Бизнесийн эзэнТоп нийтлэл

Б.Болд: Олон улсын уул уурхайн дээд лигт тоглож байна

1

Монгол оронд ардчиллын салхи сэвэлзэж, капиталист гэгддэг орнууд нээлттэй болж, монголчууд ч хилийн чанадад чөлөөтэй аялж сурах, ажиллах боломж нөхцөл бүрдсэн 1990-ээд оны дундуур Америк орныг Монголоос нэгэн залуу зорьсон нь Б.Болд байлаа. Нийслэлийн III төрөх эмнэлэгт мэндэлсэн, жирийн сэхээтэн айлын хүү Политехникийн дээд сургуулийн үйлдвэрлэлийн менежерийн ангийг 1994 онд төгсчээ. Японы нэгэн мэргэжилтнийн бичсэн брокер дилерийн хувьцааны талаарх номыг уншаад, найз нартайгаа хамтран брокер дилерийн компани байгуулна хэмээн мөрөөдөж, хувьцааны үнэ ханш, хэлбэлзлийг судалж, үзмэрч тааварч мэт ажилтай, санхүүгийн салбартаа л сайн дурын уран сайханч явсан тухайгаа дурсдаг. 

Харин удалгүй АХБ-нд орчуулагчийн ажилд орсноор түүний банктай холбогдсон түүх эхэлсэн юм. 1990-ээд оны үед сардаа 1000 ам.долларын цалинтай англи хэлний орчуулагчийн ажил хийнэ гэдэг нэлээд том амжилт. Орос гуравдугаар сургууль төгссөн тул унаган орос хэлтэй, бас германаар ч ярьчихна. Тэрбээр АХБ-нд ажилласнаар англи хэлээ сайжруулж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн зэрэгцээ тус банкнаас Монголбанкинд хэрэгжүүлсэн хоёр ч төсөл дээр ажилласан нь банкны талаарх мэдлэгийг нь ихээхэн нэмэгдүүлсэн гэдэг. Улмаар ардчиллын өлгий нутагт очиж суралцан АНУ-ын Коннектикут мужийн Брижпортын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй дүүргэж, Харвард, Колумб, Стэнфорд зэрэг Америкийн ТОП-10 их сургуулийг төгссөн, туршлагатай америкчуудтай өрсөлдөж дэлхийд хоёрт ордог хөрөнгө оруулалтын JP Morgan банкны шалгалтад тэнцсэнээр дэлхийд нэртэй банкинд ажиллаж эхэлжээ.

Хөрөнгө оруулалтын банк нь компани нийлж, салах, худалдах, худалдан авах, хувьцааг нь гаргах, зээл босгох гэх мэт олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэрбээр тус банкны энэ бүх чиглэлээрх хэлтэс, газруудад ажиллаж байгаад 2007 онд Лондон хотноо JP Morgan банкны Оросын зах зээлийг хариуцсан төлөөлөгчөөр томилогдсон байна. Б.Болд JP Morgan-д ажиллах 11 жилийн хугацаанд гэрээ хэлцэл, компанийн үнэлгээ, хувьцааг хэрхэн арилжих талаар дагнан ажиллаж, ОХУ, тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд болон Монголыг хариуцсан гүйцэтгэх захирлын алба хашиж байжээ.

Б.Болд захирал JP Morgan банкийг Монгол Улстай холбох, анхаарлыг нь хандуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой”-д зөвлөгөө өгч, “Монголиан майнинг корпорэйшн”-ий хувьцааг Хонконгийн биржид гаргахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Харин 2009 онд эх орондоо эргэн ирж, 2013 оныг хүртэл Монголын хоёр том компанийн гүйцэтгэх захирал хийж байгаад “Рио Тинто” компанид ажиллахаар Лондон хотыг зорьсон билээ. Тэрбээр одоо “Рио Тинто” группийн Эрчим хүч, эрдсийн группийн гүйцэтгэх захирал, Гүйцэтгэх хорооны 12 гишүүний нэг юм.

-Бид анхлан 2004 онд Америкийн JPMorgan банкны хөрөнгө оруулалтын банкирыг Монголдоо ирээд байхад нь танилцаж ярилцаж билээ. Таны хэвлэлд өгсөн анхны ярилцлага байсан. Хүмүүс тэгэхэд л монгол залуу дэлхийн том хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байгааг мэдсэн.

-Тухайн үед 31-тэй банкир анхны ярилцлагаа өгч байлаа. Залуу ч байж. Том банкны том банкир гээд өөртөө дэндүү итгэлтэй байсан байж таараа. Эх орноосоо хилийн чанад руу гарснаас хойших миний анхны карьер Уолл стрийтийн хөрөнгө оруулалтын банкираас эхэлсэн. Өнөөдөр эргээд сэтгүүлч найзтайгаа уулзаж ярилцаж байгаадаа баяртай байна. Миний хувьд “Mongolian Economy” сэтгүүлийг эхний дугаараас нь уншиж ирсэн. Одоо бол гаднаас байнга уншиж байгаа. Танай сэтгүүл жил бүр л өнгө зүс орж, даацтай чанартай нийтлэлүүдээр уншигчдаа татаж байгаад талархаж байна.

-Маш их баярлалаа. Та “Рио Тинто” гэх дэлхийн том групп компани руу явснаас хойш хэвлэлд ярилцлага өгөөгүй. Харин өнөөдөр манай сэтгүүлийг сонгож ярилцаж байгаад баяртай байна. Бид таниар бахархаж байгаа. Монгол хүн дэлхийн хэмжээнд үнэлэгдэхүйц бизнесийн захирал болсонд.

-Том хариуцлага. Итгэл даах хэрэгтэй. Ажлаа сайн л хийх ёстой. Монгол хүн нэр хугарахаар яс хугар гэдэг.  Сүүлийн 20 гаруй жилд хуримт­луулсан туршлага, олж авсан мэдлэг боловсрол, чадварыг “Рио Тинто” компанийн удирдлага олж харсан байх. Би 1996 онд 20 гаруй настайдаа анхлан АНУ-руу явсан. Америкийн их сургуульд сурч төгсөөд JPMorgan хөрөнгө оруулалтын банкинд арав гаруй жил ажилласан. Ингэж ажиллахдаа бусадтай ур чадвар, мэдлэг боловсролын тулаанд жинхэнэ өрсөлдөж байсан. Тус банкинд ороход амар байгаагүй. Орчихоод ажлаасаа хөөгдөхгүйхэн шиг ажиллахад ч хялбар байгаагүй.

Ингээд 2009 онд Монголдоо ирээд “Ньюком” ком­панийн гүйцэтгэх захиралаар хоёр жил ажилласан. Уул уурхайн бус сэргээгдэх эрчим, харилцаа холбоо, нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн ТУЗ өөрийн багаа бүрдүүлж ажиллах боломж нөхцөлийг надад олгож, итгэл хүлээлгэсэн. Дараа нь багын найз маань хамтраад алтны уурхайчин болмоор байна гэхээр нь дагаж дэмжээд энэ салбарт үсрээд орсон доо. Нэр хүнд нь навс унаж, дампуурч хаалгаа барьсан “Алтан Дорнод Монгол” компанийн удирдлагын багт хоёр жил ажиллаад ерөнхийдөө компани хөл дээрээ босож ирэх явцад энэ ажлаа орхисон. “Алтан Дорнод Монгол” компанийг өдий зэрэгт хүргэж, авч явж, олон тэрбумын өрөөс салгаж ажиллаж байгаа удирдлагын баг болон хамт олондоо талархах сэтгэл төрдөг.

Би Монголын компаниудад ажилласнаа яагаад ярив гэхээр “Рио Тинто” группийн удирдлагын түвшинд очиж ажиллаж байгаа минь өмнө нь хийж байсан ажил, туршлага, мэдлэгүүдийн нийлбэр юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм.

-Хөрөнгө оруулалтын банкир хүн яагаад уул уурхай руу ороод явчихав аа гэж хүмүүс таниас асуудаг уу?

-Ийм асуулт байнга тавьдаг. Мэдээж “Алтан Дорнод Монгол” компанитай холбоотой. Заримдаа санаанд оромгүй санагдана. Нью-Йоркийн өндөр шилэн цамхагт банкираар ажилладаг хүн цагаан цамц, зангиагаа нэг л өдөр уулын гутлаар сольсон. Компанийнхаа хөрөнгө санхүүгийн асуудлаар өдөр бүр шүүх дээр дуудагдаж, удалгүй компаниа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны лацнаас тайлуулж, 500 хүнийг ажилтай болгож, өр ширнээс салгаж, байгаль орчны нөхөн сэргээлт хийж, уурхайтай, шороотой ажиллаж байхдаа тэгж бодогдох үе цөөнгүй байсан.

Яг үнэндээ нүх ухаж, уурхай ажиллуулах нь амархан санагдах байх. Хэдэн экскаватор, том том машинууд аваад л гүйцээ. Хамгийн гол нь хэр үр өгөөжтэй юм, хөдөлмөрийн бүтээмж ямар юм, түүнээс гарч буй баялгийг хэрхэн яаж шингээх вэ гэдгийг бодох ёстой. “Алтан Дорнод Монгол” компаниас би уул уурхайн анхны А үсэг, цагаан толгойг сурсан. Уурхайчин хүн гэж хэн бэ, энэ салбарын хөдөлмөрийн бүтээмж гээд олон зүйлийг мэдэж авч, бас алдаанаасаа суралцах болсон.

2013 онд “Рио Тинто”-гоос санал орж ирэхэд найзыгаа орхиод явах амар байгаагүй. Дампуурсан компанийг хамтдаа босгоно, бүтээнэ гэчихээд замын дундаас хаяад явах тийм амар байна гэж байхгүй шүү дээ. Энд олон зүйл нөлөөлсөн. Найзтайгаа ч ярилцаж ойлголцсон. Мөн дэлхийн хэмжээний компанид удирдах алба хаших боломж дахин олдох уу үгүй юу гэж ч бодсон. Ингээд 2013 оны тавдугаар сард тус компанийн саналыг хүлээн аваад Лондон руу ниссэн. Би зэсийн үйл ажиллагааг олон улсад хариуцсан захирал боллоо. Тухайн үед зэсийн багцад хоёр гүний уурхай байсан. Нэг нь Австралийн Northparkes, Өмнөд Африкийн Palabora, мөн Индонезийн никлийн хайгуул хийсэн орд, Аляскын том Pebble зэсийн орд зэрэг нийтдээ 3000 гаруй ажилтантай бизнес багтаж байсан.

Northparkes, Palabora зэсийн уурхай руу очиход манай ирээдүйн Оюутолгойн жижигрүүлсэн хувилбар бүхий ордууд угтаж билээ. Эдгээр уурхай нь газрын гүнд блокчлон олборлох аргаар олборлолт явуулдгаараа Оюутолгойтой төстэй юм. Надаас өмнө 2-3 монгол хэдийнэ тэр уурхайнуудад ажиллаад үе шат дамжлагаар нь явчихсан байв. Оюутолгойд ажиллах залуусыг бэлтгэж байсан.

Гүний уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал маш чухал гэдгийг хэлмээр байна. “Рио Тинто”-гийн нэг номерын зорилго хүний амийг бүрэн бүтэн байлгаж, гэмтэлгүй, осол авааргүй гэрт нь хариулахад бүх бодлого нь чиглэдэг. Тийм системийг бүрдүүлсэн. Энэ нь хувь хүний соёлыг бас өөрчилж байгаа юм. Өнөөдөр “Рио Тинто”-гийн уурхайнууд дотор Оюутолгой аюулгүй байдлаараа хамгийн шилдэг уурхай болчихлоо. Дэлхийн бусад том уурхай манай Оюутолгойг аюулгүй байдлаа хэрхэн хангаж, ажилладаг талаар туршлага судалж байна. Энэ бол бахархал.

-Та удалгүй дахин алба дэвшиж, Сингапур руу явж, Рио Тинтогийн далайн тээврийг хариуцахаар болсон. Танд хэр ойр ажил байв?

-Надад далайд аюул, эрсдэлгүй сэлж, уснаас айдаггүй болох шинэ даалгавар өгсөн /инээв/. Даалгавраа биелүүлэхийн төлөө хичээн ажилласан. Сингапурт гурван жил болсон. Огт мэддэггүй салбар, сонирхолтой ч ажил байсан. Шинэ зүйл их зүйл сурсан. Далайн тээврийн үйл ажиллагааг нэлээд ашигтай ч ажиллуулж чадсан. Гэтэл дахин шинэ ажил нэмээд төмрийн хүдрийн борлуулалтын ажлыг давхар хариуцсан. “Рио Тинто”-гийн төмрийн хүдрийн маркетинг борлуулалт дэлхийн зах зээлд хамгийн чухалд тооцогддог бөгөөд 30 тэрбум ам.долларын борлуулалт манай багаар дамжиж хийгддэг гэхээр маш чухал, хариуцлагатай ажил хүлээн авсан гэсэн үг. Дэлхийд 50 том гангийн үйлдвэртэй харилцаж, 330 сая тонн төмрийн хүдэр олборлодог Австралийн Pilbara, мөн 200 мянган тонн ачаа бараа зөөдөг том онгоцуудаар борлуулалт хийдэг гээд асар том үйл ажиллагаа хариуцсан нэг захирал нь болсон юм.  Харилцагч хэрэглэгчид гэхэд л Nippon Steel, JFE, Kobe нь Японд, Posco болон Hyundai Steel Солонгост, Bao Steel, Hebei Steel гэх мэт Хятадын том гангийн үйлдвэрүүд байдаг. Тэр том үйлдвэрүүдийн захирлуудтай уулзаад явахад Монгол гэхээр яриа ч түргэн нийлэх шиг болдог байсан. Солонгосчууд адилхан хөх толботой төрдөг гээд дотно ханддаг. Дэлхийн төмрийн хүдрийн томчууд Монгол төмрийн хүдэртэй юу гэж асуухаар нь би жаахан бий гэж хариулдаг байлаа.

Дараа нь “Рио Тинто” группийн өнөөгийн гүйцэтгэх захирал надад дахин итгэл хүлээлгэж одоогийн энэ ажлыг өгсөн. Бас л хариуцлагатай, сонирхолтой ажил.

Риогийн Гүйцэтгэх хорооны есөн гишүүний нэгд монгол хүн ингэж л явсаар оччихсон доо. Миний хариуцдаг Эрчим хүч, эрдсийн групп нь нийтдээ 11 мянган ажилтантай. Нийт борлуулалт нь ойролцоогоор 7.8 тэрбум ам.доллар, ашгийн үзүүлэлт 2.8 тэрбум ам.доллар, найман оронд 15 газарт үйл ажиллагаа явуулж байна. Рио Тинтогийн багц дотор манай групп хамгийн олон оронд үйл ажиллагаа явуулдгаараа онцлог. Австралид коксжих нүүрсний хоёр том орд, мөн давс, ураны хоёр уурхай бий. Өмнөд Африк, Канад, Мадагаскарт титаны үйлдвэрүүд, Канадад төмрийн хүдэр, Намибд ураны уурхай, мөн Америкт ч бас үйлдвэртэй.

Энэ олоон мянган хүнийг удирдаж буй удирдлагын баг бий. Риогийн хамгийн шилдэг, сорчлогдсон удирдагчидтай би хамтран ажилладаг, тэднийг удирддаг. Тийм өндөр түвшний удирдагч хүмүүсийг би удирдаад явж байна гэхээр хааяа надад сэрүүн зүүд шиг санагддаг. Туршлага, мэдлэг, чадвар үнэхээрийн өндөр, хөгжилтэй орон орны эрч хүчтэй, шинийг эрэлхийлсэн, үр дүн гаргахын төлөө явдаг, ажилдаа чин сэтгэлтэй хүмүүс байдаг.

-Та Монголын алтны компаниас дэлхийн том компанийн удирдлагын багт шууд үсрээд очсон. Огцом өндөрт явсан. Дэлхийн уул уурхайг төсөөлөх таны төсөөлөл хэр зөрөв?

-Нэгд, ойлголтын зөрүү их байдаг салбар юм. Уул уурхай нь өөрөө газар шороотой холбоотой тул их анхаарал татдаг, зарим талаараа дутуу ойлгогддог салбар. Ер нь өвөг дээдэстэй нь холбоотой уул усыг нь ухаж хөндөхөөр ямар ч хүн тийм дуртай байхгүй нь ойлгомжтой. Тиймээс зөвшөөрөл өгч байгаа тал болох Засгийн газар уул уурхайн бизнесийг олон талаас харж оролцогчидтой бүгдтэй нь сайтар зөвшилцөх ёстой. Орон нутаг, татвар, ажлын байр, туслан гүйцэтгэгч болон нөхөн сэргээлт гэх мэт суурь ойлголтуудаа нэгтгэж ойлголцох нь чухал.

Хоёрт, уул уурхайн өгөөжийг бодохдоо зардал, хөрөнгө оруулалтын өртгийг тооцохгүй орхигдуулах жишээтэй. Энгийнээр ярьвал машин нүүрс эсвэл хүдрийг харчихаад л түүнийгээ зарах үнээрээ үржүүлээд байдаг. Гэтэл олборлох зардал нь хэд юм, татварт хэдийг өгсөн, ажилчдын цалин юу билээ, шатахуун түлшний зардал хэд байсан гэдгээ огт мартдаг. Гэр бүлээр жишээлэн ярьвал эхнэр, нөхөр хоёр цалингаа нэмж тооцчихоод харин өдөр тутмын зардлаа нийт орлогоосоо хасахгүй бол тэр айлын хуримтлалыг яаж тооцох вэ.

Тухайлбал, бид 250 тонн хүдэр ачсан машин зэсийн уурхайд харлаа гэж бодъё. Түүн дотор чинь хоёр тонн хүрэхүүтэй хүдэр л байдаг юм. 248 тонн нь шороо. Тэр шороог нунтаглаад гурил шиг болгоод уусмалд хийж хөөсрүүлээд хальсан хөөснөөс нь зэсийн консентраци гаргаж авч байгаа юм. Энэ процесс тийм амар биш. Хөрөнгө оруулалт, технологигүйгээр явахгүй. Тэгэхээр хамгийн гол нь төр засаг, тухайн нутгийн ард иргэд болон компаниуд хоорондоо хэл амаа сайтар ойлголцож, түншлэлийн гэрээ хийж байж урт хугацаанд ажил тогтвортой явдаг юм байна. Уурхай тойрсон хэл ам бол зөвхөн манайд биш бусад оронд ч гардаг асуудал.

Монголын хувьд хамгийн түрүүнд уул уурхай яагаад байдаг юм гэдгийг ойлгуулах, мэдүүлэх талд сайн ажиллах хэрэгтэй гэж харагдаад байгаа юм. Нөгөө талаасаа бид яагаад уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг юм бэ.

“Рио Тинто”-гоор жишээ татвал хүн төрөлхтөний амьдралын үйл явцад шаардлагатай түүхий эд, эрдэс баялаг, материалыг л нийлүүлж ирсэн хэрэг. Бидний эргэн тойронд буй бүх зүйл байгалиас ургаж гарч ирсэн эсвэл уул уурхайгаас гаралтай мод, шил, төмөр байна. Өдөр тутмын хэрэгцээт гар утас, компьютерийн эд хэрэгслийг уул уурхайгаас л гаргаж авна. Уул уурхайг зогсоовол хүн төрөлхтөн хэрэгцээгээ танах хэрэгтэй болно. Өөр арга байхгүй. Ийм боломжгүй гэдгийг бид бүгд мэднэ. Нөгөөтэйгүүр уул уурхайг дагасан том дагавар салбарыг мартчихдаг. Энэ дагавар салбарууд ажлын байрыг олноор бий болгож улсад их хэмжээний татвар төлж байна шүү дээ.

“Алтан Дорнод Монгол” компанид ажилласан хоёр жилд ямар ч уул уурхайн их сургуульд сурснаас илүүтэй мэдлэг, туршлагыг би олж авсан. Дэлхийн хэмжээний компанийн удирдлагын түвшинд очих бэлтгэл суурийг авсан гэж хардаг. Монголын алтны компаниас дэлхийн “Рио Тинто” руу үсрээд, хөл бөмбөгөөр бол дээд лигт орж тоглож байна гэх үү дээ.

-Дэлхийн хэмжээний уурхай хэрхэн ажилладаг юм байна?

-Уул уурхайд өөр өөрийн онцлог шинж чанартай дөрвөн гол тоглогч байна. Нэгт, бичил уурхайчид. Аль ч улсад байдаг зүйл. Зохицуулах механизмыг сайн бүрдүүлэх ёстой. Хоёрт, их эрсдэл дааж лиценз авч, анхны хөрөнгө оруулалт хийдэг санхүүгийн тоглогчид. Бас л үүрэгтэй улс. Гуравт, мэргэшсэн хайгуулынхан. Дөрөвт, том, жижиг оператор компаниуд.

“Рио Тинто” бол уул уурхайн энэ том экосистемийн нэг л бүрэлдэхүүн. Хайгуул хийгээд нөөц нь батлагдсаны дараа оператор компаниуд орж ирдэг. Маш урт хугацааны /40-70 жил/ тоо бодож орж ирж, ул суурьтай ажиллахыг хүсдэг. Нэг орсон бол тухайн ажлыг яс хийж, үр дүн гаргахыг зорьдог компани. Тооцоо судалгаа, бичиг цаасны ажил маш удаан хугацаанд үргэлжилнэ. Энд нэг жижигхэн орд олдлоо, энийг л авъя гээд дайрахгүй. Хэрвээ тийм хандлага гаргавал над руу хараад инээнэ. Манай багцад 130 жил болж буй уурхай ч байна.

Урьдчилсан ТЭЗҮ-г хийхэд л 2-3 жилийг зарцуулдаг. Нэг сарын дотор хийдэг оюутны дипломын ажил биш юм л даа. Ийм том компани 50 мянган ажилтнаа яаж өдөр бүр аюулгүй байлгах вэ, гэрт нь хариулах вэ гэдэгт л гол бодлогоо чиглүүлдэг. Хүрэх зорилго, төлөвлөгөө гэх мэт зүйл хоёр номерт л яригдана. Ийм нүдээр асуудлыг харахаар их сонин юм билээ.

“Рио Тинто” олон улсын биржид бүртгэлтэй компани. Та ч хувьцааг нь худалдан авч болно. Тиймээс үнэнч шударга, ил тод, хээл хахуулиас ангид байх шаардлагатай. Бид яаж ажиллах вэ гэсэн ёс суртахууны зарчим мөрддөг. Хийж буй ажилдаа эзэн байж, хамгийн дээд түвшинд ажиллах, бие биедээ хүндэтгэлтэй харилцах зэрэг компанийн соёл бий. Би яагаад Риод орсон бэ гэхээр Оюутолгойд хөрөнгө оруулалт хийж буй байдлыг нь харахад зөв сэтгэлгээтэй, зөв хүмүүс удирдлагын багт нь ажилладаг юм байна гэдгийг ойлгосон. Мөн хөрөнгө оруулалт хийгээд баялгийг нь хурдан ухаж баяжаад гаръя гэсэн сэтгэлгээ харагдаагүй нь надад таалагдсан. Харин яаж тухайн улс, орон нутагт хөгжил авчрах вэ, ажлын байр бий болгох вэ, эерэг үр дүнг бий болгох вэ гэсэн компанийн үнэ цэн миний хувийн үнэ цэнтэй тохирч байсан тул би сонголт хийсэн.

-“Рио Тинто” группийн хэмжээнд Оюутолгойн орд хэрхэн яригддаг, үнэлэгддэг бол?

-Зарим үзүүлэлтээрээ тухайлбал, хөдөлмөрийн аюулгүй байдал, шинэлэг сэтгэлгээ, хурд, эрч хүчээр Оюутолгой тэргүүлдэг. Риогийн групп дотор хамгийн эерэг цэнэгтэй баг гэгддэг. Хагас жил бүр 50-иад уурхайд хийдэг судалгаагаар Оюутолгойн монгол залуус хийж буй ажилдаа итгэлтэй, маш их бахархаж ажилладаг гэсэн дүгнэлт гарсан. Маш том бүтээн байгуулалт юм аа, Оюутолгой. Харин гүний уурхайн мэдээллийг гүйцэд сайн хүргэмээр санагддаг. Жишээлбэл, гүний уурхайн хөрөнгө оруулалтыг хараад хүмүүс бөөн зэс олборлож гаргаад байна гэж бодоод байна. Гэтэл одоогийн байдлаар зөвхөн туннэл, агааржуулалт, конвейер зэрэг ажил л хийгдэж байгаа шүү дээ. Байшингаар ярьвал 80 давхар байшингийн суурийг л хийж байна гэсэн үг.

-Та ер нь Оюутолгойн мэдээллийг хэр авч, уншиж бас чих тавьдаг вэ. Риогийн группт ажиллаж буй монгол хүний хувьд?

-Би Оюутолгойг хариуцдаггүй. Надад өөрийн хариуцсан найман уурхай байна. Өөр уурхай, салбар сонирхоод явах цаг зав бас төдийлөн олдохгүй байна. Гэхдээ монгол хүний хувьд Оюутолгойн мэдээллийг нь бусад хүний адил сонирхон уншина аа.

-Том компанийн удирдах түвшний албан тушаалтан юу хийдэг талаар сонирхмоор байна. Тивээс тив рүү байнга явж, уурхайнууд дээрээ очдог уу? 

-Би 11 мянган ажилтнаа бүгдийг нь удирдаад явахгүй. Ер нь удирдлагын шинжлэх ухаанд нэг дарга 7-8 хүнийг л удирдах нь зөв гэдэг. 10 хүн бол Чингисийн аравтын бодлого. 12 болоод ирэхээр олон болчихдог.

Удирдлагын баг, багийн бүрэлдэхүүн, ур чадвар, хөрөнгө оруулалтын хороонд хөрөнгө оруулалтын төсөл танилцуулж, хамгаалах, шинэ залуу сайн боловсон хүчнийг татах, бэлтгэх сургахад анхаарна. Хүн тал руугаа илүүтэй ажиллана.

Мэдээж санхүүгийн үзүүлэлтүүд багтана. Миний ажлын цагийн дийлэнх хувь нь хүнтэй харилцах. Тэр хүнийг яаж зөв орчинд ажиллуулах уу, тийм орчныг яаж бүрдүүлэх үү гэж л бодож, төлөвлөж, санаачилж ажилладаг. Багтайгаа амжилтад хүрэхийн тулд бие биедээ итгэх итгэл, айдасгүй чөлөөт орчинд үзэл бодлоо сорьж мэтгэлзэх, шийдвэрт хүрч тэрийгээ багаараа зүтгэж биелүүлэх гэх мэт зүйлд илүү анхаарч байна.

Тиймээс би өөрийгөө ямар удирдагч юм, хүмүүсээ яаж ажиллуулах ёстой юм, миний дутагдалтай тал юу байна, би энэ ажлыг өөрөөр яаж хийх ёстой байсан юм гэх мэтээр өөрөө анализ дүгнэлт хийж ажиллах ёстой. Удирдлагын багаа хамгийн дээд зэргээр шүүсийг нь шахаж ажиллуулах нь л миний хийх гол ажил.

-“Рио Тинто” группийн удирдлагын багийн амжилтын нууцыг та хэрхэн харж байна вэ?

-Итгэл. Гүйцэтгэх хорооны гишүүн бүр бие биедээ итгэх ёстой. Би энэ багт яаж тус нэмэр болох вэ гэдгээ л сайн ойлгох нь чухал. Одоогийн гүйцэтгэх захирал өөрийн багаа бүрдүүлээд жил гаруй болж байна. Энэ хугацаанд бид тодорхой сорилтууд үзэж, даван туулсан. Үүний дүнд Рио өмнөх түүхэндээ гаргаж байгаагүй хэд хэдэн амжилт үзүүлсэн. 145 жилд үзүүлээгүй амжилтууд. Тухайлбал 2017 оны үзүүлэлтээр хөдөлмөрийн аюулгүй байдлын түвшин хамгийн өндөр, цэвэр ашгийн түвшин хамгийн өндөр, хувьцаа эзэмшигчдэд ногдох ашиг хамгийн өндөр гэх мэт.

“Рио Тинто”-д олборлож, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээрээ хуваагдсан дөрвөн том групп байдаг. Компанийн энэ дөрвөн группийн дотор нийт олж буй цэвэр ашгийн 70 хувь нь төмрийн хүдрийн группт ногддог. Энэ нь Австралийн чанарын агуулга сайтай төмрийн хүдрийн Пилбара ордтой холбоотой.  Харин Хөнгөн цагааны группт сэргээгдэх эрчим хүчийг, усан цахилгаан станцаас хамгийн бага бохирдолтойгоор хөнгөн цагаан гаргаж авдаг, 1920-иод онд баригдсан дэлхийн гайхамшиг болсон үйлдвэр бий.

Миний удирдан ажилладаг Эрчим хүч, эрдсийн группийн хувьд харьцангуй олон төрлийн бүтээгдэхүүнтэй бөгөөд нэлээд ашигтай ажилладаг. Зэсийн групп одоогоор ирээдүйн уурхайнууддаа хөрөнгө оруулалт эрчимтэй хийж байна. Мэдээж “Рио Тинто” ирээдүйгээ Монголтой холбон харж байгаа.

-Та одоо дэлхийн олон улсын хүмүүстэй хамтран ажиллаж, тэднийг удирдаж байна. Монголд, монгол хүмүүстэй ажиллахын ялгаа юу байна вэ?

-Монгол хүн гэхээс илүүтэй Монголд ажиллаж байсан багууд гэж ярих нь зүйтэй. Миний хувьд Монголд хоёр компанид л тус бүр хоёр жил ажилласан. “Ньюком”-ын баг гэвэл дэлхийд өрсөлдөж байсан монгол залуусыг авчирч багаа бүрдүүлэх боломжийг компанийн ТУЗ надад олгосон юм. Тиймээс бусад улс орнуудад өөрсдийн мэргэжлээр сурч, өндөр мэдлэг, чадвар эзэмшин ажиллаж байсан залуусыг эх орондоо дуудаж, маш хүчтэй багийг бүрдүүлсэн.

“Алтан дорнод Монгол”-ын хувьпк анх хэдэн хамтрагч нар нийлж, ажлын гараагаа нэлээд хойноос эхэлсэн. Хөрөнгө мөнгөний бололцоо муу, нэр хүнд нь унасан, өр шир ихтэй, байнгын шүүх дээр дуудагддаг компани байлаа. Бид ажлаа тэгээс биш бүр хасахын хасахаас эхэлсэн. Хянамгай, хурдан хөдөлдөг, эрсдэл даадаг баг гэж хэлж болно.

Ер нь төрийн бодлогын тодорхойгүй байдал хувийн хэвшлийнхнийг тодорхой ажиллах бололцоог өгдөггүй гэж хэлж болно. Монголын бизнесийн орчин маш хурдан өөрчлөгддөг, нэг өглөө босоход нэг шинэ хууль гэнэт баталсан байх жишээтэй. Энэ байдал нь хөрөнгө оруулалтыг урт хугацаанд хийх шийдвэрт нөлөөлнө.

Барууны орнуудад хөрөнгө оруулагчид олон жилийн үр дүнг, наад зах нь 10-20 жилийн үр дүнг урьдчилан харж хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл манай улсад орчин өөр болохоор хувийн хэвшлийнхэн бизнесийн дүр зургаа урт хугацаагаар буюу 10,20,30 жилээр харж, төлөвлөж ажиллаж чадахгүйд хүрээд байгаа юм. Ийм тогтворгүй орчинд бизнесийн үнэ цэнийг бий болгох асуудал хүнд, үүнийг дагаад хуримтлал үүсгэж чадахгүй болно. Хуримтлал үүсгэхгүй болохоор хөрөнгө оруулалт хийх боломжгүй болоод байгаа хэрэг. Ийм л ялгаа харагдаж байна.

-Та Монголд ажиллах хугацаандаа Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга байсан. Хөрөнгийн биржийг хувьчлах асуудлыг яриад л байгаа. Хувьчлалын талаар та ямар бодолтой байна вэ?

-Би Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн даргын ажлаа өгөөд 6-7 жил болжээ. Ганц, хоёр саналаа хэлэхэд биржийн хувьчлал гэхээр байшин харагдаад байж магад. Хөрөнгийн биржийн хөгжилд байшин гол биш. Түрээсийн байранд ч байж болно. Хөрөнгийн бирж бол байшин биш, бүхэл бүтэн систем юм. Дэд бүтэц, хөрөнгийн зах зээлийн багц хууль дүрэм, үнэт цаас гаргадаг компани, хувь хүн, бизнесмэнүүдийн ойлголтоос, мөн хүн амын нийт хадгаламж болон банкуудын байгаа байдлаас хамаарна. Энэ зах зээлд олон тоглогч бий. Тэдгээр тоглогчдын хөгжлийн түвшин нөлөөлнө. Би харин Ленд.мн гээд шинэлэг бизнес хийж буй залуусыг хараад омогшиж баярласан шүү.

-Монголын эдийн засгийн байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн жилийн байдлаар эерэг үзүүлэлтүүд харагдаж байна. Ер нь бол уул уурхайн түүхий эдийн үнээс их хамаарч эдийн засаг савладаг байдалд бодитой дүгнэлт хийх хэрэгтэй. Эдийн засгийн хэмжээгээ томруулъя гэвэл эдийн засгийн бүтцээ бодож үзэх нь чухал. Өнөөдөр Монголын уул уурхайн салбар эдийн засгийн 20-30 хувь байлаа гэж бодоход түүнийг дагасан дэд бүтэц буюу уул уурхайн үйлчилгээний салбарыг оруулбал бараг л 50 хувь нь уул уурхайн салбараас хамараалтай байна. Энэ тохиолдолд салбаруудыг хурдан солонгоруулаад л шинэ зүйл рүү орно гэхэд хүнд. Өнөөдрийн уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтийн боломжийг ашиглаад шавхагддаг уул уурхайн нөөцийг яаж хүн рүүгээ чиглэсэн нөхөн сэргээгддэг нөөц болгох уу гэдэг бодлого л явах ёстой. Энэ нь эрүүл мэнд, боловсролын салбарт чанартай хөрөнгө оруулах тухай шүү дээ. Энэ хоёр салбарт хөрөнгө оруулалт сайн хийвэл хүн өөрөө баялаг бүтээгч учраас өөр өөрийгөө аваад явчихна.

-Түүхий эдийн үнийн хэлбэлзэл цаашид ямар байх төлөвтэй байна вэ?

-Том улс орнууд цахилгаан машин руу хошуурч байна. Дэлхийн машины үйлдвэрүүд цахилгаан машиныг өөрсдийн чиглэл болгочихлоо. Ийм машин Монголд удахгүй олноор орж ирнэ. Цахилгаан машинд хамгийн их хэрэглэгддэг зүйл бол зэс. Зэс зөвхөн Монголд биш дэлхийд байгаа. Бусад улс оронд том том ордууд бий. Чили улсад гэхэд л зэсийн орд хангалттай байна. Харин бид зэсийн хэрэглээний дэлхийн хөгжлийн энэ шинэ хандлага, боломжийг зөв ашиглах бодлого хэрэгжүүлмээр байна. Мөчлөг нь ч зөв эргэж байна шүү дээ.

Тэгэхээр Оюутолгой шиг зэсийн дараагийн ордыг яаж олох вэ гэдэг нь эхний асуудал байж болно.

Коксжих нүүрсний хувьд Хятадын төмрийн үйлдвэрээс хамааралтай. Алт бол хүний хэрэгцээтэй холбоотой тул үнийн савалгаа бага байдаг. Сүүлийн дөрвөн жил алтны үнэ савлаагүй.

-Та жилийн өмнөх Африкийн уул уурхайн форум дээр илтгэл тавихдаа “Намайг Болд гэдэг. Би Монголоос ирсэн” гэж яриагаа эхэлсэн. Форумын оролцогчид хэрхэн хүлээж авсан бол?

-Би энэ жилийн Африкийн форум дээр “Сайн байцгаана уу” гэж монгол хэлээрээ мэндчилсэн. Дараа нь орчуулаад хэлэхэд хүмүүс их сайхан хүлээж авсан. Дэлхийн том компанид өндөр алба хашиж буйн хувьд эх орны нэрийг өндөрт өргөж авч явах, эх орноо боломж гарвал сурталчилан таниулахыг боддог. Монгол уул уурхайн ирээдүйн хөгжлийг тодорхойлох улс шүү, өндөр түвшний мэргэжилтнүүд бэлтгэгдэж байгаа шүү, Монголын уул уурхайн мэргэжилтнүүд дэлхийд гарч байгаа шүү гэдгийг ойлгуулахыг хичээдэг.

-Оюутолгойтой холбоотой ажилладаг хүмүүсийг хардаж сэрдэх асуудал байнга л гардаг. Таныг хүртэл “Рио Тинто” руу явахад бас л хардсан. Та юу гэж бодож байна вэ?

-Миний хувьд том боломж, итгэл гэж хардаг. Юм үзье, харъя, нүд тайлъя. Дэлхийн том манлайлагч нартай холбогдож, өөрийгөө дайчлъя. Сайн үлгэр жишээ болж, залуустаа үлгэрлъе гэж боддог.

Энэ компаниар дамжаад олон монгол залуус туршлага хуримтлуулж, дэлхийд үнэлэгдэж явна. Рио Тинто компанид ажиллаж буй 50-иад монгол бий. Тэд Сингапур, Австрали гээд улс орнууд дахь багцийн янз бүрийн салбарт ажиллаж байна. Өнөөдөр Оюутолгойд бэлтгэгдсэн монгол залуус “Рио Тинто” дотор илүү шинийг санаачлагч, илүү овсгоо самбаатай, илүү хурдан, илүү потенциалтай гэдэг брэнд бий болчихсон. Өнөөдөр манай группийг дэлхийн ямар ч уурхайд очиход монгол хүнтэй тааралдахад гайхах зүйлгүй. Урамтай шүү, манай монголчууд.

Төв Азийн нэг жижигхэн улсын иргэд дэлхийд гарч, дэлхийн хүмүүстэй зэрэгцэн явж, бүр тэднийг удирдан чиглүүлж, хамтран ажиллаж, эх орны нэрийг олон улс, үндэстэн дотор гаргаад явж байгаа гэдэг талаас хараасай. Боломж талаас харвал бахархал төрнө. Зөвхөн би биш, Риогийн хэмжээнд 50 монгол залуу нэр төртэй ажиллаж байна гэдгийг дахин онцлон хэлье. Мөн монголчууд маань дэлхийн олон орны салбар бүрт шилдэг нь болоод ажиллаж байгааг хараад би бахархдаг.

-Та хамгийн сүүлд манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Эдийн засгийн хүнд он жилүүдэд сэтгүүлээ тасралтгүй үргэлжлүүлэн гаргаж байгаа танай хамт олонд талархаж буйгаа дахин илэрхийлье. Нэг талыг барихгүй, мөн зөвхөн дотоод мэдээлэл бус дэлхийн хөгжлийн хандлагыг харуулсан The Economist сэтгүүлийн Дэлхийн дугаарыг эх хэлээр гаргаж уншигчдадаа хүргэж байгаа нь маш том амжилт юм аа. Харин сэтгүүлийн уншигчдад эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эл ярилцлага “Mongolian Economy” сэтгүүлийн 2018 оны гуравдугаар сарын дугаарт (№138) гарсан 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 4.25 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Вэбинар: Манлайлал ба удирдлагын залгамж халаа

Өмнөх нийтлэл

VISA – Олон улсын төлбөрийн хамгийн өргөн сүлжээ

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. Hoolool hamgaalj bh ymdaa. Bi uhheer chi uh gedeg shig

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.