Covid-19СтратегиТоп нийтлэл

Шинэ үйлдлийн систем ачааллаж эхэллээ

0

 (МҮХАҮТ-ын 60 жилийн ойн шилдэг бүтээлийн уралдаанд зориулав)

Г.Даваадорж (Business.mn сэтгүүлийн редактор), Х.Цолмон (Business.mn сэтгүүлийн сэтгүүлч).

Эдийн засгийн хөгжлийн загвар бол нэг ёсны бидний амьдралдаа ашиглаж буй үйлдлийн систем. Харин өнөөгийн үйлдлийн системд хоёр том гажуудал бий. Нэг нь баяныг улам баяжуулж, ядууг улам үгүйрүүлдэг. Нөгөө нь тансаглах дондоо автсан хүмүүс байгаль орчноо ямар ч энэрэх сэтгэлгүй сүйтгэхэд хүргэдэг.

Тэгээд байгаль эх эдгээр гажуудлыг засч, системийг дахин ачаалж, вирусыг SHIFT+DELETE хийх арга олсон нь Ковид-19. Гэхдээ уг цар тахал бол өнөөдөр өрнөж буй маш том өөрчлөлтүүдийн зөвхөн нэг нь.

Цаашдаа залхуу, сэтгэж шинийг бүтээхдээ хойрго, байгальд бэлэн байгааг ухаж, зулгааж, түүж, огтолж, уудалж, хөнөөж ашиглах дуртай нийгмүүд энэ хэвээрээ доллар халааслаад сууна гэж найдах хэрэггүй. Энэ загвараас бид өнөөдөр татгалзах боломжгүй ч  өнөөдрөөс эхлээд татгалзах алхмуудаа хийж эхлэх учиртай.

Үүнийг дагаад бизнес хийдэг арга барил ч орвонгоороо өөрчлөгдөж байна. Хэрэв компаниудыг программ хангамж гэж үзвэл үйлдлийн систем дахин ачааллаад дуусахад өөртөө update хийж чадахгүй бол үйл ажиллагаа доголдоно, эсвэл систем чамайг спам, вирус гэж үзнэ.

Тэгвэл та, хувь бизнес эрхлэгч Ковидын дараах эриний ертөнцөд бизнесээ хэрхэн бэлдэх вэ? Энэ асуултад хариулахын тулд урт болон дунд хугацаандаа та доорх хэдэн чухал зүйлсийг бизнесээ төлөвлөхдөө зайлшгүй харгалзаж үзэх хэрэгтэй болох нь.

УРТ ХУГАЦААНД

  1. Ногоон фактор

Аль 1974 онд Месарович болон Пестель хэмээх хоёр том эрдэмтэн Ромын клубт тавьсан илтгэлдээ “Хүний үнэт зүйлст суурь өөрчлөлт гарч, шинэ ёс суртахуун, байгальд чиглэсэн шинэ хандлага төлөвшсөн цагт л хүн төрөлхтөн дэлхий дахины сүйрлээс аврагдана” гэж сануулж байсан.  Өнөөдөр дээрх сүйрэл бодит болж, дэлхийн хамгийн шилдэг толгойнууд шийдэл олохын төлөө гашилж, “байгальд ээлтэй” гэдэг хэмжүүр хүний амьдралын бүхий л чиглэлд хүчээ авч байна.

Нүүдэлчин амьдралын хэв маягтай монголчууд саяхныг хүртэл газар дэлхийгээ хайрладаг, харьцангуй “ногоондуу” үндэстэн гэгдэж байсан ч ХХ зуунд, ялангуяа хоёр мянганы зааг дээр гэнэт баргар өнгө давамгайлж эхэлсэн. Гэвч ирээдүйд бизнес ямар нэгэн байдлаар “ногоорохоос” өөр аргагүй.

Ногоон хөгжил, ногоон эдийн засаг, ногоон барилга, ногоон сэтгэлгээ гэх мэт үгс хол сонсогдохоо больж, төрөл бүрийн хууль, дүрэм, стандарт, хэм хэмжээнээс бүрдэх тогтолцооны шинжтэй болсон. Манай улс тогтвортой хөгжлийн зарчмууд, ногоон хөгжлийн бодлогоо батлаад удаагүй. Гэхдээ зарим дэвшил илт мэдрэгдэж, ялангуяа санхүүгийн салбарт ногоорох хандлага хүчтэй байгаа. Тухайлбал, “ТоС” гэж нэрлэгдэх ногоон санхүүжилтийн хөтөлбөрийг 2013 онд Монголын банкууд санаачилж, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь өнөөдөр хэд хэдэн зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаад эхэлжээ. 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар Монголын банкны салбарын нийт зээлийн багцын 2.5 хувийг ногоон зээл эзэлж байна. Цаашдаа банк, санхүүгийн байгууллага байгаль орчинд халтай төсөлд зээл олгохгүй гэсэн шалгуур улам чангарна. Нөгөө талаас “Ногоон мөнгө”-ний хэмжээ олон улсад үлэмж ихэсч байгаа бөгөөд зөвхөн ухаалаг төсөл боловсруулах эздээ хүлээж байна.

Тиймээс бизнес эрхлэгч та дор хаяж ойрын 10, цаашлаад 30 жил тогтвортой бизнес эрхлэхийг хүсч байгаа бол, өртөг багатай санхүүжилт хэрэгтэй байгаа бол энэ хүчин зүйлсийг заавал харгалзаж үзэх шаардлагатай. Ялангуяа байгаль, нийгэмд хамгийн их нөлөө үзүүлдэг уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах салбарт энэ төрлийн зээлийн хэмжээ ихэснэ. Хэрэв та үндэсний хэмжээнд найдвартай ажиллах бизнес цогцлоомоор байвал Монголын тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн хөтөлбөрүүдэд тохирох, гадагшаа экспорт хиймээр байгаа бол 2030 он хүртэл хэрэгжих Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуутад тохирох бизнесийн санаагаа хэрэгжүүлвэл богино хугацаанд бэрхшээл учрах ч урт хугацаандаа хожно.

Сэргээгдэх эрчим хүчний салбарын эрх зүйн болоод тогтолцооны сул талууд засарч, санхүүжилтийн боломжууд тэлнэ гэдэгт та итгэх ёстой. Харин Монгол Улс зөвхөн эрдсийн түүхий эд экспортлоод, үүнийг тойрсон ханган нийлүүлэлтийн бизнес эрхлээд урт насална гэдэгт хэзээ ч итгэж болохгүй.

Үүнтэй холбоотой гарч ирэх хоёр дахь чухал зүйл бол дараагийн 30 жилд бид өөрсдийгөө эдийн засгийн хувьд “Хэн байх вэ?”, “Дэлхийд юугаа зарж болох вэ?” гэдэг асуулт. Энэ асуултын хариулт нь муу ч, сайн ч аялал жуулчлал, хөдөө аж ахуй болж таардаг.

Зөвхөн Улаанбаатарын радиус дотор, цэвэр бизнесмэн хүний нүдээр харвал бид онгоцны билетээ хямдруулаад Хөшигийн хөндийд жуулчдыг хэдэн мянгаар нь “асгах” бололцоо бий. Хүй Долоон худагт морин тойруулгын орчин үеийн төв байгуулж, дэлхийн хамгийн хурдан морьдыг уралдуулах боломж байгаа. Зайсангийн аманд том казино байгуулан дэлхийн баячуудыг тоглуулж, түүнээс нь татвараа аваад суух гарц бий. Тэрэлжид маш том усан парк, наадам цэнгээний цогцолбор барьж жуулчдыг зугаацуулах потенциальтай. Энэ бол мөрөөдлийн жагсаалт биш, зах зээлийн бодит боломж юм.

Сүүлийн үед Эдийн засгийн коридор, Торгоны зам зэрэг концепцийн хүрээнд зарим судлаач улам бүр хэтэвч нь зузаарч буй Хятадын жуулчдыг хэрхэн Монголд авчирч мөнгийг нь үрүүлэх вэ гэдэг дээр сонирхолтой шийдлүүд санал болгож байна. Тухайлбал, Оросын судлаач В.Бережних “Цайны замыг сэргээх нь” төслийн хүрээнд Улаанбаатарыг, тодруулбал Тэрэлж орчмыг Хятадаас Оросыг, цаашлаад Европыг чиглэсэн жуулчдыг амраах, зугаацуулах зангилаа өртөө болгон хөгжүүлэх санал дэвшүүлжээ. Үүний тулд Монголын эрх баригчид Хятадын жуулчид Монголын нутаг дэвсгэр дээгүүр машинтайгаа явж Орос руу гарах бололцоог олгох ёстой аж.

  1. Дижитал фактор

Бизнесийн ертөнцөд хамгийн хүчтэй явагдаж байгаа өөрчлөлт бол дижитал шилжилт гэдэгтэй хэн ч маргахаа больсон. Энэ үйл явц яг л өртөө рүү ойртон ирж яваа хурдан галт тэрэг шиг байж, энэ галт тэрэгнээс хоцорсон бизнесүүд өрсөлдөөний талбараас арчигдах аюултай болж ирэв. Энэ галт тэргэнд та ажилтан, хэрэглэгч, хөрөнгө оруулагч, түнштэйгээ хамт, үйлдвэрлэл, санхүү, маркетинг, хүний нөөц, борлуулалт гэх мэт бизнесийнхээ бүх процессыг аваад суух ёстой. GSMI институтийн үүсгэн байгуулагч, Стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал  цар тахал намжихаар хуучин нөхцөл байдал эргээд сэргэнэ гэж бодож байгаа бизнес эрхлэгчид, компанийн захирлууд байгаа бол энэхүү ташаа ойлголтоо маш хурдан таягдан хаяарай гэж сануулж байна. Учир нь нэг талаас нийгмийн харилцаа, хэрэглэгчдийн зан төлөв хурдацтай өөрчлөгдөж байгаа. Ихэнх хэрэглэгч онлайн орчинд урд өмнөхөөс илүү цагийг өнгөрөөж байгаа учир бизнесүүд онлайн орчин дахь үзэгдэцээ хэд дахин өсгөх хэрэгтэй гэдгийг тэрбээр онцлов.

Цар тахал намжихаар хуучин нөхцөл байдал эргээд сэргэнэ гэж бодож байгаа бизнес эрхлэгчид, компанийн захирлууд байгаа бол энэхүү ташаа ойлголтоо маш хурдан таягдан хаях хэрэгтэй.

2020 оны  2-9 дүгээр сар хүртэлх хугацаанд ямар компаниуд илүү дархлаатай, тэсвэртэй байсныг харвал үйл ажиллагаандаа технологийн давуу талыг нэвтрүүлж чадсан компаниуд байна.

Ийм компани Монголд цөөнгүй. Жишээ нь, Ковид-19 дэгдсэн ч “Digitalworks” ХХК-ийн дотоод үйл ажиллагаа, процесст ноцтой хүндрэл учраагүй. Тус компанийн захирал Б.Нямцэрэнгийн ярьснаар анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хойш бүх ажилтан сарын турш гэрээсээ ажилласан бөгөөд оффист нэг ч хүн үлдээгүй. Өмнө нь тэд ERP систем нэвтрүүлээд үйл ажиллагаандаа төлөвшүүлчихсэн, үндсэндээ технологийн талаас бүх боломжийг хангасан байсан болохоор гэрээсээ хэвийн ажиллах боломжтой байжээ. “Ковид-19 компаниудын хувьд алтан үе. Энэ цаг үеийг ашиглаад жинхэнэ дотоод процессоо цэгцэлж, систем нэвтрүүлэх, сайжруулах цаг, зав нь гарч байгаа юм” гэж Б.Нямцэрэн хэллээ.

Дижитал шилжилтийг амжилттай хийж буй өөр нэг сонирхолтой жишээ бол олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ эрхэлдэг “Ландбридж ХХК”. 2008 онд байгуулагдсан энэ компани мэдээллийн системээ хоёр ч удаа үндсээр нь өөрчилж, 2012-2020 онд 5,500 гаруй үйлчлүүлэгчийн 2,800 орчим агентийн сүлжээгээр дамжсан 40,000 орчим тээврийн талаар маш их өгөгдөл цуглуулжээ.

Компанийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Тулгаагийн ярьснаар анхандаа мэдээлэл бүртгэх үйл явц нь үр дүн шууд харагдахгүй, явдал чирэгдэлтэй, ажлын ачаалал нэмсэн уйтгартай ажил мэт байлаа. Өмнө нь нэг тээвэрт ердөө 30 гаруй өгөгдөл бүртгэгддэг байсан бол өнөөдөр тухайн тээвэртэй холбоотой 2,000 орчим өгөгдөл бий болов. Эхэндээ ч ажилчдын бүтээмж 13.2 хувиар буурч, үйл ажиллагааны зардал 25.4 хувиар өсөв.

Гэвч тээвэр зуучийг дэлгүүр орохтой адил хялбар болгоно гэсэн зорилгодоо үнэнч байсны хүчинд тодорхой хугацааны дараа үр дүн гарч, эцэстээ цаасан бүртгэлийг 80 хувь халж, хайлт хийх цагийг 70 хувь хэмнэж, ажилтнуудын хооронд мэдээлэл дамжуулан ашиглах хурдыг 90 хувь, үйлчлүүлэгчдэд мэдээлэл дамжуулах хурдыг 60 хувь нэмэн бүтээмжийг 50 хувь орчим өсгөжээ. Ажилтнууд өгөгдлийг бүртгэх, хянах, боловсруулах ажилд ямар нэгэн байдлаар оролцдог болж, нийт ажилтны 92 хувь нь дижитал бизнесийн соёлд суралцсанаар компанийн үр ашигт байдал нэмэгдэж, нуугдмал зардлаа 40 хувиар бууруулжээ.

Эндээс харахад дижитал шилжилт бол зөвхөн техник, технологийн асуудал биш гэдэг нь харагдаж байна. Америкийн ManpowerGroup хэмээх рекрутингийн компанийн мэргэжилтэн Бекки Франкевичийн “Хямралын дараа компаниудад ямар ажилтан хэрэгтэй вэ” нийтлэлдээ бичсэнээр дижитал шилжилт бол ерөөсөө технологийн тухай яриа биш, энэ бол авьяасын тухай яриа аж. Тиймээс ERP системийг нэвтрүүлсэн, нэвтрүүлж байгаа том, жижиг компаниудын хувьд дижитал шилжилт бол нэг удаа техник, технологи худалдаж аваад шийдэх зүйл биш, энэ бол бизнесийн загвар, процесс, стратеги, бүтэц, хүмүүс гээд олон талын өөрчлөлтийг хамарсан урт хугацааны аялал гэдгийг ойлгох нь чухал байна.

ДУНД БОЛОН БОГИНО ХУГАЦААНД

  1. Хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдөнө

Цар тахлаас үүдэж олон салбарт бизнесийн загварууд шинэчлэгдэж байна. Гэрээс ажиллах, ажлын цагийн уян хатан хуваарь зэрэг нь энэхүү өөрчлөлтийн зөвхөн нэг хэсэг нь. Энэ дундаас хамгийн их өөрчлөгдөх нь хэрэглэгчид. Америкийн “Eddie Would Grow” хэмээх зөвлөх үйлчилгээний байгууллагын стратегийн зөвлөх Эдди Юны бичсэнээр цар тахлын нөлөөгөөр хэрэглэгчдийн зан төлөвт хоёр том хувьсгал гарах ажээ. Нэгдүгээрт, зайнаас ажилладаг хүмүүсийн тоо өмнөхөөсөө эрс ихэснэ. Ийм хэрэглэгчид гэрээсээ бараа, үйлчилгээ захиалах нь олширно. Ялангуяа хоол  үйлдвэрлэлийн салбарт энэ өөрчлөлт хүчтэй байх бөгөөд гэртээ хоол хүргэлтээр авах нь элбэгшинэ. Хоёрдугаарт, цар тахлын үеэр хэрэгжиж байсан хоорондын зай барих дүрэм цар тахал дууссан ч алга болохгүй. Дэлхийн олон орны хэрэглэгчид олон нийтийн газраар явахаас болгоомжилдог болно. Тиймээс нэг ангид олон хүүхэд сургадаг хувийн сургуулиуд, нэг талбайд болон бүхээгт олон зорчигч суулгадаг усан, хуурай, агаарын замын компаниуд дампуурахад хүрнэ.

Цар тахлын хямралын дараа үндсэн хөрөнгийн ашиглалт, өртгийн удирдлага, өргөжилтийн үр өгөөж зэрэг бизнесийн стратегийг эргэн дүгнэх шаардлага тулгарна.

Хэрвээ зайнаас ажиллагсдын тоо нэмэгдэж, хоорондын зайн хязгаарыг баримталсан хэвээр байвал хуучны арга барилаар ашиг орлого олно гэж мөрөөдөөд ч хэрэггүй.

Гэхдээ цар тахлыг боломж болгон ашиглах орон зай багагүй бий. Судалгааны олон улсын “Ipsos” компанийн судалгаанаас харахад хямралын үед 10 хэрэглэгч тутмын дөрөв нь шинэ бүтээгдэхүүн туршиж үзэхэд бэлэн байдаг аж. Тиймээс цар тахлын үед бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг эргэлзэлгүй шууд эхлүүлэх хэрэгтэй гэж  судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” компанийн Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн хэлэв. Мөн 100 гаруй жилийн түүхтэй менежментийн зөвлөх үйлчилгээний “Booz & Company”-ийн 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед хийсэн судалгаанаас харахад, тухайн үед дэлхийн түвшний инновацилаг ТОП 100 компани хямралын үед R&D буюу бүтээгдэхүүн, хөгжүүлэлтийн зардлаа 3.9 хувиар нэмэгдүүлж байжээ.

Вирусын тархалтаас үүдэлтэй хямралын өнөөгийн нөхцөлд бизнесүүд нэгэнт худалдан авалт буурч байгаа учраас борлуулалтыг идэвхжүүлэх, нэмэгдүүлэх гэхээс илүүтэй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үнэгүй хэрэглүүлэх, үнэгүй зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр хэрэглэгчдэд танигдах ажлуудыг хийх хэрэгтэй аж. Учир нь нэг удаа хэрэглээд үзчихсэн хэрэглэгч үнэхээр таалагдвал “Энэ ер нь дажгүй юм байна, дараа авч хэрэглэж болох юм байна” хэмээн хэрэглээнийхээ сагсанд оруулах боломжтой гэж Ч.Даваасүрэн ярилаа.

Цар тахлыг хэсэгхэн хугацааны асуудал гэж бизнесээ төлөвлөж хэрхэвч болохгүй. Яагаад гэвэл эдийн засгийн хямрал үргэлжилж, хэрэглэгчид 2-3 жилдээ шокноос гарахгүй. Тэгэхээр компани өөрчлөгдөж, хэрэглэгчдийн худалдан авах зан төлөвт судалгаа хийж, бүтээгдэхүүн үйлчилгээ, түүнийг хүргэх аргаа шинэчлэхээс аргагүй болж байна. Тухайлбал, коронавирусын тархалтын дараа хэрэглэгчдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гэр ахуйн цэвэрлэгээ, гал тогооны хэрэгсэлд хандах хандлага өөрчлөгдөж, аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахдаа өмнөхөөсөө өндөр эрүүл ахуйн шаардлага тавьдаг болно.

Коронавирусын тархалтын дараа хэрэглэгчдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гэр ахуйн цэвэрлэгээ, гал тогооны хэрэгсэлд хандах хандлага өөрчлөгдөж, аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахдаа өмнөхөөсөө өндөр эрүүл ахуйн шаардлага тавьдаг болно.

Цар тахал компаниудын маркетингийн стратегид хүчтэй нөлөөлж, ирээдүйд ашиг олох гэхээсээ илүү нийгэм, олон нийтийн асуудлыг шийдвэрлэх бизнесүүд олширно. Үүнтэй холбоотой Техасын их сургуулийн профессорууд болох Тэд Уолдрон, Жэймс Уэтерби нар HEART гэсэн концепцийг боловсруулжээ. Тэдний санал болгож буйгаар хэцүү цагт хэрэглэгчдээ авч үлдэхийн тулд дараах таван зүйлийг хийх хэрэгтэй. Үүнд:

  • Компаниа илүү хүнлэг болгох (Humanize your company)
  • Өөрчлөлтийг таниулах (Educate about change)
  • Тогтвортой байдлыг хангах (Assure stability)
  • Санал болгож буй зүйлээ бүрэн шинэчлэх (Revolutionize offerings)
  • Ирээдүйг харж ажиллах (Tackle the future)

Тэдний өгч буй гол мессэж нь танай компани нийгэм дэх хүнд хэцүүг ойлгож, зөвхөн ашиг олох сонирхолтой биш гэдгээ хэрэглэгчдэдээ ойлгуулах явдал аж.

  1. Байгалийн шалгаралд бэлдээрэй

“Route-22” рестораны эзэн Н.Болормаа 50 орчим хүнээс бүрдсэн жижигхэн компанитай. Хоол үйлдвэрлэлийн салбарт ажилладаг түүний компанид 2020 оны 2-4 дүгээр сарууд маш хүнд байлаа. Ресторанууд нь ерөөсөө хүнгүй болж, тэр шоконд оров. Тэднийх өөр концепцтэй дөрвөн ч бизнестэй байсан бөгөөд хоёрдугаар сар гармагц нээгээд удаагүй байсан “Fig & Olive” гэх аятайхан газраа яаралтай зарахаас өөр аргагүй болжээ. Учир нь ямар нэгэн аргаар бэлэн мөнгөтэй байх хэрэгтэй байлаа.

Засгийн газрын шийдвэрээр ажил олгогчдын өгдөг НДШ-ийн 10 хувийг зургаан сараар хөнгөлсөн ч энэ нь зардлыг яльгүй багасгасан болохоос эргэлтийн хөрөнгөд ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Угаас рестораны бизнес зардал өндөртэй ч ашиг багатай, зарим тооцооллоор бүр таван хувийн ашигтай гэж гардаг учраас орлого ийнхүү эрс багассан нь хүнд цохилт болсон нь мэдээж.

Тэдний компанийн хувьд сарын тогтмол зардал 200-гаад сая төгрөг болдог. Хоол үйлдвэрлэлийн салбар уул уурхайтай харьцуулахааргүй доогуур орлоготой ч уул уурхайгаас олон хүнийг ажиллуулдаг, байрны түрээс, гал тогооны тоног төхөөрөмж зэрэг нь ресторан хаалттай эсэхээс үл хамаардаг зардал учраас олон төрлийн зардал хэвээр байдаг онцлогтой.

Энэ нөхцөлд Н.Болормаа яаж “амьд үлдэх” тухай л бодож байлаа. Ямар зардлуудыг танаж, тэвчиж, ямар функциудыг нэгтгэж болох талаар эргэцүүлэв. Ялангуяа зардлын тэн хагасыг эзэлдэг бараа, материалын худалдан авалт дээр хатуу хяналт тавьж байв. Энэ мэтээр бизнесийнхээ орлого, зардал, цаашлаад бизнес загвартаа хүртэл бүрэн шинжилгээ хийхэд хүрчээ. Өнөөдөр нөхцөл байдал эргээд сайжирч байгаа ч өмнөх шиг тайван байдаг үе эргэж ирэхгүй. Энэ бүхний эцэст Н.Болормаа зөвхөн нэг салбарт бүх өндгөө хийчихэж болохгүй, эрсдэлээ хуваах зорилгоор арай өөр салбарын бизнесүүд рүү орох хэрэгтэй гэсэн дүгнэлт хийжээ.

Зарим бизнес эрхлэгч хэдийнэ тэмцлийн хэлбэрт шилжсэн. Тэдний нэг нь Comedy Lab клубийн гишүүн, комедиан Д.Амартүвшин. Тэрбээр Засгийн газраас бизнесүүдэд бэлэн мөнгө тараах тухай яриа гарахад эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Үүнийгээ тайлбарлахдаа “Маш олон бизнесмэн бэлэн мөнгө хэрэгтэй байна гэж ярьж байсан. Гэхдээ үнэн хэрэгтээ бидэнд юу хэрэгтэй байсан гэхээр мөнгө хэвлэж бэлэн мөнгө тараах биш, харин бараа бүтээгдэхүүний солилцоо хурдтай явагдах орчин л хэрэгтэй байсан” гэж ярилаа. Цар тахлын үеэр Comedy Lab клубийн  орлого тасарсан ч орлого олох өөр арга зам эрэлхийлж, онлайн контент хийдэг болсон нь хандалт сайтай байгаа гэлээ.

Н.Болормаа болоод Д.Амартүвшингийн түүх бол 2020 оны эхний хагаст олон мянган компанид өрнөсөн үйл явцын зөвхөн өчүүхэн хэсэг нь. Дөнгөж дөрөвдүгээр сар гармагц бизнесийнхний орлого 50 хувиар буурсан тухай МҮХАҮТ мэдээлсэн. Цар тахалтай холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлсэн багц арга хэмжээ хувь хүн, өрхөд чиглэсэн болохоос компаниудыг дэмжих, ажлын байрыг хадгалахад ямар ч нөлөө үзүүлээгүй гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна.

Цар тахалтай холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлсэн багц арга хэмжээ хувь хүн, өрхөд чиглэсэн болохоос компаниудыг дэмжих, ажлын байрыг хадгалахад ямар ч нөлөө үзүүлээгүй гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна.

Энэ нөхцөлд компаниудад төр засагт нөлөөлөх хүчтэй лобби явуулахаас өөр сонголт харагдахгүй байна. Бизнесийг төлөөлсөн гол байгууллага МҮХАҮТ, салбарын болон мэргэжлийн холбоод зохион байгуулалтад орж, эрх баригчдад хүчтэй шахалт үзүүлэх арга зам бий. Эс бөгөөс төсвийн үрэн таран зарцуулалт, эдийн засгийн төлөв, төгрөгийн ханшийн уналт, зээлийн хомсдол зэрэг нь ирээдүйд итгэхэд улам хэцүү болгож байгаа учраас таны бизнес маш том “байгалийн шалгарал”-д орно гэж хүлээх л үлдэж байна.

Компани оршихуй дор төр буй

Монголчууд сүүлийн 30 жилд хүн төрөлхтний сүүлийн 200 жилд хийснийг амжуулах Их үсрэлтийн оролдлого хийжээ. Бид асар том өөрчлөлтүүдийг асар хурдтай хийж чадсан нь монголчуудын цусанд байдаг дасан зохицох чадварын гайхамшиг гэлтэй.

Гэвч асар их хурд бас асар их эрсдэл бий болгодог. Дагуул улсын статусаас чөлөөлөгдсөний дараах сэтгэл хөөрөл богино хугацаанд үргэлжилж, нэг мэдэхнээ Монгол Улс нийгэм, эдийн засгийн маш том асуудлуудтай гав ганцаараа үлдсэн. Ийнхүү өөрийгөө, өнгөрснийгөө, ирээдүйгээ, хөгжлийн зам болон тулах цэгээ хайсан өнгөрсөн 30 жилд маш их “өвдөлттэй” өнгөрлөө. Энэ эрэл хайгуул одоо ч үргэлжилж байгаа. Тэгвэл бид юун дээр хийдэл гаргачихав, яагаад төөрчихөв?

Юуны түрүүнд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, сонгох, сонгогдох эрх байгаад хангалтгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Юуны түрүүнд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, сонгох, сонгогдох эрх байгаад хангалтгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид эрх чөлөө эдлэхийг дураараа авирлах гэж буруу ойлгосон бөгөөд дураараа авирласны үр дагаврын төлөө хэн ч хариуцлага хүлээхээ больсон. Ингээд “Хариуцлага хүлээдэггүй эрх чөлөө”-г сул тавьж, хариуцлагын баримжаагаа алдсан нь 1992 онд бидний Үндсэн хуулиараа баталгаажуулан олж авсан бүх амжилтыг үгүй хийх магадлалтай том хар хүч болон хувирчээ. Сүүлийн 30 жилийн туршлагаасаа бид хүний эрхийг хэрэгжүүлэх гол нөхцөл нь эдийн засгийн эрх чөлөө юм гэсэн том сургамж авлаа.

Төр бол нийгэмтэй байгуулсан гэрээний дагуу хүмүүсийн эрүүл, аюулгүй, чинээлэг амьдралд баталгаа гаргадаг. Харин тийм амьдрах үндсийг бүрдүүлдэг нь социализмд “мөлжигч” хэмээн адлуулж байсан ч зах зээлийн нийгэмд “баялаг бүтээгч” хэмээн дээдлэгдэх учиртай компаниуд юм. “Татвар оршихуй дор төр буй, төр оршихуй дор татвар буй” гэдэгтэй адил зах зээлийн эдийн засагт “Компани оршихуй дор төр буй, төр оршихуй дор компани буй”. Төр үнэ цэнийг бүтээдэггүй, харин бизнесийн бүтээсэн үнэ цэнийг дахин хуваарилах үүрэгтэй.

Харамсалтай нь төр өөрөө “хариуцлага хүлээдэггүй эрх чөлөө” эдэлж, баялгийг шударга хуваарилан нийгэмд үйлчлэх бус нийгмийг өөртөө үйлчлүүлэх гэж оролддог, иргэдийнхээ болон ААН-үүдийнхээ эрхийг хязгаарладаг тогтолцоо болж хувирснаас өнөөдрийн хамаг холион бантан бий болжээ. Төр баялаг бүтээдэг иргэдээ дэмжиж, хамгаалах бус өөрөө бизнес хийж, баялгийг булаах гэж зүтгэдэг болсон. Нам хэмээх институци улс орон, ард түмэнд хөгжлийн хамгийн шилдэг хөтөлбөрийг санал болгож хоорондоо өрсөлдөх учиртай ч эсрэгээрээ цөөн тооны хүмүүсийн явцуу ашиг сонирхолд үйлчилдэг бүтэц болон хувирчээ.

Монголчууд өнгөрсөн 30 жилд улс төрийн эрх чөлөөгөө эдэлж, тодорхой хэмжээнд хариуцлага хүлээж сурсан. Гэвч одоо бидний ашиглаж буй систем үеэ өнгөрөөж, шинэчилсэн хэлбэрээр дахин ачаалах шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл,  бид эдийн засгийн хариуцлагатай эрх чөлөөг эдэлж сурах, энэ эрхийг хамгаалж, бэхжүүлэх нь дараагийн 30 жилд хийх үндсэн ажил юм.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Төр, хувийн хэвшил Танхимтай түншилнэ

Өмнөх нийтлэл

Сэдэлжүүлэлт: Бурмаар тэжээхээр урмаар тэжээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.