Технологи хөгжихийн хэрээр өгөгдлийн хэмжээ асар хурдацтай нэмэгдэж байгааг дэлхий дээр шинээр бий болсон өгөгдөл 2010 онд 2 зеттабайт (2-ын 1021 зэрэгт) хэмжээтэй байснаас 2020 он гэхэд 25 дахин өссөнөөс харж болно. Тиймээс өгөгдлийг боловсруулж, түүнээс үнэ цэн гарган авч чадсан Facebook, Amazon, Apple, Google, Air BNB, Uber зэрэг бизнесүүд салбараа тэргүүлэх болжээ. Бизнест ашиг тусаа өгч чадах чанартай сайн ӨГӨГДӨЛ нь шинэ цагийн алтнаас илүү үнэтэй баялаг болоод байна.

Хүн төрөлхтний түүхэнд “Аж үйлдвэрийн хувьсгал” 4 удаа тохиосон нь бүгд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилготой байж, дараа дараачийн технологийн хөгжлийн суурь болсоор иржээ. Анхны I хувьсгалаар уурын хөдөлгүүрийн тусламжтай аж үйлдвэржилтийн суурь тавигдсан бол II хувьсгалаар цахилгааныг гарган авч чадсанаар масс үйлдвэрлэлийг нээж өгсөн. Харин III хувьсгалд интернет бий болж, мэдээлэл харилцаа холбооны шинэ эрин эхэлсэн ба мэдээллийн хэмжээ нэмэгдэж, хурд ч түргэссэн байна. Харин энэ удаагийн IV хувьсгалаар технологиуд ухаалаг болж эхэлсэн бол үүний цаана их өгөгдлийн боловсруулалтад чиглэсэн тоон технологийн дэвшлүүд нуугдаж байна.

Хэдхэн жилийн өмнө бидний огт сонсож дуулж байгаагүй, эх хэлний маань үгсийн санд ч байхгүй байсан үүлэн технологи, цахим сүлжээ, хиймэл оюун ухаан, гурван хэмжээст хэвлэгч, интернет зүйлс, автомат удирдлага, робот, дрон гэх мэт шинэ технологиуд бидний өдөр тутмын амьдралын  хэв маягт хэдийнээ дасал болжээ. Үүгээр ч үл барам бид эдгээр технологигүйгээр амьдралаа төсөөлөхөд ч бэрх болсон байна. Энэхүү нарийн төвөгтэй, хурдацтай технологийн  өөрчлөлтийг зарим нь урьдчилан харж, түүнийг даган хувьсан өөрчлөгддөг бол зарим хэсэг нь өөрийн эрхгүй дасан зохицож, үлдсэн нь өөрчлөлттэй дасан зохицож чадаагүйн улмаас устаж үгүй болох байгалийн хуульд захирагдаж байна.

Тээвэр зуучлагч нь мэдээлэл боловсруулах орчин үеийн үйлдвэр юм.

Технологийн хувьсал, шинэчлэлүүд Монголыг тойрч биш дайрч гарах нь тодорхой. Тэр дундаа тээврийн логистикийн салбарт илүү хурдацтай нэвтэрч байна. Тээвэр, агуулахын гэж  статистикт бүртгэгддэг энэхүү салбарт нийт 60,000 гаруй ажиллагсадтай ба Монгол улсын эдийн засгийн 4.6%-ийг бүрдүүлдэг. Энэ нь мэдээлэл харилцаа холбоо, барилгын салбаруудаас илүү бол банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн салбаруудтай эн зэрэгцэхүйц тоо бөгөөд дэлхийд жилдээ 60 гаруй сая тонн ачаа тээвэрлэгдэж, 8 их наяд ам.доллар эргэлддэг зах зээл юм.

Энэхүү салбарт тээвэрлэгдэж байгаа ачаа барааны хөдөлгөөний тухай мэдээлэл нь уг ачаанаасаа илүү их үнэ цэнтэй хөдөлгөгч хүч нь болж байдаг. Учир нь тухайн барааг хүргэнгүүт ажиллаж эхлэх үйлдвэр, түүнд нийлүүлэх түүхий эдийн нийлүүлэлт, үйлдвэрлэх бүтээгдэхүүний түгээлт, борлуулалтын сүлжээ гээд асар өргөн хүрээтэй, бие биенээсээ уялдсан гинжин хэлхээ энэхүү мэдээллээр тэжээгдэж байдаг. Тиймдээ ч автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, дундын удирдлага, бизнесийг удирдах платформ загвар, тээврийн дрон гэх мэт сүүлийн үеийн технологиуд энэ салбарт гарчээ.

Тээвэр зуучлагч нь улс орнуудыг холбосон тээвэр логистикийн сүлжээ, агуулах түгээлт, гааль хяналт шалгалтын гэх мэт олон талт харилцаа, уялдаа холбоог ойлгомжтой, амар хялбар болгож, харилцагчийн өмнөөс мэдээллийн нөөцийг үр ашигтай удирдах үүрэгтэйгээр оролцдог мэдээлэл боловсруулах орчин үеийн ҮЙЛДВЭР юм. Бид 2008 онд байгуулагдсан цагаас хойш мэдээллийн системээ байнга сайжруулахыг хичээж, хоёр ч удаа үндсээр нь өөрчлөх томоохон төсөл хэрэгжүүлсэн.

Үйлчлүүлэгчдийнхээ ачааг амжилттай зохион байгуулан, ашиг алдагдлаа тооцсоноор захиалгаа хялбархан дуусгах боломжтой байсан ч бид энэ хялбар замыг сонгоогүй юм. Харин ч эсрэгээрээ захиалгыг эхлэхээс өмнө буюу харилцагчтай хийх уулзалтаас эхлээд тээврийн замналын сонголтууд, ханган нийлүүлэгчийн үнэ өртөг, тээврийн зохион байгуулалт, түүнд оролцсон ажилтан бүрийн гүйцэтгэл, төлбөр тооцооны мэдээлэл гээд бүртгэж болох бүхий л зүйлийг хамгийн анхан шатны түвшнээс бүртгэсээр ирсэн. Ингэснээр бид 2012 оноос хойш 5,500 гаруй үйлчлүүлэгчийн 2,800 орчим агентийн сүлжээгээр дамжсан 40,000 орчим тээврийн талаар маш их өгөгдөл цуглуулсан байна. Бид өгөгдөлдөө чанартай, хольцгүй, хаягдалгүй цэвэр байх ёстой гэсэн хатуу шаардлага тавьдаг ба эс бөгөөс алдаа өгөгдөл дампууралд ч хүргэх аюултай.

Бид өгөгдөлдөө чанартай, хольцгүй, хаягдалгүй цэвэр байх ёстой гэсэн хатуу шаардлага тавьдаг ба эс бөгөөс алдаа өгөгдөл дампууралд ч хүргэх аюултай.

Анхандаа мэдээлэл бүртгэх энэ үйл явц нь үр дүн нь шууд харагдахгүй, явдал чирэгдэлтэй, ажлын ачаалал нэмсэн уйтгартай ажил мэт байлаа. Өмнө нь нэг тээвэрт ердөө 30 гаруй өгөгдөл бүртгэгддэг байсан бол өнөөдөр тухайн тээвэртэй холбоотой 2,000 орчим өгөгдөл бий болдог болсон. Өгөгдөл бүрдүүлэх энэхүү процессын дийлэнх хувийг автоматжуулж байсан ч ажилчдын бүтээмж 13.2 хувиар буурч, үйл ажиллагааны зардал 25.4 хувиар өссөн зэрэг сөрөг үзүүлэлтүүд эхэндээ гарч байв. Гэсэн хэдий ч энэхүү үйл ажиллагаа нь “тээврийг хялбар болгох” гэсэн алсын хараатай маань нийцэж байсан тул үүнийгээ хөрөнгө оруулалт гэж харж, тооцож ирсэн.

Үүний ачаар байнгын хэрэглэгчид маань манай систем дээр өөрийн виртуал өрөөтэй болж, хамгаалагдсан эрхээр нэвтрэн, үнийн санал, түүхэн болоод идэвхтэй явагдаж байгаа ачааны бичиг баримт, замын мэдээ, санхүүгийн төлбөр тооцоо зэрэг ачааны мэдээллээ цахимаар хүссэн цагтаа, хаанаас ч цаг алдалгүй авах боломжтой болсон. Мөн бид тухайн үйлчлүүлэгчийн талаар хуримтлуулсан мэдээлэл дээрээ тулгуурлан байнгын давтамжтай болон тухайн үед хийгдэх тээврийн үнийн саналыг бэлтгэсэн байдаг тул хэний ч оролцоогүйгээр бие даан цахимаар захиалга өгөх боломжтой болсон юм.

Энэ бүх тоон технологийн шилжилт нь дан ганц технологи бус, шаардлага хангасан өгөгдлийг зохион байгуулалттайгаар цуглуулж хадгалах арга аргачлал болоод түүнийг гүйцэтгэх ажилтнуудын дадал зуршлын үр дүн юм. Байгууллагын нийт 120 гаруй ажилтан бүрийн хандлага, оролцоо, өгөгдөл дээр суурилсан үйл ажиллагаа буюу СОЁЛ нь мөнгөөр үнэлшгүй үнэт зүйл билээ.

Манай компанийн үүдээр орж ирэхэд ширээний хөл бөмбөг, теннис, турник, эгнүүлээд тавьсан скоотернүүд, төгөлдөр хуур, зөөврийн компьютерээ бариад цонхны дагуух тавцан, буйдан дээр суун ажлаа хийх залуусыг харахад орчин үеийн чөлөөт оффис мэт харагддаг. Гэвч жаахан ахиулаад танхимын хананд байрлуулсан хоёр том дэлгэцийг харвал эдгээр чөлөөт мэт харагдах хүмүүс цаг, минут, хором бүрт ямар ажил амжуулж байгааг нэг бүрчлэн харж болно. Үүнийг бид дижитал буюу тоон сахилга бат, эмх цэгц гэж нэрлэх бөгөөд шинэ үеийнхний өвөрмөц бөгөөд зайлшгүй дасан зохицох ёстой соёл, амьдралын хэв маяг гэж үзсэн юм. Тоон технологи буюу дижитал шилжилт гэдэг бол зөвхөн програм хангамж биш бизнесийн үр ашигтай процесс, стратеги, байгууллагын зөв бүтэц, чадвартай боловсон хүчин, байгууллагын соёл зэрэг уялдаа холбоотой олон хүчин зүйлсийн нэгдэл юм.

Бизнесийн бүх үйл ажиллагааг тоожуулах буюу хэмжих зүйлээ хэмжиж чаддаг болох гэсэн хичээл зүтгэл маань чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэн өөрийн үйл ажиллагааны үл тохирлуудыг засан сайжруулах, бүтцээ оновчтой зохион байгуулах зэрэг дотооддоо чиглэсэн үйл ажиллагааг амжилттай явуулахад их дэмжлэг болсон. Түүнчлэн борлуулалт, тээвэр, санхүү гэх мэт ажилтан нэг бүрийн гүйцэтгэлийг хэмжигдэхүйц болгон тоо хэлбэрт шилжүүлж, шударгаар үнэлэн, ил тод нээлттэй харуулснаар алдаа дутагдлыг цаг алдалгүй илрүүлэн засах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх системийг бий болголоо. Бүртгэлд зарцуулсан цаг хугацааны дүнд ажилтнууд тайлан бэлтгэх шаардлагагүй болж, бүртгэгдсэн мэдээллээ тайлан, дүрс зэрэг олон хувилбараар харах боломжтой болсон тул өнгөрсөн болон өнөөдрийн мэдээллийг хэн ч нэг нэгэндээ танилцуулах шаардлагагүй болсон. Улмаар албан хурал уулзалтуудын тоо ч буурч, зөвхөн шинэ санаа, шийдлүүдийг ярилцдаг болсон юм.

Тоон технологи буюу дижитал шилжилт гэдэг бол зөвхөн програм хангамж биш бизнесийн үр ашигтай процесс, стратеги, байгууллагын зөв бүтэц, чадвартай боловсон хүчин, байгууллагын соёл зэрэг уялдаа холбоотой олон хүчин зүйлсийн нэгдэл юм.

Түүнчлэн уйгагүй цуглуулсан өгөгдөл үр шимээ өгч, тээврийн болон даатгалын салбарт цоо шинэ бүтээгдэхүүн төрүүлэх боломжийг өгсөн юм. Даатгалын байгууллагын гадаад худалдаа эрхлэгчдийн ачаа бараанд тулгарч болох түмэн тодорхойгүй байдлын эрсдэлийг нэг бүрчлэн даатгах шаардлага тулгарч байснаас болж ачаа тээврийн даатгалын бүтээгдэхүүн сайтар хөгжихгүй байлаа. Харин зохион байгуулсан ачааныхаа талаар бидний цуглуулсан төрөл бүрийн өгөгдөл нь эрсдэлийн тооцооллыг илүү бодитой хийж, тодорхойгүй байдлыг багасгаж, хамтран ажиллах бололцоог даатгалын компаниудад олгосон тул бид ч үйлчлүүлэгчдэдээ маш сайн даатгалын нөхцөл бий болгож, бүх тээвэрлэгдэх ачаагаа эрсдэлээс хамгаалж чадсан билээ. Үүнийг тал бүрийн харилцан ашигтай хамтын ажиллагаа гэх болов уу.

Тоон технологийн дэвшил мэдээллийг цаг алдалгүй дамжуулах, системийг олон талаас, олон төрлийн төхөөрөмжөөс зэрэг хандан тээврийн удирдлагыг оффис дээр бус зайнаас хийх боломжтой болсноор хилийн төлөөлөгчид, талбай, гаалийн мэргэжилтнүүд маань терминал дээрээсээ гар утсаараа ажлаа хийж эхэлсэн. Үүний дараахан дэлхий нийтийг хамарсан цар тахал дэлгэрч нийт ажилчдын 80 гаран хувийг зайнаас ажиллуулах шаардлагатай болсон. Ингэхэд систем маань орон зай, цаг хугацаанаас үл хамааран найдвартай ажиллаж, түүгээр ч үл барам зарим гадаад түншүүд маань ч систем ашиглан өөрсдийн үйлчилгээний үнийг бидний оролцоогүйгээр шинэчилсээр байлаа. Сонирхолтой ч энэ үед ажилтнууд маань энгийн үеэс илүү системийг хөгжүүлэх санал санаачилга гарсан нь бидний төлөвлөж байснаас ч үр ашигтай болохыг бидэнд харуулж байв.

Улс хоорондын тээвэр зуучлалын Ландбридж ХХК-ийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Тулгаа

Дэлхийн цахим худалдааны талбарууд шиг харилцагчийн системээ нээсний дараа  анхны захиалгаа орж ирэх үед хөлгүй их далайд салхи аргадан удаан хугацаанд аялсан далбаат онгоц эргийн гэрэлт цамхгийг харах шиг л баярлаж хөөрсөн. Бүх ажилтнууд маань “ЦАХИМ ЗАХИАЛГА 1” гэсэн тоо харуулах мэдээллийн дэлгэцийнхээ өмнө цуглан зөв зүгт явж байгаагаа тунхаглаж, цааш илүү эрчтэй тэмүүлэх урам зоригийг авч нэг нэгэндээ баяр хүргэсэн.

Тээвэр зуучлалын зах зээлийн ширүүн өрсөлдөөнд салбарын 300 орчим хамтран зүтгэгчидтэйгээ өрсөлдөх биш бидэнд нийтлэг тохиолдож байгаа сорилтуудыг давж, цаг хугацаатай уралдах нь илүү чухал, бас амттай гэж бид боддог. Зохион байгуулж байгаа ачааны тоо хэмжээ, санал болгож байгаа бүтээгдэхүүний төрөл зүйл, мэргэжилтэй боловсон хүчин, технологийн дэвшил зэрэг олон зүйлээр зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж байгаа нь бидэнд зөв замаар явж байгаа гэдэг бат итгэл үнэмшил өгч байдаг.

Өөрчлөлт шинэчлэлт нь зөвхөн технологид бус байгаль, соёл, харилцаа зэрэгт нөлөөлдөг болохыг цар тахал, олон улсуудын харилцаа, газар нутгийн маргаан идэвхжин, даяаршил саарч байгаа зэргээс жишээ харж болно.

 Хэрэглэгчдийн зан төлөвт хэдхэн жилийн дотор огцом өөрчлөлт орж урьд өмнө үзээгүй шинэ дадал зуршил бий болж, худалдаа, банк санхүү, даатгал, тээвэр зэрэг салбаруудын бизнес загвар хувьсаж, дангаараа бус платформ бүтэцтэй болж хоорондоо нягт уялдаатай ажиллахаас өөр аргагүй байдалд орж байна. Саяхан л цахим худалдааг зөвхөн бараа бүтээгдэхүүнээр төсөөлдөг байсан нь мартагдаж үйлчилгээний салбар асар их хурдацтай цахимжиж байна. Өмнө нь инноваци буюу шинэчлэн сайжруулах арга технологийг голчлон ярьдаг нь үеэ өнгөрөөж “Disruptive” буюу хуучныг ор мөргүй халах шинэ технологийг ярих болжээ.

Иймд биднийг ирээдүйд бүрэн автоматажсан үйлдвэрлэл, үйлчилгээ, тээврийн дрон, жолоочгүй машин зэрэг хүний ажиллах хүчний нөлөөг багасгах тааварлашгүй олон тооны өөрчлөлтүүд хүлээж байгаа тул үргэлж сониуч байж, суралцан хөгжиж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах шаардлага бизнест хийгээд хувь хүнд тулгараад байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Сүү ХК шиг үндэсний компаниудын хувьцаа яагаад ашигтай вэ?

Previous article

Жижиг, дундынхан зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагагүй болно

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like