Жон Салливан

Өнгөрсөн хугацаанд бидний мөрдөж ирсэн ажлын ярилцлагын арга барил нэгэнтээ хоцрогджээ. Тухайлбал, ярилцлагын үеэр гэнэтийн асуулт тавих гэсэн ойлголт үгүй болов. Учир нь Glassdoor.com зэрэг вебсайтыг ашиглан ажлын ярилцлагын асуултаа төдийгүй хамгийн тохиромжтой хариултыг нь олж мэдэх боломжтой юм.

Google компани дээр хийсэн судалгаагаар “brainteaser” асуулт нь үр дүнгүй, дөрвөөс илүү шатлалтай ярилцлага авах нь чадвартай ажилтан авах магадлалыг нэмэгдүүлдэггүй гэдгийг тогтоожээ. Түүнчлэн дипломын дүн, шалгалтын оноо, төгссөн сургууль зэрэг нь ажил дээр амжилт гаргана гэсэн баталгаа болдоггүй байна. Иймээс та урьдчилан таамаглахад эсвэл дүр эсгэсэн хариулт өгөхөд бэрх, тухайн ажлын байртай холбогдолтой асуулт боловсруулах хэрэгтэй. 

1 Бэлдэж болох амархан асуултаас зайлсхий

Хэрэв та томоохон компанид ажилтан хайж байгаа бол Glassdoor.com дээр танай компанийн ажлын ярилцлагын асуулт хариулттайгаа бэлэн байх магадлалтай. Тиймээс “Таны давуу болон сул тал юу вэ?”, “Та яагаад энэ ажилд өөрийгөө хамгийн тохирох хүн гэж бодож байна вэ?”, “Таны мөрөөдлийн ажил юу вэ?” зэрэг түгээмэл, хялбар асуултаас ангижрах хэрэгтэй. Дээрх асуултууд тухайн хүний ур чадварыг илтгэхгүй тул та асуултаа боловсруулахдаа шинэхэн цагаан цааснаас эхлээрэй.

2 Өнгөрсөнтэй нь холбоотой асуулт бүү тавь

Өнгөрсөн ажлын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй ярихыг хүссэн асуулт бүү тавиарай. Үүнийг “behavioral interview questions” ч гэж нэрлэдэг. Бидний эргэн тойрон дахь юмс үзэгдэл хурдацтай өөрчлөгдөж байна. Тиймээс өнөөдрийн арга барил маргааш гэхэд хуучирч, хэрэгцээгүй болох нь түгээмэл. Франк Шмидт, Жон Хантер профессорын хийсэн судалгаагаар “behavioral interview questions” нь тухайн хүний амжилтыг зоос шидэхээс ердөө 12 хувиар л илүү таамаглах боломж олгодог гэсэн байна. Учир нь тэр хүний хэдэн жилийн өмнө ажиллаж байсан компани болон танай компанийн соёл хоорондоо харилцан адилгүй. Мөн дээрх төрлийн асуулт нь уран цэцэн үгтэй нэгэнд давуу тал болдог. Тухайлбал, тэрбээр хэн нэгний хийсэн ажлыг өөрийн болгон хялбархан ярьчих учраас тэр.

3 Асуудал шийдвэрлэх чадварыг шалга

Хэрвээ та ахлах тогооч авах  бол эхлээд хоол хийх чадварыг нь шалгах байсан биз. Тухайн ажлын байранд тохирох хүнийг олох хамгийн шилдэг арга бол ажлын байрны тодорхойлолтод тусгасан ажлыг гүйцэтгүүлэх явдал. Та ажилд орохыг хүсэгчээс доорх асуултуудыг асуугаарай:

  • Асуудлыг тодорхойл. “Ажилд орсон эхний долоо хоногтоо хэрхэн өөрийн ажлын байр болон салбарт тулгараад буй асуудлыг тодорхойлох вэ?”
  • Асуудлын шийдлийг ол. Одоо тулгараад буй асуудлыг шийдвэрлэх чадвар нь ажлын амжилтын хэмжүүр болдог. Ажилд орсон эхний өдрөөс тулгарч болох асуудлыг тэд хэрхэн шийдэхийг шалгаарай. Та ярилцлагын өмнө асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай алхмуудыг урьдаас бичиж тэмдэглэсэн байна. Хэрэв ажлын ярилцлагад орж буй хүн мэдээлэл цуглуулах, багийн гишүүдтэй зөвлөлдөх, амжилтаа хэрхэн хэмжих зэрэг чухал алхмыг алгасах бүрт оноо хасна уу.
  • Байгууллагын дотоод процесс дахь асуудлыг тодорхойл. Ярилцлагын үеэр та тэдэнд байгууллагын дотоод процессыг тайлбарласан цаасыг өч, сайтар хянан асуудал дагуулж болзошгүй хэсгийг тодорхойлж өгөхийг хүснэ үү. Харин та ярилцлагын өмнө байгууллагын дотоод процессын алдаатай, дутуу дулимаг гэсэн зүйлсийг тэмдэглэж бэлдсэн байх хэрэгтэй.

4 Алсын хараатай эсэхийг дүгнэ

Аливаа өөрчлөлтөд бид бэлэн байх хэрэгтэй. Ажлын ярилцлагын үеэр дараах асуултыг асууж тэднийг дүгнээрэй:

  • Хураангуй ажлын төлөвлөгөө. Томоохон төсөл, шинэ ажил эхлүүлэхийн өмнө төлөвлөгөө боловсруулах шаардлага зайлшгүй тулгардаг. Тиймээс эхний гурваас зургаан сард хэрэгжүүлэх төлөвлөгөөг товчхон танилцуулахыг хүснэ үү. Мөн өөрийн зорилго, хэнтэй зөвлөлдөж, ямар тоо баримтад дүн шинжилгээ хийж, багийнхантайгаа хэрхэн мэдээлэл солилцож, амжилтаа хэрхэн хэмжих вэ зэрэг төлөвлөгөөний гол бүрэлдэхүүн хэсгийг онцолж тодруулахыг хүсээрэй.
  • Тухайн ажил, салбарт гарч болох өөрчлөлтийг урьдчилан таамагла. Ирээдүйд учирч болзошгүй өөрчлөлтөд бэлэн байх нь туйлын чухал. Түүнээс гадна таны ажилтан зөвхөн ажлын байр төдийгүй таны компанийн үйл ажиллагаа явуулдаг салбарын өөрчлөлтийг урьдаас таамаглаж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр та ажлын байран дээр гарч болзошгүй таван өөрчлөлтийг урьдчилан тодорхойлохыг хүсэж болох юм. Мөн салбарт гарч болзошгүй 3–5 өөрчлөлтийг таамаглаж, өөрчлөлтөд бэлэн байхын тулд ирэх жилүүдэд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдгийг асуугаарай.

5 Суралцах, дасан зохицох, шинийг санаачлах чадварыг шалга

Хэрвээ тухайн ажлын байран дээр суралцах, дасан зохицох, шинийг санаачлах чадвар чухал гэж үзвэл та дараах асуултыг асуугаарай.

  • Суралцах: “Цаг үргэлж сурч боловсорч, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийн тулд юу хийх вэ?”
  • Дасан зохицох: “Технологи эсвэл хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдөхөд үүнтэй дасан зохицохын тулд ямар алхам хийх вэ?”
  • Шинийг санаачлах: “Зах зээл дээр шинэ технологи эсвэл шинэ өрсөлдөгч гарч ирвэл баг хамт олонтойгоо хэрхэн шинэлэг санаа олох вэ?”

6 Асуулт давтахаас зайлсхий

Аль хэдийн ажлын анкет дээр байгаа боловсрол, ажлын туршлагын талаар асуухаас зайлсхий.

7 Компаниа сурталчлахад цаг гарга

Мэдээж ярилцлагын ихэнх цагийг ажлын ярилцлага өгч буй хүнийг шалгаж, дүгнэхэд зориулах нь зөв. Үүнээс гадна та өөрийн компаниа болон тухай ажлын байрны давуу талыг тайлбарлаж, сэтгэлийг нь татахад цаг гаргах хэрэгтэй. Эхлээд “Та ямар шалгуурт үндэслэж ажилд орох эсэхээ шийддэг вэ?” гэж асуу. Дараагаар нь танай компани, тухайн ажлын байр шалгуурт нь хэрхэн нийцэж байгааг олж харахад туслаарай. 

Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг онлайн худалдааны Flipkart компани ажлын ярилцлага авалгүйгээр шинэ ажилтан авдаг байна. Мэдээж тухайн ажлын байранд тохирох хүнийг олно гэдэг бэрх даваа. Гэхдээ ажлын ярилцлагын асуултаа хянамгай сонгож, тохиромжтой хариултаа урьдаас бэлдэх нь зөв хүнээ ажилд авах магадлалыг нэмэгдүүлэх болно. Мөн судалгаагаар тухайн хүнийг ажилд авах эсэх шийдвэрийг эхний 15 секундэд гаргадаг гэдгийг тогтоожээ. Тиймээс ажлын ярилцлага талдаа орох хүртэл яаран дүгнэлт бүү гаргаарай гэж зөвлөмөөр байна.

Эх сурвалж: HBR

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

П.Ганхүү: “Эрдэнэс Монгол” бол Монголын уул уурхайн хамгийн том холдинг компани гэсэн эхний мэссэж дэлхийд хүрсэн

Өмнөх нийтлэл

Төслийн нягтлан бодох бүртгэл хөтлөх 2 шалтгаан

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in HR