30 жилийн тэртээ савхин эдлэлийн үйлдвэрлэл эрхлэхээр байгуулагдаж байсан “Мон Ланс” ХХК өдгөө бизнесийн цар хүрээгээ тэлж газар тариалан, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт ажиллаж байна. Тус компанийн Ерөнхий захирал Д.Баасантай МҮХАҮТ-ын 60 жилийн ойн хурлын үеэр цөөн хором ярилцлаа. Тэрбээр үйлвэрийнхээ 3000 гаруй загварыг өөрөө зохион бүтээсэн Монгол Улсын шилдэг зохион бүтээгч эмэгтэй юм.

-МҮХАҮТ-тай хамтарч ажилласныхаа үр дүнг та хэрхэн харж байна вэ, та олон жил удирдах зөвлөлд ажилласан шүү дээ?

-Танхимтай бид 30 жил хамтарч ажиллаа. Ингэснээр бид мэдээлэлд ойр байж дэлхийн бизнесийн салбарын хөгжлийн талаар чиглэл авдаг. Мөн олон улсын үзэсгэлэн яармагт оролцоно. Ер нь МҮХАҮТ дотоодын компанийг таниулах чиглэлд их анхаарч, зөвлөгөө өгдөг. Ажлын болон бизнесийн чиг хандлага бүхий л шатанд Танхимтай хамтарч ажилладаг.

-Монголын бизнесийн орчин танд ямар харагдаж байна вэ?

-Яг одоо бол түр зуурын асуудалтай нүүр тулгараад байна. Энэ нь зарим талдаа эерэг тийш нь чиглүүлж байгаа. Бид дотоодынхоо бүтээгдэхүүнийг хэрэглэж сурах нь. Хүнсний эрүүл ахуй байдалдаа анхаарал тавьдаг болж байна. Дотооддоо бүтээж, үйлдвэрлэж, тарьж ургуулж, хэрэглэх хандлагатай болжээ. Бизнесийн хувьд алдагдалтай ажиллаж, байгууллагууд хүнд байдалд буй нь түр зуурын асуудал. Энэ түр зуурын асуудлаас хурдан гарах гарцаа олж харах хэрэгтэй. Бэрхшээлийн цаана байгаа давуу талыг харах ёстой.

Бизнесийн зах зээлийн онгорхой нүх олон байна залуус аа

-Таныг бизнест хөл тавьж байсан үетэй харьцуулахад одоогийн нөхцөлд бизнес эрхлэхэд хэр таатай харагдаж байна вэ?

-Тухайн үед юу хийхээ мэдэхгүй ганазгын наймаа, худалдаа руу дайрч байсан. Монголын бизнес үйлдвэрлэл биш худалдаа талдаа байлаа. Одоо хэн үйлдвэрлэж, хэн чанартай бүтээгдэхүүн хийнэ, тэр хүнд хөгжиж чадах зах зээлийн боломж нь байна. Гэхдээ зөв өрсөлдөх хэрэгтэй. Бие биенээ унагаах, булаахын төлөө биш. Үргэлж шинэлэг, онцлог сайхан зүйл харвал бизнесийн зах зээлийн онгорхой нүх олон байна. Тухайлбал, IT, загварын чиглэлд. Залуу бол илүү л олон зүйл хиймээр байна.

МҮХАҮТ-ын баярын хуралд зүүн гар талд суугаа Д.Баасан

-Цар тахлын энэ үед танай компани ямар менежмент хийж байна вэ?

-Цар тахал дэгдэх үед компанийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд саатсан тал бий. Борлуулалт буурч, ажилчдынхаа цалинг тавих, хүмүүст эерэг хандлага төрүүлэх гээд хүндхэн сорилтуудтай тулгарсан. Тэр дундаа, чадварлаг боловсон хүчнээ алдахгүй, барьж үлдэхэд их ухаан зарлаа. Учир нь бизнес эрхлэгч бид тэр алдахаас айж буй ажилтнаа сургаж, хөгжүүлэх гэж маш их хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан. Ингэж хөгжүүлж авсан хүмүүсээ алдана гэдэг компанид маш том зардал. Зээл аваад ч болов сул цалин олгоод сайн ажилтнуудаа авч үлдэхийг зорьсон. Одоо эргээд сэргэж байна. Давхар бизнестэй болохоор нэгнийгээ нөхөөд арай гайгүй, ёстой дэнжигнээд л үлдлээ. Ганц бизнестэй хүмүүст хүнд туссан.

 

Экспортын жинхэнэ ширгэшгүй баялаг бол мал аж ахуй

-МҮХАҮТ-ын зүгээс төртэй түншилж экспортыг, тэр дундаа, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ гэж ярилаа. Уг бодлогыг та юу гэж харж байна вэ?

-Монголын арьс ширний салбар ерөөсөө л дан экспорт. Экспортын жинхэнэ ширгэшгүй баялаг бол мал аж ахуй. Үүгээрээ бид дэлхий зах зээл дээр гарах нь тодорхой. Цаг хугацааны л асуудал байна. Улсын эдийн засагт уул уурхайтай зүйрлэшгүй орлого олж ирэх салбар. Манай бүтээгдэхүүнүүд дэлхийн аль ч улсад экспортлоход хэзээ ч гологдохгүй. Бэлчээрийн маш ахуйн малын арьс адаглаад л эдэлгээ даах чадвар гойд. Монголд байгаа сарлагын арьсаар брэнд гаргах цаг нь болсон. Экспортыг дэмжих бодлого маш зөв. Гэхдээ экспортыг хийх үйлдвэрээ анхан шатнаас нь дэмжих ёстой. Үйлдвэрийн анхан шатаас эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэлх тэр олон дамжлагыг ч дэмжих хэрэгтэй. Тэгвэл үйлдвэрлэл хөгжинө.

 

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г.Орхон

Сэдэлжүүлэлт: Бурмаар тэжээхээр урмаар тэжээ

Өмнөх нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.