Мэргэшсэн ур чадвар, арвин мэдлэг туршлага, өндөр ёс зүйтэй байх тусам хөгжиж төлөвшөөгүй системийнхээ золиос болдог мэргэжлүүд бий. Ийм мэргэжлийн нэг нь аудитор юм. Аудит нь зөвхөн бизнесээс бизнесээс рүү (B2B) чиглэсэн үйлчилгээ тул уг зах зээл дэх асуудлууд, тэдгээрийг тойрсон драм ихэнхдээ олон нийтийн анхааралд өртөлгүй өнгөрдөг.

Аудит нь нийгэмд гүйцэтгэх үүргээсээ үүдэж мэргэжлийн маш өндөр ёс зүй шаарддаг. Аудиторууд эдийн засагт бий болж буй ихэнх баялгийн нягтлан бодох бүртгэлийг (НББ) шалгаж, үнэлж, баталгаажуулдаг учир компаниудад татвар ногдуулах, хөрөнгө оруулах, тухайн компанийн цаашдын хөгжлийг бодитой үнэлэх зэрэгт шууд нөлөөлдөг.

Монгол Улсад аудитын үйлчилгээ эрхэлдэг 150-аад компани бий гэсэн мэдээ Монголын Мэргэшсэн Институтын сайтад байна. Монголын зах зээлийн дийлэнх хувьд  нь  EY, Deloitte, PWC, KPMG, BDO зэрэг олон улсын сүлжээ компаниуд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үлдсэн  орон зайд бусад аудитын компаниудын “өрсөлдөөн” болдог. Ийм дүр зурагтайгаар аудитын үйл ажиллагаа явагдсаар байгаа нь дотоодын аудитын компаниудын өсөлт хөгжил, санхүүгийн асуудал сулавтар, аудитын чанар хангалтгүй байгаатай холбоотой гэж мэргэжлийн хүмүүс үздэг.

Санхүүгийн тайлан бол зөвхөн татварт зориулагдсан гэсэн ойлголт бизнест амь бөхтэй оршсоор байна.

Аудитын үйл ажиллагаа нь бизнес өндөр хөгжсөн орнуудад жилийн турш тасралтгүй явагддаг боловч Монголын хувьд нөхцөл байдал арай өөр. Монголын аудитын компанийн ажлын оргил ачааллын үе  нь компаниудын жилийн эцсийн  санхүүгийн тайлан гаргах үе болох 12 дугаар сараас эхлэн дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд үргэлжилдэг. Бусад үед үйлчлүүлэгчид нь голдуу  тендерт оролцох, хувьцаа эзэмшигчдийн хүсэлтээр аудитаар зайлшгүй орох шаардлагатай эсвэл шүүхийн маргаантай байгаа зэрэг шалтгаанаар аудитаар үйлчлүүлдэг. Зах зээл өндөр хөгжсөн орнуудын хувьд санхүүгийн тайлант жилийн турш аудитын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилдэг хэдий ч Монголд бизнес эрхлэгчид аудитын тухай, компаниудын санхүү, нягтлан бодох бүртгэлийн тухай бүрэн ойлголттой байж чаддаггүй.

Монголын Улсын Мэргэшсэн нягтлан бодогч, аудитор Д.Алтантөгс нь НББ-ийн салбарт 30 шахуу жил ажиллаж байгаа,  туршлагатай аудиторуудын нэг. Тэрээр “Фискал аудит” нэртэй компаниа 2010 онд байгуулжээ. Барилгын нягтлан бодогч мэргэжлээр төгссөн тул 1980-аад оны сүүлчээр барилгын цэргийн ангийн тооцооны нягтлан бодогчоос ажлын гараагаа эхлэн  худалдаа, уул уурхай, ноос ноолуурын салбарт ажиллаж, мөн хүнд үйлдвэрлэл эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулалттай компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байв.

Дараа нь  СЭЗДС-ийн НББ-ийн тэнхимд багшаар ажиллахдаа санхүүгийн бүртгэл, өртөг, зардлын бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, аудитын хичээлүүдийг зааж, “Нягтлан бодох бүртгэлийн мэдээлийн систем хичээл”-ийн гарын авлага, сурах бичиг зэргийг бэлтгэж байжээ.

Нилээд хугацаанд багшилсны дараа байгууллагад ажиллаж үзмээр санагдаж Үйлдвэр, Худалдааны яаманд мэргэжилтэн, Санхүү эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллажээ. Тухайн үедээ Сайдын багцын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан зэргийг  анх удаа бэлтгэж байсан нь тухай үеийн шинэлэг ажлуудын нэгээхэн хэсэг байв.

Мэдлэг, мэргэжлийн ийм зам мөрөөр явснаар тэр бизнесийн чухал секторуудад онол, практикийн арвин мэдлэг, туршлага олж авчээ. Ийнхүү мэргэжлээрээ тууштай ажиллаж, Филиппин улсын иргэн Макеррио Севиллиа / монголчуудын дунд Мак багш хэмээн нэрлэгддэг/, PhD Б.Аюуш, профессор багш Н.Бадамрагчаа зэрэг багш нарын гараар орсон нь түүнийг мэргэжлийн хувьд өсч хөгжихөд голлож нөлөөлсөн гэж тэр ярив. Мөн аав Ү.Дондовсамбуу, ээж Ч.Дэвсэл нар  нягтлан бодогч мэргэжилтэй байв. 1990-иэд оны эхээр үе үе цахилгаан тасардаг байхад ээжтэйгээ хамт лааны гэрэлд суун анхны санхүүгийн тайлан балансаа гаргаж байсан тухайгаа дурсав.

Ийнхүү Д.Алтантөгс 30 шахуу жил тоотой нөхөрлөж яваа учраас компаниудын “хүмүүжлийг” шууд харуулдаг санхүүгийн тайлагнал ямар түвшинд буйг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг болч чаджээ. Ихэнх монгол компанийн захирлуудын санхүүгийн мэдлэг дутмаг байгаагаас гадна тэд өөрсдийн хандлагаа улам бүр сайжруулах шаардлагатай гэдгийг тэр хэллээ.

Дийлэнх бизнес эрхлэгч санхүүгийн тайлан бол зөвхөн татварт зориулагдсан  гэсэн ойлголт бизнест амь бөхтэй оршсоор байна. Гэтэл компаниуд өөрсдийн санхүүгийн тайлан балансаа үнэн зөв бэлтгэснээр ирээдүйд бизнес нь тасралтгүй, аюулгүй, хөгжин дээшлэх, өсөн нэмэгдэх ёстойг ойлгодоггүй. Ийм учраас л хараат бус, хөндлөнгийн аудитын компаниар санхүүгийн тайлан балансаа хянуулж шалгуулснаар одоогийн санхүүдээ мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зөвлөгөөг хүлээн авч, санхүүгээ сайжруулах алхмуудыг хэрэгжүүлснээр бизнес эрхлэгчдийн санхүү шилэн болох учиртай.

Зөвхөн замын цагдаад харуулахын тулд аюулгүй бүсээ бүсэлдэг жолооч нар бий. Ийм хандлагатай жолооч эрүүл мэнд, амь насаа эрсдлээс хамгаалж чадахгүй. Үүнтэй яг адил зөвхөн тамга даруулахын тулд аудитын үйлчилгээ хийлгэдэг захирлууд байдаг. Ийм захирал  компанийнх нь үйл ажиллагаа хэрхэн, хаашаа явж байгааг, хаана очиж дампуурахыг мэдэж чадахгүй. Заримдаа  муу санхүүгийн тайлан дээр эерэг аудитын дүгнэлт гаргуулах гэж зүтгэдэг үйлчлүүлэгч ч цөөнгүй. Аудиторууд  мэргэжлийн ёс зүйгээ сахиж санхүүгийн тайлангийн алдаа дутагдлыг нь засаж залруулах үүрэгтэй бөгөөд аудиторууд торгууль, акт тавьдаг хяналт шалгалтын  байцаагчид шиг ажиллах учиргүй.

Тухайн санхүүгийн тайланг алдаатайг нь мэдсээр байж эерэг дүгнэлт өгдөг аудитор бол өвчтөнийхөө хавдрыг нь авалгүй буцаагаад оёчихож байгаа мэс засалчтай адил.

Нягтлан бодогчдыг санхүүгийн тайландаа хандах байдлаар нь үндсэндээ хоёр ангилж болох аж. Нэг хэсэг нь компаний захирлын  муйхар шаардлагын дагуу орлого нуусан, өртөг зардлаа анхан шатны баримтгүйгээр нэмэгдүүлж, цэвэр ашгаа бууруулсан, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироосон  зэргээр санхүүгийн тайлан гаргадаг. Харин нөгөө хэсэг нь няглан бодогчдын мэргэжлийн ёс зүйгээ сахиж үнэн зөв санхүүгийн тайлан баланс бэлтгэснийхээ төлөө  ажлаас халагддаг нь ч байна.

Д.Алтантөгс нь  төрийн байгууллага, яаманд ажиллахдаа нилээдгүй саад бэрхшээлийг туулжээ. Нягтлан бодогч хүмүүсийн хамгийн гол анхаарах зүйлс нь анхан шатны баримтуудыг үнэн зөв бэлтгэх, НББ-ийн ажил, гүйлгээг зөв бүртгэх, санхүүгийн тайлан балансыг мэргэжлийн хууль, стандартын дагуу бэлтгэх. Тэрээр өөрийн аудитын компани байгуулснаас хойш ёс зүйтэй  хараат бусаар аудитын үйлчилгээ эрхлэх нь эр зоригийн хэрэг гэдгийг улам бүр мэдрэх болжээ.

Зах зээлд шилжин орсноос хойш өнөө хүртэл Монгол Улсын аудитын зах зээл төлөвшлөө бүрэн дүүрэн олж чадаагүй л байна. 1997 онд Аудитын тухай хууль анх батлагдснаар хувийн компаниуд аудитын үйлчилгээ авдаг болсон. 2015 онд уг хуулийг шинэчлэн баталснаар санхүүгийн тайлан, аудитын үйлчилгээнд тавигдах стандартын шаардлага сайжирч байгаа ч хувийн аудитын компаниудын ажил үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанарын асуудалд анхаарах, аудитын үнэ хөлсийг  бодиттой болгох зэрэг асуудлууд хэвээр.

Заримдаа нягтлан бодогчид, аудиторуудыг санхүүгийн махинацид ашиглах сонирхол хүчтэй байдаг нь санхүүгийн мэргэжлийн ажилтнуудын  бэрхшээлийг улам нэмж, төрийн зүгээс ямар ч хамгаалалтгүй үлдээдэг.

Олон хүн дотор сайнтай муутай нь байдгийн адил аудитын компаниуд  дотор ч орлого олохын тулд санхүүгийн тайланд  үнэн зөв аудит хийдэггүй,  аудитын нотолгоо баримтгүйгээр  аудитын цэвэр дүгнэлт гарган, зөвхөн тамга дарах байдлаар амь зуудаг нь ч бий. Энэ талаар туршлагатай аудиторуудын амнаас байнга сонсч болно.

Д.Алтантөгс аудитын компаниа байгуулсан цагаасаа  чанартай үйлчилгээ үзүүлж, мэргэжлийн ёс зүйгээ өндөр түвшинд сахихыг зорьж ирсэн. Харамсалтай нь, үйлчлүүлэгчийг татахын тулд үнэ унагааж, аудитын тайлангийн сайн, мууг эс харгалзан тамга дардаг өрсөлдөгчид энэ салбарын нэр хүндийг улам бүр дордуулж байгаа жишээ олон. Тамга дардаг иймэрхүү бизнесийг тэрээр дараах байдлаар зүйрлэв: “Тухайн санхүүгийн тайланг алдаатайг нь мэдсээр байж эерэг дүгнэлт өгдөг аудитор бол өвчтөнийхөө хавдрыг нь авалгүй буцаагаад оёчихож байгаа мэс засалчтай адил” гэж  хэлэв.

Харамсалтай нь үндэсний хэмжээнд компаниуд санхүүгийн тайланг үнэн зөв цэгцтэй тайлагнаж, санхүүгийн сахилга батыг мөрдөж ажиллах  ёстой ч хараат бус аудитын бодит үнэлгээний ач холбогдлыг ойлгодоггүй. Заримдаа нягтлан бодогчид, аудиторуудыг санхүүгийн махинацид ашиглах сонирхол хүчтэй байдаг нь санхүүгийн мэргэжлийн ажилтнуудын  бэрхшээлийг улам нэмж, төрийн зүгээс ямар ч хамгаалалтгүй үлдээдэг.

Аудитын зах зээлд тухайн аудитын ажлын хамрах цар хүрээ  их байх тусам эрсдэл өндөр байдаг бөгөөд үйлчлүүлэгчид аудитын дүгнэлтээс хамаарч санал зөрөлдөөнтэй байдаг.  Д.Алтантөгс нь аудитын компаниа байгуулснаасаа хойш хэд хэдэн том ажил авч хийсэн бөгөөд тэдгээрээс зарим нь цагдаа, шүүхийн байгууллага дээр очжээ. Хэдийгээр маргаан удаан үргэлжилж эцэст нь түүний хийсэн аудитын дүгнэлт зөв гэдэг нь батлагддаг ч эмэгтэй хүний хувьд энэ бүхнийг байнга тэсч гарахад хэцүү. “Хоёр, гурван ажил дээр шүүхээр яваад жаахан шантарсан. Сөрөг аудитын дүгнэлт гаргасныхаа төлөө адлагддаг. Ёс зүйтэй ажилладаг ч олон дайсантай болдог юм байна” хэмээн тэр учирлав. Тэрбээр энэ мэт аудитын зах зээлийн сүүдэртэй талыг ярьж байхдаа нэлээд болгоомжилсон байдалтай байв.

“Фискал аудит” ХХК нь Шангри Ла-д оффистой бөгөөд байнгын тогтвортой үйлчлүүлдэг цөөн тооны түнш харилцагчидтай. Тус компани нь  анхнаасаа л томоохон үйлчлүүлэгчдэд ойр байж, хамгийн гол нь чанартай үйлчилгээ үзүүлдэг компани гэдгээ харуулахын тулд үнэтэй оффис түрээсэлсээр ирсэн. Улам бүр хумигдсаар байгаа аудитын үйлчилгээний зах зээлд ийм байдлаар тэсэхэд хэцүү ч “Фискал аудит” өнөөг болтол тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь цаанаа нэгийг хэлнэ.

Фискал Аудит ХХК-д олон улсын сүлжээ компанийг төлөөлөх саналууд ирдэг ч Д.Алтантөгс цаг нь болоогүй гэж үздэг. Учир нь аудитын олон улсын сүлжээ компани болохын тулд бэлтгэл ажлаа сайн хийх, тухайлбал маш сайн аудитын багтай байх  ёстой. Нөгөө талаас, олон улсын аудитын эрх авчихсан хэрнээ доголдолтой ажиллаж буй аудитын компаниуд байгаа болохоор ийм эрхийг яарч авах хэрэггүй гэж тэр үздэг.

Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс аудитын “Топ 30 компани” гэсэн эрэмбийг гаргадаг бөгөөд “Фискал аудит” ХХК 2015 оноос  энд багтаж яваа. Гэхдээ Фискал Аудит ХХК-ийн захирал Д.Алтантөгсөд эрэмбэ чухал бус, харин чанартай үйлчилгээ хүргэх, аудитын ач холбогдлыг таниулахын төлөө зүтгэж явна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

9-р сарын вэбинар сургалтууд

Previous article

Бид яагаад Процесс ярих ёстой вэ?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like