Бизнесийн байгууллагууд гэлтгүй төр, хувийн хэвшлийн бүхий л байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ чанаржуулах, цаашлаад байгууллагаа чанаржуулахын тулд нэн тэргүүнд ажилтан бүрт чанарын талаарх ойлголтыг өгөх нь чухал аж. Хэдийгээр хувь хүний хүүхэд ахуй, гэр бүлийн хүрээнд чанарыг илэрхийлэх зөн төлөв хэдийнэ бүрэлдэн бий болдог ч үүнийгээ хүмүүс бид умартан, бусдаас төдийгүй өөрийн ажил хөдөлмөрөөсөө эрж хайх тал бий. Чанар гэдэг нь товчхондоо хэн ч харж цагдаагүй байхад зөвийг үйлдэх явдал юм. Нөгөөтэйгүүр, ажлаа чин сэтгэлээсээ зөв хийх явдал гэж ч тайлбарладаг. Тэгэхээр тухайн байгууллагад ажиллаж буй таны чанараар байгууллагын чанарыг тодорхойлдог байх нь.

Бизнесийн хувьд чанарыг харилцагчынхаа шаардлагыг хангах гэдэг утгаар тодорхойлж ирсэн. Харин хэрэглэгчийн шаардлагыг зөв тодорхойлохын тулд тогтоосон болон мэдээжийн шаардлагуудаа тусад нь ангилж үзэх хэрэгтэй. Мөн хэрэглэгчээс өөрөөс нь шаардлага, хэрэгцээг нь авч болохыг “Бизнесээ хэрхэн чанаржуулах вэ” вэбинарын үеэр “Обзерв Консалтинг” ЗҮБ-ын Үүсгэн байгуулагч Д.Отгонбат зөвлөв. Сургалтыг “Хар Хорум Дижитал” ХХК, “Бизнес.мн” сэтгүүлээс зохион байгуулсан бөгөөд оролцогчдын 90 орчим хувийг үйлчилгээний салбарынхан бүрдүүлж байсныг онцолъё.

Бизнесээ чанаржуулахын тулд байгууллагууд үйлчилгээний чанарын таван хэв шинжийг хэрхэн бүрдүүлж байгаадаа үнэлэлт, дүгнэлт хийх хэрэгтэйг сургалтын үеэр дурьдсан. Мөн бүтээгдэхүүний чанарын найман хэв шинжийг өөрийн бүтээгдэхүүндээ тусгаж буй эсэхээ шинжилж үзэх хэрэгтэй. Үүнд:

  • Performace /Гүйцэтгэл/
  • Fearures /Нэмэлт чанарууд/
  • Reliability /Найдвартай байдал/
  • Conformance /Нийцэл/
  • Durability /Эдэлгээ даах байдал буюу бат бөх байдал/
  • Serviceability /Үйлчилгээ ба халамж/
  • Aesthetics or Style /Илүү тааламжтай байх/
  • Perceived Quality /Хүлээгдэж буй чанар/

Монголын байгууллагууд дээрх найман шинжээс эдэлгээ даах болон найдвартай байдал тэргүүтэй хэдхэн үзүүлэлтийг анхаардаг нь дутагдалтай. Нөгөө талаас хэрэглэгчид сонголт хийхдээ эдгээрийг мэддэг байхад илүүдэхгүй. Харин үйлчилгээний чанарын хувьд найдвартай, хариу өгөх байдал чухал. Мөн баталгаатай, итгэлтэй байдал болон харагдах байдал, байгууллага өөрийн үйлчлүүлэгчээ халамжлах, оцгойлон анхаарах ёстой аж. Эдгээрийг байгууллагууд үйлчилгээнийхээ чанараа сайжруулахын тулд анхаарч ажиллах, үүнийг танай байгууллага хангаж чадаж буй эсэхээ нягталж үзэх хэрэгтэй.

Байгууллагын чанарын хувьд чанарыг удирдах асуудал яригддаг бөгөөд өнөөдөр дэлхийн томоохон корпорациуд чанарыг удирдан гартаа авчихсан байгааг Д.Отгонбат онцолсон. Харин Монголын ихэнх байгууллага бүтээгдэхүүн, процесс гэх чанарын удирдлагын эхний хоёр шатандаа явна. Энэ нь чанарыг бүрэн удирдаж чадахгүй буйг илтгэж байгаа юм. Өнөө цагт чанарын удирдлагын агуулга шалгах биш урьдчилан сэргийлэх асуудал болжээ. Манай улсын бизнесийнхэн байгууллага дээрээ чанараа хангахын тулд маш их шалгалт явуулдаг. Гэтэл чанар гэдэг нь асуудал гарахаас сэргийлэхийн тулд тэр бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож буй зүйл буюу процесс дээр ажиллана гэсэн үг аж. Процесс асуудалгүй ажиллавал чанартай эцсийн бүтээгдэхүүн гарна гэх философи руу орсныг тэрбээр ярьсан. 

Сургалтад оролцогчид “ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн ч овоорсон их бичиг цаастай үлдлээ. Үүнийгээ хэрхэн ажил хэрэг болгож, хөрсөн дээр буулгах вэ” хэмээн асуусан. Олон улсын Стардарчлалын байгууллагаас гаргасан стандартуудыг нэвтрүүлэхээр баримт бичиг нэлээд бүрдүүлж, үлддэг. Энэ ажлыг компанийнхаа хэмжээнд компанит ажил болгож авч үзэх хэрэгтэйг “Обзерв Консалтинг” ЗҮБ-ын Үүсгэн байгуулагч Д.Отгонбат зөвлөсөн юм. Мөн байгууллагууд чанараа сайжруулахын тулд чанарын баг байгуулж өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар үзүүлэлтүүдийг тодорхойлох хэрэгтэй гэв. Ингэж тогтоосон үзүүлэлт, одоогийн нөхцөл байдал хоёрын хооронд зөрүү буй эсэхийг тодорхойлох, боломжтой сайжруулалтуудыг хийж эхлэх хэрэгтэй аж. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г.Орхон

Д.Отгонбат: Чанар гэдэг нь ажлаа чин сэтгэлээсээ зөв хийх явдал

Previous article

Голомт капитал: Хөрөнгийн захын хөтөч

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like