Дэлхийн банкны сүүлийн судалгаагаар Монгол Улсын бизнесийн орчинд багагүй ахиц гарсан ч хойш татсан үзүүлэлтүүд байна. 2020 оны бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр манай улс 190 орноос 81 дүгээрт жагсжээ. Гэхдээ цахилгааны шугамд холбогдсон байдлаар 152 дугаарт, дампуурал шийдвэрлэлтээр 150 дугаарт, хил дамнасан худалдаагаар 143 дугаарт, бизнес шинээр эрхлэх үзүүлэлтээр 100-д жагссан байна. Энэ нь манай бизнесийн орчинд асуудал буйг илэрхийлж байгаа юм. Бизнесийн олон үзүүлэлтэд манай улс дунджаас дээш орлоготой улсуудтай харьцуулахад зарим үзүүлэлтээрээ ахиц дэвшилтэй буй боловч зүүн азийн орнуудтай харьцуулахад төрийн хяналт шалгалт, зөвшөөрлийн систем дээр хоцрогдолтой байна. Энэ нь тус чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх ёстойг харуулж буйг УИХ-ын дарга “Дэвшилд хөтөлсөн жаран” баярын хурал дээр дуулгалаа.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож буй бөгөөд энэ хүрээнд тус байгууллагын гишүүн 5000 гаруй бизнес эрхлэгчийн төлөөллүүд нэгэн танхимд цуглаж түүхэн амжилт, ололтоо дүгнэв.

МҮХАҮТ байгуулагдаж, одоогийн салбар салбартаа “акул” гэгдэх бизнесүүд төрж байсан 1990 онтой харьцуулахад өдгөө улсын ДНБ-ий хэмжээ 12 дахин өсч, бизнесүүд нэг сая гаруй хүнийг ажлын байраар хангаад байна. МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин “Эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг төр, хувийн хэвшил хамтарч байж л даван туулна. Цаашид гадаад худалдааг дэмжих, хөрөнгө оруулалт татах, уул уурхайн бус экспортыг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү сайжруулах, Монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах нь бидний ойрын зорилт” хэмээн онцолсон. Тэд мөн танхимын эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахыг зорьж байна.
Танхимаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Эзэн 900” хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн түүхий эдийг экспортлох бус эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх юм. Ингэхийн тулд гаднын шууд хөрөнгө оруулалтыг татаж, төр засаг хувийн хэвшил бүх төвшинд илүү хариуцлагатай ажиллах ёстойг О.Амартүвшин дурдав.

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг илүү зөв зохион байгуулалттайгаар дэмжинэ

О.Амартүвшин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч

-“Эхний гучин жилд Монгол Улсын гадаад худалдааг дэмжих, хяналт шалгалт хийх үүрэгтэй ажиллаж байсан бол дараагийн гучин жилд хувийн хэвшлийг дэмжих, үйл ажиллагааг нь тэлэх, гадаад дотоод худалдааг дэмжих чиглэлтэй ажиллаж ирсэн. Цаашид танхимын үндсэн чиглэл Монголын компани, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргахад түлхүү анхаарах, гаднын хөрөнгө оруулалтыг татах, компаниудын эрх ашгийг төр засгийн өмнө хамгаалах, бодлогын гол өмгөөлөгч байгууллага болж ажиллана.

Бид цар тахлын асуудалд компани аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэрхэн зөв хурдан зохион байгуулах, мөн тэдний хэрэгцээ шаардлагыг гаргасан судалгаануудыг үе шаттай хийж төр засагт танилцуулж ирсэн. Цаашид төр засагтай илүү хамтарч хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ажлын байрыг хадгалж үлдэх зэргээр дэмжиж ажиллана. Үүний эцсийн дүнд бид экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай. Ялангуяа, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг илүү зөв зохион байгуулалттайгаар дэмжих боломжтой. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг түүнд оролцох бүхий л аж ахуйн нэгжид өгөөжөө өгнө гэж харж байна.

Хөрөнгө оруулалтын хувьд компани аж ахуйн нэгжүүдэд нэлээд өөрчлөлт шаардаж байгаа. Одоогийн нөхцөлд бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчидтай биечлэн уулзах боломжгүй учир онлайн харилцаа, цахим худалдаа сайжирч байна. Хүндрэлүүд үүсч байгаа ч давуу талыг бий болгож байна. Зардал, мөнгөний хэмнэлтийг бий болгож буй. Энд нэг зүйл хэлэхэд шинээр эхэлж буй бизнесүүд танхимаар дамжуулж гэрээ хэлцлээ хийвэл бид гадаад дотоодын хөтөлбөрөөр дамжуулан хууль эрхзүйд нь туслах боломжтой. Бид бусад улсын танхимуудтай хамтарч ажилладаг. Бусад улс оронд хямд, урт хугацааны зээлийг олгох зэргээр ажлын байрыг хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжлэг нэлээд үзүүлж байна. Бид ч үүнээс суралцаж нэвтрүүлж байна.

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд

-Өнгөрсөн гучин жилд хувийн хэвшил бизнесийнхэн улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолъё. Цар тахлын энэ үед төр засгаас худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал байна. Монголын бизнесүүд гурван сая хүн амтай энэ зах зээлд өрсөлдөх бус харин хамтдаа дэлхийн 7 тэрбум хүнтэй зах зээлд нэвтэрч цар хүрээгээ тэлэх шаардлагатай тулгарч байна.

Намрын чуулганаар Гадаад, дотоод худалдаанд хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулна

Г.Занданшатар УИХ-ын дарга

-МҮХАҮТ-тай сүүлийн хоёр жилийн хугацаанд бид нягт хамтран ажилласан. Танхимын санаачилгыг үндэслээд үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог УИХ-д байгуулсан. Орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн инноваци бүтээмж шинэчлэлтийг төрд болон хувийн хэвшилд нэвтрүүлэх замаар бизнесийн орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Инноваци цахим бодлогын байнгын хороог байгуулан ажиллаж байна.

Энэ намрын чуулганаар Гадаад, дотоод худалдаанд хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулахаар төлөвлөж байна. Энэ бол бизнесийн орчныг хөнгөвчлөх зөвшөөрлийн тухай хуулийг өөрчлөх, төрийн үйлчилгээг цахим болгох замаар шинэ бизнесийг эрхлүүлэх, одоогийн бизнесийн замд төрийн дарамт, хүндрэлийг багасгах чиглэлд дорвитой өөрчлөлт болох болно. Бид цаашид Зүүн Азийн хөгжлийн загвараар явах нь манай зах зээлд нийцэж буй бөгөөд өрсөлдөөнөөс илүү бодлогын уялдаа холбоо зохицуулалт байх шаардлагатай. Үүнийг мэргэжлийн холбоод танхимаар дамжиж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ зорилгоор танхимаас санаачлан Худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль, гишүүд санаачлан Мэргэжлийн холбоодын хуулийг өргөн бариад байна. Манай зах зээл төгс өрсөлдөөнт зах зээл биш юм. Зардлыг нэмэгдүүлж байна. Тэгэхээр жижиг зах зээл дээр нэгдсэн бодлогоор уялдуулах хэрэгтэй. Бизнесээ амжилттай хөгжүүлсэн орнуудын туршлагаас харахад бизнес эрхлэгчдээ зээлийн хүүг бууруулах, экспортыг дэмжих бодлогоор дэлхийд өрсөлдөх чадвартай болтол нь зээл,татварын бодлогоор дэмжих ёстой. Өнөөдөр манайд арван хэдэн хувийн хүүтэй нөхцөлд ямар ч үйлдвэрлэл ашигтай ажиллаж хөгжих нөхцөл алга. Тиймээс зээлийн хүүг бууруулах стратегийг УИХ баталсан.

Ж.Гөлгөө МҮХАҮТ-ын даргаар 1989-1993 онд ажиллаж байсан

-Энэ цагийн танхимын үүрэг дэлхийн жишиг рүү ойртож явна. Бусад оронд бизнесийн төлөөллөөс бүрдсэн парламентийн лобби бүлгүүд байдаг. Тэр хэмжээнд манайх арай хүрээгүй. Цар хүрээний хувьд танхим хүчирхэг болсон. Гадаад орнуудад төлөөлөгчтэй болсон. Гэхдээ эдийн засгийн бодлогыг яаж засгийн газарт хүргэж үүнийгээ дэмжүүлэх механизм нь Монголд арай бүрэлдэж чадаагүй гэж харж байна. Учир нь манайд засгийн газрын оролцоо өндөр. Улсын төсвөөр дамждаг санхүүжилт их болсон. Тэр нь дандаа төрийн байгууллагаар дамждаг. Бусад оронд хувийн хэвшлийн хуримтлал үүсгэдэг. Тэр утгаараа эдийн засгийн хөшүүрэг болж өгдөг. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа нь эдийн засагт хүндрэл үүсгэж байна. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт саарч буйгаас үүдэлтэй. Эхлээд дотооддоо өртөг багатайгаар үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээрээ орлого олъё.

Цар тахлын үед үйл ажиллагаа нь хумигдсан компаниудад ашиг орлогын татвараас чөлөөлөх, нийгмийн даатгалаас чөлөөлөх шийдвэр гарахад танхим нөлөөлсөн болов уу гэж харж байгаа. Зарим үед сул зогсолтод байгаа улсуудад засгийн зүгээс цалингийн нэмэгдэл олгож байгаа нь зөв. Махны экспортыг нэмнэ гэдэг бодлогыг дэмжиж байна. Бидэнд бэлэн байгаа нөөц. Түүнчлэн, нэмэгдэл санхүүжилт өгөөд тэтгээд байх асуудал биш, даатгалын тогтолцоотой болгох, тусгайлсан экспортын банк байгуулах зэргээр нэг удаа дэмжих бус бүх шатанд олон жил үргэлжлээд явдаг систем рүү шилжих ёстой. Тэр утгаараа манай гадаад худалдаанд санхүү эдийн засгийн менежмент дутмаг байна гэж би хардаг.

Г.Орхон

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
enkhtuvshin

Мэндчилгээ

Previous article

Шинэ үйлдлийн систем ачааллаж эхэллээ

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like