Uncategorized @mnБизнес ЦэнэгТоп нийтлэл

Вэбинар: Манлайлал ба удирдлагын залгамж халаа

0

“Бизнес цэнэг” вэбинарын энэ удаагийн сургалт “Манлайлал ба удирдлын залгамж халаа” сэдвээр боллоо. Сургалтыг “Хар Хорум Дижитал” академи, Бизнес.мн сэтгүүлээс зохион байгуулдаг бөгөөд энэ удаад Глобаль стратеги удирдлагын институтын захирал, лектор, менежментийн зөвлөх, удирдлагын көүч Ц.Оюунжаргал ментороор оролцов. Тус сургалт өргөн хүрээг хамарсан төдийгүй алсын зайг үл харгалзан технологийн давуу талыг ашиглан оролцогчид багшаас шууд зөвлөгөө авсан өгөөжтэй сургалт болсон гэдэгт найдаж буйгаа Ц.Оюунжаргал багш цохон тэмдэглэлээ.

Сүүлийн үед бизнес эрхлэгчид ажилчидаа сургахаас гадна удирдлагууд өөрсдөө суралцах соёл дэлгэрэх болсон. Тус сургалтад удирдлагын түвшний бизнес эрхлэгчдээс гадна энэ чиглэлээр суралцаж буй оюутан, төрийн байгууллагын төлөөлөл оролцсныг онцлох хэрэгтэй. Сургалтаар бизнес эрхлэгчдэд бизнесээ хэрхэн манлайлах, байгууллагын ажилчдын манлайлах ур чадварыг хэрхэн дээшлүүлэх, авъяаслаг ажилтнаа хэрхэн тодорхойлж, одоогийн ажлын байранд нь хэрхэн амжилттай авч үлдэх талаарх практик зөвлөгөөг хүргэв.

Гэр бүлийн бизнесээ заавал дараа үедээ өвлүүлэхээс илүүтэй авъяаслаг, чадвартай CEO-г гаднаас сонгон шалгаруулж авах нь зүйтэй

Компанийн захирал бүрт тулгардаг залгамж халаа бэлдэх асуудлыг оролцогчид нэлээд сонирхож байлаа. Тухайлбал гэр бүлийн бизнес эрхлэгчдийн хувьд залгамж халаагаа хэрхэн зөв, компанидаа үр өгөөжтэйгээр үлдээх нь толгойны өвчин болоод буй. Үүнд сургагч багшийн зүгээс гэр бүлийн бизнесээ заавал гэр бүлдээ өвлүүлэхээс илүүтэй авъяаслаг, чадвартай CEO-г гаднаас сонгон шалгаруулж авч ирэх нь зүйтэйг зөвлөв. Мөн одоогийн ажилтнууд дундаас авъяаслаг ажилтнаа тодруулах замаар өвлүүлж болох юм. Энэ нь залгамж халаагаа амжилттай үлдээх орчин үеийн сайн жишиг бөгөөд таны бизнесийг цааш авч явах сонирхолгүй хүү, охиндоо өвлүүлснээр бизнес тань нурах эрсдэлтэйг анхаарууллаа.

Вэбинарт оролцогч “Монсан медикал сервес” компанийн гүйцэтгэх захирал Д.Бархүү “Үр дүнтэй сургалт боллоо. Ялангуяа компанийн засаглал дээр хамгийн их тохиолддог асуудлыг ярьсан. Манай компаниуд засаглалын хувьд дөнгөж нэгдүгээр үе дээрээ явна. Гэтэл Европ, Америкт аль хэдийн хөгжлийнхөө гурав, дөрөвдүгээр үе дээрээ явж байна. Бидний хувьд тэднээс суралцах зүйл их байна. Монголын дийлэнх компани хувийнх байдаг бөгөөд үр хүүхдүүддээ өвлүүлдэг. Гэтэл дараа үе нь зөв авч явж, бизнесийг нь өргөжүүлж чаддаг уу гэдэг нь учир дутагдалтай. Энэ үүднээсээ ялангуяа шинэ компаниудад мессеж өгсөн сургалт болсон. “Бизнес цэнэг” сургалтыг орон зай цаг хугацаанаас үл хамааран хаана ч үзэх боломжтой. Сургалтад байнга хамрагдахыг хичээдэг” хэмээв.

Дараагийн сургалтыг энэ сарын 29-нд NCS компанийн гүйцэтгэх захирал, Бизнесийн зөвлөх Д.Болор “Компани амжилттай ажиллахад сэдэлжүүлэлт ямар нөлөөтэй вэ” сэдвээр явуулна. Сургалтад доорк линкээр бүртгүүлэх боломжтой.

https://webinar.business.mn/

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
enkhtuvshin

Г.Батханд: Ёс зүйгүй байдлын 67 хувь нь ажилтнуудаас гардаг

Өмнөх нийтлэл

Б.Болд: Олон улсын уул уурхайн дээд лигт тоглож байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох