“Харамчийнхан”                                      

Д.Сүндий багаасаа л аливаад маш харам ханддаг байжээ. 10 нас хүрээгүй байхдаа чихэр жимсэнд хамаагүй мөнгө үрэхийн оронд айлуудын оёдлын машин засч, тавилга угсарч мөнгө олдог байв. Унадаг дугуй авч унах гэсэн боловч аав, ээжид нь хангалттай мөнгө байгаагүй учраас тамхи зарж дугуйны мөнгөтэй болж байлаа. Дунд сургуульд байхдаа дуудлагаар компьютер засч, программ суулгадаг орлоготой сурагч байжээ.

Аав нь эмч байсан ч техникт маш сонирхолтой хүн байж. Эвдэрч хэмхэрснийг засах дуртай байсан бөгөөд тэдний гэрийн эд зүйл маш удаан хэрэглэгдэнэ. Харин ээж нь санхүүч, нягт нямбай гэрийн эзэгтэй. Гэр бүлийн орчин нь түүнийг хөдөлмөрт дуртай, тооцоотой болгон хүмүүжүүлжээ.

Тамхи зарж зогсохдоо бүтэн өдөр ширхэглэж зарах уу, эсвэл шууд хямдхан бөөндчихөөд ахиж авчирч зарах уу гээд л янз бүрээр тооцож хамгийн боломжит хувилбарыг гаргана. Энэхүү шинж чанар нь түүнийг багаасаа худалдаа хийхдээ хүнтэй хэлцэл хийж, асуудлыг бие даан шийдэх чадварт суулгажээ. Тоо бодохдоо сайн байсан тэрээр сурагч байхдаа аналитик сэтгэлгээтэй, ямар нэгэн хязгаарт баригдахгүй бүтээлч сэтгэж чаддаг гэдгээ мэдэрдэг байв.

Гэхдээ түүний хамгийн их харамлаж, тооцоолдог байсан зүйл нь цаг хугацаа. Зарим орой “Өнөөдөр шал дэмий тоглоод цаг үрчихлээ” гэж өөрийгөө зэмлэнэ. “Ер нь би хэрэгтэй зүйлд цагаа үрж байна уу” гэж байн байн эргэцүүлнэ. ШУТИС-д сурч байхад нь хэрэггүй зүйл их зааж, хайран цаг хугацааг нь үрж байгаа мэт санагддаг байв. Хичээлийнхээ номыг түрүүлж судалчихаад багшийн заасан, даалгаварт өгсөнтэй нийлээд нэг хичээлийг гурван удаа судална. Ийнхүү таван жилийн хичээлийг 3.5 жилд дуусган төгсч байв.

Хэдийгээр тэр бага насандаа цаг хугацаа хэмнэхдээ сайн байсан ч капиталист нийгмийн үндсэн ойлголтуудын нэг болох “Алдагдсан боломжийн өртөг”-ийн зарчмыг хэрэгжүүлж байснаа том болсон хойноо ойлгожээ. Тэрбээр алхам тутамдаа өнөөдрийн мөчүүдийг ирээдүйнхтэй харьцуулж сонголт хийдэг байлаа. Хэрэв өнөөдрийн нэг өдөр таван жилийн дараах таван өдөртэй, эсвэл 10 жилийн дараах 10 өдөртэй тэнцэнэ гэж үзвэл өнөөдрийн тэр нэг өдрийг чи хамгийн үр ашигтай өнгөрөөх ёстой. Ингэж ирээдүйдээ цаг хугацаагаар хөрөнгө оруулах нь мөнгөөр хөрөнгө оруулснаас хамаагүй үнэтэй. Хэрэв хугацааны эхэнд жаахан ч гэсэн хөрөнгө оруулж чадвар тэр нь цаашдаа өөрийгөө өсгөөд явчихна.

Д.Сүндий шенгэний виз гаргуулж авахад хэцүү байсан 2004 онд Германд мэргэжлээрээ ажилладаг цөөн Монгол хүний нэг байж жил орчим ажиллаад буцах хугацаа болов. Нэгэнт шенгэний виз авчихсан болохоор 150 хан еврогоор Парисыг үзчихээд ирээч гэж найзууд нь ятгаж байсан ч тэр явалгүй 150 еврогоо хадгалж, Парист очих цаг хугацаагаа хэмнэснээр ирээдүйд тэр Парист бүр тухтай очиж, очих очихдоо том буудалд буух бололцоо бүрдэнэ гэдэгт итгэлтэй байв. Тиймээс “Миний өөртөө оруулж чадсан хамгийн том хөрөнгө оруулалт бол цаг хугацаа” хэмээн ярьж байна.

Германд судалгааны ажилтан байж, Монголын цалингаас хэдэн арав дахин цалин авч байсан. Гэхдээ бүтээхийн тулд бус судлахын тулд судлаад байгаа мэт санагдсан учраас тэрхүү вакумжуулсан орчинд цаг үрэхгүйн тулд Монгол руу буцжээ.

Төрийн байгууллага, банканд ажиллаж байхдаа түүний анзаарсан гол зүйл нь хөрөнгө мөнгө, цаг хугацааны үр ашиггүй зарцуулалт байв. Түүний судалснаар тэдний 12 сар хийж байгаа ажлыг гуравхан сард багтааж маш их зардал, цаг хугацаа хэмнэх боломжтой гэж харсан.

Тийм учраас өөрийн гэсэн бизнестэй болохоор шийдэхдээ цаг хугацаа, зардлыг хамгийн ихээр хэмнэх боломжтой салбарыг сонгох хэрэгтэй байв. Уул уурхай, барилгын чиглэлд ажиллаж болохоор байсан ч элдвийн зөвшөөрөл авах гэж бөөн хугацаа алдах гээд байсан учраас технологийн тусламжтайгаар үр ашигтай систем бүрдүүлэн өрсөлдөх боломжтой нь санхүүгийн салбар байлаа. Ингэж тэр “Нэткапитал” санхүүгийн группыг байгуулжээ.

Өнөөдрийн өнцгөөс харахад алдагдсан боломжийн өртгийг сайн тооцож ирсэн нь уг байгууллагын богино хугацаанд амжилтанд хүрэх үндэс болсон гэж Д.Сүндий үздэг. Тиймээс тэр 10 сая төгрөгийн бодит хохирол гаргачихсан ажилтнаас илүү тэрбум төгрөг олох боломжийг алдсан ажилтанд хариуцлага тооцно гэсэн зарчмаар ажилладаг.

Тэр 10 сая төгрөгийн бодит хохирол гаргачихсан ажилтнаас илүү тэрбум төгрөг олох боломжийг алдсан ажилтанд хариуцлага тооцно гэсэн зарчмаар ажилладаг.

Эдүгээ хүний нөөц, менежментийн чиглэлийн олон зөвлөх монгол компаниуд хүний нөөц гэж их ярьдаг мөртөө цаг хугацааны нөөцийг хэмжиж, өртгийг нь тооцдоггүй талаар шүүмжилдэг. Хэрэв алдагдсан боломжийн өртгөөр аваад үзвэл Монголын боловсролын тогтолцоонд алдаатай зүйлс багагүй бий. Д.Сүндий бол энэ тогтолцоог идэвхитэй шүүмжилдэг хүмүүсийн нэг. Амьдралд нь хэрэг болох эсэх нь мэдэгдэхгүй олон хичээлийг 12 жил зааж, дараа нь дөрвөн жил их сургуульд сураад төгсөхөд гэр бүл зохиох хугацаа тулчихсан байдаг. Энэ хооронд элдвийн зүйлийг туршиж, инновацилаг шийдэл олох цагаа хэдийнэ алдчихсан, өөрөөр хэлбэл, инноваци хийхэд монгол залуучууд хөгшиддөг. Тиймээс Д.Сүндий өөрийн охиноо 15 настай байхад нь дунд сургуулийг нь төгсгөөд захирал, багш нартай нь учраа олох гэж бөөн юм болжээ.

Мөнгө үрээд байх онцын шалтгаангүй, моод хөөж үнэтэй эд зүйл хэрэглэх хүсэлгүй байсан учраас олон жилийн турш цалингаа бараг тэр чигээр нь хуримтлуулж, 200 сая төгрөгийн дүрмийн сантайгаар “Нэткапитал”-ыг байгуулж байв. Гэвч удалгүй хууль өөрчлөгдөж дүрмийн сан 400 сая болоход тэр өөрт байсан бүх хөрөнгөө зарж, дээр нь зээл авч байлаа. Яагаад гэвэл түүнд хуримтлуулах дадал зуршлаас гадна эрсдэл хийх зориг бас байсан аж.

Онц сурлагатнууд надад хэрэггүй

Хүн болгоны сурах арга адилгүй. Зарим нь сонсож сурна, зарим нь уншиж сурна. Зарим нь уншаад ч, сонсоод ч сурахгүй, харин хийж байж сурдаг. Бусдыг ажиглаж суралцдаг хүн ч бий. Өөрөөр хэлбэл, муу сурдаг хүн гэж байхгүй, харин муу багш, муу тогтолцоо гэж бий.

Монголын боловсролын тогтолцооны хамгийн том гажуудал нь хий хоосон цээжлүүлэх. Зөвхөн багшийн өгсөн өнцгөөр цээжилж онц сурсан хүмүүс бизнесийн ертөнцөд хөл тавьж, тодорхойгүй нөхцөлд шийдвэр гаргах хэрэгтэй болоход шалдаа буудаг. Харин ямар ч найдлагагүй, “чихгүй толгой” гэгдэж байсан нөхдүүд амьдрал дээр гарахаар арга эвээ олоод явчихдаг жишээ олон.

Д.Сүндий бол өөрт хэрэгтэй мэдлэгийг унших, сонсох, ажиглах зэргээр бүх л хэлбэрээр олж авсан хүн. Тэр ажлын талбарт гарснаасаа хойш жинхэнэ мэдлэг гэж юу болох, ямар хүмүүстэй хамтарч ажиллах тухай эргэцүүлсээр иржээ. Хуучин цагийн улаан дипломтнууд гэгдэх хүмүүс их сургууль төгссөнөөсөө хойш хөгжөөгүй, ямар ч шинэ соргог мэдээлэл авч чадаагүй, дэлхийн боловсрол яаж өөрчлөгдөж байгааг ойлгоогүй оюуны мухардалд орчихсон мөртлөө өөрсдийгөө “элитүүд” гэж тодорхойлоод байгаад нь гайхаж байлаа. Хамгийн хачирхалтай нь хамгийн онц сурдаг нь хамгийн муу боловсролтой болчихоод буйгаа хүлээн зөвшөөрөхгүй зүтгээд буйд том асуудал байгааг анзаарав.

Ажил хийнэ гэдгийг цалинтай сургалт гэж харах хэрэгтэй.

Анх “Нэткапитал”-аа байгуулж хүний нөөцөө бүрдүүлэхдээ “мэдлэгтэй, туршлагатай” гэгдэх хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй гэж шийдсэн. Учир нь тэд ихэнхдээ хуучирсан зүйлийг дахин давтан хийх аргад суралцсан, “Энийг угаасаа ингэж хийдэг, ийм байх ёстой” гээд зүтгэчихдэг. Туршлагатай гэгдэх хүмүүсийн “Санхүүгийн байгууллага ийм байдаг” гэсний дагуу ажиллах гэхээр орчин үеийн ертөнцөд амьд явах найдваргүй болчихоод байлаа.

Тиймээс тэр анхнаасаа ажилтнууд шалгаруулахдаа дипломын дүнгээс илүү  “Яагаад заавал ийм байх ёстой гэж?”, “Яагаад өөрөөр хийж болохгүй юм бэ?” гэсэн тэрслүү хандлагатай залуусыг ажилд авч байв. “Ингэж байгууллагадаа олон ургалч байдал, төрөл бүрийн өнцгөөс асуудлыг шийдэх хандлагыг дэмжсэн нь “Нэткапитал” санхүүгийн салбарт амжилт олоход нөлөөлсөн” гэж тэр хэлэв.

Социализмын үед зөв гэдэг ганц, үнэн гэдэг ганц байсан бол орчин үед хэд хэдэн зөв, хэд хэдэн үнэн зэрэг оршин тогтнож, үр өгөөжөө өгч болдог. Хүн болгоны давуу тал, онцлогийг хөгжүүлэх орчин бий болгож чадсан улс л хөгждөг. Өөр өнцгийг хүлээн зөвшөөрдөг соёл төлөвшиж чадаагүй нь олон салбарын хөгжилд саад болж байгаа гэж Д.Сүндий үздэг.

Өнөөдөр бид голдуу өнгөрсний дата дээр ажиллаж, ирээдүйд чиглэсэн мэдлэг чадварыг дутуу эзэмшдэг.

Д.Сүндий захирал хүний хувьд санхүүгийн салбартаа ирээдүйд чиглэсэн зүйл хийх гэж байгаа бол заавал эрсдэл гаргаж, өөр өнцгийг бий болгож, тэрийгээ туршиж, амжилтгүй болсон ч эрсдлээ үүрч гарах ёстой гэсэн уур амьсгалыг хамт олон дотроо бий болгожээ. Үүнийхээ ачаар санхүү, мэдээллийн технологи гэдэг бол уйтгартай биш, харин ч өөр салбарын хүмүүс байсан ч өөрөөр, тэр тусмаа сонирхолтой хийж болдог гэдгийг харуулж чадсан аж.

Түүнчлэн, түүний амьдралд эргэлт болсон хэд хэдэн мөчлөг бий. 17-18 настайдаа гэр бүл зохион хүүхэдтэй болж, гурван жилийн дараа өрх толгойлсон аав болж хоцорчээ. Барьж байсан байшин нь тэр чигээрээ нураад уначих шиг болов. Гэхдээ энэ нь түүнд сэтгэлийн хат суулгаснаас гадна эргээд асар том боломжийг өгчээ. “Амжилтанд хүрэхийн тулд шалан дээр сайн ойчиж үзэх хэрэгтэй юм шиг. Шалан дээр унасан үед цаашаагаа унах газаргүй учраас дуртай юмаа хийж болно. Олон зүйлийг өөрөөр харж, нээж эхэлдэг” гэж тэр хэлэв.

Дараа нь Германд хамгийн залуу доктор болохоор судалгааны ажил хийж байхдаа мэдлэг, боловсрол гэдгийн утга учрыг ойлгож нүд нээгджээ. Өмнө нь үзэж харж байсан нь хэтэрхий хоцрогдсон, тэр мэдлэгээр амжилтанд хүрэх боломжгүйг ойлгов. Хэрэв Монголдоо онц сурлагатан хэвээр явсан бол үүнийг ойлгож чадах эсэх байсныг мэдэхгүй.

Тэр цагаас хойш дэлхийн шилдгүүдийн мэдлэг, туршлагаас тасралтгүй суралцаж, өөрийгөө цэнэглэх болжээ. Энэ байдал нь түүнтэй ярилцаад сууж байхад мэдрэгдэж байв. Эдийн засаг, бизнестэй холбоотой ямар ч асуулт тавьсан хүмүүсийн ихэвчлэн ярьдаг, хэвшмэл болсон ойлголтуудаас тэс өөр, нэгийг хэлж хоёрыг сануулсан хариултууд өгч байсан юм. Тийм болохоор “Миний давуу тал бол хэрхэн зөв, ашигтай мэдээллийг олж авах вэ гэдэг арга барилыг эзэмшиж чадсан явдал” гэж ярьж байлаа.

Д.Сүндийг зөвхөн их мөнгөтэй болохын тулд энэ бүхнийг хийсэн гэвэл тийм биш. Нэгэнтээ тэр “Гарааны бизнес эрхлэх гэж буй залууст хандаж та юу хэлэх вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Мөнгө олохын тулд хэзээ ч битгий бизнес хий. Үнэхээр хийж буй зүйл чинь чамд аз жаргал өгч, хүсэл мөрөөдлийг чинь биелүүлэхээр байвал хий” хэмээн хариулж байв.

Эдүгээ “Нэткапитал” санхүүгийн группийн хүний нөөцийн бодлого нь мэргэжилтнүүд кэйс болгон судлах хэмжээнд хөгжсөн гэж болно. Д.Сүндий ажилтнууддаа “Чи компанийн төлөө бус харин өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө ажиллаарай. Ингэхдээ чи компанийн нөөц, бий болгосон брэндийг ашиглаад үнэ цэнтэй зүйл бүтээгээрэй” гэж хэлдэг. Учир нь компанийн төлөө гэдэг үгийг хоцрогдсон, социалист маягийн бөгөөд ажил үүргийн тодорхойлолт гэсэн зүйлээр заавал “Энийг ингэж хийх ёстой” гэхээр орчин үеийн залуучуудад таалагддаггүйг тэр туршлагаасаа олж мэджээ.

Дайралцвал дайралцая, өрсөлдвөл өрсөлдөе

Ардчилал, зах зээл гэх драмд бид 30 жил тоглосноос сүүлийн 10 орчим жилийн турш нийгэмд тэгш бус байдал гүнзгийрч, нэг нэгнээсээ бялуугаа хуваан зодолдох, бичлэг хийж бие биенийхээ булайг дэлгэхэд голдуу цагаа зарцуулж иржээ. Нийгэмд хуримтлагдсан энэ бүх асуудал дээр Д.Сүндийд өөрийн гэсэн үзэл санаа хэдийнэ төлөвшсөн нь бараг ном бичих түвшинд очсон гэж үзэхэд болно.

Түүний томъёолсноор Монгол Улс 1990 оноос хойш хөгжлийн зургаан үе шатыг туулаад одоо долоо дахь үе шат руу орж яваа аж. Эхлээд бид ганзагын наймаа эрхэлж, худалдаачид эдийн засгийн гол ачаа үүрч эхэлсэн. Дараа нь өмч хувьчлал явагдаж орчин үеийн монгол хөрөнгөтнүүд, анхны том компаниуд бий болох суурь тавигдсан. Араас нь газрыг зах зээлийн эргэлтэд оруулж газартай хүний газрын үнэ цэн өссөн. Дараа нь тусгай зөвшөөрлийн он жилүүд эхэлж энэ нь дараагийн үе болох уул уурхайн эдийн засагтай болох эхлэл болжээ. Уул уурхай нь гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, манай улсын эдийн засгийн өсөлт түүхэн амжилт тогтоосон билээ.

Популизмын шуурга болж баялагаасаа илүү өр үйлдвэрлэж, улам бүр жижгэрч буй бялуун дээрээ зодолдсоор өдийг хүрэв.

Харамсалтай нь, популизмын шуурга болж баялагаасаа илүү өр үйлдвэрлэж, улам бүр жижгэрч буй бялуун дээрээ зодолдсоор өдийг хүрэв. Үр дүнд нь хөрөнгө оруулагчдаа ч алдсан, төр засагтаа, нэг нэгэндээ итгэх итгэлээ ч алдсан. Нэг үгээр, нийгэм цус сэлбэх хэрэгтэй гэдгийг хаа хаанаа мэдрэх болов.

Том компаниуд жижиг зах зээл дээр ашгаа булаацалдаж, энэ нь эцэстээ зах зээлийг монопольжсон шинжтэй болгон уламжлалт салбаруудад жижиг компаниуд тэлэх бололцоог улам бүр багасгаж байна. Өрсөлдөөний орчин бүрэн төлөвшөөгүй учраас монополиуд явцуу хүрээнд үнэ, ашгаа тооцож, илүүдэл зардал буюу алдагдал болох дүнгээ өртөгтөө шингээчихдэг. Нэгэнт зах зээлд хяналтаа тогтоосон учраас тэд зардлаа хэмнэж өртгөө бууруулах, шинэ юм сэтгэхээс төвөгшөөж, орлогодоо сэтгэл ханачихаад инновацийн шийдлүүд нэвтрүүлэхгүй, хэрэглэгчид ч чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ авч чадахгүй байгаа гэж Д.Сүндий хэллээ.

Нөгөө талаас компаниуд дотоодын зах зээлээ булаалдахын оронд гадагшаа экспорт хийж бизнесээ тэлэх боломж, хөшүүргийг төрөөс тууштай хэрэгжүүлэхгүй байгаа нь бүсийн болон дэлхийн хэмжээнд өрсөлдөх монгол компани гарч ирэхгүй байгаагаас харж болно. Мөн төр нь бизнесээ дэмжихийн оронд бизнесийнхээ орон зай, боломжийг булаадаг дүр зураг бий болсон.

Технологи гэдэг бол зөвхөн программ бичих асуудал биш бөгөөд аливаа бизнесийг хийх арга зүй.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Монголын бизнесийн ертөнцөд бизнес загвар, компанийн соёл, засаглалын хувьд тэс өөр залуу үе төрж байна. Тэд голдуу мэдээллийн технологид суурилсан бизнес эрхэлж, хэрэв өрсөлдөх боломжийг нь олговол богино хугацаанд өрсөлдөх чадвараараа олон салбарыг эзлэх боломжтой харагдаж байна. 70,80-аад оныхон голлосон тэд өмч хувьчлал, элдвийн тендер, тусгай зөвшөөрөл, төрийн тусгай сангийн зээл бус, зөвхөн өөрсдийн чадварт түшиглэн зах зээлд гарч ирж байгаа.

Чухам энэ үе буюу долоо дахь үеийн төлөөлөл бол Д.Сүндий өөрөө. Тэр анх санхүүгийн салбарт бизнес эхлэхдээ дээр бичсэнчлэн бусад санхүүгийн байгууллагаас тэс өөр байдлаар ажиллаж, түүнийгээ өрсөлдөх давуу тал болгосон. Монголын зах зээлд санхүүгийн байгууллага олон зуугаараа байдаг ч Нэткапитал санхүүгийн групп нь тогтвортой өсөлт, үр ашигтай ажиллагаа, хүний нөөцийн шинэлэг бодлогоороо ялгарч чаджээ. 2008 онд байгуулагдахдаа банкуудын эрсдэлтэй гэж үзээд орхисон хэсэгт санхүүгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Ингэхдээ “Машинаа унаад зээлээ ав” гэх зэргээр шинэ, эрсдэлтэй бүтээгдэхүүн гаргасан нь амжилттай болж 10 жилийн дараа итгэлтэй 60 мянган харилцагчтай болсон байв.

Хамгийн чухал нь Д.Сүндий одоогоос бүр 10 гаруй жилийн өмнө хиймэл оюун, финтек зэргийн талаар ойлголттой болсон байсан учраас санхүү, технологи хоёр үргэлж хамт хөгжих ёстой гэсэн зарчим баримталсан аж. Өнөөг хүртэл байгууллагадаа олон шинэ систем нэвтрүүлжээ. “Технологи гэдэг бол зөвхөн программ бичих асуудал биш бөгөөд аливаа бизнесийг хийх арга зүй” гэж тэр хэлэв. Банканд ажилласан байсан болохоор банкны нүсэр том дэд бүтэц нь банкуудыг өрсөлдөх чадваргүй болгож байгаа гэдгийг ойлгож үүн дээр нь тоглолт хийсний хүчинд “Нэткапитал” өөрийн орон зайг бий болгож чаджээ.

Тэр компани байгуулахдаа бага мөнгөтэй байсан нь эхэндээ том сорилт болж байв. Гэхдээ их мөнгөтэй банкуудад хэрэгжүүлдэггүй стандарт бус стратеги нэвтрүүлсэн. Бага мөнгөтэй байсан ч түүнийгээ үнэтэй зарахаар шийдсэн. Харин эрсдлээ олон талаас нь харж, ангилж, задлан шинжилж чадсан учраас анхныхаа жилээс л ашигтай ажиллаж эхэлсэн байна. Мөн бусад санхүүгийн байгууллагын хэрэгжүүлдэг бодлогыг сөрсөн бодлого туршсан. Тухайлбал, Наадам, Цагаан сарын дараа хэсэгтээ амрах ёстой гэдэг бол Нэткапитал энэ үеэр эрчимтэй сурталчилгаа хийдэг. Энэ мэтээр их мөнгөөр бус шинэлэг арга барилаар өрсөлдөх чадвараа огцом дээшлүүлж чаджээ.

Санхүү, технологи хэмээх хос морь унасан Д.Сүндий болоод түүний нөхдийн уламжлалт компаниудын захирлаас ялгарах бас нэг онцлог бол тэд хамтарсан хэлбэрээр ажиллаж, зөвхөн салбар дотор бус, салбар хоорондын өрсөлдөөн үүсгэх бизнесийн загварууд бий болгож байна.

Угаас монгол хүн үйлдвэрийн ажилтан байх сонирхолгүй, харин технологид сонирхолтой, авьяастайгаас гадна түүнийгээ хийх мэдлэг, чадвар нь ч байна.

Хүүхэд залуусын технологийн салбарт гаргаж буй амжилтуудаас харахад дижитал эдийн засгийн хэв маяг монголчуудад илүү тохирох аж. Угаас монгол хүн үйлдвэрийн ажилтан байх сонирхолгүй, харин технологид сонирхолтой, авьяастайгаас гадна түүнийгээ хийх мэдлэг, чадвар нь ч байна. Тиймээс ойрын 10 жилд монгол залуусын үүсгэсэн технологийн компаниуд маш хурдацтай хөгжин тэлж, уламжлалт том компаниуд өрсөлдөөнд арчигдах магадлалтай гэж Д.Сүндий таамаглаж байна.

Тэрбээр бизнесийн ертөнцийн ирээдүйн чиг хандлагын талаар ярихдаа нэг зүйлийг маш итгэлтэй хэлж байв. Тэр нь цаашдаа компаниуд мөнгө олохоос илүүтэй харилцагчдаа үйлчилгээ, үнэт зүйл бий болгох, харилцан ойлголцож чаддаг байх гэх мэтээр олон зүйл хийх шаардлагатай болно. Уламжлалт компаниудын хувьд их зовж байж мөнгө олно. Харин шинэ залуу компаниудад жинхэнэ утга учиртай юм хийх боломж бүрдэнэ. Соёл, арга барилын зөрүү үүсч, хуучин компаниуд төрөл бүрийн гомдол хэлж эхлэх аж. Удахгүй хүчтэй олон шинэ компани гарч ирнэ, өрсөлдөөн ширүүсэх учир одоо капитал болон процесс дээр л тогтож байгаа компаниуд бэлэн байх хэрэгтэй.

Д.Сүндий заримдаа өнөөгийн өнцгөөс харахад “радикал ил тод байдал” гэж хэлж болохоор санаанууд хэлдэг. Тухайлбал, Хаан банкны данстай хэрэглэгч ганцхан товчлуур дараад дансаа дурын банк руу шилжүүлэх боломжийг хуульчилж өгөх хэрэгтэй. Одоо бид аль нэг банкнаас өөрийнхөө мэдээллийг дураараа шилжүүлж чадахгүй байгаа учраас тэр банкны харилцагч байхаас өөр аргагүй байдаг. Хэрэв хүн өөрийнхөө мэдээллийг чөлөөтэй захиран зарцуулах эрхийг нь нээгээд өгчихвөл том ба жижиг байшин, их ба бага мөнгөний хооронд биш, тэгш эрх бүхий хүмүүс хооронд өрсөлдөөн явагдаж эхэлнэ гэж хэлсэн нь сонирхолтой санагдаж байлаа.

Ийм учраас Д.Сүндийгийн байн байн давтан хэлдэг үг бол “Монополийг задалж, жинхэнэ өрсөлдөөнийг бий болгох”.

Дээр үеийн хаад нэг нэгнээ эзлэн түрэмгийлж эд хөрөнгө, эмэгтэйчүүдийг нь булаан авдаг байсан шиг эдүгээ нэмэгдэхгүй хэвээрээ байгаа орлогын эх үүсвэр дээрээ зодолдож, “Чинийхийг би булааж авна, эсвэл чи минийхийг булаана” гэсэн загвар биш, харин хамтраад, дундаасаа үнэт зүйл бий болгодог тийм л тогтолцоо монголчуудад хэрэгтэй.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 3.50 out of 5)
Loading...
Г. Даваадорж

П.Гандолгор: “Зарагдсан барааг буцаахгүй” гэх нь борлуулалтын бүдүүлэг хандлага

Өмнөх нийтлэл

Подкаст: Борлуулалтын ажилтныг хэрхэн тогтвортой ажиллуулах вэ?

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. gaj dontoi boovon tolgoitoi pizda shuu dee

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur