Хүүхэд төрөх, шинэ хот руу нүүх эсвэл ажлаа солих зэрэг амьдралын томоохон өөрчлөлтийг дагаж, хэрэглэгчийн зан төлөв эрс өөрчлөгддөг ч бусад тохиолдолд харьцангуй тогтвортой байдаг. Гэтэл цар тахлын хямрал бидний амьдралд томоохон өөрчлөлт авчраад байна. АНУ-ын хүнсний дэлгүүрүүдийн орлого 2020 оны гуравдугаар сард өнгөрсөн онтой харьцуулахад 77 хувиар өсч, рестораны орлого 66 хувиар буурчээ. Харин дөрөвдүгээр сарын эцэст хүнсний бүтээгдэхүүний борлуулалт дундаж үзүүлэлтээс найман хувиар дээгүүр, рестораных 48 хувиар доогуур байв. АНУ-ын ихэнх муж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатайгаар нээж эхлэхээр төлөвлөөд байгаа тул бизнесүүд хэрэглэгчдийн зан төлөв хэрхэн өөрчлөгдөхийг сайтар ажиглаж байна.

Миний бие 2017 онд бичсэн нийтлэлдээ АНУ-ын хүн амын ердөө 10 хувь хоол хийх дуртай, гэртээ тогтмол хоол хийдэг талаар бичиж байсан. Энэ нь сүүлийн 20 жилд гэртээ хоол хийдэг хүний тоо гурав дахин буурсан гэсэн үг юм. Эл нийтлэлдээ хоол хийх нь ирээдүйд хэдхэн хүний хобби болон хувирна гэж учирлаж байлаа. Гэвч Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн өнцөг булан бүрд хэдэн сая хүн гэрийн хорионд орсноор миний таамаг салхинд хийсэв.

Хүнсний бүтээгдэхүүний маркетингийн чиглэлээр мэргэшсэн Hunter компани

АНУ-д коронавирусийн халдвар анх бүртгэгдсэнээс хойш иргэдийн хооллолтод ямар өөрчлөлт орсныг тодруулахаар судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын 54 хувь нь гэртээ түлхүү хоол хийж, 51 хувь нь цаашдаа ч гэртээ хоол хийнэ гэж хариулсан байна. Тиймээс цар тахлын дараа хүн амын дийлэнх нь гэртээ хоол хийж эсвэл хоол хүргүүлж авдаг болж мэдэх юм.

Хөл хориог сулласан ч хүмүүс гэртээ хоол хийхийг илүүд үзсэн хэвээр байвал хоол хүнсний салбар ч дагаж өөрчлөгдөхөөс өөр сонголтгүй болно. Гэвч хоол хүнс, ус ундаа үйлдвэрлэгч компаниуд бус эл салбартай шууд холбогдолгүй гурван хүчин зүйл хэрэглэгчийн сонголт, зан төлөвт нөлөөлөхөөр байна.

Зайнаас ажиллах горим

Юун түрүүнд хэрэглэгчдийн зан төлөв ажиллах хүчний хэдэн хувь гэрээсээ ажилладаг эсвэл ажиллах боломжтой болох вэ гэдгээс ихээхэн хамаарна. Учир нь хоол хийх дадал нь гэртээ өнгөрүүлэх цаг хугацаатай шууд хамааралтай. Хөл хорионы дараа ч гэсэн олон хүн гэрээсээ ажиллах боломжтой болж магадгүй байна. Тухайлбал, Google 2021 он хүртэл, Twitter насан туршдаа гэрээсээ ажиллах боломжийг ажилчдадаа олголоо. 2017 онд АНУ-ын хүн амын таван хувь гэрээсээ ажилладаг гэж Хүн ам тооллогын товчоо мэдээлж байв. Мөн 2018 онд Хөдөлмөрийн статистикийн товчооноос хүн амын 29 хувь нь гэрээсээ ажиллах сонголттой болсон гэсэн тооцоо гаргажээ. Цахимаар зайнаас ажиллах горим хэвийн үзэгдэл болох эсэх нь аж ахуйн нэгжүүд эл горимоос ямар ашиг хүртэж, ажилчид ямар шаардлага тавихаас хамаарна.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш бидний олонх нь гэрээсээ үр бүтээлтэй ажиллаж сурлаа. АНУ дахь санхүү эрхэлсэн захирлуудын судалгаагаар аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэхийн тулд нийт ажилтныхаа 20 хувийг зайнаас ажиллуулах хүсэлтэй байгаа аж. Ингэснээр аж ахуйн нэгжүүд тогтмол зардлаа (Жишээ нь: оффисын түрээс) хувьсгал зардал (Жишээ нь ажилчдын нөхөн олговор) руу шилжүүлэх боломж бүрдэнэ.

Үүнээс гадна Cambridge Group-ийн судалгаагаар АНУ-ын хүн амын 44 хувь нь коронавирусийн халдвараас эмээж өөрсдийгөө аль болох нийгмээс тусгаарлаж байгаа нь тогтоогджээ. Ойролцоогоор хөдөлмөр эрхэлж буй хүн амын 20-30 хувь нь зайнаас ажилладаг болох төлөвтэй байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад дөрвөөс зургаа дахин өндөр үзүүлэлт юм.

Ганц бие өрх

Хоёр дахь хүчин зүйл бол яахын аргагүй өсөн нэмэгдэж буй ганц бие өрхийн тоо. Гэртээ хоол хийхийн ашиг тус нь хэдэн хүнд хоол хийхээс шууд хамаардаг. Тухайлбал, ганц хүний хоол хийх нь ажиллагаатай мөн зардал ихтэй. Гэртээ хоол хийдэг хүний тоо буурч буй нь ганц бие өрхийн тоо өссөнтэй холбоотой гэж үзжээ.

1969 онд АНУ-ын нийт өрхийн 17 хувь нь ганц бие өрх байсан бол 2019 онд 28 хувь болж өссөн гэж Хүн ам тооллогын товчоо мэдээлсэн. Түүнчлэн 1984-2018 оны хооронд хүн ам 72 хувиар өссөн ч гэрлэлт 16 хувиар буурч, жилд дунджаар 2.1 сая гэрлэлт бүртгэгддэг болжээ. 2018 онд ердөө 3.8 сая хүүхэд мэндэлсэн ба энэ нь 1986 оноос хойших хамгийн доогуур үзүүлэлт юм.

Цар тахлын дараа “baby boom” болох магадлалтай ч эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлаас үүдэж төрөлт нэмэгдэхгүй гэж судлаачид үзээд буй. Мөн хөл хорионы улмаас гэр бүл болох байсан залуучууд бие биетэйгээ учирч чадаагүй гэлтэй.

Хоорондын зай

Хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх гурав дахь хүчин зүйл бол хүн хоорондын зай барих дадал. Хөл хориог сулласан ч хэрэглэгчид олон нийтийн газраар явахаас татгалзах хандлагатай байна. Иймд аж ахуйн нэгжүүд өөрсдийн эрхэм зорилго, үнэт зүйлс, алсын хараагаа шинэчилж, дээрх өөрчлөлтөд суурилсан бизнес загвар боловсруулах шаардлагатай тулгарлаа.

Хүргэлтийн үйлчилгээний эрэлт өндөр хэвээр байх тул хүнсний дэлгүүр болон ресторанууд орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эл боломжийг ухаалгаар ашиглах хэрэгтэй. Жишээ нь, хэрэглэгчид аль болох олон нийтийн газраар явахгүйг эрмэлзэж буй тул ресторанууд халуун хоолоор үйлчлээд зогсохгүй жижиг сажиг хүнсний бүтээгдэхүүн борлуулж болох юм. Үүнээс гадна түргэн хоол, ресторан, хүнсний дэлгүүр зэрэг хоолны бизнес эрхлэгчид автомашинаас буулгүйгээр захиалсан хоолоо эсвэл бараагаа авч явах (drive-through) үйлчилгээнд хөрөнгө оруулалтаа чиглүүлэх хэрэгтэй болж мэднэ.

Хэрэглэгчид хоол хүнсээ цуглуулахдаа төдийгүй хаана ч явсан хүн хоорондын зайг баримтлахыг хичээж буй. Хөл хөдөлгөөнтэй хотод амьдрах эсэхээ эргэцүүлэх цаг нэгэнт иржээ. Ирээдүйд дундын оффис, хүн дүүрэн лифт, чихэлдсэн нийтийн тээврийн тоо багасах биз.

Softbank компани нь WeWork-ийн үнэлгээг 6.6 тэрбум доллароор бууруулжээ. Цаашдаа ч WeWork шиг дундын оффис түрээсэлдэг компанийн үнэлгээ буурсаар байх бололтой. Коллеж, их дээд сургуулийн бизнес загвар нь нэг ангид аль болох олон хүүхэд сургахад чиглэдэг тул олон сургуулиуд дампуурлын ирмэгт туллаа. Түүнчлэн агаарын тээврийн салбарын ашгийг нэмэгдүүлэхийн тулд 2005 онд 75 хувь байсан даац ашиглалтыг сүүлийн жилүүдэд 85 хувь болгож өсгөж байжээ. Гэвч Ковид-19-ийн улмаас даац ашиглалтыг дахин бууруулахаас өөр аргагүй боллоо.

Цар тахлын хямралын дараа үндсэн хөрөнгийн ашиглалт, өртгийн удирдлага, өргөжилтийн үр өгөөж зэрэг бизнесийн стратегийг эргэн дүгнэх шаардлага тулгарна.

Хэрвээ зайнаас ажиллагсдын тоо нэмэгдэж, өрхийн гишүүдийн тоо цөөрч, хоорондын зайн хязгаарыг баримталсан хэвээр байвал хуучны арга барилаар ашиг орлого олно гэж мөрөөдөөд ч хэрэггүй.

Хөрөнгө оруулагч, удирдах албан тушаалтнууд улиг болсон бизнес загвар, арга барилаа хадгалах гэж хичээхийн оронд дээрх гурван өөрчлөлтөд суурилсан шинэлэг шийдлийн эрэлд гарах цаг болжээ.

Эх сурвалж: HBR

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Бид яагаад Процесс ярих ёстой вэ?

Өмнөх нийтлэл

П.Гандолгор: “Зарагдсан барааг буцаахгүй” гэх нь борлуулалтын бүдүүлэг хандлага

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох