Хүний нөөц, чанарын удирдлагын тогтолцооны зөвлөх, сургагч багш Г.Батхандтай “Ажилтнуудын ёс зүй” сэдвээр ярилцлаа. Тэрбээр байгууллагын хөгжил, хувь хүний хөгжлийн сургалтуудыг хийдгээс гадна 2014 оноос ёс зүйн чиглэлээр гүнзгийрүүлэн судалсаар иржээ.

Бид яагаад өнөөдөр ажилтнуудын ёс зүйн талаар онцолж ярих хэрэгтэй болсон бэ?

Компанийн хөгжил дэвшилд саад болдог хэд хэдэн хүчин зүйл байдаг нь ихэвчлэн хувь хүний хандлагатай холбогддог. Энэ талаар удирдлагын зүгээс төрөл бүрийн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж, янз бүрээр ажилладаг ч нэг л болж өгдөггүй. Компаниудыг нийтэд нь харахад ажилтнуудын зан төлөв, хандлагаас үүдэлтэй алдаа их гардаг нь анзаарагддаг. Байгууллага хөгжиж, цаашдын зорилтдоо хүрье гэвэл ажилтнуудын хандлага, сэтгэлгээ, үзэл баримтлалыг хамгийн түрүүнд өөрчлөх ёстой. Тийм ч учраас байгууллагууд ёс зүйн дүрэм, код боловсруулж, ёс зүйтэй байхад ихээхэн анхаарч байна. Байгууллага өөрөө ёс зүйтэй бизнзс хийж, нийгэмдээ ээлтэй зөв үйл ажиллагаа явуулдаг ч, ажилтнууд нь ёс зүйгүй бол нэгдмэл зорилготой, нэг үнэт зүйлтэй байж чадахгүй. Дээр нь ёс зүй гэдэг хүний аз жаргалтай, амжилттай амьдралын салшгүй хэсэг болчихоод байна.

Ёс зүйгүй байдлын 67 хувь нь ажилтнуудаас, 25 нь харилцагч, нийлүүлэгчдээс, 8% нь л хэрэглэгчдээс гардаг.

Тухайлбал, Стэнфордын их сургуулийн эрдэмтэд судалж үзээд зорилго, дасгал хөдөлгөөн, харилцаа,  нойр, хэрэггүй зүйлээс өөрийгөө чөлөөлөх буюу санаа зовнилгүй амьдрах, хоол тэжээл, хандлага, ёс зүй гэсэн хүчин зүйлүүд тухайн хүний аз жаргалтай байдалд хамгийн их нөлөөтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Яагаад энэ дунд энэ ёс зүй байна гэхээр үнэнээрээ явж байгаад хүн нэг удаа бүтэлгүйтлээ гэхэд үнэнээрээ байсан учир маш сэтгэл тайван байж чаддаг. Харин ёс зүйгүй үйлдэл хийгээд амжилтад хүрвэл хүн чанар нь цаанаас нь зовоож, тайван амгалан байж чаддаггүй. Өнөөдөр залуучууд тухайн ажлын байрыг сонгохдоо байгууллагын соёл, удирдлагын арга барил, манлайлалын соёл, тухайн байгууллагын баримталдаг зарчим, философи, хамт олны уур амьсгал, нээлттэй, шударга байдлыг нь хардаг болсон. Тэгэхээр байгууллагын соёлд хамаарах хамт олны хандлага, ёс зүйтэй байдлыг илүү анхаарах ёстой. Зарим нэгэн ажил горилогчдод нийтлэг ёс зүйгүй үйлдлүүд байдаг, жишээ нь: CV-гээ худлаа бичих, ур чадвар, туршлагынхаа талаар худлаа ярих, өмнө ажиллаж байсан байгууллага, удирдлагаа муулах, ярилцлагын товлосон цагаа баримтлахгүй хоцрох, хоцорсондоо тайлбар зохиож хэлэх, ярилцлаганд ирэхдээ дресс кодгүй хэт чөлөөтэй задгай хувцаслах гэх мэт. Ёс зүйн хэм хэмжээгээ мэддэг өөрийн гэсэн зан чанарын этиктэй тухайн ажиллаж байсан байгууллага нь хөгжил муутай өөрт нь тааламжгүй санагдаж байсан тухайн байгууллагад ажиллах хугацаандаа хөгжиж өөрчлөгдсөн байдгаа мэддэг.

Ёс зүйгүй байдал зөвхөн ажилтнуудын буруу гэвэл туйлширсан болох байх. Тэгэхээр байгууллагын түвшинд тухайн компанийн ямар албан тушаалтан ёс зүйн асуудлыг хариуцаж, ямар арга зүйгээр ёс зүйн төлөвшлийг бий болгох вэ?

Байгууллагыг ёс зүйтэй, ур чадвартай, сэтгэлтэй ажилтнууд хөгжүүлдэгийг бүгд хүлээн зөвшөөрдөг болсон.

Ингэхийн тулд удирдлага, ахлах болон дунд түвшний менежер, хүний нөөцийн менежерүүдээс эхлэх хэрэгтэй. Эхлээд ямар төрлийн ёс зүйгүй үйлдлүүд гараад байгааг шинжлэх хэрэгтэй. Хэнээс, юунаас болж гараад байгааг олж тогтоож, тийм нөхцөл байдал ахин үүсгэхгүй байх талаар анхаарч, ажилтнуудаа ёс зүйн дүрэмтэй болгох хэрэгтэй байдаг. Тухайн дүрмийг бүх ажилтандаа таниулах нь хамгийн чухал. Ёс зүйн дүрэм гэдэг бол тухайн ажилтнуудын зан үйлийн дүрэм. Өөрөөр хэлбэл, тухайн хүн эрх танхил, хэт дураараа эсвэл хэт өөрийнхөөрөө байдаг байж болно гэхдээ ажлын байран дээр тэр хувийн зан чанараа гаргахгүй гэсэн үг.  Үүнийг бид хөдөлмөрийн дотоод журамдаа нэг бүрчлэн оруулж болдоггүй. Тэгэхээр ёс зүй гэдэг хэн, юу хийж болохгүй, юу хийж болох, юунаас татгалзахыг заадаг хүн ёсны, хүн байх хариуцлагыг хэлээд байгаа юм. Үүнийг бид ажилтнууддаа сайн ойлгуулж чадвал тухайн байгууллагад ёс зүйн зөрчил гарахгүй. Дүрэм, журмаар л ойлгуулна гэсэн үг.

Ёс зүйтэй байна гэдэг нь зөвхөн байгууллага дотроо гаргах ёстой үйлдэл биш хаа ч байсан бидэнтэй хамт байх ёстой зан төлөв, дадал хэвшил юм.

Байгууллага бүр дээр ёс зүйгүй үйлдэл гардаг нь юунаас болдог талаар нэг судалгаа бий. Ёс зүйгүй байдлын 67 хувь нь ажилтнуудаас, 25 нь харилцагч, нийлүүлэгчдээс, 8% нь л хэрэглэгчдээс гардаг. Ажилтнууд ихэвчлэн худлаа ярих, хулгай хийх, /хулгай гэдгийг тодруулбал: Ажил олгогчийн мэдлийн найман цагаас хувийн цаг болгон ашиглах цагийн хулгай, байгууллагын мэдээллийг бусдад дамжуулах, ажлынхаа эд зүйлсийг зөвшөөрөлгүй авч гарах гэх мэтийг хэлээд байгаа юм. Мөн хоорондоо харилцааны асуудал үүсгэх, ажлын байран дээр янз бүрийн зөрчил гаргах, зэрлэг авирлах, худал мэдээлэл дамжуулах, байгууллагын нууц алдах, хариуцлагагүй хандлага гаргах, харилцагч, хэрэглэгчтэй зохисгүй харилцах, архи, тамхи хэрэглэх, хов жив ярих, атаархах, өс санах гэсэн ёс зүйгүй үйлдлүүдийг гаргадаг.

Миний хувьд харилцагч компаниуддаа захихдаа ажилтнуудынхаа хандлага, сэтгэлгээг өөрчлөхийг санал болгодог. Тэгэхийн тулд ёс зүйн дүрэм, журамтай болох хэрэгтэй. Нэг байгууллагад ёс зүй гээд нэгээс хоёр сар ярихад аяндаа төлөвшдөг.

Эмч, шүүгч зэрэг зарим мэргэжлийн хувьд ёс зүй гэдэг ойлгомжтой байдаг. Харин ёс зүй гэж тэр бүр ярьдаггүй компаниудад хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн тодорхойлолтоос гадна ёс зүйн дүрэм, журам гэж байх шаардлагатай болж байна. Ёс зүйн кодчлол гэдэг энэ ойлголт олон улсад хэр сайн нэвтэрсэн туршлага вэ?

Олон улсын бүх бизнес, компани, албан тушаалд ёс зүйн код гэж байдаг. 2002 онд Америкт Starbucks-д ажилд орж байхад Хөдөлмөрийн гэрээ, ажлын тодорхойлолт энэ шүү гэхээс илүү маш олон хуудас ёс зүйн дүрмийг эхлээд надад танилцуулж байсан. Түүн дээр бүх дүрмийг заасан байдаг. Томоохон групп, корпорациуд ёс зүйн дүрмээс гадна өөрийн үнэт зүйлдээ ёс зүй гэж заавал оруулж өгч, нээлттэй зарласан байдаг. Жижиг, дунд үйлдвэр, компаниудад ёс зүйн дүрэм гэж байдаггүй, харин дотоод журмандаа жижиг заалтуудыг оруулж өгсөн байдаг. Үүнийг нь ажилтнууд нь тэр бүр тоодоггүй, анзаардаггүй. Тиймээс тусдаа дүрэм, журам кодтой болох хэрэгтэй. Түүнийгээ байнга ойлгуулж, давтаж, тайлбарлаж, сургалт зохион байгуулах зэргээр ажиллавал тухайн компанид ёс зүй тогтоно. Ямар ч байсан хэн нэгэн ёс зүйгүй үйлдэл гаргаж байгааг мэддэг, шаардлага тавьдаг тийм ажилтнуудтай болно гэсэн үг.

Ёс зүйн дүрмийг төлөвшүүлэхэд ямар аргачлалаар ажиллах шаардлагатай вэ? Хэн үүнийг төлөвшүүлэхэд гол оролцоотой ажиллах ёстой вэ?

Байгууллагын соёл гэдэг тухайн байгууллагад ажиллаж буй бүлэг хүмүүс нийтээрээ хүлээн зөвшөөрч, түүнийгээ дагаж байгаа, бие биетэйгээ болон хувь нийлүүлэгчтэйгээ харилцах харилцааг зохицуулдаг үнэт зүйл, хэм хэмжээнүүдийн нийлбэр цогцыг хэлдэг. Байгууллагын соёлыг үүсгэн байгуулагчдын тогтоосон соёл тодорхойлдог. Үүнд, эрх мэдлийн, албан тушаалын, хувь хүний, үүргийн соёл гэх зэрэг олон төрөл байдаг. Эерэг, хамтач соёлыг бий болгохын тулд байгууллагын хүний нөөц, удирдлагын багийнхан яалт ч үгүй анхаарах ёстой. Байгууллагын соёлд ёс зүйтэй, шударга, нээлттэй байдал чухал. Энэ бүхэн тогтоогоогүй бол тухайн байгууллагад эерэг соёл тогтохгүй гэсэн үг. Сүүлийн үед байгууллагын соёлоос гадна компанийн соёл гэж ярьж байгаа. Энэ хоёр маань өөр зүйл. Компанийг онцгой, дахин давтагдашгүй болгож байдаг, үнэт зүйл, хэм хэмжээ, уламжлал, утга учир бүхий зүйлсийн нийлбэр нь компанийн соёл. Тэгэхээр компанийг үндэслэгчийн алсын харааг биелүүлдэг гэдэг утгаараа байгууллагын зан араншин гэж болно. Байгууллагын соёлоос ялгаатай нь компанийн соёлыг импортолж болдог. 

Ёс зүйтэй байна гэдэг хүний эрхэм зан чанар төдийгүй тухайн хүний гоо үзэсгэлэнгийн нэг хэсэг.

Тухайн байгууллага ямар соёлтой, үнэт зүйлтэй, ямар ёс зүйн хэм хэмжээг тогтоох ёстойг удирдлага нь мэдэхгүй байгаа тохиолдолд та хэрхэн тусалдаг вэ?

Хэрэв удирдлага надаас тэгж асуувал яагаад танай ажилтнууд ёс зүйтэй байх ёстой юм бэ, ингэснээрээ танай бизнес, компанийн хөгжилд ямар давуу талтай юм бэ гэдгийг ойлгуулна. Тэгэхээр үүнд ажлын байрны ёс зүй гэдэг зүйлийг маш сайн ярьж өгнө.

Ёс зүйгүй үйлдлүүд хаана гарч байгааг дунд шатны менежерүүд, ажилтнууд өөрсдөө сайн мэддэг. Удирдлага өөрөө алсын хараа, томоохон зорилгодоо анхаараад ажиллаж байгаа учраас тэр бүр ажилтнуудын дунд ёс зүйгүй үйлдэл гараад байгааг анзаарахгүй байж мэднэ. Харин ёс зүйн дүрэм, журамтай болох санал санаачлагыг дунд шатны менежерүүд гаргах ёстой, ажилтан өөрөө ч оролцож болно. Тэгэхээр ёс зүйн дүрэм журамдаа ажилтнуудынхаа санаа бодлыг ч мөн тусгах ёстой. Ёс зүйтэй байна гэдэг тухайн хүний гоо үзэсгэлэнгийн нэг хэсэг болчихоод байна. Тэгэхээр би үнэнч шударга, ёс зүйтэй хүнийг маш гоо үзэсгэлэнтэй хүн гэж хардаг. Зан чанарын гоо үзэсгэлэн гэдэг үнэхээр гайхалтай зүйл. Ёс зүй гэж хувь хүний зөв зуршлын нийлбэр цогц юм. Ёс зүй гэдэг бол хүний юу хийх ёстой, юу хийх ёсгүй, юунаас татгалзах ёстойг заадаг тэр зүйл. Энэ нь тухайн хүний хандлага, өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлж байдаг. Ёс зүйгүй байсныхаа төлөө хариуцлагыг хүлээж байдаг. Хүний өдөр тутамдаа мөрдөх зарчим, хэм хэмжээг тодорхойлон тогтоож, сахиулан мөрдүүлдэг хүн ёсны хууль. Тэгэхээр хүн энэ компани, байгууллагад юу хийж болох, болохгүй, юу ярьж болохгүй вэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Түүнийг нь бид үг яриа, ёс зүйн дүрэм журмаараа мэдүүлж байх ёстой. Тиймээс би хувьдаа ёс зүйн дүрмийг тухайн байгууллагын ажилтнуудын зан үйлийн дүрэм гэж үздэг.

Таны хувьд энэ чиглэлээр 2014 оноос эхлэн ажиллах болсон. Яагаад энэ чиглэлээр ажиллах болов. Өөрийн хувийн туршлага, түүхээсээ хуваалцахгүй юү?

2009 онд би менежментийн сургагч багш болохоор Японд хэсэг хугацаанд сурч байхдаа ёс зүйн талаар ойлголттой болж, өөрийн амьдралдаа ч түүнийг харсан. Япончуудын ёс зүйтэй байдал нь энгийн, өдөр тутмын үйлдэл болж, тэр нь амьдрал нь болчихсон, түүгээрээ амьдарч ирснийг харсан нь надад маш их зүйлийг бодуулсан. Эндээс яагаад манайд ийм байж болдоггүй юм бол гэж бодсон. Тэгээд ирснээсээ хойш ёс зүйн талаар их уншсан. Ингээд 2014 оноос хойш илүү их сонирхож, орж судалж, улмаар сургалт болгосон. “Япон үндэстний ёс зүйн цогц” гэж номон дээр ингэж бичсэн байдаг. “Хүн ур чадвар, эрч хүчээ шавхан байж, сэтгэл зүрхээрээ хүссэн өндөрлөгтөө хүрдэг хэрнээ ёс зүйгүй, шударга бус нэг л удаагийн үйлдлээсээ болж доод хязгаарт хүртэл унахдаа маш амархан. Өдөр бүрийн ажил амьдрал, харилцаандаа ёс зүйг баримтлах нь хүн бүрийн хийх ёстой үйлдэл” гээд биччихсэн байгаа юм. Зөвхөн даргадаа сайхан харагдаж, удирдлагууддаа таалагдах, бусдад сэтгэгдэл төрүүлэхийн тулд биш, өдөр бүр ажил дээрээ ч, амьдрал дээрээ ч, гэр бүлдээ ч, байгаа орон зайдаа ёс зүйтэй, зөв зан чанартай байх ёстой гэж үзэж энэ талаар ярьж, сургалт зохион байгуулж, ажилладаг даа.

Та өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хэчнээн байгууллага, компанид хүрч ажиллаж, тэр хүмүүс хэрхэн тусалж, юу ойлгуулав. Мөн та өөрөө энэ хугацаанд юу сурч авав?

Ёс зүйн хичээлүүдийг заана. Дээр нь өөрийн ажиллаж байгаа компанийнхаа ёс зүйн багт улиран сонгогдож орж ажиллана, санал бодлоо солилцож явна. Сургалтаараа дэмжинэ. Хаа ч явсан ёс зүйгүй үйлдлүүдийг анзаарна, тэмдэглэж авна. Ийм ийм тохиолдолд хүмүүс ихэвчлэн ёс зүйгүй үйлдэл гаргадаг, гэхдээ үүнийгээ ёс зүйгүй үйлдэл гэж мэддэггүй юм байна гэх мэт. Бид бүхний хувцаслалт, биеэ авч яваа байдал, хувийн соёл, гаргаж байгаа зан ааш бидний өмнөөс бусадтай ярьж байдаг. Монголчууд “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ” гэж хэлдэг. Ёс зүйтэй байна гэдэг нь зөвхөн байгууллага дотроо гаргах ёстой үйлдэл биш хаа ч байсан бидэнтэй хамт байх ёстой зан төлөв, дадал хэвшил юм. Ёс зүйтэй байх нь чадвар гэхээсээ илүү бидэнд байх ёстой амьдрах дадал хэвшил юм. Бид хаа ч явсан зан чанараа тээж явдаг.

Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Хэнд ч амьдралыг сайхан болгох боломж байгаа. Заавал өндөр албан тушаалтай, олны танил, хөрөнгөлөг байснаараа бус өөрийн гайхалтай эрхэм зан чанар, зөв байгаагаараа амьдралаа гоё болгож амьдрах боломж байгааг хэлэхийг хүснэ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Подкаст #0044 Ажилтнуудаа хэрхэн идэвхижүүлэх вэ?

Өмнөх нийтлэл

Вэбинар: Манлайлал ба удирдлагын залгамж халаа

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in HR