2020 он гарсаар дэлхий дахинд цар тахлаас хамааран ажилгүйдлын түвшин нэмэгдэж, жижгээс том хүртлээ компаниуд үүдээ барьж эхэлсэнтэй холбоотойгоор шинэ ажлын байрны тоо ч мөн буурч, иргэд хувиараа бизнес эрхлэх, хувиараа хөдөлмөр эрхлэх нь улам ихсэж байна. Үүнийг Америкийн хувиараа онлайн худалдаа эрхлэгч нарт зориулсан платформ болох Shopify компанийн хувьцааны өсөлтөөс ч харж болно. Улам олон иргэд, хувь хүмүүс хувийн бизнес эрхлэх сонирхолтой болж байна.

Өмнөх жилүүдээс ялгаатай нь хүмүүс өөрсдийн хүсэл сонирхлоо дагахаас илүүтэйгээр нөхцөл байдал тэднийг хувиараа бизнес эрхлэхэд хүргэж байна. Хүсэл сонирхол, мөрөөдөлдөө хэт автсан шинээр бизнес эрхлэгчид заримдаа бодит байдал, санхүүгийн тооцололдоо дутмаг хандах хандлага ажиглагддаг бол одоо “романтик” сэтгэл зүйтэй энтерпренерүүдээс илүү практикал, ашиг олоход анхаарлаа хандуулсан энтерпренерүүд давамгайлах болно. 1930 оны их хямралын үеэс ч илүү хүнд нөхцөл үүснэ гэж таамагласны үндсэн дээр уг нөхцөлд дэлхийн томоохон байгууллагууд ч хүнд байдалд орж, зардлаа танах горимд шилжиж байгаа. Энэ нь тэднийг илүү үр ашигтай, бүтээмжтэй шийдлүүдийг зах зээлээс эрэлхийлэхэд түлхэж, шинээр бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд шинэ боломжуудыг нээж байна.

Томоохон байгууллагууд үүдээ хааж, хүний нөөцийн цомхотгол хийж байгаа үед зах зээлд өндөр ур чадвартай ажиллах хүч нэмэгдэж байгаа.

Аутсорсинг (outsourcing) нь аливаа байгууллага өөрийн аливаа нэг ажлыг гуравдагч этгээдэд шилжүүлж ажилладаг хэлбэр юм. Энэ нь эдийн засгийн өсөлттэй үед эрэлт нь өөрсдийн хүчин чадлаас давах үед гуравдагч байгууллагыг хөлслөн нийлүүлэлтдээ хүрэх, харин өнөөгийн нөхцөл байдалтай адил буюу эдийн засгийн хямрал үүсэх үед өөрсдийн нүсэр бүтэц, удирдлагын цаг зарцуулалтыг багасгаж зардлаа бууруулах боломжийг олгодог. Зөвхөн том байгууллагууд гэлтгүй жижиг, дунд бизнесүүд мөн адил аутсорсингийн үйлчилгээг ихээр ашигладаг. Энтерпренерүүд бизнесийн эхэн үедээ ажлынхаа дийлэнхи функцыг өөрсдөө хийдэг маш авъяаслаг хүмүүс байдаг ч бизнес өргөжихийн хэрээр уг ажлуудаа өөрсдөө хийх гэж бизнесийн үндсэн үйл ажиллагаандаа зарцуулах цагаасаа хумсалж, хурдтай өсөн дэвжих боломжуудаа хаадаг. Уг бизнес моделийн үндсэн цөм нь цар хүрээ буюу “economy of scale” юм. Энэ нь үйлдвэрлэл дээр бүтээгдэхүүний гарц нэмэгдэх бүрт нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг багасдагтай адил, олон үйлчлүүлэгчидтэй болох бүрт нэгж ажилд ногдох зардал багасана гэсэн ойлголт юм. Аливаа компанид аль нэг ажлын функцыг ажиллуулахад  хангалттай economy of scale-д хүрч чадахгуй байгаа тохиолдолд өргөжилтийн үр өгөөжийг хүртэх чадвартай Аутсорсингийн компани руу шилжүүлэх замаар зардлаа бууруулдаг.

Хувиараа аутсорсингийн бизнес эрхлэхээр шийдвэрлэсэн танд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал магадгүй илүү боломжууд авчирч болно. Томоохон байгууллагууд үүдээ хааж, хүний нөөцийн цомхотгол хийж байгаа үед зах зээлд өндөр ур чадвартай ажиллах хүч нэмэгдэж байгаа. Ямар ч амжилттай бизнесийн хамгийн чухал хүчин зүйл болох чадвартай хүний нөөцийн олдоц өнөө үед харьцангуй таатай байгаа гэсэн үг.

Хэрэв та санхүү бүртгэлийн мэргэжилтэй, үүндээ мэргэшсэн бол нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ, хууль эрх зүйгээр мэргэшсэн бол мэргэжлийн хуулийн үйлчилгээ, автомашины засварчин бол байгууллага бүтэн цагийн засварчин байлгаснаас автомашинуудынхаа засвар, үйлчилгээг таниар гүйцэтгүүлж болно. Ямар чиглэлийн бизнес эрхлэх нь таны ур чадвар, мэргэшил, туршлагаас бүрэн хамаарна. Аутсорсинг нь хувь хүний ур чадвар дээр түшиглэсэн бизнес тул Та өөрийн партнер, хамтран зүтгэгчээ сонгохдоо ухаалаг хандаж, ментортойгоо сайтар зөвлөлдөхийг хүсье.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Билгүүнжав Б

Подкаст: Бизнесээ эрсдлээс хэрхэн хамгаалах вэ?

Өмнөх нийтлэл

Ахлах нягтлан бодогч яагаад Санхүүгийн зөвлөх болох ёстой вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох