Эдийн засаг амаргүй байгаа энэ цагт ажлын байр үгүй болох, шинээр ажилтан авахаа зогсоох нь хэвийн үзэгдэл болж байгаа ч танай компанид яг ийм явдал тохиолдож эхэлвэл та байдлыг огт өөрөөр хүлээж авах болно. Ажлаас халж байгаа нь хувийн шалтгаантай бус, зах зээлийн хуулийн дагуу явагдаж байгааг та ухамсарлах боловч ажлаа алдаж магадгүй гэж бодохоос шаналж эхэлнэ. Ийм үед идэвхгүй байх нь алдаа гэдгийг бүгд мэддэг боловч даргын хаалга үргэлж хаалттай, шинэ төслүүд хойшлогдож, ажилтнууд яах бол гэж таны амыг харах үед проактив байх нь тийм ч амар биш. Гэвч санаа бүү зов. Цомхотгох шийдвэр таны эрх мэдлээс хальж гарсан боловч энэ нь гараа хумхин сууж болно гэсэн үг биш.
Хэдий аз чухал үүрэг гүйцэтгэдэг боловч ажлын байранд тэсэж үлдэх нь ихэнхдээ бодит байдалтай зоригтойгоор нүүр тулж, ирээдүйг тодорхойлох тодорхой төлөвлөгөө гаргасны үр дүн байдаг. Эдийн засаг хэвийн болтол ажилдаа тэсэж үлдэхийн тулд стратегийн онцгой төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Харамсалтай нь хамгийн мундаг захирлууд ч цомхотголд тун тааруу бэлтгэсэн байдгийг бидний туршлага харуулсан. Ажлын байраа хадгалж, цомхотголд өртөн хэлмэгдэх эрсдэлийг бууруулах зөвлөгөөг танилцуулья.

Тэсэж үлдэгч мэт бай
“McKinsey & Company”-ийн Брюссель дэх салбарын тун алдартай хувь нийлүүлэгч олон залуу зөвлөхүүдийн ментор байлаа. Ажлын карьераа хэрхэн ахиулах талаар лавлахад тэр дандаа л ижил хариу хэлдэг байсан нь: “Хэрэв чи хамтрагч болмоор байгаа бол хамтрагч шиг л бай”. Энэ зөвлөгөө тун үр дүнтэй гэдгийг санаж явагтун. Эдийн засаг унах үед та сэлэмний далайлтаас зайлахыг хүсвэл тэсэж үлдэж чаддаг хүн мэт байх хэрэгтэй.
Ажлын байрны цомхотголыг давж гарсан ажилтнуудыг судлахад сонирхолтой дүр зураг харагддаг. Цомхотголыг давж гарах төлөвлөгөө гаргах нь бодит байдлыг тун сөргөөр харахад хүргэдэг боловч хямралын үед зан аашаа улам цог золбоотой болгох нь чухал байдаг ажээ. Хамт ажиллахад таатай, хөгжилтэй хүн байх нь тун чухал гэдгийг судалгаа харуулж байна.
Гэхдээ таныг заавал ийм хүн болж хувир гэж зөвлөхгүй. Ердөө л байнга уур уцаартай байдаг, хэн ч ажлаас халагдаж магадгүй гэж сануулж явдаг хүн нь л та байх ёсгүй гэдгийг сануулж байна. Ийм хүнтэй хэн хамт ажиллахыг хүсэх билээ?
Цомхотголын чимээ чих дэлсэж байхад сайн хүний дүр эсгэх нь сэтгэл зүйн хувьд ядаргаатай зүйл байх нь гарцаагүй. Өөрчлөлт хэзээд үл мэдэхийн айдсыг дагуулж байдаг. Өөр ажил олж чадах болов уу? Моргэйжийн зээлээ хэрхэн төлөх вэ? Хямдавтар эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн олж чадах болов уу? Энэ бүхэн мэдээж санаа зовууштай зүйл боловч та өөдрөг бодолтой байж чадвал цаашид болох зүйлд нөлөөлөх боломж тань харьцангуй их байх юм.

Урдах ажлаа сайн мэддэг гэдгийг компанидаа харуул. Хэрэв харилцагчид таны хувь нэмрийг орлуулашгүй хэмээн үнэлдэг бол таны ажлын байр цомхотголд орох магадлал багасна.

Тэсэж үлдэгсэд нь мөн алсын хараатай байдаг. Бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан хүмүүсийг судлахад тэд өөрсдийнхөө ирээдүйг төсөөлж байсны хүчинд амьд үлдсэн байдаг. Ирээдүй цагт анхаарлаа төвлөрүүлэхийн ид шид өдөр тутмын амьдралын цохилтыг амсаж байдаг хүмүүст ч үр ашгаа өгдөг.
Ямар ч ажилтны хувьд харилцагч нартаа анхаарал хандуулахаас чухал зүйл үгүй. Учир нь тэд үгүй бол та ажилтай байх эсэх нь эргэлзээтэй. Харилцагч нарынхаа хэрэгцээ, шаардлагыг мэддэг байх нь таны гол зорилго. Урдах ажлаа сайн мэддэг гэдгийг компанидаа харуул. Хэрэв харилцагчид таны хувь нэмрийг орлуулашгүй хэмээн үнэлдэг бол таны ажлын байр цомхотголд орох магадлал багасна.
Олон талт чадвартай байх нь “амьд үлдэх магадлалыг” мөн нэмэгдүүлдэг. Байгууллагыг дахин зохион байгуулах, нэгтгэх нь асар их өөрчлөлтийг дагуулдаг учраас универсаль чадвартай захирлуудыг үнэд оруулдаг. Хэрэв танд олон төрлийн чадвар үгүй бол даргынхаа огт мэдэхгүй боловч өөрт байдаг ур чадварыг ашиглан компанидаа хэрхэн туслах талаар бодож эхэл. Жишээлбэл, өмнө нь сургуульд багшилж байсан маркетингийн менежер борлуулалт, үйлчилгээний сургалт явуулж болно. Эдийн засгийн уналт нь ур чадвараа харуулах маш олон боломжийг гаргаж ирдэг.
Эцэст өгүүлэхэд тэсэж үлдэгсэд бахархлаа бага ч болов хойш тавихад бэлэн байдаг. Нью-Ингландын томоохон даатгалын компанийн менежер Аннегаар жишээ авъя. Байгууллагыг шинэчлэн зохион байгуулах үеэр хавьгүй бага туршлагатай нэгэн ажилтантай өрсөлдөж буйгаа Анне мэдсэн байна. Гэвч өөрийнх нь алба татан буугдаж, тэрхүү ажилтны албатай нэгдэхийг мэдээд Анне хэрэв ажлаа авч үлдэхийг хүсвэл өөрийн туршлагаа ашиглаад шинэ менежерийн ажилд тус болж ажиллахаас өөр аргагүйг ойлгосон юм. Тэрбээр өнөөх ажилтны удирдлагад ажиллах болов. Аннегийн эл хандлага, компанидаа үнэнч гэдгээ харуулж байгааг удирдлагууд анзаарсан аж. Улмаар жилийн дараа Анне удирдах зөвлөлийн албанд хүргэсэн нэр хүндтэй шинэ албан тушаалд томилогджээ.  

Удирдлагадаа итгэл бэлэглэ
Тодорхойгүй цаг үе нь удирдагч нарт ч мөн хэцүү тусдагийг ойлгоорой. Ажилтнуудаа халах нь таатай санагддагүй. Тиймээс удирдлагаа өөрийн алба, хэлтсийг хамгаалахад нь туслахыг хичээ. Хэрэв босс чинь бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө гаргаж байгаа бол бодитой шийдлүүд санал болго. Өөрчлөлтийг бүү эсэргүүц, хамран ажиллагсдадаа эрч хүч өг.
Өөрөөсөө илүү эрх мэдэлтэй, хүчирхэг хүмүүст сайн ажилтан гэдгээ харуулах нь ашигтай гэдгийг харуулах нотолгоо бий. Жишээлбэл, эх болон нялх хүүхдийн харилцааг харуулсан саяхны судалгаанаас үзвэл хүүхэд орчинтойгоо харьцах, инээмсэглэх үед асран хамгаалагч нь улам идэвхтэй анхаарал тавьж байв. Хэдий ээж, нярайн харилцааны эл судалгааг ажлын байранд дуурайлгаж хийгээгүй боловч менежертэйгээ сайн харилцаатай байх тусам ажлаас халагдах магадлал буурдагийг ойлгох хэрэгтэй. Хүмүүстэй эелдэг, зөв харилцаа тогтоох чадвар нь таныг төлөвшиж, буурь суусныг харуулах болно.
Хамтран ажиллагсдаа нэгтгэж, сэргээх ур чадвар нь цаг сайхан үед тустайгаас гадна хүнд цаг үед нэн чухал болж ирдэг. Доорх явдал ажилтнуудынхаа 20 хувийг цомхотгосон олон улсын санхүүгийн үйлчилгээний компанид болжээ. Ажилтнуудын сэтгэл санаа тааруу байсан учир хүний нөөцийн албаны дарга нь судалгаа, хөгжүүлэлтийн албаны дэд ерөнхийлөгч Исаакаас сэтгэл зүйг өргөх,ажилтан хоорондын харилцааг сайжруулах арга олохыг хүсжээ. Исаак тэр даруй сайн дураар нэгдсэн ажилтнуудаар баг бүрдүүлж, байгууллагын хамгийн гутранги ажилтнуудыг хүртэл нэгтгэсэн лайв радио шоу хийж эхлэв. Эл шоу нь удирдах багийн хувьд улирлын санхүүгийн дүн, байгууллагын бүтэц дэх өөрчлөлт зэрэг мэдээлэл хуваалцах содон платформ болж өгсөн юм. Мөн ажилтнуудын сэтгэл санааг ч өргөж, Исаакийг хүссэн ажилд нь буюу компанийн менежмент, удирдлагын хөгжлийн багийн тэргүүний суудалд аваачжээ.

Компанийн иргэн бол
Амжилтын 80 хувь нь оролцох гэж Вуди Аллен хэлснийг санаж байна уу? Уналт, хямралын үед үүн шиг ашигтай зөвлөгөө үгүй. Бултдаг байсан сайн дурын, албан бус бүх уулзалтад оролц. Хүмүүст харагдаж бай. Оффисоос гарч, давхрынхаа хүмүүс юу хийж байгааг анзаар. Компанийн арга хэмжээнд оролц. Хэрэв компанийн жил тутмын гольфын тэмцээн болж байгаа бол чадахгүй гэж хэлэлгүй зүгээр л хамт явж, хөгжилд. Хүнд үед лидерүүд идэвхтэй, урам зоригтой оролцогчдыг эрэлхийлж байдаг юм.
Зардал хасах шаардлагатай болсон том компанид үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Линдаг жишээ болгоё. Нөхөн олговор, удирдлагын сургалт, стратегийн төлөвлөлт зэрэг талбарт ажилтнуудын давхардлаас зайлсхийхийн тулд хуваалцдаг үйлчилгээний төвүүд байгуулахаар удирдлага шийдвэрлэсэн байна. Эл шийдвэр тэр даруй эсэргүүцэлтэй тулгарав. Төв оффисын ажилтнууд өөрсдийн статусаа алдахаас эмээж, үйлчилгээний төвийн албан тушаалыг зарлах үед өндөр албан тушаалын олон хүн нэрээ дэвшүүлэхээс татгалзав. Харин Линда боломж байгааг ойлгож, нэрээ өгчээ. Шинэ албан тушаал нь түүнийг олны танил болгож, даруй тушаал дэвшив. Харин үйлчилгээний төвийн ажлаас татгалзсан олон хүн толгойгоо маажсаар үлджээ. Гэтэл Линда эсрэгээр ажлаа амжилттай хашсаар зургаан жилийн дараа компанийн ерөнхийлөгчид ажлаа шууд тайлагнадаг болсон юм.
Тэсэж үлдэхийн тулд өөрийгөө өөрчлөх нь танд таалагдахгүй, тиймээс ажлаа солихыг хүсэж болно. Ийм тохиолдолд та өөртөө үнэнч үлдэж, компаниа сайн дураар орхих шийдвэр гаргаснаар компанийн иргэн гэдгээ харуулна. Ажлаа хийж байгаа хүнд муу мэдээ дуулгахын оронд гарахыг хүсэж байгаа хүнд туслах нь менежерүүдэд ч төвөг, бэрхшээл багатай байх нь гарцаагүй. Хэрэв та хэдэн жилийн дараа тэтгэвэрт гарах гэж байгаа, ажлаасаа гарах хүсэлтэй бол удирдлагаасаа цаг хожих боломж олгохыг хүс. Талархсанаа илэрхийл, гэхдээ бүү шуналт. Ажлаасаа гарч байгаа бол өөр ажилд орох шаардлага үүснэ, ийм тохиолдолд танд сайн тодорхойлолт хэрэгтэй болох нь гарцаагүй. Хэрэв та компаниасаа нэр хүндтэй гарч байгаа бол босс болон бусад ажилтан таны цаашдын ажил үйлсэд туслахын тулд чадах бүхнээ хийхийг хичээнэ.

Эдийн засгийн хямралын үед маш олон зүйл таны хяналтаас гадуур байгаа боловч хэрэв та эрч хүчээ стратеги бий болгоход чиглүүлвэл шуургыг давж гарах боломжоо ихэсгэнэ. Хүнд үеийг давахын тулд та маш чадвартай байх ёстойгоос гадна хандлага, даргадаа туслах сэтгэл, компанийн иргэний хувьд оруулж буй хувь нэмэр нь таныг ажилдаа үлдэхэд ихээхэн нөлөөлөх болно.

Диан Коуту. Эх сурвалж: hbr.com

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Подкаст: Борлуулалтын ажилтныг хэрхэн тогтвортой ажиллуулах вэ?

Өмнөх нийтлэл

Хоёр үеийн бизнесийг холбон тоглогч

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. Пээх ямар урт нийтлэл вэ. Товчлооч ээ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох