Covid-19Бизнесийн эзэнТоп нийтлэл

Аялал Жуулчлал: Тахлыг дийлсэн ч айдас үлдэхэд…

1

-МҮХАҮТ-ын 60 жилийн ойд зориулсан “Цар тахлын дараах бизнесийн орчин: Боломж ба сорилт” сэдэвт нийтлэлийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн материал –

(Mongolian economy сэтгүүлийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтлэв)

 – Lonely Planet –

Б.Мөнхнаран Вьетнамын эргийн хот болох Нячангаас Монголд хүйтний улирал шувтрах үе буюу гуравдугаар сард буцах байв. Хоёрдугаар сарын 1-ний өдөр ээлжит аялагчдаа тосохоор, компанийнхаа тосох хуудсыг өндөрт өргөн онгоцны буудал дээр очин хүлээжээ. Гэтэл жирийн үед 15 хүнтэй байдаг аяллын баг энэ удаад ердөө л таван хүнтэй бууж ирэхэд л тэрбээр байдал бишдэж буйг ойлгож, дараагийн аялал гэж байхгүйг мэдэв.

Монголчууд энэ үед Вьетнамд хийх аяллаа хэдийнэ цуцалж эхэлсэн байлаа. Оны өмнө Мөнхнаранд жуулчны компани нь гуравдугаар сарын дунд хүртэл аяллын группууд Монголоос завсаргүй очно. Тиймээс тэр хүртэл байрлаж ажилла гэдэг чиглэл өгч, Нячанг руу явуулжээ.

Нэгдүгээр сарын 23-нд цар тахлын голомт болсон БНХАУ-ын Уханиас Нячанг хотод ирсэн ахимаг насны эр хүүдээ халдвар тарааснаар Вьетнамд КОВИД-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Үүний дараа Вьетнамын Засгийн газар Ухань-Нячангийн шууд нислэгийг зогсоов. Хятад жуулчдын урсгал гэнэт татрахад гадныхны хөлд дарагддаг газрууд эл хуль болж, эзэнгүйдэж эхэлжээ. Гэсэн ч КОВИД-19-ийн шинэ тохиолдол өдөр бүр бүртгэгдэж байсан тул Нячангд үлдсэн Өмнөд Солонгос, Орос, Монголын хэдхэн жуулчин төд удалгүй буцав.

Долоохон хоногийн дотор дайжих нь дайжиж, гэртээ бүгэх нь бүгснээр нар, сар ээлжлэхээс бусдаар өдөр, шөнө нь ялгагдамгүй нам гүм руу шилжлээ. Аялагчдын хөлд дарагддаг далайн эрэг элснээс өөр ханьгүй, давалгаанаас өөр сонсогдох чимээгүй болов. Бүгд явж байхад, байгаа газраа хүлээх нь Мөнхнаранд түгшүүр төрүүлж  эхлэв. Тэрбээр “Коронавирусийн тухай бид сонссоор байсан ч эхэндээ тоогоогүй. Гэвч нүдэн дээр л хот эзгүйрч, маскыг хайрцаг хайцгаар нь авч, үнэ нь 2-3 өдрийн дотор хэд нугарч  байсан нь хүмүүс үнэхээр айж, байдал хэцүүдэж байгааг мэдрүүлсэн” гэв.

Шууд нислэг цуцлагдсан тул Нячангаас Хо Ши Мин-Хонконг-Улаанбаатар гэсэн гурван дамжлагаар Мөнхнаран болон түүний сүүлийн аялагчид буцаж иржээ. Хоосон шахам Хонконгийн онгоцны буудал тэднийг угтаж, ойр орчмын зочид буудлууд нислэгээ хүлээсэн, яарсан, айсан хүмүүсээр дүүрэн байж. Тэд бол энэ онд хил хаагдахаас 14хөн хоногийн өмнө аялж амжсан төдийгүй хорионд орчихолгүй, тусгай нислэг хүлээлгүй гэртээ ирж чадсан азтанууд.

Сурвалжлагын маань гол дүр Батмөнхийн Мөнхнаран бол азтануудын тоонд орсон хүмүүсийн нэг юм. Гаднын жуулчид нэрийг нь хэлэх гэж үйлээ үздэг тул тэрбээр МG гэх товч нэрийг өөртөө “оноожээ”. Түүний хувьд 13 жил хөтөч орчуулагчаар ажиллахдаа анх удаа англи нэрээ энэ жил ашигласангүй. MG зундаа гэрээт компаниудынхаа групп аяллуудыг ахалж, гаднын гийчдийг дагуулан Монгол орныг тойрдог бол өвлийн ид хүйтэнд гадагш аялж буй монголчууддаа үйлчилдэг. Сүүлийн жилүүдэд хүйтний улиралд дулаан орон руу тэмүүлэх монголчууд олширч байгаа ч зуны оргил үе шиг бүх хөтөч, орчуулагч хангалттай ажилтай, хүрэлцэхүйц орлоготой байдаггүй. Аа гэхдээ, улирлын чанартай энэ салбарт олон жил итгэл даан ажиллаж, салбартаа танигдчихсан МG шиг хүн-капиталуудын  хувьд аялал жуулчлалын оргил үеэс бусад цагт иймэрхүү байдлаар амьдардаг. Хуваарь ёсоор бол MG өнгөрсөн оны сүүлчээр Нячанг хотод түр суурьшаад, Монголоос ирэх “Нью жуулчин турс” компанийн найман группийг аялуулчихаад, хавар гуравдугаар сарын сүүлч гэхэд Монголдоо ирэх байв. Тэрбээр хөтөч орчуулагчдын сургагч багш учраас хавар гуравдугаар сараас эхлэн салбарын шинэ залуусаа сургах, нэг ёсондоо зуны бэлтгэл ажилд ордог. “Коронадуулаад” санд мэнд наашилсан MG ирсэн даруйдаа сургалтууд зохион байгуулагдахгүйг ойлгов.

Эхэндээ бүгд л КОВИД-19-ийг түр зуурынх, тэгэсхийгээд гайгүй болно гэж найдаж байлаа. Монгол дахь аяллуудын захиалга жилийн өмнө баталгаажсан тул компаниуд хөл хорионы үеэр ч бэлтгэлээ хангаж, хорио тавигдмагц ханцуй шамлан орохоор хүлээж байв. “Нью жуулчин турс” ба Америкийн Overseas Adventure Travel (OAT) компаниудын Монголд хамтран зохион байгуулдаг групп аяллууд нь MG-ийн хувьд зуны “нуруу” аяллууд нь юм. OAT Монгол дахь чадавхжуулах сургалтын хуваарь болон аяллын хугацаа, хөтчүүдийн хариуцах аяллын тоог тодорхой товлосон байв. “Миний гол аяллууд дөрөвдүгээр сар гэхэд цуцлагдсанаар, энэ зун ажилгүй болж байгаагаа мэдсэн”  гэж MG хэллээ.

Ийнхүү MG тэргүүтэй хөтөч, жолооч, тогооч, менежер гээд аялал жуулчлалын салбарт ажилладаг 88 мянга гаруй хүний 30 орчим хувь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, хүчээр хүлээлтэд оров. (88 мянга гэдэг бол БОАЖЯ-наас мэдээлж буй тоо бөгөөд Монголын аялал жуулчлалын холбооноос 115 мянган хүн энэ салбарт ажилладаг гэж мэдээлсэн) Эдгээр хүмүүсийн дунд компаниараа тэг зогсолтод орж, дарга цэрэггүй ажилгүй болсон нь ч багтана. Баталгаажсан аяллын тоонд үндэслэн МАЖХ-ноос тооцсоноор энэ жил жуулчдын тоо 10 хувиар өсч, нийт орлого өмнөх жилийнхийг давахаар байжээ. Гэвч энэ бүхэн өнөө жил Монголын эдийн засгаас арчигдаад зогсохгүй дараа жил хэрхэх нь эргэлзээнд ороод байна.

– Сүүлчийн жуулчны мөр ба хүлээлт –

“Би ирээд явлаа. Солонгос улсын иргэн…..2020.02.06” хэмээн Монголын Үндэсний түүхийн музейг үзэж сонирхсон хамгийн сүүлийн жуулчдын нэг бичиж үлдээжээ. Түүнээс хойш долдугаар сарын 2-нд л сая нэг үзэгч “Хүүхдийн тэрэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан шаттай болвол гоё” гэж бичсэнээс хойш тус музейн санал хүсэлтийн дэвтэрт монгол үзэгчдийн сэтгэгдэл нэлээд хэдэн хуудас үргэлжилнэ. Музей бүхэл бүтэн таван сарын турш хаалттай байжээ.

MG-г орж ирэхийг харсан музейнхэн баярлан угтах ч, жуулчингүй ганцаар явахыг чинь харах хачин байна шүү гэцгээв. Хөл хорионы үед засвар, тохижилтын гэх мэт дотоод ажил хийснээс бусдаар бол үзэгчдээ үгүйлэн хийцгүйрч, улмаар тасалбар, төсөл хөтөлбөрөөс цугладаг 700 сая төгрөгийн орлого тэр чигтээ тасалдсаныг музейн Маркетингийн албаны дарга Ц.Буянхишиг хэллээ.

“Энд байсан бэлэг дурсгалын дэлгүүр нүүчихэж дээ?” хэмээн MG музейн үүдний зүүн тал руу занган асуухад музейн менежер “Сувенир Хаусын салбар байсан юм. Нүүсээн” гэв. MG-ийн жуулчид музейгээ үзчихээд ихэнх нь тэрхүү бэлэг дурсгалын дэлгүүрт янз бүрийн зүйлс сонирхож, худалдаж аваад зогсож байдагсан. Харин энэ жил жуулчин ч үгүй, дэлгүүр ч үгүй.

Ийнхүү хандах зүг өөрөө тогтож, биднийг хөтөлсөн нь “Сувенир Хаус”-ын төв дэлгүүр дээр ирэхэд хүргэв. ОХУ-ын Элчин сайдын яамны баруун булангийн замын эсрэг талд орших энэ дэлгүүр 15 жил тасралтгүй “догь” байршилд буюу жуулчдын хөл хөдөлгөөн бараадан бат байршиж ирсэн. “Нээлттэй” хэмээх бичгийг хараад итгэж ядан хаалгыг нь түлхэхэд онгойж буй нь яг л гайхамшиг мэт санагдав. Гэвч үүдээр ормогц шанаагаа тулсан худалдагчаас өөр хүнгүй эл хуль байх ажээ. Биднийг угтсан Ч.Даваадорж захирал “Орлого байтугай хүнгүй иймэрхүү л байна даа” гэв. Сар шинийн баярт зориулсан үндэсний хувцасны шинэ коллекцоо борлуулахаар бэлдэж байсан ч хөл хорионы улмаас “шатжээ”. Жуулчдад Монголд аялсных нь дурсгал болдог тус дэлгүүрийн сувенируудыг 300 гаруй хувь хүн, бичил аж ахуй нэгжүүд нийлүүлдэг байв. Гэвч одоо “Бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн маань талаас илүү нь өөр ажил эрхэлдэг болсон байх” гэж Ч.Даваадорж захирал хэллээ.

Орлогын тасалдал оны эцэс гэхэд 90 хувийг давах нь нэгэнт тодорхой болсон бөгөөд долоон салбараа хааж, ердөө л энэ “төв” салбар нь ийнхүү ажиллаж байгаа аж. Уг нь энэ жил шинээр хоёр салбар нээхээр төлөвлөж байжээ. Хэдийгээр бэлэг дурсгал нь хүний тав дахь хэрэгцээнд ордог ч хилийн хориг цуцлагдаж зорчих хөдөлгөөн сэргэх л юм бол борлуулалт нь идэвхжинэ. Жуулчдаас гадна гадаадад сурдаг монгол оюутнууд гол үйлчлүүлэгчид тул намар жуулчны улирлын төгсгөлөөс үргэлжлээд бараанууд овоо сайн гүйдэг байлаа. Гэвч энэ жил хилийн хориг бүх л боломжийг нь үгүй хийсэн. Одоо хамгийн наанадаж ирэх жилийн сар шинийн баяр хүртэл Ч.Даваадорж захирал ба түүний ард байгаа 300 урчууд тэсэх хэрэгтэй болох нь. Үгүй бол үлдсэн ганц салбарынх нь хувь заяа эргэж мэднэ.

“Нээрээ халаасны хулгайчид ч тоож ирэхээ больсон шүү дээ ” гэхэд өнөөх нь “Халаасны хулгайчид дампуурсаан. Манай хандивын хайрцаг ч бас дампуурсан. Жуулчид доллар, юань эсвэл 10, 20 мянгатын дэвсгэртүүд уг нь хийдэг юм. Тэндээс овоо юм цугладаг байсан” хэмээн Жанрайсаг бурханы сүмийн гадаа намрын нарны илч дор хийцгүйрэн суух тахилч лам ба харуул хоорондоо хөөрөлдөх аж. Үүнийг сонссон MG “Нээрээ, Ганданд цүнх саваа ч тоохгүй ийм тайван алхаж, ингээд зогсож үзээгүй юм байна шүү дээ” гээд инээв.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хурал ном эрт эхэлдэг учир үргэлж хотын аяллын маршрутын эхний зогсоол байсаар ирсэн. Харин энэ удаад MG Гандангийн төв хаалгаар ормогцоо зүүн талын жижиг байшин руу заагаад “Тасалбар түгээгчийн оронд зурхайч суудаг болчихож” хэмээн өндөр дуугаар бидэнд өгүүлэв. Өнгөрсөн 10 гаруй жил жуулчдад тасалбар түгээхийн зэрэгцээ зав чөлөөгөөрөө зураг зурж борлуулдаг байсан Гонио (Гандангийнхан түүнийг ингэж дууддаг) энэ жил цомхотголд орж, ажлын байраа зурхайчид “тавьж” өгчээ. Түүний хаана юу хийж яваа, эргэж ирэх эсэхийг хэн ч мэдэхгүй байв. Гандантэгчэнлин хийд аялал жуулчлалын 20 гаруй компанитай гэрээлэн жилд 30 орчим мянган жуулчинд үйлчилдэг байжээ.

Ямартай ч Гандантэгчэнлин хийдийнхэн цар тахлын дараа Монголд ирэх жуулчдад зориулан шинээр барьсан Батцагаан дуганд 40 гаруй мянган үзмэртэй, нэг сая гаруй судрын фондтой музейгээ нээхээр шаргуу ажиллаж буйгаа Аялал жуулчлал хариуцсан лам Б.Дашдэмбэрэл ярьсан.

“Ойрд хэдэн америк хөгшиддөө санаа зовоод байгаа болохоор мэдээ их чагнаж байна өө. Хэд нь өнхрөөд өгсөн бол гэхээс сэтгэл зовох юм. Саяхан нэгтэй нь интернэтээр ярьсан болохоор жаахан сэтгэл амар байна” хэмээн шавилхан биетэй Т.Сайлау эгч санаа алдан хэлэв. Тэртээ өнгөрсөн зуунд Налайх хотыг бүтээн байгуулахад оролцохоор ирж байсан Э.Иврайм болон Т.Сайлау зургаан охины аав, ээж бөгөөд жуулчин хүлээн авч зочлуулдаг болоод найм дахь жилтэйгээ золгож буй. Харин энэ жилийн зун хэчнээн урт бас уйтай байгааг хоёр хөгшин ам уралдан ярина. 2005 онд нийслэлийн “Авъяаслаг гэр бүл”-ээр шалгарч байсан дурсгалтай зургаа бидэнд үзүүлэнгээ, жуулчны улирал дөхөөд л гэрээ барьж, шинэ хувцас хэрэглэл оёж хатгаж, хөгжим зэмсэг, дуу бүжгээ зэхдэг байсан тухайгаа хэлээд мөн л санаа алдав. Нас дээр гарсан ч яриа хөөрөө цовоо бөгөөд тод яруу, үйл хөдлөл нь хурц шаламгай байгаагаас ажихад хоёр хөгшний хувьд жуулчдад үйлчилнэ гэдэг мөнгөнөөс илүү амьдралынх нь баяр баясал байж ирсэн нь анзаарагдав.

Э.Иврайм гуайн эхнэр Т.Сайлау “Бид жуулчны компаниудтай хийсэн гэрээний дагуу жуулчдаа тогтмол хүлээж авдаг. Их сайхан ажил. Хүүхдүүдийн маань англи хэл сайжирч, ирэх сургаар нь маргааш бүжиглэнэ, домбордоно гээд л бөөн баяр болдог юм. Манайхаар ирсэн жуулчид маш өндөр сэтгэгдэлтэй, зарим нь бүр баярлаад уйлаад буцдаг” гэлээ. Корона хурдан намжиж, уйтай энэ цаг үе дуусаасай хэмээн ах, эгч хоёр өдөр бүр залбирдаг.  Залбирал биелэлээ олвол жуулчдад зориулсан гэрээ барьж, тоглолтын ганган хувцасаа өмсөхийг тэд юу юунаас илүү хүсэж буй.

Э.Иврайм гуайнх тэтгэврээс гадна жуулчдад үйлчлээд сард сая гаруй төгрөгийн орлоготой ажилладаг аж. Нэмэлт орлогоороо өнгөрсөн жилүүдэд хүүхдээ унаа тэрэгтэй болгож, хоёр ч охиноо гэр бүлтэй болоход нь уламжлалынхаа дагуу ор дэрийг нь базаагаад өгч. Энэ жил бас нэг охиныхоо ор дэрийг зэхэхээр төлөвлөж байсан нь талаар болсонд охин нь “Заавал миний ээлж дээр корона гарах даа яах вэ дээ” хэмээн гомдоллосон гэнэ.

Э.Иврайм гуайн охинд тохиолдсонтой яг ижил явдал Тэрэлжийн Зурхайчийн аманд зусдаг Б.Ганбаатарынд мөн давхацжээ. Монгол ахуйг жуулчдад сурталчлан таниулдаг Б.Ганбаатар гуайнх энэ жил нэг охиныхоо хурим найрыг хийж, орон гэрийг нь төхөөрч өгөхөөр төлөвлөсөн байж. Гэвч цар тахлаас болоод төлөвлөгөө нэг жилээр хойшилж байгааг гэрийн эзэгтэй М.Лхамноржмаа гуай хэллээ.Налайхаас хөдөлж давхисаар харуй бүрийтэй уралдан эднийд ирэхэд М.Лхамноржмаа эгч урд саравчиндаа хурууд өрөөд дуусаж байсан билээ. Бид түүнийг даган цэмбийж цэлийсэн, өрөм цагааны тансаг үнэр хамар цоргим гэрт оров. Жуулчин ирлээ гэж “андуурч” бэлдээгүй байгаадаа гэмээр цэмцгэр гэр, идээ будаа өрөөстэй. Тэрбээр “За боорцог ид. Боорцог ч гэж дээ үйлдвэрийн боов. Жуулчингүй болохоор боорцог хааяа л хийнэ. Даанч хөгцрөөд байх юм. Орсон, гарсан улс иддэг ч жуулчид шиг сонирхохгүй. Жуулчид амтыг нь авчихвал хуруугаа зоогоод л идээд байна шүү дээ” гэсээр биднийг өрмөөр “гоёсон” ширээнд урив.

М.Лхамноржмаа эгч гаднын жуулчингүй ч энэ зун дотоодын аялагчдын хөл хөдөлгөөнд нэлээд дарагдсан гэнэ. Илүү гурван гэрээрээ дотоодын аялагчдад үйлчилж, сүү цэгээгээ зарж борлуулах зэргээр орлогоо залгуулж буй аж. Гэхдээ л жуулчдаас олдог орлоготой харьцуулахад бага. Гаднын том компанийн шалгуурт хүртэл тэнцсэн эднийх үүднээсээ цэмцийх ба бүх ажлаа түүртэхгүй амжуулж, ямар ч цаг үед асаалттай танк шиг бэлэн айл аж. Яг л шүлэг дуу, зохиолд гардаг шиг хоол унд, ааш сайн зочломтгой монгол айлын бодит жишээ байв. MG-ийн хэлснээр бол наадмаар хүртэл наадамлаад “алга болчихолгүй” жуулчнаа тосоод суудаг хариуцлагатай айл ажээ.

“Сайн мэдээ дуулгахад, манай компани 2020 оны зарим аяллаа 2021 онд шилжүүлж, бас ирэх оны аяллын захиалгаа нээсэн. Гэхдээ одоогоор Монголын аялал зарагдсан эсэхийг хэлж мэдэхгүй” гэж MG гол яриагаа эхлүүллээ. Хариуд нь “Кемпински” зочид буудлын Борлуулалтын албаны дарга Ц.Тамир “Гол нь манай хил, гааль юу болох нь уу. Хэзээ нээгдэх нь ёстой бүү мэд” хэмээн эргэлзэнгүй өгүүлнэ. Хорио тогтоож, хил хааснаар орлогынх нь цөм болдог өрөөний үйлчилгээ, хурал уулзалтын арга хэмжээ таг зогссон. “Хил хаах сургаар үйлчлүүлэгчид хугацаанаасаа өмнө гарч, баталгаажсан захиалгууд нүдэн дээр л цуцлагдсан даа” хэмээн тэрбээр ярилаа.

Гэхдээ тэд хүний нөөцөө бусдаас дээгүүрт тавьж, нэг ч ажлын байр цомхотгоогүй, толгой компаниас нь цалингийн 60 хувийг олгосоор өнөөг хүртэл тэссэн. Борлуулалтын албаныхан энд тэндгүй эрвийх дэрвийхээрээ гүйсээр долдугаар сараас гадаадаас ирсэн ирээд хөл хорионд байгаа иргэдэд үйлчилж эхэлжээ. Одоогоор хүчин чадлынхаа 20-30 хувиар л ажиллаж байгааг Ц.Тамир хэллээ.

“Ирэх жилийн тухайд хүлээлт өндөр биш байгаа. Эхний ээлжинд дотоодын жуулчлал, дараа нь зайлшгүй зорчих шаардлагатай хэсэг, албан айлчлалаар зочигчид гэсэн дарааллаар сэргэлт явагдана. Хамгийн сүүлд буюу ирэх оны сүүлчээс л жинхэнэ аялагчдын талаар ярих байх. Гэтэл тэр үед манай аялал жуулчлалын улирал дууссан байна. Тиймээс бараг 2022 оны зунаас наашгүй” гэж тэрбээр салбар дунд яригдаж буй хүлээлтээ хуваалцлаа.

Онгоцны буудлаас “Кемпински” зочид буудал руу гаднын зочин хүргэж ирдэг байсан таксины жолооч Н.Ганзориг Оюутолгойн уурхайн ажилтнуудтай найзууд болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, онгоц буух үеэр тэдний дуудлагаар очиж тосон, зорьсон газарт нь хүргэж өгдөг. Гэхдээ л гаднын жуулчдыг зөөдөг байсан үе шиг орлого сайтай биш байгааг тэрбээр хэлж байв.  Жуулчны маршрут дагуу бол дээрх бүх аяллын дараа урлагийн тоглолт үзэж, урамтай сайхан хоол идэж,  боломж гарвал дэлгүүр хэсдэгсэн. Такси биднийг “Түмэн Эх” чуулгын үүдэнд авчирсан ч бид хаалттай хаалга мөргөлөө. Энэхүү байгууллага 30 жилийн түүхэндээ анх удаа ийнхүү зуны турш хаалгаа барьж, хэт урт амарч үзжээ. Магадгүй уран бүтээлчид нь найр хурим хэсч “халтуур” хийж, орлогын өөр эх үүсвэртэй болсон гэж найднам. Бид тэндээс монгол хоолны өв соёлыг жуулчдад танилцуулдаг “Modern Nomads-1” сүлжээ рестораныг зориход ямартай ч нээлттэй хаалга угтав. Гэвч хүн цөөн, орлого багатай байгааг нэгдүгээр салбарын менежер М.Энхбат хэллээ. Олон жил тасралтгүй өсөлт үзүүлсэн тус сүлжээ рестораны хувьд бат суурьтай тулдаа халаа сэлгээгүй тогтож буй аж.

Монгол оронд тухласан жуулчдын аяллын эцсийн цэг нь “Чингис Хаан” онгоцны буудал байдаг. Хар үүр, харуй бүрийгээр л биш бол, онгоцны буудал хүрэх замдаа жуулчид ноолуурын дэлгүүр ордог тул бид ч мөн дотоодын зах зээлийн 71 хувийг атгадаг “Говь” үйлдвэрийн дэлгүүрээр дайрлаа. Жуулчид ялангуяа, азиуд сүүлийн жилүүдэд багшралдах нь нэмэгдсэн “Говь” үйлдвэрийн төв дэлгүүрт орвол хэр саруул цэлгэрийг мэдэж болохоор сэлүүхэн байв. Энэ жил үйлдвэрийн орлого 80 хувиар тасалдаж, “Галлериа” төв дэлгүүрийн орлого 60 хувь буурчээ. Гэвч Говийнхон угаас аажим ахиулж ирсэн цахим худалдаагаа энэ жил улам эрчимжүүлж, цонх үеийг ашиглаж байна. Хүйтэн сэрүүний ч улирал дөхөж буй учир дотоодын худалдан авалт Говь брэндийн энэ жилийн шархыг бага ч болтугай нөхөх биз ээ.

Эндээс бид аяллаа дуусгахаар онгоцны буудал руу хөдөллөө. Аялал жуулчлалын салбарыг сөхрүүлсэн цар тахал агаарын тээврийн салбарыг шууд “шал долоолгосон”. Хуучин дүрэм журам “цонхоор шидэгдсэн” учир өдгөө онгоцны үйлчлэгч нарын байц, чиг үүргийг харвал “Нисдэг сувилагч” болон хувирчээ. Хамарт цоргим хурц ариутгалын бодис, хамгаалалтын шилэн хаалтуудыг улам олон болгосон гээд тахлын үеийн арга хэмжээнүүд нь онгоцны буудлыг эмнэлэг болов уу гэж андуурахаар өөрчилжээ.

МИАТ компани тусгай үүргийн нислэгүүд үйлдэж байгаа ч нислэгийн тоо энэ жил 75 хувь буурч, эхний хагас жилийн байдлаар орлого нь 45 хувь багасчээ. Үүн дээр 6,7,8 сарын зуны нислэгийн оргил үед алдагдсан орлогыг оруулж тооцвол бууралт нь оны эцсээр нэмэгдэнэ. Онцгой байдлын үеийн арга хэмжээнүүдийн зардал нэмэлтээр орж ирсэн, нислэг цөөрсөн, нэг талдаа хоосон нисэж буй учир нэгж нислэгийн зардал өндөрссөн. Тухайлбал, хагас жилд нэг л удаа сольдог байсан найман сая төгрөгийн өртөг бүхий шүүлтүүрийг өдгөө нислэг бүрээр сольж буй нь эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах зардал хэр зэрэг нэмэгдэж буйн нэг л жишээ. Цар тахал дууссан ч, зарим нэмэлтээр орж ирсэн зардлууд нэг хэсэгтээ хадгалагдахаар байна.  Зорчигчийн тоо 2019 онд 787 мянга байсан бол энэ жил 140 мянга болов. Ачаа тээвэрлэлт эхний зургаан сард 2350 тонн байсан нь жирийн үеийн нэг л сарынхтэй тэнцэнэ. Онгоцнуудын түрээсийн төлбөр болон Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал рүү нүүх ажил ба зардлыг хойшлуулсан, Удирдлагын багийн цалинг 20 хувь бууруулсан гэх мэт арга хэмжээнүүдээр дамжуулан одоогийн үйл ажиллагааныхаа зардлыг хааж байгааг тус компанийн мэргэжилтнүүд учирлалаа. Азаар ч гэх үү, эзээр ч гэх үү МИАТ компани Монгол-АНУ-ын хооронд тусгай үүргийн нислэг үйлдэж чадлаа. Энэ чиглэлд дахиад ч ниснэ. Ингэснээр хоёр орны хооронд шууд нислэг үйлдсэн байх гэдэг АНУ-ын Зам тээврийн яамны шаардлагыг хангаад байгаа юм. Цар тахлын дараа 11 цаг үргэлжлэх Монгол-АНУ-ын шууд нислэг тогтмолжих боломж нээгдэж, олон шаардлагаас хамгийн чухлыг нь биелүүлжээ.

Цар тахал гараагүй байсан бол MG маань Монголоос сэтгэл хангалуун буцаж буй жуулчнаа “баяртай” хэмээн үдэх байсан биз. Тийнхүү нэг нь инээмсэглэл дүүрэн агаарт хөөрөхөд нөгөө нь гэрийн зүг сэтгэл тэнэгэр алхах боломж энэ жил даанч тохиосонгүй. Тэвчээрийн шандас сорьсон энэ “уралдаанд” хэн тэсэж, хэн нь шантарч хоцорсныг илчлэх мэт энэхүү олон хүний түүхийг сонссоны дараа МG “Би энэ сурвалжлагын өмнө их өөдрөг хүлээлттэй байсан юмсан. Сэтгэл санаа нэг л хөндүүр оргичихлоо” хэмээсэн юм.

– Айдсын хүчин зүйлс аялах шинэ дүрмийг тогтооно –

“Халдвар авсан 3500 гаруйхан, нас барсан 59хөн тохиолдолтойгоор тахлыг амжилттай давсан улсад айлтгүй тавтай зочлоорой” хэмээн Тайланд улс өөрийгөө сурталчилж, шинэ төрлийн тусгай виза санал болгон жуулчдыг урьж эхэллээ. Энэ бол ирэх жилүүдэд жуулчид юунд тулгуурлаж сонголтоо хийхийг бидэнд хэлж өгч буй New normal буюу шинэ хэм хэмжээ юм. Тайландын дэргэд Монголын “Тахлын халдваргүй цорын ганц орон” гэдэг сурталчилгаа ямар хэмжээнд өрсөлдөх чадвартай байх бол…

Аяллын судалгааны STR компанийн мэдээлж буйгаар америкчууд далайн эргийн хүн багатай чиглэлүүдэд аялах захиалга өгөх хандлагатай болжээ. Энэ нь Airbnb-ийн босс Брайн Ческигийн хэлдгээр аяллын маршрутад ахин хуваарилалт орж байгааг баталж буй юм. Airbnb дээрх захиалгын хандлагаас харахад жуулчдыг соронз мэт татдаг газрууд анхаарлаас гарч, хөл хөдөлгөөн багатай сэлүүхэн газрууд руу жуулчид тэмүүлж байгаа нь аяллын салбар шинэ чиглэлээр тэлж буйн илрэл. Товчхондоо 20-30 жил шаарддаг байсан аялагчийн зуршил цар тахлын нөлөөгөөр хэдхэн долоо хоногийн дотор өөрчлөгдчихлөө. The Economist сэтгүүлд нийтлэгдсэн “Lonely planet” нийтлэлд “Олон хүн ажлаа алдсан учир аяллын зардлаа ойрын хугацаанд танах магадлалтай. Хорио тавигдсан ч, хүмүүст хургасан айдас хэсэгтээ арилахгүй учир зорчих орнууд, аялах зуршил нэг хэсэгтээ өөрчлөгдөнө. Хөл хорионд ороод гадаадад гацчихаж магадгүй гэдэг айдас нь хол биш буюу машинаар явах зайд аялах сонголт хийхэд хүргээд байна” хэмээн бичжээ.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээллээс үзэхэд 2018 онд л нийт 1.4 тэрбум гадаад аялал хийгдсэн нь 2000 оныхоос хоёр дахин өндөр байгаагаас үзэхэд аялал жуулчлал бол нүсэр бөгөөд аугаа өсөлттэй зах зээл юм. Аяга, хувцас угаагч зэрэг нүдэнд “үл үзэгдэж” буй ажилтнуудаас эхлээд өндөр цалинтай онгоцны нисгэгч, хөтөч орчуулагчид гэх мэт олон төрлийн ажлын байр нийлсэн 330 сая хүн энэ салбараас тэжээгдэж байна.  “Ирэх хоёр жилд хэрхэн аяллууд зохион байгуулах нь салбарын цаашдын өнгө төрхийг тодорхойлж, үргэлжлэн хэрэгжих шинэ дүрэм байх болно” хэмээн The Economist бичжээ.

Товчхондоо, дэлхий даяар аялал жуулчлалын салбарт үндсэн гурван өөрчлөлт орж эхэлсэн.

Нэгт, хүмүүсийн сонголт айдаст тулгуурлах учир халдварын тархалт хамгийн багатай орныг илүүд үзэж, түүнийг дагасан аюулгүй үйлчилгээ үзүүлэгчдийг сонгох магадлал өснө.

Хоёрт, цуцлах бодлого өөрчлөгдөж, төлбөрийн буцаалтын хэмжээ өндөр, цаг хугацааны хувьд тайвуу гээд маш уян хатан нөхцөлтэй болно.

Гуравт, үйлчилгээний газрууд улам илүү цахимжиж, дуу хоолой, нүүр таних технологи түлхүүрийг орлож, бүртгэлийг сайтар ариутгасан машинтай харьцаж хийнэ. Нэгэнт ингээд автоматжуулсан хойно буцаах шаардлага бараг гарахгүй

Бас нэг зүйл маш тодорхой байгаа нь хүмүүс вакцин гарч, хил нээгдэхэд өмнөх шигээ аялаад эхэлчихгүй бөгөөд болгоомжилсон сонголтууд хийнэ эсвэл бүүр хийхгүйгээр хэсэгтээ харзнана. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас цар тахлаас үлдэж хургасан айдсыг арилгахад стратеги боловсруулж, улс орнууд хэрхэн жуулчдыг аялуулах  зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран боловсруулаад байна. Энэ зөвлөмжийг улс орон болгон өөрт тохируулан боловсруулж, хувьдаа мөрдөх тохирсон дүрэмтэй болно.  БОАЖЯ-ны зүгээс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дэргэдэх Аялал жуулчлалын академитай гэрээ байгуулан Ковидын дараах стратегийг хамтарч боловсруулж байгаа аж.  Энэхүү стратегийн хүрээнд Монголд визгүй зорчдог, шууд нислэгтэй орнууд болох БНСУ, Япон, БНХАУ л манай ковидын дараах богино хугацааны сэргэлтийг авчрах гол зах зээлүүд гэж харж байгаа юм байна. Харин хилээ нээхтэй зэрэгцэн аяллаа сурталчилж зарах, хэрхэн аялах дүрмээ танилцуулах ёстой. Хөл хорионд 14 хоног суугаад, Монголд 20 хоног аялаарай гэвэл хэн ч ирэхгүй нь тодорхой. Шинжилгээ нь  үнэн бодитой, цар тахлыг хяналтандаа авсан орнуудад хилээ нээх нь тодорхой боловч яг ямар орнууд энэ жагсаалтад орох нь хил нээгдсэний дараа л тодорхой болно. Улсын Онцгой комиссоос тэр болтол хүлээх чиглэл өгсөн тухай БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан ярилаа.  Тэдний зүгээс хийж чадах ажил нь одоохондоо дүрмээ боловсруулах л ажээ.

БНСУ, Япон, БНХАУ л КОВИД-19-ийн дараах богино хугацааны сэргэлтийг Монголын аялал жуулчлалд авчрах гол зах зээлүүд

ДАЖБ-ын мэдээллээр 73 орон тодорхой хязгаарлалтуудын хүрээнд хилээ нээгээд байна. Энэ нь долдугаар сартай харьцуулахад 24 орноор нэмэгдсэн гэсэн үг юм. Харин жуулчдад хилээ нээгээгүй 93 улс байна. Засгийн газрууд аль улсын иргэдийг ямар шалгуураар нэвтрүүлэх вэ гэдэг дээр толгойгоо гашилгаж сууна. Тэдгээрийг түүчээлж, Тайланд тухайлбал, тусгай виз санал болгож эхэлснийг Lonely Planet цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. 14 хоногийн хөл хориог зөвшөөрвөл 90 хоногийн виз авах боломжтой бөгөөд дахиад хоёр удаа сунгах эрхтэй гэнэ.

Монголын хувьд, хил нээх хугацааг Монгол Улсын Ерөнхий сайд коронавирусийн эсрэг вакцин гарахаас наашгүй гэж зарласан бол Улсын онцгой комиссоос ирэх жилийн зургадугаар сар гэж мэдээлсэн. Гэтэл ДЭМБ болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд вакцин гарч, дархлаажуулалт хийгдэх хүртэл дахиад жил хагасын хугацаа хэрэгтэй гэж үзэж байгаа нь Монголд 2022 оны зунаас нааш гадаадын жуулчид ирэхгүй гэсэн төсөөлөл бий болгоод байна. Энэ жил бүтэн гүрийсэн компаниуд ирэх жилийн төгсгөл хүртэл тэг зогсолт үргэлжилж магадгүй гэдэг айдаст автаж, төр засгаас аврал эрж байна. Тэдний зүгээс зээл аваад ч болтугай ажилтнуудаа тогтоож үлдээхийг хүсч буй учир энэ л үед төр засаг маань татвар төлөгчдөө дэмжээч хэмээн эв нэгдэлтэйгээр гуйж байна.

“Нью жуулчин турс” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Нэргүй “Гол орнуудын аяллын захиалга 1-2 жилийн өмнө хийгддэг. АНУ, Европын жуулчны компаниуд Монголын хил нээгдээгүй, заавар удирдамж тодорхой биш гээд ирэх оны аялалдаа одоо болтол Монголыг зарж эхлээгүй байна. Тиймээс ирэх онд тэдгээр орноос жуулчин бараг ирэхгүй, ирсэн ч маш бага ирнэ. Харин Азийн орнууд 4-6 сарын өмнөөс аяллаа зарлаж, захиалга авдаг гэж тооцвол үндсэндээ 2021 онд манайд жуулчин байхгүй” гэв.  КОВИД-19-ийн өмнөх үе шиг сэргэх хүртэл наанадаж 3-4 жил зарцуулна гэдгийг салбарынхан хэлж байна. Сэргэхдээ маш их зүйл өөрчлөгдсөн байх болно. Энэ өөрчлөлтийг бодлого чиглэлээ нэгтгэж хамтдаа соргогоор мэдэрч, хариу арга хэмжээ хурдан авч, “манёврлаж”  чадсан  орнууд өрсөлдөөнд өрсөнө.  Тиймээс цар тахлын дараах уралдаанд Монгол Улс өөрийгөө бэлдэж, жуулчид зорчдог цэгүүд, аяллын маршрут дагуу эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийг сайтар хийлгэж, энэ чиглэлийн бодлого, үйл ажиллагаа нь тодорхой байх шаардлагатай боллоо.

 – Аялах шинэ дүрэмтэйгээ танилц: #contactlessjourney –

Таны ирээдүйн аялал онгоцны буудал руу ороод машины тусламжтай бүртгэлээ хийж, ачаагаа өгөөд, хамгаалалтын хаалгаар дамжихдаа халуунаа хэмжүүлж, хамраараа хоолой хүртлээ урт иштэй хөвөн дүрүүлж шинжлүүлээд, алхам тутамдаа бусдаас хоёр метрийн зай барих сануулгаар эхлэнэ. Энэ энэ зуур та бараг л хүнтэй харьцахгүй. Зөгнөл мэт санагдаж мэдэх. Гэхдээ тийм биш. Онгоцонд сууснаар сая нэг хүнтэй ярилцах боломж олдож магад. Харамсалтай нь, хүмүүс тантай бараг л харьцахгүй л болов уу. Хэн ч таны өмнө ил гарч үйлчлэхгүй. Албан бөгөөд амьд харилцааг халсан шинэ төрлийн эрүүл ахуйг дээд зэргээр хангасан энэхүү хандлагыг #contactlessjourney гэдэг.

Хэрэв бизнесүүд айдас дүүрэн 2020 онд үйлчлүүлэгчдийнхээ ахуйн хавьталд орох хэрэгцээ шаардлагыг технологижуулж чадсан бол КОВИД-19-ийн дараах цоо шинэ цаг үед нэг шат ахисанд тооцож болно. “Бид одоо үйлчлүүлэгчидтэйгээ дэлгэцийн хоёр талаас л харилцаж байна, бүх үйл ажиллагааг зочинтой амьдаар харилцахгүйгээр явуулж байгаа” хэмээн “Кемпински”-ийн Ц.Тамир хэллээ.  Үндэсний түүхийн музейн хамт олон цар тахлын үед зүгээр суулгүй цахим талбарт идэвхжүүлэлт хийж буйгаас гадна музейн тайлбарыг 10 хэл дээр аудио хэлбэрээр бэлтгэсэн нь КОВИД-19 халдварын дараа эрэлттэй үйлчилгээ болж ашгаа өгөхөөр байна. Онгоцны буудал болон МИАТ компанийн хувьд ч цар тахлын үеийн дүрэм журмын дагуу ажиллаж дадсанаар “contactlessjourney” хийх туршлагыг чамгүй хуримтлуулаад байгаа нь монголчууд бага ч гэсэн бэлтгэл хангаж буйг харуулна.

МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр бүх газар тоног төхөөрөмжөө өөрчилж байгааг анхааруулж хэлсэн. Зочид буудлын арга хэмжээ, үдэшлэгүүд робот үйлчлэгтэй болж, танихгүй хүмүүс хоорондоо аль болох харилцахгүй, тусгаарлах боломжтой байх зохицуулалтыг үйлчилгээний байгууллагууд хийж байна. Автомат болон биометрик хэмжигч, эрүүл мэнд аюулгүй байдлын мэдээлэл агуулагддаг тоног төхөөрөмжийн хэрэглээ хэдийнэ нэмэгдээд эхэлсэн. Технологийн чадавхтай улс орнууд хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж чадаж байгаа учир асуудал багатайгаар шилжиж байна.

Эрүүл аюулгүй харилцааг эрхэмлэж буй тул одооноос РОБОТУУД танд үйлчилж эхэлнэ. Тиймээс аялагч та ойлгож хүлээж авна уу. Баярлалаа

Аялал жуулчлалын оролцогч байгууллагууд бүгд л цахим орчин дахь тоглолтоо сайжруулан, маркетингийн шинэ арга барилаар цар тахлын үед ажиллаж эхэлснээ бидэнд хэлж байв. Жуулчдын худалдан авалтгүй болсон учраас “Говь” компани цахим борлуулалтаа сайжруулах зорилгоор их хэмжээний хөрөнгө оруулалт цар тахлын үеэр хийжээ. Цахим худалдаа хариуцсан баг нь өмнө нь 10 хүрэхгүй хүнтэй байсан бол одоо 80 гаруй болж өргөжсөн. “Нью жуулчин турс” гэхэд хил хаалттай энэ цаг үеийг ашиглан шинэ чиг хандлагатай хөл нийлүүлэхийн тулд аяллын багцаа өөрчилж, дижитал сурталчилгаа, маркетингдаа онцгойлон анхаарч, үйлчилгээгээ чиглүүлэхээр ажиллаж байгаа аж. Дижитал шилжилт нь зарим талаар аяллын үнийг багасгах бол коронагаас үлдсэн айдсын улмаас масс жуулчлал багасна. Тиймээс үүнд тохируулан цөөн хүнд хандсан чанартай аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэх шаардлагатай болсон гэсэн үг.

 

– Хөгжил хөдөө рүү –

Манай аялал жуулчлалын салбарын санхүүгийн баланс сүүлийн 10 гаруй жил алдагдалтай явж ирсэн. Харин энэ жилийн хувьд монголчуудыг даган гадагшилдаг тэрхүү мөнгөний гуравны нэг нь лавтай үлдсэн. Монголчууд дотооддоо идэвхтэй аялсан нь хоёрдугаар улиралд худалдаа үйлчилгээний салбар огцом сэргэхэд нөлөөлснийг аялал жуулчлалын Joinme.mn платформийн үүсгэн байгуулагчийн нэг Э.Цоморлиг онцоллоо. Тур оператор, зочид буудал, хөтөч орчуулагч нар тэг зогсож, санхүүгийн хүндрэлд орсон бол аяллын дэлгүүр, дотооддын голлох маршрут дагуух амралтын баазууд, хоолны газар, аймаг болон сумын төвийн дэлгүүр, захууд, бензин түгээх станцууд ашигтай ажилласан гэнэ.

“Модерн номадс” рестораны Улаанбаатар дахь салбарууд үйлчлүүлэгч багатай байсан ч Хөвсгөл дэх салбар амжилттай, тун ирээдүйтэй байсныг төв салбарын менежер бидэнтэй уулзахдаа хэлсэн юм. Мөн Хөвсгөл, Завханы хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд бараагаа нийлүүлдэг борлуулагчдын хэлж буйгаар бол өнгөрсөн жил сард 30 сая төгрөгийн борлуулалт хийж байсан бол энэ жил зуны саруудад 100 саяыг өлхөн давж байсан аж. Энэ нь дотоодын жуулчлал орон нутгийн худалдан авалтыг гаднын жуулчдаас хэд дахин илүү дэмждэгийг харуулж буй нэг үзүүлэлт. Цаашлаад орон нутгийн эдийн засагт аль нь илүү өгөөжтэй вэ гэдгийг эргэцүүлж судлах хэрэгцээг үүсгэж байна. Хөвсгөлийн зарим бааз орлогын хувьд шинэ рекорд тогтоосон бол Буйр нуур орчмын гэр баазууд өмнөх жилээс хоёр дахин өндөр ашигтай ажилласан байна.

Буйр нуур руу л гэхэд түрүү жил найман мянга шахам хүн зорьсон бол энэ жил 20 орчим мянга хүрэх тооцоо байгааг “Дорнодын аялал жуулчлалын нэгдэл” ТББ-аас мэдээллээ. Тус байгууллагын зөвлөх Ч.Буянбадрах “Дорнодын аялал жуулчлалынхан ирэх жилийн хувьд нэгт, модон жорлонгоос салах хоёрт, хаягжилтаа сайжруулах гуравт, хоол үйлчилгээ ба тав тухаа сайжруулахад түлхүү анхаарч, өөрчлөлт гаргана” гэлээ. Мөн “дошныхон” дундын компани байгуулах замаар цагаан хэрэглэл угаалга, завь түрээс, морь уналга гэх мэт дангаараа хүчирдэггүй асуудлуудаа шийдэхээр зэхэж буй нь урт хугацаанд тогтвортой өсөлтийг хангадаг жишиг бүтэц юм.  Буйр нуур хүрэх гэж 300 км сэгсчүүлдэг шороон замыг засмал болгочихвол ч Дорнод аймаг дараагийн Хөвсгөл болоход ойрхон. Гэхдээ тогвортой аялал жуулчллын жишиг хөгжлийг харуулсан анхны аймаг болох учиртайг сануулая.

Мэргэжлийн 60 гаруй компанийн дотоодын аяллын 100 гаруй бүтээгдэхүүн санал болгодог Joinme.mn платформийн дата мэдээллээр дотоодын аялал жуулчлалын хөгжил хурдаа авах эргэлтийн цэгт ирээд буй тул зөв чигт нь хөгжүүлснээр гадаадын жуулчдын урсгалыг татахад чухал нөлөө үзүүлэхийг харуулжээ. Аялал жуулчлалын компаниуд энэ жил КОВИД-19-өөс үүдэн туршилтын журмаар монголчууддаа аяллын бүтээгдэхүүн санал болгосон нь харьцангуй амжилттай байж. Мэргэжлийн аяллын үйлчилгээ авсан дотоод аялагчид сэтгэл ханамж өндөр байсны зэрэгцээ сонирхолтой төрөлжсөн аяллын бүтээгдэхүүнүүдийг дотоодын аялал жуулчлалын зах зээл шингээхэд бэлэн байгааг харуулжээ. Тиймээс том компаниуд дотоодын аяллын алба, жижгүүд нь ядаж дотооддын аялагчид хариуцсан менежертэй болохоор шийджээ. Зөвхөн гаднынханд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй байсан олон аяллын компаниудад цар тахал орлогын сувгаа төрөлжүүлэх шахалтыг  үзүүлж, нөгөө талаас монголчуудын амьдралын түвшин сайжрахтай зэрэгцэн хэр их мөнгийг аялалд зарцуулж байгааг бид харлаа. Энэ бол эрэлт, нийлүүлтийн шинэ тэнцвэр.

Орлогын сувгаа төрөлжүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих боломж нь дотоодын аялал жуулчлал гэдгийг бид энэ жил харлаа

Дотоодын аяллын ирээдүй ийм “өнгөлөг” харагдаж байгаа нь нэг талаар боломж, нөгөө талаар 30 жил замнаж ирсэн одоогийн зах зээлд томоохон сорилт юм. Аялал жуулчлалын салбар энэ онд тэг зогсолт хийсэн нь ялангуяа манайх шиг улсын хувьд аялал жуулчлалын салбараа тэгээс нь эхлээд суурийг нь зөв тавих боломж олгож байгааг С.Баясгалан дарга хэлсэн. Тэрбээр “Эхлэл цэгээ зөв тавих ёстой. Өмнөх шигээ замбараагүй яваад байж болохгүй. Олон улсын жишгээр орон нутгийн хөгжил, нутгийн иргэдийн амьжиргааг дэмждэг, боловсролтой эсэхээс үл хамаарч яг л байгаа ахуйгаараа мөнгө олох боломж, соёлын өв, байгаль орчны хамгааллыг бий болгодог тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

Харин сорилтын хувьд энэ салбарын хөгжлийн суурь гадаадын жуулчдын эрэлтэд тулгуурласан нийлүүлэлтийн сүлжээг бий болгосон онцлогтойг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс ч энэ жил гадаадын жуулчдын урсгал тасарснаар хөтөч орчуулагч, жолооч, тур оператор, авиа компани тэг зогсолт хийсэн. Нэг ёсондоо дотоодын аялагчдын идэвхиэр энэ жил аялал жуулчлалын салбар огт царцаагүй боловч энэ мөнгөний урсгал салбарыг бүхэлд нь хамарч чадаагүй. Жам ёсоороо, улс орнуудын дотоод аяллын суурин дээр гадаад аялал жуулчлал хөгждөг бол манайд 1990 оноос хойш эсрэг хөгжиж, нэг талаар маш том гажуудал бий болгосныг КОВИД-19 илрүүлж өглөө.

Э.Цоморлиг “Жуулчдад зориулсан арга хэмжээг гадаад, дотоод гэж ялгахгүй зохион байгуулж, дотоодын иргэдээ идэвхтэй оролцуулснаар гаднын жуулчид монголчууд хэрхэн үндэсний арга хэмжээ, баяр наадмаа тэмдэглэдэгийг үзэж харах бодит өгөгдөл болдог” гэлээ. Зөвхөн гаднынханд зориулсан арга хэмжээнүүд жүжигчилсэн тавилттай тоглолт гэдэг утгаараа үлдэц ба үнэлэмж нь бага байдаг тул одоо дотоодын аялалдаа зөв бодлого, мэргэжлийн арга зүйгээр хандах цаг ирлээ. Бидний хэрхэн байгаль дэлхий, өв соёлтойгоо харьцаж амьдарч аялж, баярлаж гунидаг үнэн төрхөөс илүү сонирхолтой зүйл байгаа гэж үү. Нөгөө талаас, монголчуудаа бохирдол үүсгэгч, байгаль сүйтгэгч хэмээн адлах бус аялал жуулчлалын мэргэжлийн үйлчилгээнд мөнгө төлдөг ухамсартай аялагчид болгохын төлөө нийгэм даяар кампанит ажил өрнүүлж, салбарынхан зорилгоо нэгтгэж, хүчтэй дуугарч, төр нь хувийн хэвшилтэйгээ хамтран бодлогоо зангидах боломжийг КОВИД олгож байна.

Ковидын үлдээсэн айдас гадаадын жуулчлалыг хэр удаан хүлэхийг таашгүй ч нэг зүйл маш тодорхой. Дотооддоо аялах монголчуудын илүү том давалгаа айсуй.

Бэлтгэсэн: З.Цэлмэг, Б.Энхцэцэг

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Худалдааны салбарт дижитал шилжилтийг ингэж хийнэ

Previous article

Подкаст №46: “Бизнесээ хэрхэн оношилж, эмчлэх вэ”

Next article

1 Comment

  1. Энэ чинь л нийтлэл байна даа
    Судалгаатай шинжилгээтэй сайхан бичиж

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.