт” гэх зарчмыг И.Тамир үргэлж чухалчилдаг.

Тус брэнд нь Итали улсдаа “ Espresso Italiano” буюу “Жинхэнэ Итали кофе” чанарын сертификатыг эзэмшдэг цөөн брэндүүдийн нэг. Энэхүү сертификатыг жилд хоёр удаа бүтээгдэхүүнээс дээж авч чанарыг шалгаснаар Итали улсын Кофены их сургуулиас олгодог. Хэрэв амт ба чанар өөрчлөгдсөн тохиолдолд тус сертификатаас түдгэлзүүлдэг тул зөвхөн өндөр чанарын кофенууд л тус сертификатыг хадгалж үлддэг аж.

ESSSE caffe групп нь тус сертификатыг 1998 оноос хойш эзэмшиж байгаа нь миний бахархлыг төрүүлдэг чухал хүчин зүйл. Монгол дахь төлөөлөгчийн газраар дамжуулан үрийн, нунтаг болон капсултай кофе, халуун шоколад, цай зэрэг ESSSE Caffe группын үйлдвэрлэдэг бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлд нийлүүлж байна. Түүнчлэн мэргэжлийн кофе машин, жимсний сироп, хүйтэн бүтээгдэхүүний нэмэлт орцууд мөн бий. Оффис зориулалтын кофены машин S12 загварыг Феррари болон Ламборгини машинуудын загварыг гаргасан Италийн автомашины дизайнер Жоржетти Жужаро бүтээсэн. Тиймээс энэ загвар өдгөө “Феррари” хэмээн хочлогдох болсон.

Шинжлэх ухаанч мэдлэг, мэргэшсэн зарчмууд дээрээ тулгуурлаж цор ганц гэсэн тодотголтой, бестсэллэр бүтээгдэхүүнүүд тэд олныг гаргасан. Бүүр жил бүр нэг бүтээгдэхүүн шинээр гаргаж нэр төрлөө олшруулж, олны хараанд байдаг. Энэ дундаас “IDEALE” болон “Masini” нь хамгийн онцгой. Амтны өөрчлөлтгүй атлаа 50 хувь бууруулсан кафейны агууламжтай IDEALE” нь патентлагдсан бүтээгдэхүүн бөгөөд дэлхийд өөр ямар ч компани энэ төрлийн кофег үйлдвэрлэдэггүй. Харин “Masini” нь борлуулалтаараа тэргүүлэхийн сацуу Миланд зохиогддог Баристагийн дэлхийн аваргын тэмцээнд ашигладаг гурван төрлийн кофены нэгт орж, чансаагаа харуулсан байдаг. Энэтхэг, Бразил, Этиоп, Гватемал зэрэг орны 10 төрлийн үрийн холимог “Masini” кофе нь жирийн кофеноос хамаагүй баялаг амттай байдаг ба Монголд байгаа цор ганц ийм төрлийн бүтээгдэхүүн аж. Цаашлаад Италидаа ч ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “өдрийн од”. ESSSE caffe кофены үрийг гар аргаар хураахыг шаарддаг. Машинаар хураасан үр их хэмжээний хогтойн дээр чийгийн дутмагшилтай үрийг мөн л хэрэглэдэггүй учраас тэр чинээгээр тэдний үйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүн нь өндөр зэрэглэл, чанартаа хүрдэг.

Кофены соёлыг хэдэн зуун жилээр төлөвшүүлж ирсэн нь Итали улс ч дэлхий нийтийн хэрэглээнд хүргэсэн гол тоглогчид нь америкийн компаниуд. Гэхдээ нийтийн хэрэглээ төлөвшиж, өндөр чанартай кофены орон зай тэлж буй энэ үед америкийн компаниуд ч мөн энэ сегмент рүү хүч түрж буй. Гэхдээ кофены талбарт 400 жилийн туршлага хуримтлуулж гаршсан италиуд америкуудад тийм ч амар байраа тавьж өгөхгүй. ESSSE Caffe брэндийн борлуулалтын ашиг 2018 онд 15.5 хувийн өсөлттэй байсан бол 2019 онд 18.6 хувиар өсчээ. Жил бүр нэмэгдэж буй эрэлтийг дагаад борлуулалт өсч, энэхүү тасралтгүй өсөлттэй уялдаж буй. Тиймээс ч капсул үйлдвэрлэх хүчин чадлаа хоёр дахин тэлсэн. Тэд анх байгуулагдахдаа л өндөр чанартай кофены зах зээлийг онилж гарч ирсэн нь 50 жилийн цаадахыг харсан хэрэг байв. Мөн дараагийн 50+ жилд тэд хэрхэн ажиллахаа ч сайн мэдэж, төлөвлөж буй. Хэрвээ эдийн засагт бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновац амин чухал хэвээр байвал, Италийн “кофечид” тэр дундаа ESSSE Caffe төвийн тоглогч байсаар байна. Үүнд орон, орны төлөөлөгчид нь Элчин сайд шиг хүндтэй үүрэг гүйцэтгэнэ.

Жич: Энэхүү нийтлэлийг бичсэн хоёр хоногийн хугацаанд 6 аяга кофе ууж, жирийн үеэс 3 аягаар илүүг уусныг эцэст нь тэмдэглүүштэй.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Ц.Өнөржаргал: Эрсдэл хэдий олон ч тэдгээрийг таньж байна гэдэг өөрөө маш чухал алхам

Previous article

Өөрийн үнэ цэнийг зайнаас харуулах таван арга

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like